Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Б,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт Т.М-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 2 нас 10 сартай хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Р овогт Т.М,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын ... дугаар галт тэрэгний ... дугаар вагонд зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн шалган нэвтрүүлэх боомтоор 215 ширхэг соёлын дурсгалт зүйл болох бурхан шашны эд зүйл, судар зэргийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн эд зүйлүүдийг улсын хилээр гаргахыг хориглосон бараа гэж мэдээгүй учраас ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Би өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт харамсаж байгаа. Тухайн бурхан шашны холбогдолтой эд зүйлүүдийг 1 жилийн өмнөөс цуглуулсан. Бурхан шашны дэлгүүрээс худалдан авч байсан. Хөх хотод болдог үзэсгэлэн худалдаанд оролцохоор авч явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа. Улсын яллагчтай тохирсон торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь Замын-Үүд Эрээн хоёрын хооронд ачаа тээвэр хийдэг. Уг ажлаа хийж торгуулиа төлөх учраас хилийн хориг тавихгүй байхыг хүсч байна...” гэсэн  мэдүүлэг /1-р хх-ийн 84-85/,

- Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тухайн өдөр ээлжийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх үедээ галт тэргэнд зорчин явж байгаа иргэдээс гаалийн тухай хуульд заасны дагуу амаар болон бичгээр улсын хилээр гаргахыг хориглосон бараа байгаа эсэхийг тодруулан асуусан. Намайг иргэн Т.М-с улсын хилээр гаргахыг хориглосон бараа байгаа эсэхийг асуухад тэр хүн байхгүй гэж хэлсэн. Ингээд би түүний авч явсан ачаанд нь үзлэг хийсэн. Үзлэг хийх үед тухайн иргэн 2 ширхэг чемодонтой явж байсан бөгөөд дээд талаараа хайрцагтай чихэр хийсэн байсан бөгөөд доогуур нь бурхан шашны холбогдолтой эд зүйлийг нуусан байдалтай хийсэн байсан... Тэр хүний ерөнхий байдал нь анх намайг харахдаа их сандарсан байдалтай байсан бөгөөд 2 том ачаатай явж байхааар нь түүний авч яваа ачааг нь шалгасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68/,

- Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдөр Н бид хоёрыг галт тэргэндээ суусны дараа манай купэйнд эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тэр хоёр ах дүү нар байсан бололтой нэг нэгнээ дуудаж байсан. Тухайн 2 хүн 2 ширхэг том чемодантай орж ирсэн. Ингээд тэд нарыг орж ирсний дараа шалганы хүмүүс орж ирээд бид нарын гадаад паспортыг аваад явсан бөгөөд дараа нь хяналт шалгалт хийх гаалийн байцаагч нь орж ирсэн. Гаалийн байцаагч нь орж ирээд бид хоёрын цүнхэн доторх эд зүйлийг үзээд дараа нь нөгөө хоёр хүний чемодантай эд зүйлийг үзсэн. Тухайн 2 чемодан нь их том байсан болохоор Н бид хоёр купэйнээсээ гарахаас өөр аргагүй болоод гараад зогссон. Ингээд гаалийн байцаагч нь тухайн хүний эд зүйлийг үзэж байгаад дахиад өөр нэг эрэгтэй байцаагч дагуулж орж ирээд тухайн хоёр хүнийг аваад галт тэрэгнээс буусан... гаалийн байцаагч нь орж ирээд хориотой бараа байгаа эсэхийг бид нараас асууж байсан. Гаалийн байцаагч нар байнга л тэгэж асууж байдаг. Бид нараар гаалийн бүрдүүлэлт хийлгэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/,

- Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би хамт ажиллаж байсан Э гэж дууддаг эгчийн хамт 2019.08.12-ны өдөр Эрээн хот орохоор Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын ... дугаар галт тэргэнд зорчин явсан... Бид хоёрыг вагонд суухад ямар нэгэн хүн байхгүй байсан ба бид хоёр суусны дараа гаднаас надтай ижил насны орчим эмэгтэй хүн болон 25 орчим насны залуу 2 орж ирсэн. Ингээд байж байтал шалганы ах орж ирээд бид нарын гадаад паспортыг аваад гарсан үүний дараагаар хилийн цэргийн хувцастай ах орж ирээд вагоны эд ангид үзлэг хийгээд гарч явсан. Түүний дараагаар гаалийн хяналт шалгалт хийдэг байцаагч эмэгтэй орж ирсэн. Тухайн гаалийн байцаагч манай купэйнд орж ирээд бид нараас ямар нэгэн хориглосон бараа байгаа эсэхийг асуусан. Тухайн үед бид нар тийм бараа байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд бид нарыг гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн. Бид нар гаалийн бүрдүүлэлт хийдэг цаасан дээрээ бичих гэсэн балгүй байсан болохоор хажуу талын купэйний зорчигч нараас бал авч хамгийн түрүүн тэр эмэгтэй эрэгтэй хоёр хүн бичсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/,

- Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Замын-Үүд сумын гаалийн газарт ажлаа хийж байсан. Тухайн өглөө 09 цагийн үед байхаа манай гаалийн байцаагч нар Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний зорчигч нарын ачаа тээшинд гаалийн шалгалт хийж байгаад нэг залууг уг галт тэрэгнээс буулгаад ирсэн бөгөөд тухайн залуу нэг том хар чемодантай ачаатай буусан. Ингээд гаалийн байцаагч М намайг дуудаад тухайн залуугийн авч явсан эд зүйлийг цүнхнээс нь гаргахад баахан бурхан шашны холбогдолтой эд зүйлүүд гараад ирсэн. Түүнийг дэлгээд зураг эд зүйлийг нь авч байсан...” гэсэн мэдүүлэг /1-х хх-ийн 65/,

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 20:45 цагт ... дугаар галт тэрэгний ... сүлдний дугаартай ... вагонд үүрэг гүйцэтгэсэн, вагон УБ-с хөдлөхөд зорчигчгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 08:30 цагт Замын-Үүдээс 15 хүн билеттэй суусан, ... дугаар купейнд 1 эрэгтэй, 3 эмэгтэй зорчигч суусан. Би дотор гаалийн мэдүүлэг буюу суусан хүмүүсийн нэрсийг бичээд байж байхад гаалийн байцаагч эмэгтэй орж ирээд, ганцаараа шалгаж яваад ... тасалгаанаас 1 чемодантай зүйлийг танайхаас хилээр гарахгүй юм илэрлээ буулгана гээд авч явж байсан гэх эрэгтэйг, чемоданы хамт авч буусан, тэгээд үйлчлэгчээ вагоны эд ангийг дахиад шалгах хэрэгтэй боллоо гээд намайг дуудаад ...-р тасалгааг дахин шалгаж би унадаг лүүк талыг онгойлгоход 6 ширхэг бурхан, 1 ширхэг дамар, 1 ширхэг домбо, 2 давхарын дэрнээс 2 жижиг бурхан гарч ирсэн, тэрийг гаалийн байцаагч аваад буусан...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/,

- Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 20:45 цагт ... дугаар галт тэрэгний ...-р вагонд үүрэг гүйцэтгэсэн, вагон УБ-с хөдлөхөд зорчигчгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 12-ний өглөө 08:30 цагт Замын-Үүдээс 15 хүн билеттэй суусан, би гадна зорчигчоо оруулж дуусаад орж ирсэн, ... дугаар купейнд 1 эрэгтэй, эмэгтэй зорчигч байсан. Гаалийн мэдээгээ бичээд зорчигч нарт мэдүүлгийн хуудас тарааж бичүүлсэн. Тэгээд гаалийн шалгалт орж ирээд, гаалийн байцаагч эмэгтэй нь манай амралтын өрөөнд орж утсаар ярьж хүн дуудаад ...-р купейг шалгасан, манай нөгөө үйлчлэгч Б гаалийн байцаагч нарт туслаж купeйг шалгаад зорчигчийг авч буусан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78-79/,

- Шинжээч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэнд:

“... 2. БНМАУ-ын үеийн 2 зоос, Манжийн үеийн 5 зоосноос бусад эд зүйлс нь 19 дүгээр зууны сүүл 20 дугаар зууны эхэн үед хамаарна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 215 ширхэг эд зүйл нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарна...”  гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 52-57/,

- Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 12-13/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-28, 33-48/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 88/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.М-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын ... дугаар галт тэрэгний ... дугаар вагонд зорчин явахдаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хязгаарласан бараа болох нийт 215 ширхэг соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүй авч явсан нь гаалийн хяналт шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Т.М нь 215 ширхэг соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.М “...Би тухайн өдөр ээлжийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх үедээ галт тэргэнд зорчин явж байгаа иргэдээс гаалийн тухуай хуульд заасны дагуу амаар болон бичгээр улсын хилээр гаргахыг хориглосон бараа байгаа эсэхийг тодруулан асуусан. Намайг иргэн Т.М-с улсын хилээр гаргахыг хориглосон бараа байгаа эсэхийг асуухад тэр хүн байхгүй гэж хэлсэн. Ингээд би түүний авч явсан ачаанд нь үзлэг хийсэн. Үзлэг хийх үед тухайн иргэн 2 ширхэг чемодонтой явж байсан бөгөөд дээд талаараа хайрцагтай чихэр хийсэн байсан бөгөөд доогуур нь бурхан шашны холбогдолтой эд зүйлийг нуусан байдалтай хийсэн байсан...” гэсэн, гэрч Д.Э “...Тухайн өдөр Н бид хоёрыг галт тэргэндээ суусны дараа манай купэйнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тухайн 2 хүн 2 ширхэг том чемодантай орж ирсэн... Гаалийн байцаагч нь орж ирээд бид хоёрын цүнхэн доторх эд зүйлийг үзээд дараа нь нөгөө хоёр хүний чемодантай эд зүйлийг үзсэн. Тухайн 2 чемодан нь их том байсан болохоор Н бид хоёр купэйнээсээ гарахаас өөр аргагүй болоод гараад зогссон. Ингээд гаалийн байцаагч нь тухайн хүний эд зүйлийг үзэж байгаад дахиад өөр нэг эрэгтэй байцаагч дагуулж орж ирээд тухайн хоёр хүнийг аваад галт тэрэгнээс буусан...” гэсэн, гэрч Б.Н-н “...2019.08.12-ны өдөр Эрээн хот орохоор Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын ... дугаар галт тэргэнд зорчин явсан... Бид хоёрыг вагонд суухад ямар нэгэн хүн байхгүй байсан ба бид хоёр суусны дараа гаднаас надтай ижил насны орчим эмэгтэй хүн болон 25 орчим насны залуу 2 орж ирсэн... гаалийн хяналт шалгалт хийдэг байцаагч эмэгтэй орж ирсэн. Тухайн гаалийн байцаагч манай купэйнд орж ирээд бид нараас ямар нэгэн хориглосон бараа байгаа эсэхийг асуусан. Тухайн үед бид нар тийм бараа байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд бид нарыг гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн. Бид нар гаалийн бүрдүүлэлт хийдэг цаасан дээрээ бичих гэсэн балгүй байсан болохоор хажуу талын купэйний зорчигч нараас бал авч хамгийн түрүүн тэр эмэгтэй эрэгтэй хоёр хүн бичсэн...” гэсэн, гэрч Р.Б-н “...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Замын-Үүд сумын гаалийн газарт ажлаа хийж байсан. Тухайн өглөө 09 цагийн үед байхаа манай гаалийн байцаагч нар Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний зорчигч нарын ачаа тээшинд гаалийн шалгалт хийж байгаад нэг залууг уг галт тэрэгнээс буулгаад ирсэн бөгөөд тухайн залуу нэг том хар чемодантай ачаатай буусан. Ингээд гаалийн байцаагч М намайг дуудаад тухайн залуугийн авч явсан эд зүйлийг цүнхнээс нь гаргахад баахан бурхан шашны холбогдолтой эд зүйлүүд гараад ирсэн...” гэсэн болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүд, Шинжээч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.М-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж чанар, хохирол хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн данх 1 ширхэг, гүц 1 ширхэг, цагаан өнгийн металл домбо 2 ширхэг, бор өнгийн зэс мэт металл домбо 2 ширхэг, жижиг зэс металл мэт домбо 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг, хүрд 3 ширхэг, гаанс 1 ширхэг, бурханы цутгамал хэв 17 ширхэг, модон хэв 1 ширхэг, шавар бурхан 4 ширхэг, гуутай жижиг бурхан 4 ширхэг, зоос 7 ширхэг, металл хэв 1 ширхэг, хэт 2 ширхэг, жижиг бурханы толгой 2 ширхэг, бурхан 1 ширхэг, хар өнгийн металл 2 ширхэг, цан 1 ширхэг, цагирган төмөр металл 9 ширхэг, металл зэв 1 ширхэг, төмөр металл 1 ширхэг, шаргал өнгийн металл цутгамал 19 ширхэг, хүн болон амьтаны дүрстэй улаан өнгийн шавраар хийсэн бурханы хэв 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, хэнгэрэг 1 ширхэг, цөгц 1 ширхэг, хонх 7 ширхэг, бариулгүй хонх 1 ширхэг, судар 11 ширхэг, очир 115 ширхэг нийт 215 ширхэг 47,990,000 төгрөгийн үнэ бүхий зүйлүүдийг Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р овогт Т.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд сард 277,777 төрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн данх 1 ширхэг, гүц 1 ширхэг, цагаан өнгийн металл домбо 2 ширхэг, бор өнгийн зэс мэт металл домбо 2 ширхэг, жижиг зэс металл мэт домбо 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг, хүрд 3 ширхэг, гаанс 1 ширхэг, бурханы цутгамал хэв 17 ширхэг, модон хэв 1 ширхэг, шавар бурхан 4 ширхэг, гуутай жижиг бурхан 4 ширхэг, зоос 7 ширхэг, металл хэв 1 ширхэг, хэт 2 ширхэг, жижиг бурханы толгой 2 ширхэг, бурхан 1 ширхэг, хар өнгийн металл 2 ширхэг, цан 1 ширхэг, цагирган төмөр металл 9 ширхэг, металл зэв 1 ширхэг, төмөр металл 1 ширхэг, шаргал өнгийн металл цутгамал 19 ширхэг, хүн болон амьтаны дүрстэй улаан өнгийн шавраар хийсэн бурханы хэв 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, хэнгэрэг 1 ширхэг, цөгц 1 ширхэг, хонх 7 ширхэг, бариулгүй хонх 1 ширхэг, судар 11 ширхэг, очир 115 ширхэг 47,990,000 төгрөгийн үнэ бүхий зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.Н