Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Б.Д, 

Хохирогч Ч.А,

Шүүгдэгч Ё.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ё.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х аймгийн Д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн командын мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 292.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн, Багануур дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, М овогт Ё.Э,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ё.Э нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.А-н эзэмшлийн ... улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуу шидэж хагалан 1,228,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ё.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би прокурорын гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа, сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би А гэх хүнтэй архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн нь үнэн тухайн өдөр “Ж” нэртэй буудлын доод талд байдаг билльяaрдaны газар тоглох гэж А дуудаж би ирсэн. А гэх хүн надад жил гарны өмнө 1,000,000 төгрөг өгөх байсан тул тэрнийгээ цайруулах гэж дуудсан юм байна лээ. Тэгээд бид хоёр архи согтууруулах ундаа уугаад билльярдaны газраас 22 цаг 20-30 минутын хооронд гарч яваад дахин А нэг шил архи уух уу гэж хэлэх үед би одоо яах юм бэ хэрэггүй чи машин барьж байгаа юм чинь болохгүй гэж хэлэхэд А зүгээрээ одоо нэг шил архи уугаад салах талаар хэлээд “Г” нэртэй дэлгүүрийн тэнд зогсож байгаад машинаас буугаад нэг шил архи олж ирсэн. Тэгээд бид хоёр архи авч яваад манай гэрийн гадаа ууссан. Тэгээд уугаад сууж байхад бид хоёр хоорондоо маргалдаад би машинаас буугаад явсан. Тухайн өдөр бороотой байсан тул машинаас буугаад гэртээ гүйгээд орсон. Тэгээд дараа нь миний гар утас руу А машины шилийг хагалаа гээд утсаар яриад дараа нь мессэж бичээд байхаар нь чи дэмий юм яриад бай гэж хэлээд бид хоёр утсаар ярьж хэрэлдээд утсаа тасдаад би утас руу нь, чи надад өгөх ёстой 1,000,000 төгрөгөөр төлөхгүй юу гэж мессэж бичсэн. Бид хоёрын дунд өөр зүйл болоогүй. Тухайн хүн надад жил гарангийн өмнө 1,000,000 төгрөгний өртэй худлаа үнэн юм яриад байхаар нь би заналхийлсэн... Тоглоод хэлсэндээ хүрэхгүй бол манай нутгийн ёсонд шийтгэдэг юм... Би гэртээ ороод блокон дээрээ гарч харахад Ч.А өөрөө тохойгоороо машины цонхоо хагалсан. Би харсан... Би хагалаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

- Хохирогч Ч.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2013 оноос хойш Замын-Үүд сумын бетон зуурмагийн үйлдвэр барьж байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд суманд 17-18 цагийн хооронд ирээд Замын-Үүд суманд амьдардаг гэртээ хоол цай ундаа ууж дуусаад хааяа нэг билльярд хамт тоглодог Замын-Үүд суманд амьдардаг Э гэх хүний гар утас руу залгаад ойр зуурын зүйл ярьж байгаад хаагуур юу хийж байна би Замын-Үүд суманд ирсэн байна ах хаана байна гэж асуухад би гэртээ хийсэн зүйлгүй байж байна гэж хоорондоо ярьж байгаад бид хоёр уулзаж билльяард тоглохоор болсон. Тэгээд бид 21 цаг өнгөрч байхад вокзалын урд талд байдаг “Я” нэртэй байрны гадаа уулзаад би дэлгүүр орж С нэртэй 0,5 гр-тай нэг шил архи, Н нэртэй лаазтай пиво худалдаж авсан. Тэгээд бид хоёр “Ж" нэртэй буудлын билльярдны өрөөнд орж билльярд тоглож байхдаа бид хоёр авсан нэг шил архи болон пиво хувааж уусан. Тэгээд бид хоёр 23 цаг өнгөрч байхад “Ж” нэртэй буудлаас гараад Э ах гэрт хүргээд өгчих гэж хэлээд би буудлын гаднаас өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг унаад Э ахын гэр лүү явж байхад Э ах ганц архи нэмээд уучих уу гэж асуухаар нь за гэж хэлээд замд байсан дэлгүүр орж 0,5 гр-тай С нэртэй архи аваад машинаа цааш нь унаж яваад Э ахын гэрт буюу Замын-Үүд С гэх нэртэй хотхоны хажуу талд очсон. Тэгээд гэрийн гадаа машин дотор хоёулаа архи хувааж ууж байхад Э ах бага зэрэг агсам согтуу тавиад томроод байхаар нь та бууж гэртээ орж амар гэж хэлэхэд дахиад агсараад байхаар нь та одоо буу ядаргаатай юм бэ гэж хэлэхэд Э ах машинаас уурлаад буусан буухдаа хаалга саваад буусан. Тэгээд би машинаа бариулахаар дүү рүүгээ ярьчихаад хүлээж байсан юм. Гэтэл машины арын салхины шил түс гээд явах үед би машинаас буугаад харсан чинь машины арын салхины шил харгасан байхаар би яаж байгаа юм бэ гэж хэлээд очих гэтэл байрныхаа булан тойроод зугтаахаар нь би гар утас руу нь залгаж та одоо яаж байгаа юм бэ гэж асуухад би чамайг Замын-Үүд суманд алхам тутамд чинь хорлоно гээд олон юм яриад байж байхад машин бариулах гэж дуудсан дүү ирээд машин барьж явахдаа муу бариад байхаар нь би машинаа бариад цагдаагийн байгууллагад ирж болсон зүйлийн талаар бүртгүүлж дараа ирэхээр болоод Э ахтай уулзаад учир нь олдчих байх гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй явсан. Тэгээд Э ах мессеж бичээд заналхийлээд байхаар нь албан ёсоор өргөдөл гомдол гаргасан. Намайг хэл амаар доромжлоод Замын-Үүд суманд явж байхад чинь чамайг алхам тутамд хорлоно гээд дарамтлаад байгаа тул энэ асуудалд нь би гомдолтой байдаг... Үнэлгээгээр 1,228,000 төгрөг гэж гарсан байсан уг мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 10 минутын үед унтаж байхад миний гар утас дуугарч А ах залгаад ахынх нь машины багажны салхины шилийг хүн хагалчихлаа цагдаа руу очих гэсэн юм танай гэрийн гадаа байна гэж хэлээд би гэрээс гарч ирээд ахаас юу болсон талаар асуухад Э гэх хүн миний машины багажны салхины шилийг хагалсан талаар яриад би машиныг унаад С хотхоны хажуу талаар Э гэх айлыг олох гэсэн боловч олдохгүй байхаар нь Цагдаагийн хэлтсийн гадаа ирж зогсоод А ах бид хоёр цагдаа руу орж болсон зүйлийн талаар цагдаагийн алба хаагчид мэдэгдэж мөн цагдаагийн алба хаагч Э гэх хүний гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн тул цагдаагийн алба хаагч болсон зүйлийн талаар мэдэгдсэн тул маргааш болох юм гэж асуухад А ах өнөөдөр шийдүүлнэ гэж хэлэхэд цагдаагийн алба хаагч дуудлагын машин байхгүй дуудлаганд явсан дуудлага ихтэй байна машин ирэхлээр нь та хоёр хүлээж байгаад нөгөө Э гэх айл руу хамт оч гэж хэлээд бид хоёр 20-30 минут цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимд хүлээж байгаад би А ахад орой болчихлоо хүүхэд уйлж байгаа байх гэж хэлээд бид хоёр гараад А ах машиныг унаад би хажуу талд нь суугаад А ахад та машинаа Г буудлын хажуу талд тавиад намайг такси бариад хүргээд өгчих гээд хөдлөөд Г буудлын хажуу талд тавих гэсэн чинь зогсоол байхгүй харин цагдаагийн машин ирж байхаар нь буцаж эргээд цагдаагийн хэлтсийн эсрэг зам дээр зогсож машинаас бид хоёр бууж ирээд цагдаагийн хэлтэс рүү орж ирсэн чинь цагдаагийн алба хаагч А ахыг согтууруулах ундаа уусан байж яахлээрээ машин барьдаг юм бэ гэж хэлээд бид хоёр драгер багажаар үнэртүүлэхэд би  0  хувь гарч А ах яг хэдэн хувь гарсан талаар мэдэхгүй байна...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 21-22/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 3764 дугаар шинжээчийн дүнэлт /хх-ийн 28-29/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-58/ болон бусад хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтууд зэргийг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ё.Э-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой Ч.А нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор Ё.Э-той архи уусан улмаар муудалцаж, Ё.Э нь машинаас нь буусан, удалгүй машиных нь арын цонх хагарсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ё.Э-г 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.А-н эзэмшлийн ... улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуу шидэж хагалан хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Ё.Э нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний орой иргэн Ч.А-н эзэмшлийн ... улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалж, 1,228,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Ч.А “...дэлгүүр орж 0,5 гр-тай С нэртэй архи аваад машинаа цааш нь унаж яваад Э ахын гэрт буюу Замын-Үүд С гэх нэртэй хотхоны хажуу талд очсон. Тэгээд гэрийн гадаа машин дотор хоёулаа архи хувааж ууж байхад Э ах бага зэрэг агсам согтуу тавиад томроод байхаар нь та бууж гэртээ орж амар гэж хэлэхэд дахиад агсараад байхаар нь та одоо буу ядаргаатай юм бэ гэж хэлэхэд Э ах машинаас уурлаад буусан буухдаа хаалга саваад буусан. Тэгээд би машинаа бариулахаар дүү рүүгээ ярьчихаад хүлээж байсан юм. Гэтэл машины арын салхины шил түс гээд явах үед би машинаас буугаад харсан чинь машины арын салхины шил харгасан байхаар би яаж байгаа юм бэ гэж хэлээд очих гэтэл байрныхаа булан тойроод зугтаахаар нь би гар утас руу нь залгаж та одоо яаж байгаа юм бэ гэж асуухад би чамайг Замын-Үүд суманд алхам тутам чинь хорлоно гээд олон юм яриад байсан... би машинаа бариад цагдаагийн байгууллагад ирж болсон зүйлийн талаар бүртгүүлж дараа ирэхээр болоод Э ахтай уулзаад учир нь олчих байх гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй явсан...” гэсэн, гэрч Г.Г“...2019 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 10 минутын үед унтаж байхад миний гар утас дуугарч А ах залгаад ахынх нь машины багажны салхины шилийг хүн хагалчихлаа Цагдаа руу очих гэсэн юм танай гэрийн гадаа байна гэж хэлээд би гэрээс гарч ирээд ахаас юу болсон талаар асуухад Э гэх хүн миний машины багажны салхины шилийг хагалсан талаар яриад би машиныг унаад С хотхоны хажуу талаар Э гэх айлыг олох гэсэн боловч олдохгүй байхаар нь Цагдаагийн хэлтсийн гадаа ирж зогсоод А ах бид хоёр цагдаа руу орж болсон зүйлийн талаар цагдаагийн алба хаагчид мэдэгдэж мөн цагдаагийн алба хаагч Э гэх хүний гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн тул цагдаагийн алба хаагч болсон зүйлийн талаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгүүд, “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 3764 дугаар шинжээчийн дүнэлт шинжээчийн  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ё.Э-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,228,000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүний хувийн байдлыг харгалзан үзэв.

Шүүгдэгч Ё.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, тээврийн хэрэгслийн арын шилний хагархайнуудыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хохирогч Ч.А-н тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг “А” ХХК нь 1,228,000 төгрөгөөр үнэлсэн ба уг үнэлгээний дагуу хохирогч нь 1,228,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ё.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Ё.Э-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Э-д оногдуулсан 800,000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Э нь 800,000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ё.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, тээврийн хэрэгслийн арын шилний хагархайнуудыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ё.Э-с 1,228,000 /нэг сая хоёр зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд оршин суух У овогт Ч.А-д олгосугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Б.Н