Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 122/2020/0009/З |
Дугаар | 221/МА2021/0008 |
Огноо | 2020-12-24 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0008
У.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгч У.Б, хариуцагч М.О нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор У.Б-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3.1-д заасныг баримтлан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга ажилтай У.Б миний биеийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч У.Б давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгчийн зүгээс хоёр эрх ашгийг зөрчиж байна гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд эхнийх нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтаар /төрийн албанд төрийн жинхэнэ албан хаагчаар олон жил тогтвор суурьшилтай ажиллан мэргэшиж, мэрит зарчмын дагуу тушаал дэвших, үүрэг гүйцэтгэх түүгээрээ төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаа эдлэх/ тайлбарласан.
Удаахыг нь Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж цалингийн зөрүү нэмэлт орлого олох, авто машинаар хангагдах, Засаг даргын нөөц сангийн нэмэгдэл 10 хувь авч үндсэн цалин дээр нэмэлт орлого олох /сул орон тоо нөхөгдөж, жинхэлж томилогдох хүртэл/ эрх ашгийг маань хөндөж байна гэж үзэн тухайн албан тушаалуудын цалингийн картуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан Засаг дарга тухайн албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаж, бүрмөсөн томилгоо хийгээгүй учраас ТЗ-13 болон ТЗ-11 цалингийн шатлалын зөрүүгээр цалинжих эрх ашгийг хөндсөн гэж үзэхгүй" гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлж гаргасан журмыг зөрчиж байна. Миний бие нэхэмжлэл гаргасан үндэслэлээ Ж.Т-ыг жинхэлж томилсон гэж маргаагүй бөгөөд түр орлон гүйцэтгэх журам зөрчсөн, мөн түр орлон гүйцэтгэгчээр ажилласнаар одоо мөрдөж байгаа Төрийн албаны тухай хууль, холбогдох журмаар албаны унаа, шатахуун зарцуулах, цалингийн зөрүүгээр нэмэлт орлого олдог, Засаг даргын нөөц санг зарцуулсныхаа төлөө 10 хувийн нэмэгдэл авдаг гэж маргасныг дурдах нь зүйтэй. Иймд түр орлон гүйцэтгэгч хийснээр сард гурван зуу гаран мянган төгрөгийн нэмэлт орлого олох юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05/9290 дугаар дүгнэлт нь аймгийн Засаг даргын Б/33 дугаар захирамжийг батлагдсан гаргахаас өмнө хариуцагч аймгийн Засаг даргад иргээгүй гээд “ ...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс томилох нөхцөл байдал үүссэн байсан” гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй байна” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм. Талууд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа тодорхой дурдсан. Учир нь Авлигатай тэмцэх газрын бичгийг 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос авч би өөрийн биеэр Засаг даргад авчирч өгсөн байдаг. Намайг ирэх үед Б/33 дугаар захирамж гараагүй байсан болно. Б/33 дугаар захирамжийн визэд санал авахдаа 08 дугаар сарын 26-ны өдөр надаар гарын үсэг зуруулсан бөгөөд тухайн үед шийдвэрийн төслийг 25-ны өдрөөр бичиж, бичиг хэргээс захирамжийн дугаар авсан байсан Мөн аймгийн Засаг даргын тамга манай өрөөнд байсан бөгөөд Засаг дарга захирамж дээр гарын үсэг зураагүй байсан. Ингээд 26-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурал болохын өмнө Засаг дарга бид хоёр арын өрөөнд 30 орчим минут уулзаж дээрх бичиг, одоо гарах гэж байгаа захирамжийн талаар үүссэн нөхцөл байдлын талаар ярилцсан байдаг. Энэ талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч огт маргадаггүй болно. Учир нь Ж.Т тухайн үед өөрөө хурлын өрөөнд биднийг хүлээж байсан болно. Ингээд энэ үйл явдал болсны дараа Засаг дарга захирамж дээр гарын үсэг зурж, би өрөөндөө авч очиж Засаг даргын тамгыг дарж баталгаажуулсан билээ. Гэтэл шүүгч хэрэгт огт байхгүй үйл баримтыг бий болгож уг бичиг захирамж сүүлд ирсэн мэтээр тайлбарлажээ. Энэ нь шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар, энэ талаар маргалдаагүй зэргээр нотлогдоно. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3 “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 106.4 “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчиж байна
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “маргаан бүхий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, бүрмөсөн томилгоо хийгээгүй...", "нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй" гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж. шийдвэр гаргаж болохгүй”, 106.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлд Ж.Т-ыг жинхэлж томиллоо гэж огт маргаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан түр орлон гүйцэтгэгч томилох журам зөрчсөн гэж маргасан. Гэтэл шүүх жинхэлж томилоогүй байна гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйл болгож өргөтгөсөн байна. Шүүх энэ үндэслэлээрээ миний эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх заалтыг зөрчиж байна.
Иймд Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 122/ШШ2020/0022 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр, хэргийн үйл баримтыг дутуу дүгнэн шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Т-ыг томилсон.
Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч У.Б-гээс “аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албаны чиг үүрэгт хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нь Хууль, эрх зүйн хэлтсийн дарга тул миний бие Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх ёстой” хэмээн дээрх захирамжийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг даалгуулахаар нэхэмжлэл гарган маргажээ.
Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг баримтлах ёстой, ингэхдээ байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэхээр, хэрэв дэд дарга, орлогчгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэхээр, эдгээрээс бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэхээр Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.2, 43.3.3 дахь хэсгүүдэд зохицуулсан байна.
Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Цэргийн штаб гэсэн нэгжтэй байхаар баталсан, үүнээс үзвэл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь дэд дарга, орлогчгүй тул дээр дурдсанаар байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх гэж заасан журам энэ тохиолдолд хэрэглэгдэх учиртай.
Гэтэл хариуцагчаас “...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх боломжтой хэлтсийн дарга байгаагүй” гэсэн үндэслэлээр Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Т-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэж тайлбарласан байхад анхан шатны шүүхээс энэ үндэслэлийг шалгаагүй, ямар учраас хариуцагч хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй болох нь тодорхойгүй үлдсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйн улмаас маргаан бүхий актыг дүгнэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь “...хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нь Хууль, эрх зүйн хэлтсийн дарга тул миний бие Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх ёстой” гэж маргаж байхад хэрэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албаны чиг үүрэгт хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нь аль хэлтсийн дарга болохыг тогтоох баримтыг шүүх цуглуулаагүй, даалгах нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.
Иймд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь хэсэгт заасан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг албан үүргийнхээ зэрэгцээ түр орлон гүйцэтгэх боломжтой байсан эсэхийг тодруулах зорилгоор маргаан бүхий акт гарах үед аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх боломжтой хэлтсийн дарга байгаагүй гэх үндэслэлээ нотлох боломжийг хариуцагчид олгох, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтыг цуглуулж, аль хэлтсийн даргын албаны чиг үүрэг Тамгын газрын даргын албаны үүрэгтэй хамгийн ойр хамааралтай болохыг дүгнэсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар гаргавал зохих акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эсхүл шаардлагатай акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой.
Гэтэл нэхэмжлэгч У.Б нь “...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан атлаа аймгийн Засаг даргын хэзээ гаргасан, ямар татгалзал, эсхүл эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргаж байгаа болохоо тодорхойлон маргаагүй байхад тодруулаагүй, хариуцагчаас “...нэхэмжлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор өргөдөл гаргаж байсан” хэмээн тайлбарласан байхад үүнийг шалгаагүй нь буруу байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг тодруулах шаардлагатай.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд, Ж.Т-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамж хүчингүй болсон, тухайн албан тушаалд өөр хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэмээн тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэвэл нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй, нэхэмжлэл хангагдсан ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан зорилго биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэхээр байгааг анхаарах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН