Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

2020         01          14                                 2020/ШЦТ/76

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж,  

нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1828/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1906 04104 2676 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

Б.Б, Монгол Улсын иргэн,1972 оны 02 дугаар  сарын 13-ны  өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Стар Интер Тред” ХХК-д сантехникч ажилтай,  ам  бүл 10, эхнэр, 8 хүүхдийн хамт Баянзүрх  дүүргийн 23 дугаар  хороо, Баатархайрханы 1730 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1730 тоотод буюу өөрийн гэртээ төрсөн хүү Б.Ныг “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, гэрийн гадаа зодолдож, хүүхдэдээ зодуулж, улмаар айлгах зорилгоор гэртээ орж шар иштэй хутгыг авч үзүүр хэсгийг өөрлүүгээ харуулан барьж байх үед хүү Б.Н суган доогуур нь тэврэн унагаах гэж ноцолдож байх үед нуруун тус газарт хутгалан, эрүүл мэндэд нь “хүнд хохирол” болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1730 тоотод буюу өөрийн гэртээ төрсөн хүү Б.Ныг “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, гэрийн гадаа зодолдож, өөрөө зодуулж, улмаар хүүгээ айлгах зорилгоор гэртээ орж шар иштэй хутгыг авч үзүүр хэсгийг өөрлүүгээ харуулан барьж байх үед хүү Б.Н суган доогуур нь тэврэн унагаах гэж ноцолдох явцдаа түүний нуруун тус газарт хутгалан, эрүүл мэндэд нь “хүнд хохирол” болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

2.2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл[2],

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шинжээчийн №8597 дугаартай актын дүгнэлт хэсэгт: “...1.Б.Нын биед цээжний хэнхэрцэгийн зүүн ар доод хэсэгт цээжний зүүн хөндийд нэвтэрсэн, хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндийд хий хуралт, хамар, дух, зүүн доод зовхи, зүүн чихэнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх цээжний зүүн ар хэсэгт, цээжний хөндийд нэвтэрсэн, хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндийд хий хуралт гэмтэл  нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[3],

4. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б.Нод гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Нын биед цээжний хэнхэрцэгийн зүүн ар, доод хэсэгт, цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндийд хий хуралт,  хамар, дух, зүүн доод зовхи зулгаралт гэсэн гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цээжний зүүн ар доод хэсэгт ир үзүүртэй зүйлээр нэг удаа хатгахад үүснэ” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Д.Байгалмаа 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нөхөр, 3 хүүхдийн хамт өөрийн гэртээ байсан. Манай эгч Оюунаа, нөхөр Ганаагийн хамт манайд ирээд бид 4 хоол хийж идээд, 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво 4-үүлээ хувааж уугаад сууж байсан. Гэтэл манай хоёр дахь хүү болох Б.Н гаднаас согтуу орж ирээд аав болох Б.Бг хэл амаар доромжилж агсам тавьж байгаад  “...Б гараад ир” гэж хэлээд гадаа гарсан. Би араас нь гараад очиход Н, Б нар барьцалдаж аваад, ноцолдож байсан. Ганаа бид хоёр тэр хоёрыг салгасан чинь Б.Б гэр рүү гүйгээд орсон. Тэгтэл Н араас нь муухай орилоод орсон. Тэгээд удалгүй Нын нуруунаас цус гарсан байдалтай гарч ирсэн. Удалгүй Б.Б царай  нь сонин болчихсон, айсан байдалтай над дээр ирээд “би хүүгээ айлгах гэж байгаад санамсаргүй нуруу хэсэгт нь хатгачихлаа” гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр ганцаараа ажил хийж намайг болон 8 хүүхдээ тэжээдэг. Архи дарс бараг уугаад байдаггүй.  Их тайван хүн” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч С.Г 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би эхнэрийн дүү болох Байгалмаагийн гэрт очиж хоол хийж идээд, 2.5 литрийн Сэрүүн пиво 4-үүлээ хувааж уугаад сууж байсан. Гэтэл Н 20 цагийн үед согтуу орж ирээд аав болох Б.Бг хэл амаар доромжилж, агсам согтуу тавьсан. Тэгээд Н аав болох Б.Бг “ гараад ир үзье” гэж өдөж эхэлсэн. Удалгүй Б.Б, Н нар гэрээс гараад явсан. Би араас нь гартал Б.Б, Н нар барьцалдаж авсан байсан. Би дундуур нь ороод салгасан чинь Б.Б гэр рүүгээ гүйгээд орсон. Гэтэл Н араас нь “ална чамайг” гээд орилоод орсон. Би араас нь яваад ортол Н аавыгаа тэвэрчихсэн, нуруу хэсгээс нь цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан. Б.Б нь олон нялх хүүхдүүдээ ганцаараа ажил хийж тэжээдэг, архи уудаггүй, төлөв даруу хүн” гэх мэдүүлэг[6],

7. Шүүгдэгч Б.Б 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн хүү Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 21 цагийн орчим манай гэрт орж ирсэн. Н өөрийн 2 нялх хүүхэд болон жирэмсэн эхнэрээ тоохгүй, хоол унд ч авч өгөхгүй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд яваад байсан. Би Нод хандаж “чи наад архи, дарсаа болиод хүүхдүүддээ хоол, унд авч өг” гэж хэлсэн. Гэтэл Н “Чи гараад ир. Хоёулаа үзье. Чамайг ална” гэж хэлсэн. Намайг гараад очиход Н намайг заамдаж авсан бөгөөд би Ныг тавиулах гээд ноцолдсон. Тэгээд эхнэр болон Гансүх нар бид хоёрыг салгасан. Би гэр рүүгээ яваад ороход Н араас орж ирсэн. Би аяга таваг байдаг шүүгээн дээр байсан шар иштэй хутгыг Ныг айлгах санаатай зүүн гартаа барьсан. Н “чамайг одоо алнаа” гээд над руу орилоод дайрч суганд доогуур 2 гараа оруулж тэврээд намайг нугаслаад хойшоо дарахад зүүн гарт байсан хутга Нын нуруу хэсэгт нэг удаа хатгагдсан. Тухайн өдөр эхнэрийн эгч, нөхөртэйгээ ирээд бид дөрөв “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пиво хувааж уугаад талдаа орж байсан. Би өмнө нь Нод гарч хүрч байгаагүй. Би хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу” гэх мэдүүлэг[7],

8. Хохирогч Б.Н 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэрэг гардаг өдөр 23 цагт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах аав, ээжийнхээ гэрт халамцуу очсон. Намайг ороход ээж, аав, манай эхнэр, 2 хүүхдийн хамт байсан. Аав намайг “чи архи уучихсан юм уу?” гэж асуухаар нь би “жаахан уучихсан” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би уурандаа аавыг “гэрээс гарах уу?” гэж хэлээд гарсан чинь аав араас гарч ирээд бид хоёр ноцолдсон. Тэгээд ээж Байгальмаа, эхнэр Дуламжав нар бид хоёрыг салгасан. Аав шууд гэр рүү гүйгээд орсон. Тэгэхээр нь миний уур хүрээд зодох гээд араас нь орсон чинь аав “шар иштэй, төмөр хутганы үзүүр хэсгийг өөр рүүгээ харуулаад харин иш хэсгийг нь над руу харуулаад барьчихсан байсан” тэгэхээр нь аавыг унагааж байгаад цохих гээд 2 гараа аавын суган доогуур оруулаад өөр рүүгээ татаад түлхэх үед санамсаргүй байдлаар аавын гарт байсан хутга нь миний зүүн далны доод хэсэгт 1 удаа хатгагдсан. Би гэрээс гүйгээд гараад явсан. Удалгүй цагдаа ирээд аавыг аваад явсан” гэх мэдүүлэг[8],

-хохирогч Б.Н 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “... Хэрэг гардаг өдөр би аавын гэрт согтуу очиход аав надад “ чи эхнэр хүүхдээ бодохгүй архи уугаад, гэр бүлээ битгий зовоогоод бай” гэж хэлсэн. Би согтуу байсан тул аавтай хэрэлдээд “гараад ир үзье” гэж хэлээд гэрийн гадаа гараад ирэхээр нь барьцалдаж аваад аавыг цохиж, зодсон. Би цэргийн төв эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтсэн зардал 400,000 төгрөг болсон. Бүх зардлыг аав Б.Б төлсөн. Тухайн үед манай эхнэр Дуламжав төрөөд аав намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд манай эхнэр хүүхдүүдийг асарч байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн буруутай үйлдлээс болж миний 6 дүү, ар гэрээ авч яваа аавыгаа ийм асуудалд оруулсандаа их гэмшиж байна” гэх мэдүүлэг[9] зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.Бгийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал 400,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч  Б.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг анхааруулав.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

               

 

 

 

 

           

 

               

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 7-13 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 19-22 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 28 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 48-50 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 24-26 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал