| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1276/Э |
| Дугаар | 1299 |
| Огноо | 2019-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 1299
2019 08 16 2019/ШЦТ/1299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.И д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04069 1646 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.И
Холбогдсон хэргийн талаар:
Г.И нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 дугаар хэсэг 595 тоот хашааны гадна иргэн Ш.Цэндбямбыг эхнэр Э.Нямбаяртай хардаж нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, гараараа 2 удаа цохиж духанд шарх, зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор хэсэгт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.И мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Цэндбямбын өгсөн: ...Намайг гэртээ байж байтал миний танил болох Нямбаяр над руу 91900226 дугаарын утаснаас 01:30 цагийн үед утасдаад Төмөр замын “Эргэн дурсахуй”-д хүрээд ир, намайг ирж аваад гэрт хүргэж өгөөд зээлсэн мөнгөнийхөө 100.000 төгрөгийг нь ав гэхээр нь би гэрээсээ гараад Төмөр замын “Эргэн дурсахуй”-с очиж аваад Нямбаярыг гэрт нь хүргэж өгөхөөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирсэн. Нямбаярын гэрт иртэл Нямбаяр юм идье, өлсөөд байна гэхээр нь бид 2 хамтдаа 10 дугаар хорооллын “KFC” орж юм идчихээд буцаж Нямбаярыг гэрт нь хүргэж өгсөн. Нямбаярын гэрийн гадаа зогстол Нямбаярын нөхөр нь гэнэт хүрч ирээд миний машины хаалгыг онгойлгоод миний нүүр рүү өшиглөөд, гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би нөхрийг нь цааш нь түлхээд юу болсон талаараа тайлбарласан бөгөөд тэр үед тэр залуу миний тайлбарыг огт сонсоогүй. Нямбаярын нөхөр нь намайг цохисны дараа эхнэрээ хацар руу нь алгадсан. Нямбаярын нөхөр нь намайг зайл гэхээр нь би тэндээс холдож байгаад цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8531 дугаартай шинжээчийн:
1. Ш.Цэндбямбын биед духанд шарх, зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5%-ийн алдалтанд нөлөөлнө. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Нямбаярын өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө би найз эмэгтэйгийн хамт “Эргэн дурсахуй” гэдэг нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлсэн юм. Манай найз эмэгтэй согтууруулах ундаа хэрэглээд биеэ авч явах чадваргүй болчихоор нь би нөхөр Г.И руу залгаад намайг ирээд авчих гэхэд Г.И би очиж авч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би танил эрэгтэй болох Цэндбямба руу залгаад намайг ирээд авчих, манай найз согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэчихсэн байна, манай найзыг хамтдаа гэрт нь хүргээд өгье гээд би Цэндбямбыг дуудсан...Манай гэрийн гадаа 04:00 цагийн үед ирсэн бөгөөд Цэндбямба бид хоёрыг манай хашааны үүдэнд иртэл манай нөхөр Г.И машинтай хүрч ирээд машинаасаа буун Цэндбямбын машины хаалгыг онгойлгон энэ хэн юм хөөе гэж хэлээд Цэндбямбыг цохисон. Гэхдээ би Г.И г Цэндбямбын биеийн аль хэсэгт цохисныг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
- Шүүгдэгч Г.Г.И гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 18, 19, 22-24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.И нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 дугаар хэсэг 595 тоот хашааны гадна иргэн Ш.Цэндбямбыг эхнэр Нямбаяртай хардаж нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, гараараа 2 удаа цохиж духанд шарх, зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор хэсэгт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ш.Цэндбямба, гэрч Э.Нямбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8531 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г.И г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ш.Цэндбямба нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, 2.000.000 төгрөг авсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Г.И г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 54-55 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Г.И д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.И нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.И г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.И г 550 /таван зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г.И д оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г.И д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ