Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Л.С, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Т.Т,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Х гэх газраас Ц.Б-н 12 тооны тэмээ буюу бусдын олон тооны малыг хулгайлж, 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбадрах сумын төвөөр орж ирж хоночихоод маргааш нь буюу 14-ний орой нар шингэхээс өмнөхөн өөрийн эзэмшиж ашигладаг улсын дугааргүй цэнхэр өнгийн “Хаоже” маркийн мотоцикльтойгоо Улаанбадрах сумын төвөөс баруун зүг хөдөө гэрлүүгээ ганцаараа 14 км орчим газар яваад “Х” гэх газар олон тооны тэмээ харагдахаар нь “хэний тэмээ юм бол” гэж бодоод замаасаа гараад тэмээ байгаа газар очсон чинь уг тэмээнүүдийг хэнийх болохыг нь мэдээгүй, тэгээд захаас нь 10 тооны тэмээ тасдаж хөөсөн чинь араас нь 2 тэмээ дагаад ирсэн, ингээд уг тэмээнүүдийг нөгөө газраасаа зүүн хойд зүгт шөнөжин явсаар өглөө гэгээ орж байхад “Т” уулын хойно ирсэн байсан, тухайн үед бороо их орж шавартай байсан учраас мотоциклийн дугуйнд шавар шигдээд явж болохгүй байсан, тухайн газарт гар утасны сүлжээтэй байсан бөгөөд өөрийн ... дугаарын утаснаас А гэх найзынхаа ... дугаарын утасруу залгаад “би тахиатын ар дээр явж байна, мотоциклийн кирланд шавар чихээд явж болохгүй байна, “12”-ийн түлхүүр аваад тахиатын ар дээр хүрээд ир” гэсэн чинь А “за” гэж хэлсэн. Тэгтэл өглөө 07 цаг болж байх үед А нь ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикльтой түлхүүр аваад ганцаараа ирсэн, тэгээд би кирланаа тайлж аваад “би Сайншандруу явж байнаа, найзыгаа жаахан дөхүүлээд өгчих” гэж гуйсан чинь А зөвшөөрөөд бид хамт тэмээ туугаад явж байх замдаа би малын ченж Б-тай утсаар холбогдож “тэмээ авах уу?” гэсэн чинь “хамрын хийд дээр аваад ир” гэхлээр нь тэмээгээ туусаар хамрын хийд дээр 11 цагийн үед ирээд эргээд Б руу залгаад “ирчихлээ” гэсэн чинь Б нь ... улсын дугаартай Маяти маркийн авто машинтай ирээд бид уулзсан боловч үнэ тохироогүй Б нь аймаг руу буцсан, тэгээд А бид 2 хэсэг хугацаанд байж байгаад эргээд би Б руу залгаад “ярилцъя ямар ч байсан тэмээгээ өгөе” гэсэн чинь “Т дээр аваад ир” гэхлээр нь тэмээгээ туугаад Т гэх газарт ирээд Б-тай уулзаж ярилцаад зогсож байсан чинь пургон машинтай Цагдаагийн албан хаагчид ирээд бид 2-ыг шалгана гээд аваад явсан юм. Ингээд би цагдаагийн албан хаагчдад болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Х банкинд малчны зээл төлөх гээд авсан. Зээлээ төлөх хугацаа болсон байсан учраас “эзэнгүй тэмээнүүд юм болов уу” гэж бодоод авах болсон юм, А-д бол би өөрийнхөө тэмээнүүдийг зарах гээд аваад явж байгаа талаар хэлсэн хүний тэмээ гэж бол А огт мэдээгүй, малын ченж Б-г би танихгүй 2019 оны 07 дугаар сард манай суманд ирээд мал авсан байсан тэгэхлээр нь би мал мах зарвал хэрэг болж магадгүй гэж бодоод гар утсыг тэмдэглээд авсан юм. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, болчимгүй үйлдлээсээ болж гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна дахин ийм хэрэг хийхгүй... Хохирогчид тэмээнүүдийг нь буцааж өгсөн. Ирж очих унааны зардал гээд 480,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,

- Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газар нутагладаг юм Улаанбадрах сумын нутаг Х гэх газар нь манайхтай ойр байдаг газар байгаа юм. Манай тэмээ нь гэрээсээ зүүн зүгт “Х” гэх газар руу бэлчээрт явдаг тэр болгон тэмээг бол хурааж тоолоод бүртгээд байх боломж байдаггүй юм. 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр надруу утсаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас ярьж байна.

Танай тэмээ ямар тамгатай вэ? гээд асуухаар нь ширээтэй хөндлөн зуузай тамгатай гэж хэлсэн, тэгсэн чинь өөр тамгатай тэмээнүүд байгаа юу? гэж асуухад С тамгатай хар ингэ байгаа, бусад нь манай тамгатай гэж хэлсэн, гэтэл танайд цагаан зүсмийн тэмээ байгаа юу гэж асуусан. Тэгэхлээр нь 2 цагаан тэмээ байгаа гэж хариулсан. Тэгсэн чинь Дорноговь аймгийн Сайншанд суман дээр тийм тэмээнүүдийг зарах гэж байхад нь бид барьж саатуулаад байгаа, та даруйхан мал дээр дардаг тамгаа, малчныхаа тамгатай “А” данстайгаа аваад хүрээд ирээ гэхлээр нь би тэр өдөртөө Сайншанд сум руу орсон. Тэгээд Сайншандын наана худгийн дэргэд миний тэмээнүүдийг хураасан байсан. Миний бие алдсан малаа тоо ёсоор нь эргүүлэн авсан, өөр алдсан мал байхгүй, тухайн хэргийн улмаас Хөвсгөл сумаас Дорноговь аймаг, Замын-Үүдэд ирж очих, малаа эргүүлэн авч ирэх зэрэг зардлаа бол Т.Т-с гаргуулан авсан байгаа, иймд надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

- Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Т.Т 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 05 цагт миний ... дугаар луу ярьсан ба над руу залгаж ярьсан дугаарыг нь сайн санахгүй байна над руу мотоциклийн шаврын хамгаалалтанд шавар чихчихээд явуулахгүй байна 12-н түлхүүр аваад Зүүнбаянгаас ертөнцийн зүгээр урагшаа говийн урд талд байна хүрээд ир хөгшөөн гэж ярьсан. Тэгээд би 05 цаг 30 минутын үед өөрийнхөө ногоон өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоцикльтой ганцаараа явсан. Би Зүүнбаянгаас Өргөний зүгээр урагшаа говийн урд талд очиход цаг 07 цагийн үед Т.Т Хаожи маркийн улсын дугааргүй мотоцикльтой ганцаараа 12 тооны тэмээ туугаад явж байсан. Тэгээд бид хоёр уулзаад мэнд мэдэлцээд би Т.Т-с энэ юун тэмээ юм бэ? гэж асуухад Т.Т манай тэмээ би борлуулахаар зүүн хойшоогоо дөхөж явна гэж хэлсэн. Тэгээд Т.Т намайг найзыгаа тэмээ туухад дөхуулээд өгөөч гэж гуйхаар нь би тэмээг нь хамт туугаад Хамарын хийдийн урд талд очиход Т.Т хоёулаа хамт тэмээгээ туугаад Сайншандад борлуулчихаад Зүүнбаян руу хамт буцая гэж хэлэхээр нь би за тэгье гэж хэлсэн. Т.Т бид хоёр тэмээгээ туугаад Хамарын хийдийн урд талаар гараад ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү ойролцоогоор 50 орчим км газар яваад засмал зам давж гарсан. Бид хоёрыг засмал замаар тэмээгээ туугаад гараад очиход засмал замын зүүн талд цагаан өнгийн маяти маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна, автомашин зогсож байсан. Тэгээд Т.Т тэр машины жолоочтой нь очиж уулзсан ба юу ярьсан талаар мэдээгүй. Тэр хоёрын яриа нь надад сонсогдоогүй. Тэгээд Т.Т над дээр ирээд тэмээгээ баръя хүнд борлуулая гэж хэлээд Т.Т 12 тэмээнээс 3 бараан зүсмийн, зөв талын хонгондоо хөлтэй ширээтэй хэвтээ зуузай тамгатай тэмээг барьж аваад 1 тэмээг нь ачсан ба би тэмээ ачихад оролцоогүй харин тэмээг нь мотоциклиор хурааж өгч байсан. Тэгээд байж байтал баруун хойд талаас цагдаагийн саарал өнгийн фургон машин ирж бид нарыг шалгаж байгаад цагдаагийн газар руу авч явсан. Т.Т бид хоёрын тууж явсан 12 тооны тэмээн дотор цагаан зүсмийн 3-4 настай тэмээ байсан ба зөв талын хонгондоо хөлтэй ширээтэй хэвтээ зуузай тамгатай тэмээнүүд байсан. Мөн зөв талын гуяндаа хөлтэй ширээтэй хэвтээ зуузай тамгатай бараан зүсмийн тэмээ байсан. Т.Т надад хэлэхдээ манай тэмээ гэж хэлэхээр нь өөрийнх нь тэмээ гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 08 цагийн үед Т гэх хүн тэмээ авах уу гэж над руу ... дугаараас үл таних эрэгтэй хүн утсаар ярьсан. Тэгэхээр нь би очиж үзье гэж тохироод Хамарын хийд дээр 11 цагийн үед очиход 12 тэмээ туугаад ирчихсэн байсан. Т гэх хүн өөр 1 үл таних хүнтэй хамт 2-уулаа 12 тэмээ тууж ирсэн байсан. Тэгээд үнэ ханшаа тохирох гэхэд тэмээ зарах, авах үнэ дээрээ тохиролцохгүй өндөр үнээр зарна гээд байхаар нь би авахгүй гээд яваад өгсөн. Тэгээд байж байхад үдээс хойш манай ээжийн утас руу нөгөө тэмээ зарах гэсэн 2 хүн залгаад Түшлэгийн ойролцоо ирчихлээ тэмээгээ заръя гэж ярихаар нь би өөрийнхөө цагаан өнгийн ... дугаартай маяти маркийн машинтай очиход өдөр Хамарын хийд дээр уулзсан 2 залуу тэмээгээ туугаад ирчихсэн байхаар нь би Т гэх залуутай зарж худалдах үнэ тохироод 12 тэмээг 10,000,000 төгрөгөөр авахаар болоод байж байхад цагдаагийн саарал фургон ирж бид нарыг шалгаж цагдаагийн газар руу явсан. Би мал, мах худалдан авахдаа мал эмнэлэг ариун цэврийн бичиг болон багийн Засаг даргын тодорхойлолт /гарал үүслийн бичиг/ тогтмол авдаг юм. Би хулгайн тэмээ мал гэдгийг нь мэдээгүй байсан ба надад хэлэхдээ тэр залуу манай тэмээ гэж хэлж байсан. Гарал үүслийн бичгийг нь яасан бэ гэж асуухад хойноос машинаар ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд би итгээд уг 12 тэмээг авах гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/,

-  “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 55-57, 61-65/,

- Прокурорын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 5/27 дугаар эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 71-72/,

-  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ болон түүний хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Т.Т нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Х гэх газарт бэлчиж байсан 12 тооны тэмээг Дорноговь аймгийн Сайншанд сум хүртэл тууж авчиран махны ченжэд өгч байхад нь цагдаагийн газрын цагдаа нар очсон үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Т.Т нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Х гэх газраас Ц.Б-н 12 тооны тэмээ буюу бусдын олон тооны малыг хулгайлж, 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Х гэх газраас Ц.Б-н 12 тооны тэмээ буюу бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Ч.Б “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр надруу утсаар “Дорноговь аймгийн Цагдаагийн газраас ярьж байна. Танай тэмээ ямар тамгатай вэ? гээд асуухаар нь ширээтэй хөндлөн зуузай тамгатай гэж хэлсэн, тэгсэн чинь өөр тамгатай тэмээнүүд байгаа юу?  гэж асуухад Сэрээ тамгатай хар ингэ байгаа, бусад нь манай тамгатай гэж хэлсэн, гэтэл танайд цагаан зүсмийн тэмээ байгаа юу гэж асуусан. Тэгэхлээр нь 2 цагаан тэмээ байгаа гэж хариулсан. Тэгсэн чинь Дорноговь аймгийн Сайншанд суман дээр тийм тэмээнүүдийг зарах гэж байхад нь бид барьж саатуулаад байгаа, та даруйхан мал дээр дардаг тамгаа, малчныхаа тамгатай “А” данстайгаа аваад хүрээд ирээ гэхлээр нь би тэр өдөртөө Сайншанд сум руу орсон. Тэгээд Сайншандын наана худгийн дэргэд миний тэмээнүүдийг хураасан байсан...” гэсэн, гэрч О.Б “...Би хулгайн тэмээ гэдгийг нь мэдээгүй байсан надад хэлэхдээ тэр залуу манай тэмээ гэж хэлж байсан. Гарал үүслийн бичгийг нь яасан бэ гэж асуухад хойноос машинаар ирж байгаа гэж хэлсэн тэгээд би итгээд уг 12 тэмээг авах гэж байсан юм...” гэсэн, гэрч П.А “...Т.Т надад хэлэхдээ манай тэмээ гэж хэлэхээр нь өөрийнх нь тэмээ гэж бодсон...”гэсэн мэдүүлгүүд, А ХХК-ний үнэлгээний дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Т-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөрөө төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснээр түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Т-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хаоже маркийн арамны ... дугаартай мотоцикль нь А ХХК-ний дүгнэлтээр 300,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд уг мотоцикль нь шүүгдэгчийн өмчлөлийнх байх тул прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, улсын орлого болохоор Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-н өмчлөлийн 300,000 төгрөгний үнэтэй Хаоже маркийн арамны ... дугаартай мотоциклийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Б.Н