| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1272/Э |
| Дугаар | 1295 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Ш.Нямдорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 1295
2019 08 15 2019/ШЦТ/1295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ш.Нямдорж,
шүүгдэгч Д.Ө , түүний өмгөөлөгч Б.Гантөмөр ҮД:21-43 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00340 0200 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Ө
Холбогдсон хэргийн талаар:
Д.Ө нь 2017 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд Монгол улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол улсад ашиглахыг хязгаарласан, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон Химийн хорт, аюултай бодис болох 25.850 грамм мөнгөн усыг хууль бусаар бусдаас авсан, тус дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13 дугаар гудамж 173-а тоот хашаанд байрлах байшингийн гражид хадгалж, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10.00 цагийн орчим А.Түмэннасангийн өмчлөлийн 42-37 УНИ улсын дугаартай “Тоёота примео” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Скай ресорт” талбай хүртэл тухайн тээврийн хэрэгсэлд 14.00 цаг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын үед Шонх гэдэг хүнээс мөнгөн усыг авсан. Тэр хүн нийлж заръя гэж хэлсэн. Гэртээ хадгалж байгаарай зарах хүн олоод ярья гэж хэлсэн. Тэгээд надаас мөнгө аваад алга болсон. Би таньдаг хүнээс зарж болдог юм болов уу гэж асуусан чинь хүн олж өгье гэж хэлсэн. 05 дугаар сарын 02-ны өдөр залгаад мөнгөн усаа аваад ир гэж хэлсэн. Тэгээд Скай ресортын тэнд мөнгөн усаа авч очиж байгаад цагдаад баригдсан. Өөр ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Батжаргалын өгсөн: ...Мөнгөн усыг хууль бусаар биедээ авч явсан этгээдэд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй. Учир нь байгаль орчин, хүн, мал, амьтанд хортой нөлөө үзүүлж, цаашлаад хүрээлэн буй орчинд аюултай юм. Монгол улсад шууд учирсан хохирол байхгүй учраа нэхэмжлэх зүйлгүй. Харин тухайн хураагдсан мөнгөн усыг улсын орлого болгож, зохих газарт нь байлгах хэрэгтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Чингэлийн өгсөн: ...Одоогоос 10-аад хоногийн өмнө миний танил Давка гэдэг ах надтай утсаар яриад мөнгөн ус олдох уу, авах хүн байна гэж асуухаар нь би өөрийн танил Д.Ө гэдэг залуугаас мөнгөн ус асуухад нэг таньдаг хүнд байгаа, яг авна гэх юм бол асууж өгье гэхээр түүнийг нь Давка ахад хэлсэн. Ингээд өчигдөр буюу 2019.05.02-ны орой миний танил Давка гэдэг ах утсаар залгаад 1 кг-г нь 300.000 төгрөгт өгөх үү гэхээр нь цаашаа Д.Ө өд хэлсэн. Д.Ө ийн цаад хүнд 25 кг мөнгөн ус байгаа гэсэн. Тэгээд зарахаар болоод хооронд нь уулзуулж өгсөн юм. 25 кг мөнгөн усыг 300.000 төгрөгөөр зарахаар 7.500.000 төгрөг болохоор байсан бөгөөд энэ мөнгөнөөс 300.000 төгрөгийг нь надад өгөхөөр Д.Ө тэй тохирсон байсан юм...Ингээд тэндээсээ такси аваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Скай ресорт”-ын тэнд очиход Давка ах хүмүүстэй хамт байсан бөгөөд тэнд цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр Д.Даваажавын: ...Одоогоос 3 хоногийн өмнө миний өмнө нь зүс мэддэг 1 залуу над руу утсаар яриад мөнгөн ус олоод өгөөч Хятадын алтны компани байна, 1 кг-г нь 1.000.000 төгрөгөөр авъя гэсэн юм. Тэгэхээр нь би 5 дахь өдрөөс болъё, би хүнээс асууж өгье гэсэн юм. Тэгээд өчигдөр орой 19:00 цагийн үед нөгөө залуу над руу ахиж утасдаад нөгөө мөнгөн усаа яасан бэ? авах найдвартай хүмүүс байна гэсэн юм. Тэгэхээр нь өглөө эрт дүү Чингэл рүү залгаж мөнгөн ус байна уу гэтэл нэг хүнд 25 кг мөнгөн ус байгаа, 1 кг-г нь 400.000 төгрөгөөр зарах гэж байгаа юм гэж хэлэхээр нь ах нь зараад өгье гэж хэлээд байж байтал өнөө өглөө 10:00 цагт манай ажил дээр үл таних 2 залуу ирээд нөгөө утсаар ярьсан залуу байна, найдвартай хүмүүс байгаа юм аа, манай багын найзын алтны уурхайд хэрэглэх гэж байгаа юм гэж хэлэхээр нь мөнгө төгрөг нь найдвартай юм уу гэж асуухад за бид яваад мөнгийг нь харчихаад ирье гээд тэр хоёр залуу явсан ба 30-40 минутын дараа над руу мессенжерээр нэрийг нь санахгүй хаягнаас юань /БНХАУ-н мөнгөн тэмдэгт/-ийн зураг явуулаад бид хоёр мөнгийг нь үзчихлээ, найдвартай юм байна гэсэн. Тэгээд би Чингэл рүү яриад нөгөө мөнгөн усаа аваад “Скай ресорт” руу хүрээд ир гэж дуудаад нөгөө хоёр залуугаа утсаар дуудчихаад би өөрөө ажлынхаа газрын “Альпард” маркийн машинаар “Скай ресорт” цанын бааз дээр очсон чинь нөгөө хоёр залуу бас хоёр залуутай дөрвүүлээ байж байсан. Тэгээд мөнгийг нь харсан чинь торонд хийчихсэн юань байхаар нь Чингэлийг машинтайгаа ороод ир гэж дуудахад Чингэл саарал өнгийн жижиг машинтай цанын бааз руу ороод ирсэн чинь нөгөө дөрвөн хүний хоёр нь цагдаа байж байгаад барьж аваад мөнгөн усыг нь хураагаад энд авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 116-117-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Түмэннасангийн өгсөн: ...Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Чингэл над руу яриад хүнтэй уулзах гэсэн юм машинаараа яваад өгөөч гэхээр нь би хүүхдийн 100-ийн тэндээс очиж авсан. Чингэлтай хамт бас нэг танихгүй залуу явж байсан. Тэр хоёр авч явсан хар цүнхтэй юмаа багажинд хийсэн, тэгээд бид гурав цанын бааз руу явсан. Тэнд очоод тэр хоёрыг машинаас буугаад байж байхад 2 залуу ирж уулзсан. Тэгээд Чингэлийг багажаа онгойлго гэхээр нь багажаа онгойлгож өгөөд машиндаа суугаад хүлээж байхад нэг залуу ирээд жолооч нь буугаад ир цагдаа байна гээд үнэмлэхээ үзүүлсэн. Тэгээд бид нарыг энд авч ирсэн. Энд ирснийхээ дараа миний машины багажинд хийсэн хар цүнхэн дотор мөнгөн ус байсныг мэдсэн. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10-р тал/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /хх-ийн 29-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Ө ын: ...Тухайн мөнгөн усыг 2017 оны хавар Шонх гэх хүнээс худалдаж аваад Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Хандгайтын 13-173-а тоот хашаа байшингийнхаа гражид хадгалж байсан. Тэр Шонх гэх хүнтэй тухайн үед л хүнээр дамжуулж танилцаж байсан, одоо хаана байдаг талаар мэдэхгүй ээ, утасны дугаарыг мэдэхгүй байна. Мөнгөн усыг худалдаж авснаас хойш тэр хүнтэй огт холбогдоогүй. Тухайн мөнгөн усыг маш их үнэд хүрнэ гэхээр нь л хямдхан аваад өндөр үнэтэй зарах зорилгоор худалдаж авсан. Тэгээд хүнд зарж борлуулж чадахгүй 2 жил шахуу болоод байсан. Тэгтэл миний танил дүү Чингэл гэх залуу надад мөнгөн ус байгаа, авах хүн байвал сурж сурж байгаарай гэж хэлээд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэл утсаар яриад мөнгөн ус авах хүн байна аа, ир ээ гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн “Скай ресорт”-н хашаанд аваад очиход хоёр цагдаа ирээд баригдсан. Мөнгөн усыг анх худалдаж авахдаа гар дээрээс зарж борлуулж болохгүй талаар сайн мэддэггүй байсан. Дараа нь хуулиар мөнгөн ус зарах, худалдаж авах, хадгалах хориотой гэдгийг мэдсэн. Ингээд нууцаар бусдад зарах гэж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 135-137-р тал/,
- Шүүгдэгч Д.Ө ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 183, 190-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Ө нь 2017 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд Монгол улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол улсад ашиглахыг хязгаарласан, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон Химийн хорт, аюултай бодис болох 25.850 грамм мөнгөн усыг хууль бусаар бусдаас авсан, тус дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13 дугаар гудамж 173-а тоот хашаанд байрлах байшингийн гражид хадгалж, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10.00 цагийн орчим А.Түмэннасангийн өмчлөлийн 42-37 УНИ улсын дугаартай “Тоёота примео” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Скай ресорт” талбай хүртэл тухайн тээврийн хэрэгсэлд 14.00 цаг хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ө ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Батжаргал нь гэмт хэргийн улмаас Монгол улсад шууд учирсан хохиролгүй тул нэхэмжлэх зүйлгүй талаараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Ө ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ө т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар савхин цүнхэнд хийсэн шилэн савтай 13.688 грамм гадуураа хар өнгөтэй, битүү скочдсон мөнгөн ус, “bonaqua” гэсэн бичигтэй 0,5 литрийн усны саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй 1,072 грамм мөнгөн ус, “APU” гэсэн бичигтэй 0,5 литрийн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй 3,132 грамм мөнгөн ус, гадуураа битүү скочдсон хар өнгөтэй бортогон савтай 5,480 грамм мөнгөн ус нийт 25,874 грамм мөнгөн ус Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын Химийн бодисын хаягдлын түр агуулахад хадгалагдаж байгаагаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг уг бодисыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь зохих мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д. Д.Ө 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 2 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, баривчлагдсан этгээдийг суллах тухай прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна./ хх-н 100-106-р тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ө баярыг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Ө ын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 /гучин мянган/ төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч, нийт 5.370 /таван мянга гурван зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.370.000 /таван сая гурван зуун далан мянган/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ө т оногдуулсан 5.370 /таван мянга гурван зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.370.000 /таван сая гурван зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ө т оногдуулсан 5.370 /таван мянга гурван зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.370.000 /таван сая гурван зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Онцгой байдлын Ерөнхий газрын Үндэсний аврах бригадын Химийн бодисын хаягдлын түр агуулахад хадгалагдаж байгаа хар савхин цүнхэнд хийсэн шилэн савтай 13.688 грамм гадуураа хар өнгөтэй, битүү скочдсон мөнгөн ус, “bonaqua” гэсэн бичигтэй 0,5 литрийн усны саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй 1,072 грамм мөнгөн ус, “APU” гэсэн бичигтэй 0,5 литрийн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй 3,132 грамм мөнгөн ус, гадуураа битүү скочдсон хар өнгөтэй бортогон савтай 5,480 грамм мөнгөн ус нийт 25,874 грамм мөнгөн усыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зохих мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ө т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ