Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1301

 

 

 

 

 

 

 

  2019        08         20                                  2019/ШЦТ/1301

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Г.Цэрэнжамц

шүүгдэгч Ө.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө.П ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02340 1616 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө.П

Холбогдсон хэргийн талаар:

Ө.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн аав болох ахмад настан Н.Өлзий-Очиртой байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1049 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1629 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн булаг 1-1 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох ахмад настан төрсөн эцэг Н.Өлзий-Очирт байнга агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.П мэдүүлэхдээ: Ганц шил архины мөнгө нэхэхэд цагдаад дуудлага өгсөн байсан. Байцаагчийн өрөөнөөс бид гурав  хоорондоо зохицоод гарсан. Мөрдөгч нар намайг байнга агсан тавьдаг гэж үзэж миний хэргийг хүндрүүлсэн. Мөнгөний хэрэг гараад хоорондоо маргасан. Уучлалт гуйгаад эвлэрсэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Өлзий-Очирын өгсөн: ...Ө.П нь манай эхнэр Цэцэгмаа бид хоёрын 5 дахь хүүхэд. Цэцэгмаа бид хоёртой хамт амьдраад 2 жил болж байна. Эхнэр бид хоёрыг зодож байгаагүй, харин согтуу байхаараа архины мөнгө нэхэж, гэр орны эд зүйлсийг эвдэж сүйтгэдэг. Ө.П нь эрүүл үедээ юм дуугардаггүй, гэр орны ажлаа хийгээд байж байдаг. Харин согтуу байхаараа уурлаж уцаарлаад агсам согтуу тавиад байдаг...

...Миний дунд хүү Ө.П байнга архи ууж, эхнэр бид хоёроос мөнгө нэхээд гэр орондоо агсам согтуу тавьж, эхнэр бид 2 амгалан тайван байдал алдагдуулдаг. Манай хүү сүүлийн 20 гаран жил архи ууж байгаа, эхнэр, хүүхэдтэй байсан. Сүүлдээ салаад эхнэр бид хоёртой хамт амьдарч байна. Энэ хүн ажил хийхгүй мөнгө төгрөг олохгүй, архи ууж эхнэр бид хоёроос архины мөнгө нэхэж байнга дарамталж байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 56-58 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Цэцэгмаагийн өгсөн: ...Манай хүү болох Ө.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр бид хоёрыг хэл амаар доромжилж, архины мөнгө нэхэж, айлгаж сүрдүүлдэг. Эрүүл байхдаа ч гэсэн ялгаагүй уурлаж, уцаарлан, уурласан үедээ ямар ч шалтгаангүй нөхөр болох Өлзий-Очирыг хэл амаар доромжилдог. Ө.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр болох Өлзий-Очирт ихэнхдээ агсам согтуу тавьж, хэл амаар доромжилдог. Иймд би тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтооход татгалзаж байна.

...Миний хүү Ө.П  нь архи уух их дуртай, нэг уухаараа 3-4 хоног архи уудаг. Ө.П нь архи уусан үедээ нөхөр бид хоёрыг хэл амаар доромжлоод архины мөнгө нэхдэг. Эрүүл байхдаа их уур уцаартай, ааш нь олдохгүй уурлаад байдаг. Ө.П  нь ажил хийдэггүй, байнга бид хоёроос мөнгө нэхдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 59-60 дугаар тал/,

- Тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 31-32 дугаар тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 42 дугаар тал/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 43-47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Үүрийнцолмонгийн өгсөн: ...Би танина. Ө.П нь хөгшин ээж, аавтайгаа хамт амьдардаг, байнга л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цагдаагийн байгууллагад шалгагддаг. Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн булгийн 01-01 тоот болох Өлзий-Очирыг хөөгөөд гаргачихсан, хэл амаар доромжилж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд /хх-ийн 79-80, 81-82 дугаар тал/,

- Шүүгдэгч Ө.Ө.П ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ө.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн аав болох ахмад настан Н.Өлзий-Очиртой байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1049 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1629 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн булаг 1-1 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох ахмад настан төрсөн эцэг Н.Өлзий-Очирт байнга агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Өлзий-Очир, гэрч Л.Цэцэгмаа, Н.Үүрийнцолмон нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Ө.П ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Өлзий-Очир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүдэгч Ө.Ө.П ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ө.Ө.П ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.П нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүмүүст гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ө.П ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ө.П ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ө.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Ө.П ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг  2019 оны  08 дугаар сарын 20-ны  өдрөөс эхлэн тоолсугай.

   6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Ө.П ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ