Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум  дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү,

Улсын яллагч Б.Э,

Шүүгдэгч М.М, Б.М, Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.М, Б овогт М.М, Ч овогт Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхэд, дүү нарын хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р багт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт М.М,

Монгол Улсын иргэн, Д аймгийн Х суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р багт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б.М,

Монгол Улсын иргэн, С аймгийн М суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р багт оршин суух, ял шийтгэлгүй, Ч овогт Н.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь Б.М, Н.Э нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 4 дүгээр баг М баарны дотор болон гадна талд иргэн С.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М нь М.М, Н.Э нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 4 дүгээр баг М баарны дотор болон гадна талд иргэн С.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Э нь Б.М, М.М нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 4 дүгээр баг М баарны дотор болон гадна талд иргэн С.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед найз М, Э, А, С, У, нөхөр Б нарын хамт гараад М бааранд очсон. Бид нар тэнд согтууруулах төрлийн ундааны зүйл хэрэглэсэн.Бүжиглэсэн тэгж байхдаа би С.Б-тай үл ойлголцож маргаж түүнийг түлхэж унагасан үйлдэл гаргасан. Учир нь Б нь манай найз У-г түлхэж С-н урд ирээд маяглаад бүжиглэсэн юм. Тэгэхээр би уур хүрээд Б-г түлхээд унагачихсан. Дараа нь би Э-тэй ариун цэврийн өрөө рүү орчихоод гараад ирсэн чинь Б текний хажууд нэг хамгаалагчийн хажууд зогсож байсан ба Э бид 2-ыг элдвээр хэлээд дуудаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай ширээнийхэн харих болоод баарнаас гарсан ба баарны гадаа цаад буланд  Б нь хэсэг хүмүүстэй байгаа харагдсан. Э тийшээ гүйгээд явчихаар нь би араас нь очиход Б газар уначихсан орилоод дээр нь хүмүүс бужигнаад л байсан. Миний хувьд Б-г бааран дотор түлхэж унагасан, баарны гадаа бол цохиж зодоогүй. Түлхэж унагахад хүний биед тархи доргилт гэмтэл учирдаг тул Б-г би түлхэж унагаж байхад тархи доргилт авсан байх магадлалтай. Тийм учраас би нэгэнт хүний биед халдсан тул хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. Б-н биед яагаад халдсан бэ гэхээр Б нь биеэ зөв авч явахгүй хүмүүсийг эвгүй байдалд удаа дараа оруулаад байсан тул найзуудаа өмөөрснөөс болсон. Хэдий согтууруулах ундаа хэрэглэсэн ч гэсэн ямар ч асуудалгүй явж болдог, тэгэхэд бид нарыг элдвээр хэлж, ер нь их муухай үйлдэл гаргаад бид нарыг хүндлэхгүй байсан. Найзыгаа өмөөрөөд Б-н биед халдан гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Ахин ийм зүйл хийхгүй. Хүний биед халдаж биед халдаж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Хохирогчид бид 3 тус бүр 285,000 төгрөг өгөхөөр тохиролцож, би 150,000 төгрөгийг өгсөн, энэ хоёр тус бүр 200,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн би 135,000 төгрөгийг, энэ хоёр тус бүр 85,000 төгрөгийг 2019 оны 11 сарын 18-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэж хохирогчтой ярилцсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн103-104/,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед найз М, Э, А, Б, С, У нарын хамт М бааранд очиж суусан ба бид нар бааранд 2 шил архи, 7 ширхэг пиво захиалж ууцгаасан. Бид нарыг бүжгийн талбайд бүжиглэж байхад Б бүжгийн тойрогт орж ирээд С-н урдуур маяглаж бүжиглэсэн. Энэ үед М Б-г түлхээд газар унагасан. Босч ирээд бид нарын өөдөөс хэрүүл хийхээр нь би Б-г түлхэж унагасан. Б босч ирээд дахиад миний өөдөөс гараараа цохих гээд сарвалзахаар нь би гарыг нь холдуулаад түлхсэн. Б 2 гишгүүртэй шат руу ташаагаараа унасан. Дараа нь ширээндээ суугаад байж байтал Б буйдангийн түшлэг давуулан ууж байсан шилтэй пивоороо миний араас цохихоор зүтгэсэн. Би тэрнээс нь бултаад Б-н хувцаснаас зуурч байгаад гараараа Б-н толгой руу 2-3 удаа цохисон. Дараа нь бид нар баарнаас гартал Б танихгүй 4 хүнтэй маргаад зогсож байсан. Тэр 4 хүний нэг нь болох Ц над дээр ирээд энэ Б бааран дотор та нартай маргасан юм уу, та нарыг надтай андуураад байна тайлбарлаад өгөөч гэхээр нь би наад хүүхэн чинь дотор бид нартай муудалцсан гэж хэлсэн. Тэгтэл Э гүйж очоод Б-н цээж орчим нь өшиглөөд газар унагасан ба М бид 2 салгах гээд гүйж очсон. Б-г газар унасан байхад нь Ц үснээс нь хойш нь зулгаагаад цементэн дээр хэсэг газар чирсэн. Тэгээд бужигнаад явчихсан ба М, Э хоёр Б-н дээрээс цохиж байгаа харагдсан. Тэгээд л тэнд бужигнаж байсан хүмүүсийг баахан хүмүүс салгаад нааш цааш нь аваад явсан. Э, М бид 3 их бага хэмжээгээр Б-н биед халдсан нь үнэн. Би найз нараа өмөөрч ийм үйлдэл хйисэн. Би Э, М нарын хамт Б-г зодож хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Хохирогчид 200,000 төгрөг өгсөн одоо 85,000 төгрөгийг ирэх 7 хоногт өгөхөөр тохиролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 107-108/,

Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед найз А гэрээс М, М, А, Б, Ц, У нарын хамт гараад М бааранд очсон. Бааранд бид архи, пиво захиалж бүгдээрээ ууцгаасан. Миний хувьд бага зэрэг согтсон. Учир найз нартайгаа уулзаагүй удсан байсан болохоор баярлаад их хурдан согтсон. Бид нар бүжгийн талбайд бүжиглэж байхад хажуугаас Б орж ирээд бүжиглэж байхдаа манай найз М-н нөхөр рүү аальгүйтэж бүжиглэхээр нь М түлхээд унагачихсан. Б-г босоод ирэхэд нь М, Б-г 2 удаа түлхэж унагасан Б нь ахиж босч ирээд хэрүүл хийгээд манай найз нар луу дайраад унагасан Б нь ахиж босч ирээд хэрүүл хийгээд манай найз нар луу дайраад байхаар нь би 1-2 удаа түлхэж унагасан. Б их согтуу байсан болохоор бид нарыг зөөлөн түлхэх тоолонд газар унаад байсан. Тэгээд бид нар ширээндээ ирээд суучихсан байхад Б шилтэй пиво бариад буйдан дээрээ босч ирээд М-н араас цохихоор дайрсан. М цохиулалгүй Б-н хувцаснаас зуурч байгаад нөгөө гараараа 2-3 удаа Б-н толгой, нүүр хэсэг рүү нь цохисон. Энэ үед баарны хамгаалагч нар Б, О нарыг салгаад баарнаас аваад гарсан. Бид нар үлдээд үргэжлүүлэн суусан. Дараа нь Б, О 2 бааранд ороод ирчихсэн текин дээр сууж байсан ба бид нар дээр ирж бүжиглэсэн. Бүжиглэж байхдаа Б нь ахиад бид нарыг өдөөд, түлхэж мөрлөөд хэл амаар доромжлоод байсан. Тэр үед бид нар тэсээд өнгөрсөн. Тэгээд бид нар бүгдээрээ баарнаас гарсан ба баарны гадаа машин зогсоолын буланд Б нь хэдэн хүмүүстэй зогсож байсан ба бид нар луу хэл амаар дайраад өдөөд байсан. М, М бид 3 Б руу очиж учраа олох гээд очсон. Б, М-тэй муудаад байхаар нь би Б-н цээжин хэсэгт өшиглөөд газар унагасан. Б-г газар унасаны дараа М, М бид 3 ээлжлэн Б-н цээж, толгой хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Зарим цохилт нь оносон, зарим нь оноогүй байх. Ингэж байхад бид нартай хамт явсан залуучууд болон баарны хамгаалагч нар бид нарыг хэдэн тийш нь салгаад аваад явсан. Миний хувьд Б-н биед халдах болсон шалтгаан нь найзуудыгаа өмөөрснөөс болсон. Хүнд гар хүрч зодож болохгүй гэдгийг би сайн мэднэ. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан болохоор биеэ хянаж чадаагүй. Б-н биед халдаж гэмтэл учруулсан гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна... Хохиролд 200,000 төгрөг өгсөн ирэх 7 хоногт 85,000 төгрөгийг өгөхөөр хохирогчтой ярилцаж тохиролцсон...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 111-112 /,

Хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед хамт ажилладаг найз О-н гэрт очсон. Тэгээд бид хоёр тэдний гэрт хүн хүний 2 лааз пиво ууж суунгаа юм ярьсан. Тэгээд хойно нэг шинэ баар нээгдсэн гэсэн, орж үзэх үү гэж хоорондоо ярилцаад 20 цаг өнгөрч байхад “М” нэртэй бааранд орсон. Бид хоёрыг бааранд ороход үйлчлүүлж байгаа хүн байгаагүй ба бид 2 шилтэй нэг нэг пиво захиалсан. Аажмаар хүмүүс бааранд нэмэгдээд байсан. Ингээд О бид 2 олон удаа гарч бүжиглэж, олон удаа суудалдаа суусан. Эхэндээ О бид 2 хоёулахнаа бүжиглэж байгаад хажууд хүмүүс жижиг тойрог үүсгээд бүжиглэхээр нь тийшээ нэгдэхээр бүжиглээд орсон. Яг тойрогт ороод бүжиглээд эхлэж ч амжаагүй байхад М нь намайг түлхээд унагасан. Яагаад түлхсэнийг нь ойлгоогүй. Босоод маргасан чинь хажуугаас М ахиад түлхэж унагасан. Би ахиад боссон. Тэгтэл М миний гарнаас дугтараад ахиад намайг 2 гишгүүртэй шат руу түлхэж унагасан ба би зүүн ташаагаараа шатан дээр унасан. Манай найз О салгахар оролдсон ба намайг ахиад босоход мөн хар майктай, жинсэн шорттой Э гэсэн тэр хүүхэн бас намайг түлхэж унагасан. Ингээд баарны хамгаалагч нар биднийг ирж салган ширээ ширээнд нь суулгасан. Намайг түлхэж унагадаг хүмүүс миний сууж байсан ширээний хажуугийн ширээнд сууж байсан ба би уур хүрээд ширээн дээр байсан шилтэй пивоо авч яг ардаа байсан М луу далайтал М миний толгойноос татаж аваад 2-3 удаа толгой, мөр лүү гараараа цохисон. Энэ үед баарны хамгаалагч нар дахин салгаж О бид 2-ыг баарнаас гаргасан. О бид 2 гадаа жаахан байж байгаад тооцоогоо хйигээгүй байсан тул тооцоогоо хийхээр баар луу буцаж орсон. Бааранд ороход О бид 2-ын сууж байсан ширээнд өөр хүмүүс сууж байсан. Ингээд О бид 2 баарны текин дээр очиж суун тооцоогоо хийгээд нэг нэг шилтэй пиво захиалсан. Пивоо ууж амжаагүй байтал 2 охин ариун цэврийн өрөө рүү явж байхаар нь намайг түлхэж зоддог охидууд байна гэж бодоод араас нь шилтэй пивоо шидэж газар хагалсан. Миний араас нь пиво шиддэг охиныг Ц гэдэг юм билээ. Ц-н хувцас руу нь пиво шидэгдээд норсон ба Ц-тэй ойлголцоод андуурсан байна гэдгээ хэлсэн. Уучлалт гуйсан. Тэгээд О бид 2 явахаар болоод баарнаас гартал үүдэнд Ц гэх эмэгтэй хүзүүгээр тэврээд машины зогсоол руу авч явсан. Би андуураад пиво шидчиж гэдгээ хэлсэн боловч Ц том биетэй болохоор намайг хүчлээд цааш авч явсан. Учраа хэлээд маргаад байж байтал хажуугаас Ц нь үсдээд намайг түлхсэн. Газар унаагүй. Энэ үед гэнэт хажуугаас Э гэх тэр эмэгтэй үсэрч ирээд зүүн ташаа орчим руу хүчтэй өшиглөж намайг газар унагасан. Ц ахиад үсдээд чирсэн. Энэ үед хажуугаас М, М, Э нар дээрээс энд тэндгүй цохиод байсан. Тэгээд хүмүүс бужигнаад бие биенээ салгаад тэрхэн зуур холдоцгоосон. О хаачсан нь мэдэгдэхгүй би ганцаараа үлдчихсэн байсан ба суучих онгорхой машин байна уу үгүй юу гээд зогсоол дээр байсан машины хаалгыг татаж үзээд зогсож байтал баарны хамгаалагч залуу намайг машиндаа суулгаад гэрт хүргэж өгсөн. Миний 2 хөлийн сандаал тайлагдаад тэндээ үлдсэн. Тэгэхээр надад учирсан гэмтлийг М, М, Э, Ц, Ц нар учруулсан. Яагаад гэвэл эдгээр хүмүүс намайг цохих, түлхэх, газар чирэх үйлдэл удаа дараа гаргасан. Тухайн үед хажуугаар бужигнаад олон хүн байсан, таних хүн нэг ч байгаагүй. Баахан эрчүүд салгаад гүйгээд байсан. Даан ч хүүхнүүд нь дийлдэхгүй байсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-14/,

- Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол  /хх-16-18/,

- Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “... бид нар маргаад байж байтал хажуунаас хар майктай, женсин шорттой Э гэх эмэгтэй үсэрч ирээд Б-н цээж хэсэг рүү хүчтэй үсэрч өшиглөөд газар унагасан. Бааранд муудалцсан гээд байсан хүмүүс болох М, М нар ирчихсэн Б-н дээрээс цохиод байгаа харагдсан. М харин наадах чинь түрүүнд дотор дургүй хүргээд байсан юм гээд хамгаалагчийн суган доогуур ороод Б-г үсдээд хөл рүү нь өшиглөсөн. Б-г хамгаалагч тэвэрчихсэн байсан болохоор унаагүй. Б-н биед гэмтэл учирсан бол М, М, Э нар л гэмтэл учруулахаар л цохиж зодож байсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Гэрч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “... Ц, Б-тай маргаад түлхээд зогсож байхад нь хажуунаас нь М, Б-г үсдээд ганц нэг удаа толгой руу нь цохисон. Тэгтэл гэнэт хажуунаас хар майктай, жинсэн шорттой Э гээд хүүхэн үсэрч орж ирээд Б-н цээж хэсэг рүү өшиглөөд газар унагасан.Тэгэхээр нь би Б-г үсдээд газраар чирсэн. М, М, Э нар Б-н дээрээс толгой, хөл рүү нь цохиод байсан. Намайг харж байхад М, М, Э нар нилээн олон удаа энд тэндгүй цохисон...” гэсэн   мэдүүлэг /хх-ийн 29/,

- Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд: “... тойрогт орж бүжиглэх гээд ортол Б-г тэнд бүжиглэж байсан М түлхээд газар унагаачихсан. Би очоод яаж байна гэж байх хооронд М Б-г 2 ч удаа түлхээд унагачихсан. Б түлхэх тоолонд газарт унаад байсан. Б-г буйдангийн түшлэг дээр хувцаснаас нь М өөрийнхөө буйдан дээрээс татаад толгой хэсэг рүү нь 2 удаа цохиод авч байгаа харагдсан... Э очоод Б-н гэдэс орчим руу өшиглөсөн. Б үсдүүлээд чирэгдэж байхад М, М, Э нар үсдэх, цохих зэрэг үйлдлийг хийж байсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 41-42/,

- Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...М, Б-г түлхээд унагачихсан, хэрүүл болсон ба М 2 удаа Б-г түлхэж газар унагасан. Сүүлийнх нь түлхэлтэн дээр Б зүүн ташаагаараа 2 гишгүүртэй шат руу унаад бос ч ирсэн. М-г Б үсдэх гэж байсан ба М үсдүүлэлгүй Б-н цамцнаас зуурч байгаад буйдангийнхаа араас гараараа 2-3 удаа толгой, мөр хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг  мэдүүлэг /хх-ийн 47/,

- Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...бүжиглэж байсан хүмүүсийн дунд Б гэх эмэгтэй унасан. Б-г М гэх эмэгтэй цээж рүү нь түлхэж унагасан. М ахиад Б-г 2 гараараа хүчтэй түлхэж унагасан ба гишгүүр шатруу унасан. М Б-н хувцаснаас зуурч гараараа толгой руу нь хэд хэд цохиод авсан. Б-н дээрээс М, М, Э нар ээлжлэн толгой руу нь цохиж байсан. Б-д гэмтэл учирсан бол М, М, Э З л цохиж зодоод байснаараа гэмтэл учруулсан байгаа. Э гээд тэр хар майктай, жинсэн шорттой хүүхэн бол их агсан аймаар танхай хүүхэн байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б-г М гэх мяраалаг эмэгтэй цээж рүү нь түлхэж унагасан. М ахиад Б-г 2 гараараа цээжрүү нь хүчтэй түлхэн унагасан ба энэ үедээ гишгүүр шатруу ташаагаараа унасан. Хар майктай, жинсэн шорттой Э гэх эмэгтэй Б-г өөрөөсөө холдуулж түлхэн унагасан. Б их согтуу байсан учраас хүн түлхэх тоолонд газар унаад байсан. М Б-н хувцаснаас зуурч гараараа толгой руу нь 2-3 цохисон. М, М, Э нар гүйж ирээд бөөндөө үснээс нь зэрэг, зэрэг зулгаагаад гараараа толгой, хөл, хаа таарсан газраа цохиод авсан. Б-д учирсан гэмтлийг толгой, түрийгүй зодож байснаараа М, М, Э 3 учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/013 дугаартай дүгнэлтэд:

1. С.Б-н биед тархи доргилт, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн бугуй, хэвлийн зүүн доод хэсэгт, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохой, баруун өвдөгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт нь дангаараа  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн бугуй, хэвлийн зүүн доод хэсэгт, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохой, баруун өвдөгөнд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 86/,

- Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “.. Тархи доргилт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нөлөөллөөр буюу  тухайн хүний толгойн хэсэг рүү цохих, түлхэх, унагах зэрэг үүсэх боломжтой. Нэг удаа ч түлхэж унагах, нэг удаа ч цохих үед үүсэх боломжтой. Цохилтын болон унах үеийн хүчнээс хамаарна. С.Б нь хүчтэй цохилт гаднаас авсан учраас доргилт гэмтэл үүссэн болно. Гараар цохиход тархи доргилт гэмтэл үүсч болно. Үснээс зулгаах, үснээс зулгааж чирэх, татах үед бол тархи доргилт гэмтэл үүсэхгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 93/,

Шүүгдэгч М.М, Б.М, Н.Э нарын эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 122, 135, 144/ болон тэдний хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар М.М, Б.М, Н.Э нар нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний орой Замын-Үүд сумын 4 дүгээр баг М бааранд орж бүжиглэж байгаад С.Б-г түлхэж унагасан, Б.М нь толгой руу нь цохисон, мөн баарны гадаа зодсон үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч М.М, Б.М, Н.Э нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 4 дүгээр баг М баарны дотор болон гадна талд иргэн С.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч М.М, Б.М, Н.Э нар нь бүлэглэн С.Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч С.Б-н “...Яг тойрогт ороод бүжиглээд эхлэж ч амжаагүй байхад М нь намайг түлхээд унагасан. Яагаад түлхсэнийг нь ойлгоогүй. Босоод маргасан чинь хажуугаас М ахиад түлхэж унагасан. Би ахиад боссон. Тэгтэл М миний гарнаас дугтараад ахиад намайг 2 гишгүүртэй шат руу түлхэж унагасан ба би зүүн ташаагаараа шатан дээр унасан. Манай найз О салгахар оролдсон ба намайг ахиад босоход мөн хар майктай, жинсэн шорттой Э гэсэн тэр хүүхэн бас намайг түлхэж унагасан. Ингээд баарны хамгаалагч нар биднийг ирж салган ширээ ширээнд нь суулгасан. Намайг түлхэж унагадаг хүмүүс миний сууж байсан ширээний хажуугийн ширээнд сууж байсан ба би уур хүрээд ширээн дээр байсан шилтэй пивоо авч яг ардаа байсан М луу далайтал М миний толгойноос татаж аваад 2-3 удаа толгой, мөр лүү гараараа цохисон. Энэ үед баарны хамгаалагч нар дахин салгаж О бид 2-ыг баарнаас гаргасан... Энэ үед гэнэт хажуугаас Э гэх тэр эмэгтэй үсэрч ирээд зүүн ташаа орчим руу хүчтэй өшиглөж намайг газар унагасан... М, М, Э нар дээрээс энд тэндгүй цохиод байсан...” гэсэн,  гэрч М.Ц-н “... бид нар маргаад байж байтал хажуунаас хар майктай, женсин шорттой Э гэх эмэгтэй үсэрч ирээд Б-н цээж хэсэг рүү хүчтэй үсэрч өшиглөөд газар унагасан. Бааранд муудалцсан гээд байсан хүмүүс болох М, М нар ирчихсэн Б-н дээрээс цохиод байгаа харагдсан. М харин наадах чинь түрүүнд дотор дургүй хүргээд байсан юм гээд хамгаалагчийн суган доогуур ороод Б-г үсдээд хөл рүү нь өшиглөсөн... Б-н биед гэмтэл учирсан бол М, М, Э нар л гэмтэл учруулахаар л цохиж зодож байсан...” гэсэн, гэрч Э.Ц-н “... Ц, Б-тай маргаад түлхээд зогсож байхад нь хажуунаас нь М, Б-г үсдээд ганц нэг удаа толгой руу нь цохисон. Тэгтэл гэнэт хажуунаас хар майктай, жинсэн шорттой Э гээд хүүхэн үсэрч орж ирээд Б-н цээж хэсэг рүү өшиглөөд газар унагасан.Тэгэхээр нь би Б-г үсдээд газраар чирсэн. М, М, Э нар Б-н дээрээс толгой, хөл рүү нь цохиод байсан...” гэсэн, гэрч Ж.О “... тойрогт орж бүжиглэх гээд ортол Б-г тэнд бүжиглэж байсан М түлхээд газар унагаачихсан. Би очоод яаж байна гэж байх хооронд М Б-г 2 ч удаа түлхээд унагачихсан. Б түлхэх тоолонд газарт унаад байсан. Б-г буйдангийн түшлэг дээр хувцаснаас нь М өөрийнхөө буйдан дээрээс татаад толгой хэсэг рүү нь 2 удаа цохиод авч байгаа харагдсан... Э очоод Б-н гэдэс орчим руу өшиглөсөн. Б үсдүүлээд чирэгдэж байхад М, М, Э нар үсдэх, цохих зэрэг үйлдлийг хийж байсан...” гэсэн, гэрч Н.А “...М, Б-г түлхээд унагачихсан, хэрүүл болсон ба М 2 удаа Б-г түлхэж газар унагасан. Сүүлийнх нь түлхэлтэн дээр Б зүүн ташаагаараа 2 гишгүүртэй шат руу унаад бос ч ирсэн. М-г Б үсдэх гэж байсан ба М үсдүүлэлгүй Б-н цамцнаас зуурч байгаад буйдангийнхаа араас гараараа 2-3 удаа толгой, мөр хэсэг рүү цохисон...” гэсэн, гэрч С.М “...бүжиглэж байсан хүмүүсийн дунд Б гэх эмэгтэй унасан. Б-г М гэх эмэгтэй цээж рүү нь түлхэж унагасан. М ахиад Б-г 2 гараараа хүчтэй түлхэж унагасан ба гишгүүр шатруу унасан. М Б-н хувцаснаас зуурч гараараа толгой руу нь хэд хэд цохиод авсан. Б-н дээрээс М, М, Э нар ээлжлэн толгой руу нь цохиж байсан...” гэсэн, гэрч Б.А “...Б-г М гэх мяраалаг эмэгтэй цээж рүү нь түлхэж унагасан. М ахиад Б-г 2 гараараа цээжрүү нь хүчтэй түлхэн унагасан ба энэ үедээ гишгүүр шатруу ташаагаараа унасан. Хар майктай, жинсэн шорттой Э гэх эмэгтэй Б-г өөрөөсөө холдуулж түлхэн унагасан. Б их согтуу байсан учраас хүн түлхэх тоолонд газар унаад байсан. М Б-н хувцаснаас зуурч гараараа толгой руу нь 2-3 цохисон. М, М, Э нар гүйж ирээд бөөндөө үснээс нь зэрэг, зэрэг зулгаагаад гараараа толгой, хөл, хаа таарсан газраа цохиод авсан...” гэсэн, шинжээч эмч П.Г “.. Тархи доргилт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нөлөөллөөр буюу  тухайн хүний толгойн хэсэг рүү цохих, түлхэх, унагах зэрэг үүсэх боломжтой. Нэг удаа ч түлхэж унагах, нэг удаа ч цохих үед үүсэх боломжтой. Цохилтын болон унах үеийн хүчнээс хамаарна. С.Б нь хүчтэй цохилт гаднаас авсан учраас доргилт гэмтэл үүссэн болно. Гараар цохиход тархи доргилт гэмтэл үүсч болно. Үснээс зулгаах, үснээс зулгааж чирэх, татах үед бол тархи доргилт гэмтэл үүсэхгүй...” гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/013 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд М.М, Б.М, Н.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М, Б.М, Н.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тэдний хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.М, Б.М, Н.Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Хохирогч С.Б нь хохиролд шүүгдэгч нараас 855,000 төгрөг нэхэмжилсэн байх ба М.М нь 150,000 төгрөг, Б.М, Н.Э нар нь тус бүр 200,000 төгрөг нийт 550,000 төгрөгийг шүүх хурлаас өмнө хохирогчид өгсөн, 2019 оны 11 сарын 18-ны өдөр гэхэд шүүгдэгч М.М нь 135,000 төгрөг,  шүүгдэгч Б.М, Н.Э нар нь тус бүр 85,000 төгрөг өгөхөөр хохирогчтой тохиролцсон байна. Иймд шүүгдэгч М.М-с 135,000 төгрөг, шүүгдэгч Б.М, Н.Э нараас тус бүр 85,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Б-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.М, Б овогт Б.М, Ч овогт Н.Э нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М.М, Б овогт Б.М, Ч овогт Н.Э нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Б.М, Н.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.М, Б.М, Н.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сди бичлэгийг хэрэгт хавсаргасугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.М-с 135,000 төгрөгийг, Б.М-с 85,000 төгрөгийг, Н.Э-с 85,000 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, Б овогт С.Б-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М, Б.М, Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.Н