Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 221/2020/0002/З |
Дугаар | 221/ШШ2020/0020 |
Огноо | 2020-12-04 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 221/ШШ2020/0020
2020 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 221/ШШ2020/0020 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, “Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр тушаалаар батлагдсан “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 2.4 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М х б и б ү х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“М х б и б ү х” НҮТББ-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Монгол Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг” хамааруулдаг.
Мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг: а/эрхтэн тогтолцооны бүтцийн алдагдал, ангилал, хугацаа, б/биеийн үйлдэл, үйл ажиллагааны олон улсын ангилал гэсэн 2 шалгуураар тогтоодог бөгөөд хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэх болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтоодог. Гэтэл Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр тушаалаар баталсан “Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-д “Журмын 2.3 дахь хэсэг нь ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хүнд хамаарахгүй” гэж заасан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.5, 60.1.6 гэсэн шаардлагыг хангаагүй байна. Энэхүү хууль бус актаар ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй гэж тооцогдсон, татвараас чөлөөлөгдвөл зохих 80 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хувь хүний орлогын албан татвар авч байгаа нь эдгээр иргэдэд хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хуульд заасан эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг явуулсан гэж үзвэл хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхээ шууд болон төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Эмнэлэг хөдөлмөр магадлах комисс нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/39, А/12 дугаар тушаалаар хамтарсан ердийн өвчин болон мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтыг баталсан. Уг жагсаалтыг баримтлан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.8-д заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхтний тогтолцооны бүтцийн алдагдал, хугацаа, ангиллыг тогтоож ердийн өвчний улмаас хараа, сонсгол, оюуны ухааны чадвараа тодорхой хувиар алдсан гэж дүгнэлт гаргадаг. Ийм учраас Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/261 дүгээр тушаалаар батлагдсан журмын 2.4-д заасан заалт нь ердийн өвчний улмаас хараа, сонсгол, оюун ухаан, сэтгэц, тулгаар эрхтний бэрхшээлтэй болсон хүмүүст хамаарахгүй гэж ойлгогдож байна.
Татварын ерөнхий газрын даргад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23, 15 дахь хэсгээр тусгайлан эрх олгосон гэжээ. Тухай хуулийн заалтууд нь хуулийн дагуу журам гаргах талаар заасан болохоос биш, Улсын Их Хурал татварын ерөнхий газрын даргад шилжүүлсэн асуудал биш юм. Харин журмын 2.4 дэх заалт нь хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоосон дүгнэлт гараагүй /үнэмлэхгүй/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тодорхойлсон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлттэй иргэний орлогыг албан татвараас чөлөөлөхгүй болохыг зохицуулсан болно. Ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж тогтоож, үнэмлэх олгосон тохиолдолд журмын дээрх заалт хамаарахгүй болно гэжээ. Одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд Эмнэлэг хөдөлмөр магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тодорхойлж дүгнэлт гаргахдаа ердийн өвчний жагсаалтыг баримталдаг учраас ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан гэж бичдэг. Тийм учраас хариуцагчийн баталсан журмын 2.4 дэх заалтын дагуу Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас чадвараа алдснаас бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэд татварын хөнгөлөлт эдлэх эрхгүй болж байна.
Иймд Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр тушаалаар баталсан “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг арилгаж, хөдөлмөрийн чадавраа түр алдсан, байнгын согог үүсгэхээргүй ердийн өвчинтэй иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг эзэмшиж, албан татвар төлөхгүй асуудлыг хууль тогтоомжоор хязгаарласан. Шинэчилсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтаар “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого”-ыг албан татвараас чөлөөлөхөөр заасан.
Татварын ерөнхий газрын даргад дээрхи хуулийн 23 дугаар зүйлийн 23.15 дахь хэсгээр тусгайлан эрх олгосны дагуу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр тушаалын хавсралтаар “Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам” батлагдаж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн 466 дугаарт бүртгэгдсэн.
Тус журмын 2.3-д “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан хувь хүний орлогыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн суутгагч болон харьяа татварын алба албан татвараас чөлөөлнө”, 2.4-д “Журмын 2.3 дахь хэсэг нь ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хүнд хамаарахгүй” гэж тус тус зохицуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг гэж тодорхойлсон.
Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтаар эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдээс хамтран баталсан аргачлалын дагуу тогтоож, дүгнэлт гаргах зохицуулалттай. Тус дүгнэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүний бүртгэн үнэмлэх олгох үүргийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд хуулийн 38.2-т заасны дагуу ... үнэмлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт болохыг заасан.
Хөгжлийн бэрхшээлийг төрөлхийн болон олдмол гэж ангилах ба тухайн хүнд удамшлын шинжтэйгээр бий болсон хөгжлийн бэрхшээлийг төрөлхийн, харин амьдралын явцад бий болсон хөгжлийн бэрхшээлийг олдмол гэж үздэг байна. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр нь бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согог нь тухайн иргэнд ямар байдлаар илэрч байгаатай холбоотой бөгөөд харааны, ярианы, сонсголын, хөдөлгөөний, сэтгэцийн, бусад /эдгээрээс бусад болон хавсарсан/ гэсэн 6 ангиллаар авч үзэж байна. Өөрөөр хэлбэл дээрх хөгжлийн бэрхшээлийн хэлбэрүүдийн аль нэг ангилалд хамаарч, хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон дүгнэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх бүхий иргэн хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарч албан татвараас чөлөөлөгдөнө.
Харин уг журмын 2.4 дахь заалт нь хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоосон дүгнэлт гараагүй /үнэмлэхгүй/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тодорхойлсон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлттэй иргэний орлогыг албан татвараас чөлөөлөхгүй болохыг зохицуулсан болно. Ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж тогтоож, үнэмлэх олгосон тохиолдолд журмын дээрх заалт хамаарахгүй болно.
Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд зааснаар татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хувь хүн тухайн чөлөөлөлтөд хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих бүрэн эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны А/39, А/12 дугаар тушаалаар баталсан “Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” тушаалыг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоох тухай актаар тогтоож байгаа гэж үндэслэлээ тайлбарласан байдаг. Энэхүү тушаал нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан боловч нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актаар бүртгэгдээгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаас үзэхэд энэхүү акт нь хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоосон баримт болохгүйг илтгэж байна. Татварын алба хуулиар олгосон эрхийн хүрээнд А/261 дүгээр тушаалыг баталсан ба уг тушаал нь хуульд нийцсэн, хуулиар зохицуулсан харилцааг хязгаарласан заалт байхгүй гэж үзээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актаар бүртгэсэн. Журмын 2.4-т “Журмын 2.3 дахь хэсэг нь ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хүнд хамаарахгүй” гэж заасан нь шинэчилсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого”-ыг албан татвараас чөлөөлөх заалтыг зөрчөөгүй, хязгаарлаагүй болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М х б и б ү х” НҮТББ-ын гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр тушаалаар батлагдсан “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 2.4 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Тус төрийн бус байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “... төрийн байгууллага хуульд заасан эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг явуулсан гэж үзвэл хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхээ шууд болон төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ” гэж хуульд тусгайлан заасны дагуу зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахаар төлөөлж нэхэмжлэл гаргажээ.
Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр тушаалаар[1]Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.15 дахь хэсгийг тус тус үндэслэн “Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ыг[2] /цаашид Журам гэх/ баталсан байна.
Мөн журмыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлж,[3] Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2020 оны 03 дугаарт нийтэлснээр нийтээр дагаж мөрдөх, хүчин төгөлдөр акт болж, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасан хэм хэмжээний актад тавигдах ерөнхий хэлбэрийн шаардлагыг хангажээ.
Энэхүү харилцааг нарийвчлан зохицуулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.15-д “Энэ хуулийн 22.1-д заасан чөлөөлөлт болон энэ хуульд заасан хөнгөлөлт эдлүүлэх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу хариуцагч Татварын ерөнхий газрын дарга уг журмыг баталсан байна.
Харин нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн уг журмын 2.4-д “Журмын 2.3 дахь хэсэг нь ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хүнд хамаарахгүй” гэж заасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх”-өөр зохицуулсан заалтын агуулга, зорилго, үйлчлэх хүрээнд нийцээгүй байна.
Хариуцагчаас “... журмын зорилгыг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоосон дүгнэлт гараагүй /үнэмлэхгүй/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тодорхойлсон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлттэй иргэний орлогыг албан татвараас чөлөөлөхгүй болохыг л зохицуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үнэмлэх авсан хүнд энэ журмын заалт хамаагүй ...” гэж маргажээ.
Журмын 2.3-д “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан хувь хүний орлогыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн суутгагч болон харьяа татварын алба албан татвараас чөлөөлнө” гэж зааснаар дээрх хуулийн заалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн татвараас чөлөөлөгдөх нь тодорхой болсон байна.
Гэтэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хөгжлийн бэрхшээлтэй хувь хүнээс бусад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгосон хувь хүнийг татвараас чөлөөлөх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний өвчний шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс хамаарч татвараас чөлөөлөх эсэх зохицуулалт байхгүй, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг татвараас чөлөөлөхөөр тодорхой зохицуулсан байхад хөгжлийн бэрхшээлтэй болоход нөлөөлж болох өвчний шалтгаан буюу “ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хүнд хамаарахгүй” гэж журмын 2.4-д заасан нь тухайн хуулиар зохицуулаагүй асуудлыг хөндөж, хуулийн зорилго, агуулгын хүрээнээс давсан, дагаж мөрдөж, хэрэгжүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр болжээ.
Нөгөө талаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Энэ хуулийн 38.1-д заасан үнэмлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт болно” гэж заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхээ авсан хүн татвараас чөлөөлөгдөх эрхтэй, харин уг үнэмлэхийг аваагүй хүн хамрагдахгүй нь ойлгомжтой байх тул хууль, Журмын 2.3 дахь хэсгээс өөр ямар нэгэн зохицуулалт шаардагдахааргүй байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан төрийн бус байгууллагаас төрийн холбогдох байгууллага, албан тушаалтан болон татварын байгууллагад удаа дараа хандсан албан бичгүүд, мөн татварын байгууллагаас харьяа татварын албадад энэ журмын заалтаа хэрхэн хэрэгжүүлэх талаар өгсөн албан бичгүүд, зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогоос ажил олгогч буюу суутгагч нь татвар суутгаж байсан талаарх баримт[4] зэргээс үзвэл журмын уг заалтын улмаас хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдийн татвараас чөлөөлөгдөх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн, цаашид зөрчигдөж болзошгүй байна.
Учир нь Журмын 2.4-д “ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд хамаарахгүй ...” гэж заасан нь хөгжлийн бэрхшээлтэй болоход нөлөөлдөг хүчин зүйлийн нэг байх тул энэ шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнд татварын чөлөөлөлт хамаарахгүй мэтээр ойлгогдох эргэлзээг бий болгожээ.
Үүний улмаас ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа, цаашид зөрчигдөж болзошгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 10.1.2-д зааснаар хөгжлийн бэрхшээлтэй болохыг хэрхэн тогтоохтой холбоотой журам гараагүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хөндөгдөж болзошгүй болохоос энэ журмын заалтын улмаас бол зөрчигдөхгүй ...” гэж тайлбар гаргасан боловч энэхүү асуудал нь маргааны үйл баримтад хамааралгүй, журмын маргаан бүхий заалтыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.15-д заасныг тус тус баримтлан “М х б и б ү х” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр тушаалаар баталсан “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 2.4 дэх заалтыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН