Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1302

 

 

 

 

 

 

 

  2019       08          20                                  2019/ШЦТ/1302

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Н.Гэрэлмаа /томилолтоор/,

шүүгдэгч В.Х , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан В.Х д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03846 1631 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, В.Х

Холбогдсон хэргийн талаар:

В.Х  нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Дамбийрашаан” гэх нэртэй газарт иргэн Ч.Аюушсүрэнтэй маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, нүүр рүү өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Х мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Аюушсүрэнгийн өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 22-ныөдөр манай “Автобус-3” ХХК-ийн ажилчид Тэрэлж рүү зугаалганд яваад 23-ны орой Улаанбаатар хотод орж ирээд Дарь-Эхийн рашаан дээр ирсэн. Тухайн үед долуулаа байсан ба В.Х , Оюунтунгалаг бид 3 үлдээд бусад нь явцгаасан. Бид 3 явах гэж байтал гэнэт В.Х  миний үснээс зулгаагаад нүүр рүү 2 удаа өшиглөөд, гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохиж, үснээс зулгаагаад тавихгүй зодоод байсан. Тухайн үйл явдлыг Оюунтунгалаг хараад салгах гээд салгаж чадахгүй, дийлэхгүй байсан ба хажуугаар явж байсан танихгүй 2 залуу В.Х  бид хоёрыг салгасан. Хоёулаа салгаад намайг зугтаа, та алуулах юм байна гэхээр нь цүнхээ аваад зугтаагаад гэр рүүгээ явсан. В.Х , Оюунтунгалаг 2 рашаан дээр үлдсэн. Маргааш өглөө сэрэхэд хамар хавдаад 2 завьж хөхөрч хавдсан, дух хөхөрсөн, зүүн гарын дотор талын шуунаас хазсан, зүүн, баруун хөлийн булчин хөхөрсөн. Би зугаалган дээр байхдаа согтуудаа В.Х г суганы үс гээд доромжилсон гэсэн. Тэгтэл тэр яриа ярьж байгаад түүнээс болоод намайг зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Оюунтунгалагийн өгсөн: ...Зугаалгын автобусанд явж байхад В.Х г манай ажлынхан Дэлгэрмаагийн суганы үс гэх мэтээр тоглоод байсан. Би мод руу орж бие засаад гараад иртэл В.Х  Аюушсүрэнг үснээс зулгаагаад доош дарсан байдалтай байсан. Би  В.Х г болиулах гээд дийлэхгүй байсан. В.Х  Аюушсүрэнгийн гарнаас нь хазаад нүүр рүү нь цохиод нүдээд байсан. Би цаана сааданд байсан залуучуудаас нэгийг нь гуйж салгасан. Тэр залуу Аюушсүрэнг зугт гэж хэлтэл Аюушсүрэн нь зам руу гартал В.Х  араас нь гүйж очоод машин зам дээрээс барьж аваад машины замаас гаргаж рашааны хаалга орчим аваачиж байгаад ахин зодсон. Би В.Х г салгах гээд дийлэхгүй сүүлдээ В.Х г өдсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн В.Х гийн: ...Би ажлын хамт олны хамт амралтанд явж ирээд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын рашаан гэх газарт наймуулаа  архи ууж байгаад бусад нь яваад Аюушсүрэн, Оюунтунгалаг бид 3 үлдсэн. Аюушсүрэн нь уусан архиндаа согтоод намайг Дэлгэрмаагийн суганы үс гэх мэтээр хэл амаар доромжилж, агсам тавьж эхэлсэн. Би Аюушсүрэнд архи уусан хүнд дэмий яриа хэрэггүй, аягүй бол хэрүүл зодоон болно гэж сануулсан боловч үгэнд оролгүй хашгирч босч ирээд миний үснээс зулгааж доош дарсан. Би хариу Аюушсүрэнгийн үснээс зулгааж байхад миний хөл рүү өшиглөхөөр нь би хариу хөл рүү нь өшиглөсөн. Энэ үед Аюушсүрэн бид хоёрыг тэнд байсан 3 залуу салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7950 дугаартай шинжээчийн:

1. Ч.Аюушсүрэнгийн биед хамар, дух, баруун нүдний гадна булан, эрүү, хоёр шуу, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун завьжинд язарсан шарх, зүүн шуу, баруун тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,

- Шүүгдэгч В.Х гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27, 28, 29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            В.Х  нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Дамбийрашаан” гэх нэртэй газарт иргэн Ч.Аюушсүрэнтэй маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, нүүр рүү өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Аюушсүрэн, гэрч Ц.Оюунтунгалаг, яллагдагчаар өгсөн В.Х  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7950 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч В.Х г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Аюушсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч В.Х г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 53 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч В.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Х  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Х д оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх хүсэлтийг гаргаж байх ба шүүгдэгч В.Х д торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг тодорхой орлоготой байх тул түүнд оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. В.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Х г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Х д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, В.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ