| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхтуяа |
| Хэргийн индекс | 114/2017/0061/З |
| Дугаар | 61 |
| Огноо | 2017-11-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2017/0061/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч А-
Хариуцагч холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага ““Дархан-Уул аймгийн ИТХ-ын Дархан сумын 3 дугаар багт нэмэлт санал хураалт явуулсан сонгуулийн дүнг баталгаажуулсан С-ны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-
Хариуцагч Э-
Гуравдагч этгээд Б-
Гуравдагч этгээд Э-гийн өмгөөлөгч С-нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн ИТХ-ын Дархан сумын 3 дугаар багт нэмэлт санал хураалт 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явагдсан юм. Нэмэлт санал хураалт явуулахтай холбогдуулан манай намаас Аймгийн Сонгуулийн хороонд хандаж санал хураалтанд оролцох эрхтэй сонгогчдын нэрийн жагсаалтыг авах тухай хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 26-нд хүргүүлсэн боловч хариу өгөөгүй болно. Нэмэлт санал хураалт явагдсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3 дугаар багийн Засаг дарга Д.Туяа нэр дэвшигч Э-, Б- нар нь санал өгөх эрхтэй сонгогчдын нэрийн жагсаалтыг барьж яваад айлуудаар орж, мөнгө амлаж, саналыг нь худалдан авч өөрсдөдөө санал өгүүлж байсныг манай намын гишүүн Ц.Энхжаргал, Б.Эрдэнэбилэг, Д.Одончимэг нар нотолж байгаа болно.Энэ талаар гэрчүүд мэдүүлэг өгсөн байна.
С-нд Ардчилсан намаас нэрийн жагсаалт авахаар хүсэлт өгсөн нь нотлох баримтаар нотлогддог юм. Аймгийн Сонгуулийн хороо хүсэлтийг хүлээж авсан байна. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ардчилсан намаас Сонгуулийн хороонд өгсөн 72 тоот хүсэлтийг Ардчилсан намын дарга Гонгорын Гантулга өгсөн байдаг. Сонгуулийн хороо хүсэлтийг хүлээж аваад бүртгэлдээ бүртгэж авсан мөртлөө хүсэлтийг шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй. Сонгуулийн тухай хуулиар сонгуульд оролцогчдын тэгш байдлыг хангах талаар зааж өгсөн байдаг. Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Аймаг, Нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах, Сонгуулийг зохион байгуулах, хууль тогтоолын биелэлтийг хангах, арга зүйн удирдлагаар хангах, өөрийн эрх хэмжээнд өргөдөлд хариу өгөх шийдвэрлэхээр зааж өгсөн байдаг. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.13-т зааснаар Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна гэж байхад уг нэрийн жагсаалтыг өгөөгүй байдаг. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.14-т Санал авах байр нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд, санал авах байр бэлэн болсны дараа санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох үүргээ биелүүлээгүй байдлаас болж энэ маргаан үүссэн байдаг. Сонгууль болохоос 20 доошгүй өдрийн өмнө санал авах байранд сонгогчдын нэрсийн жагсаалтыг тавьсан бол ийм асуудал гарахгүй байсан. Сонгуулийн хороо талуудын тэгш байдлыг хангаж ажиллаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Гэрч Одончимэгийн мэдүүлэгт дурдагдсан Мөнхшүр гэдэг хүн ажилтай байна гэдэг байдлаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна. Мөнхшүр нь өөрөө надад ярихдаа нэрийн жагсаалтад орсон нөхрийг нь санал өг гэж ятгах байдлаар утсаар ярьсан, Улаанбаатар хотод ажиллаж байгаа хүнийг МАН өөрсдийн зардлаар авч ирж санал өгүүлээд, замын зардал болон 10000 төгрөг өгөөд явуулъя гэсэн байдаг. Энэ талаар мэдүүлэг өгөөч гэж өөртэй нь би утсаар ярихад биеэр очиж шүүх хуралдаанд оролцмооргүй байна гэсэн. Мөнхшүр мэдүүлэг өгсөн бол хэрэгт ач холбогдолтой байсан. Гэхдээ Мөнхшүрийг ирээгүй гэдэг байдлаар шүүх хуралдааныг хойшлуулах талаар санал хэлээгүй шүүх хуралдаанаа үргэлжлүүлж байна.
Сонгуулийн хороо нь нэр дэвшигчдэд ялгавартай хандаж санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийг нэр дэвшигч Э-, Б- нарт өгч тэдэнд давуу байдал үүсгэсэн байх тул нэмэлт санал хураалтын дүнг хүчингүйд тооцож дүнг баталгаажуулсан С-ны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С-ны дарга Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн үйлдэхээр заасан байдаг. Тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.18-т “Улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээ нэг удаа олгоно” гэж заасан байгаа. Тухайн нам бие даагчид нэрийн жагсаалтыг өгөх эрхийг хуулиар сонгуулийн хороонд олгоогүй юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэрийн жагсаалтыг эрхлэн хариуцана гэж Сонгуулийн хуульд заасан байгаа. Иймд энэ нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Сонгуулийн хороо биш, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж харагдаад байна.
Сонгуулийн хороо нь 20-оос доошгүй хоногийн өмнө нэрийн жагсаалтыг санал авах байранд байршуулсан байх ёстой гэж заасан байгаа, гэтэл энэ удаагийн сонгуулийн нөхөн болон дахин санал хураалт биш, нэмэлт санал хураалт явуулсан. Нэмэлт санал хураалт явуулахаас өмнө нэрийн жагсаалтыг байршуулна гэж байдаггүй. Нэрийн жагсаалтыг нэг л удаа байршуулдаг юм. Энэ нэмэлт санал хураалт нь шүүхийн шийдвэрийн дагуу авсан санал хураалт байсан. Хуулиараа шүүхийн шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна гэж заасан байгаа.
Иймд бид 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу нэмэлт санал хураалт явуул гэсний дагуу нэмэлт санал хураалт явуулсан. Сонгогчдын нэрийн жагсаалт нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн байгаа, Сонгуулийн хороо хэзээ нэрсийн жагсаалтыг хүлээж аваад хэзээ хүргүүлсэн гэдэг нь тодорхой байгаа. Санал авах байранд нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөө хүргүүлсэн байгаа. Нэрийн жагсаалтыг санал авах байранд байрлуулах нь Сонгуулийн хорооны эрх хэмжээний асуудал биш байна. Сонгуулийн хорооны гаргасан тогтоолоор ямар нэр дэвшигч нь хамгийн олон санал авсан гэж тогтоосныг хүчингүй болгох үндэслэл Ардчилсан намын зүгээс гаргаагүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хуулийн 61.18-д зааснаар намууд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтыг холбогдох газар нь хүсэлт тавьж авсан байх учиртай.
Сонгуулийн тухай хуулинд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлыг ямар нам эвсэлд хүргүүлэх тухай хуулийн зохицуулалт байхгүй байгаа нь Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагад заасан санал өгөх эрхтэй сонгогчдын нэрийг манай сонгуулийн хороо гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээд Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн 3 дугаар тойрогт ээлжит, дахин, нэмэлт санал хураалт зэрэг бүх төрлийн сонгууль зохион байгуулагдаж миний бие Б- нь оролцож ялалт байгуулж иргэд, сонгогчдын итгэл хүлээж авсан.
Харамсалтай нь бусад өрсөлдөгчдийн гомдлоор Захиргааны хэргийн шүүхүүдээр хэлэлцэгдэж шүүхийн шийдвэр гарч 1.5 жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт санал хураалт болж мөн дахин ялалт байгуулсан.
Ардчилсан намын гаргаж байгаа энэ нэхэмжлэлийг илт хууль бус улс төрийн зорилгоор гаргаж буй үйлдэл гэж үзэж байна.
Ийм улс төрийн зорилгоор гаргаж буй үйлдлээс болж Б- миний Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж /сонгох, сонгогдох/ надад итгэл хүлээлгэсэн ард иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөн хохирч, Дархан сумын 3 дугаар багт хийгдэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл хөтөлбөрүүд, ажил үйлчилгээнүүд 2017, 2018 оны аймгийн төсөв, орон нутгийн хөгжлийн санд тусгагдах боломжгүйгээс иргэд, сонгогчид хохирч, цаг хугацаа алдаж байна.
Улс төрийн шалтгаанаар ард иргэд дахин хохирол, мөн нэр дэвшиж 3 удаа ялалт байгуулсан Б- миний нэр хүндийг унагаах, зохион байгуулалттай, буруу үйлдлийг таслан зогсоож, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эрхийг хангах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Э-гаас шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Э- миний бие нийт сонгогчдын 48.64 хувийн санал авснаар Монгол ардын намаас нэр дэвшигч Б-ын хамт тус тойргоос Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд “Санал хураалтын дүнгийн тухай” 02 дугаар тогтоол гарч Э- намайг 3 дугаар тойргоос Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож баталгаажуулсан нь Сонгуулийн тухай хуульд нийцсэн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахад Захиргааны байгууллагын үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрээс болж эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн субьектив эрх ашиг нь зөрчигдсөн байхыг шаарддаг. Сонгуулийн хорооны тогтоолоос болж АН-ын ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлахгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасан үндэслэл бүрдэж байна, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна, нэмэл саналт хураалт явагдсанаас болж Ардчилсан намын ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь харагдахгүй байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан итгэмжлэл Иргэний хуулийн 26 дугаар зүйлд хуулийн этгээд итгэмжлэлд тавигдах шаардлагыг тавьж өгсөн байгаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан итгэмжлэл гаргасан байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан аль аль эрхийг итгэмжлэлээр олгож байгаа нь тодорхойгүй итгэмжлэл гаргасан байгаагаас харахад мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байна.
Сонгуулийн тухай хуульд сонгогчдод мөнгө тараасан давуу байдал үүсгэсэн гээд байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр зүйлд зааснаар гомдол мэдээлэл хэрхэн хаана гаргах, ямар шийдвэр гаргах, хэрхэн гомдох талаар зааж өгсөн байдаг. Хэрэв сонгуулийн үеэр мөнгө тараасан бол цагдаагийн байгууллага шалгаад, эрүүгийн шүүхээр шийдвэрлүүлээд, дараа нь захиргааны шүүхээр сонгуулийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шийдвэрлүүлэх гэсэн дарааллаар явах ёстой, цагдаагийн байгууллагаар шалгуулсан зүйл байхгүй байна. Прокурорын байгууллага, эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан байгаа тул тодорхой харагдах байх гэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэр гаргах болно. Нэхэмжлэгч талаас хэрэв нэхэмжлэл гаргаж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэл гаргах ёстой.
Хэрэв хууль бусаар нэрийн жагсаалт гаргаж өгөөгүй гэж үзэж байгаа бол эс үйлдэхүйн талаар нэхэмжлэл гаргах ёстой. Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах тухай хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж, 106.3.4-т зааснаар эс үйлдэхгүй гаргасан учраас тэр үйлдлийг даалгах нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа Сонгуулийн тухай хуулийг биелүүлээгүй гэдэг тайлбар гаргасан байгаа. Нэрийн жагсаалт гаргуулах тухай хүсэлт гаргасан гээд байгаа нь сонгуулиас өмнө болсон эс үйлдэхүйн асуудал байна, энэ асуудлаас сүүлд гарсан Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дархан сумын 3 дугаар багт нэмэлт санал хураалт явуулсан сонгуулийн дүнг баталгаажуулсан С-ны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Хариуцагч С- нь Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Тухайн сонгуулийн тойрогт сонгуулийн дүн гаргах эрх бүхий сонгуулийн байгууллага нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана” гэж зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дархан сумын 3 дугаар тойрогт 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 477, 478 дугаар санал авах байранд нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Дархан сумын 3 тойргийн 477,478 дугаар санал авах байранд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан нэмэлт санал хураалтаар Монгол ардын намаас нэр дэвшигч Б- нийт сонгогчдын 50.38 хувь, бие даан нэр дэвшигч Э- нийт сонгогчдын 48.64 хувийн буюу хамгийн олон санал авсан тул Б-, Э- нарыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргасан болох нь Дархан сумын 477, 478 дугаар санал авах хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалт, саналын дүнгийн нэгтгэл, Сонгуулийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05 тоот тэмдэглэлүүд, мөн өдрийн 02 тоот маргаан бүхий захиргааны актаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс “сонгуулийн нэмэлт санал хураалт явагдах болсонтой холбогдуулан сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн хүсэлтэд хариу өгөөгүй” гэх тайлбарын тухайд
Нэхэмжлэгч А-нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 72 тоот албан бичгээр аймгийн Сонгуулийн хороонд нэмэлт санал хураалттай холбогдуулан нэрийн жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлснийг Сонгуулийн хороо бүртгэн авч хариуг утсаар мэдэгдсэн тухай ирсэн бичгийн дэвтэрт тэмдэглэсэн нь Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлт, ирсэн бичгийн дэвтрийн бүртгэл, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Хариуцагч С- нь хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд зааснаар хүргүүлэх үүрэггүй байх бөгөөд хариуцагч нь Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.17-д “Санал авах байрын албан ажлын хэрэгцээнээс бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй байна.
Харин сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.18-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, хамтарсан намуудыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчийн эцэг/эх/-ийн нэр,өөрийн нэр,регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг зөвхөн цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэж зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг эрх бүхий этгээдийн хүсэлтээр Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 1 удаа олгох боломжтойг хуульчилжээ.
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь эрх бүхий этгээдийн хүсэлтээр 2016 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж сонгуульд оролцох намуудын эрх бүхий этгээдэд нэрийн жагсаалтыг гаргаж хүлээлгэн өгсөн нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/9490 тоот албан бичгээр, мөн дээрх байгууллагаас 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт санал хураалттай холбогдуулан сонгогчдын нэрийн жагсаалтыг 2 хувь үйлдэж хүргүүлснийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авч, С-нд хүлээлгэн өгсөн, Сонгуулийн хороо нь сонгогчдын нэрийн жагсаалтыг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 3 дугаар тойргийн 477,478 дугаар санал авах байранд хүлээлгэн өгсөн болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 03/1629 тоот албан бичиг, сонгогчдын нэрийн жагсаалтыг аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн тухай 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, аймгийн Сонгуулийн хороо нь сонгогчдын нэрийн жагсаалтыг 477,478 дугаар санал авах байранд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр актаар хүлээлгэн өгсөн байна.
Нэхэмжлэгч А-нь нэмэлт санал хураалттай холбогдуулан сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргуулахаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаагүй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/9490 тоот, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1757 тоот албан бичгүүдээр тогтоогдож байх тул нэрийн жагсаалт гаргаж өгөөгүй, хүсэлтэд хариу өгөөгүй гэсэн үндэслэлээр аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.14-т “Санал авах байр нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд, санал авах байр бэлэн болсны дараа санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно” гэж зааснаар тухайн тойргийн санал авах байранд очиж сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах эрхтэй, Сонгуулийн хороо нь сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлэх үүрэгтэй байна.
“Нэр дэвшигч Б-, Э- нарт сонгогчдын нэрийн жагсаалтыг өгч давуу байдал бий болгосон” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас Б-, Э- нарыг сонгогчдын нэрийн жагсаалтыг барьж, айлуудаар орж санал худалдан авч байгаа тухай зөрчлийн талаар аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн гомдлыг аймгийн Цагдаагийн газраас шалган гомдол мэдээлэл тогтоогдоогүй учир хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг аймгийн Прокурорын газарт ирүүлж, Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргаж шийдвэрлэсэн болох нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 41/5/3764 тоот, Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5/832 тоот албан бичиг, Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 65 тоот тогтоолоор нотлогдож байна. Мөн Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зөрчлийн талаар гомдол мэдээлэл ирээгүй байна. Иймд нэр дэвшигч Б-, Э- нарт давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээс дүгнэлт хийхэд Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно” гэж заасныг баримтлан гаргасан С-ны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гуравдагч этгээд Э-гийн өмгөөлөгч Б.Содболдоос “А-нь нэхэмжлэл гаргахгүй этгээд” гэх тайлбарын тухайд:
Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулна”, Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, …Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй”, 155 дугаар зүйлийн 155.1-д “Нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлнэ”, 155.3-д “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар Монголын Ардчилсан намын салбар Дархан-Уул аймаг дахь Ардчилсан нам нь намын болон намаас нэр дэвшигчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.17, 61.18, 106 дугаар зүйлийн 106.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас С-нд холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дархан сумын 3 дугаар багт нэмэлт санал хураалт явуулсан сонгуулийн дүнг баталгаажуулсан С-ны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.