| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0027/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 73
2020 01 14 2020/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж
нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
өсвөр насны шүүгдэгч Д.П, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Анхтуяа,
өсвөр насны шүүгдэгч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвээнжав, тэдгээрийн өмгөөлөгч М.Батмөнх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1828/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П, Б.М нарт холбогдох 1906 00000 2693 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
П, Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүрэг дэх Ерөнхий боловсролын 92 дугаар дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 6, ээж, эгч, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 13-255 тоотод оршин суудаг хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/,
БМ Б.М, Монгол улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 92 дугаар дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 44-174 тоотод оршин хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Өсвөр насны яллагдагч Б.М, Д.П нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн “Боргочин” хүнсний дэлгүүрийн зүүн талын гудамжинд явж байсан 8 настай, Б.Сэргэлэнгийн хүзүүнд зүүсэн байсан “Самсунг Эс-3” маркийн гар утсыг араас нь гүйж очоод амыг нь таглан хүч хэрэглэж, дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн “Боргочин” хүнсний дэлгүүрийн зүүн талын гудамжинд явж байсан 8 настай, Б.С хүзүүнд зүүсэн байсан “Самсунг Эс-3” маркийн гар утсыг араас нь гүйж очоод амыг нь таглан хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.П өгсөн мэдүүлэгтээ: “...” гэх мэдүүлэг[1]
2.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.М өгсөн мэдүүлэгтээ: “...” гэх мэдүүлэг[2],
3.Өсвөр насны шүүгдэгч Д.П 2019 оны12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ангийн найз Б.Мийн хамт хичээлээ тараад Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Эрдэнэтолгой уруудаад гэр рүүгээ явж байсан. Тэгтэл бид нарын ард нэг жаахан хүүхэд явж байсан. Эргээд харсан чинь хүзүүндээ нь гар утас зүүсэн байсан. Тэгээд Б.М бид хоёр авах уу гэж ярилцаад авахаар болсон. Тэгээд нөгөө хүүхэд “Боргочин” дэлгүүрийн арын гудамжаар уруудаад явсан. Б.М бид хоёр ярилцаад би авахаар болоод нөгөө хүүхэд рүү явсан. Би тэр хүүхдийн араас очоод өөртөө нааж зогсоож байгаад хүзүүнд нь байсан утсыг авсан. Утсыг нь аваад Б.М рүү гүйж очоод бид хоёр Ботаникийн эцэс рүү явсан. Ботаникийн эцэс дээр ирээд нэг гар утас засварын газар байхаар нь нөгөө утсаа 20,000 төгрөгөөр зарсан. Намайг утсыг авч байх үед Б.М нөгөө гудамжаар явж байсан. Гар утас авах санааг бид хоёр хамт гаргасан. Тэр хүүхдийн гар утсыг авахдаа зодож, цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг[3],
4.Өсвөр насны шүүгдэгч Б.М 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэр рүүгээ ангийн найз П хамт явж байсан. Бид хоёр явж байгаад эргээд хартал ард хүзүүндээ гар утас зүүсэн хүүхэд явж байсан. П бид хоёр энэ хүүхдийн утсыг нь авчих уу гэж ярьсан. Би Б.Мт хэрэггүй байхаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр авахаар шийдээд хэн нь авахаа ярилцаж Б.М авахаар болсон. Нөгөө хүүхэд “Боргочин” дэлгүүрийн баруун талын гудамж руу ороход Б.М араас нь явсан. Би Б.Мыг авчихна гэж арай бодоогүй гэр рүүгээ алхаад явж байтал Б.М араас ирээд гүйгээрэй гэхээр нь би дагаад гүйсэн.Тэгээд бид хоёр гудамж өгсөж зогсоод Б.М “авчихлаа” гээд цагаан өнгийн Самсунг Эс-3 маркийн гар утас харуулсан. Би утас авсныг мэдээд буцаагаад өгөх үү? яах уу гэж Б.Мт хэлсэн чинь “дэмий байх. цаанаас нь аав, ээж нь гараад ирэх байх” гэж хэлсэн. Тэгээд тэр газраа зогсож байгаад Б.М энэ утсыг зарчих уу гэж надаас асуугаад бид хоёр зарахаар болсон. Ботаникийн эцэс дээр гар утас засвар байгаа. Тэнд зарчихая гэж Б.М хэлээд бид хоёр Ботаникийн эцэс явсан. Б.М “чи ороод зарчих” гэж хэлээд би утас засвар руу ороод засварын ахаас гуйж байгаад тухайн гар утсыг 20,000 төгрөгөөр зарсан. Б.М тухайн хүүхдээс гар утсыг авч байхыг хараагүй. Цохиж, зодсон зүйл байхгүй байх. Гар утсыг авах саналыг бид хоёр хамт гаргасан. Гар утас булааж авах нь гэмт хэрэг гэж мэдэж байсан. Гар утас зарж олсон мөнгөөрөө хоолонд орж, үлдсэн мөнгөөр нь ПС тоглоомын газар орж тоглосон. Би өмнө нь өөр гэмт хэрэг үйлдэж, шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг[4],
5.Насанд хүрээгүй хохирогч Б.С 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 08 цагт хичээлдээ яваад өдөр 12 цагийн үед хичээл тараад Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Холбоо толгойн 4-40 тоот гэр рүүгээ ганцаараа алхаж байхад Эрдэнэтолгойн гудамжинд байрлах “Боргочин” дэлгүүрийн зүүн талд байрлах гудамж руу ороод алхаж байхад араас нэг хүн гүйж ирээд ам таглаад миний хүзүүнд уяагаар зүүсэн байсан “Самсунг Эс-3” маркийн гар утсыг булаагаад гүйгээд явсан. Би эргэж хараад хойноос нь хөөе гэж орилоход чигээрээ гүйгээд явсан. Ойр хавьд ямар нэгэн хүн байгаагүй. Миний гар утас цагаан өнгийн, хар цагаан өнгийн гэртэй, дотор нь сим картны үүр байсан. Эвдэрч, элэгдсэн ямар нэгэн зүйл байхгүй. Би гар утсаа 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Тэди” төвөөс аавын хамт 90,000 төгрөгөөр харин утасны гэрийг 8,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утсыг авахдаа надад хүч хэрэглээгүй. Гар утсаа олж авмаар байна” гэх мэдүүлэг[5],
“Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №275 дугаартай хөрөнгийн үнэлгээ гаргажээ.
| Д/д | Хэмжих нэгж | Хэмжих нэгж | Тоо, ширхэг | Нэгжийн үнэ | Зах зээлийн дундаж үнэ | Тайлбар |
| 1 | Самсунг Эс-3 | ш | 1 | 90,000 | 80,000 | Шинэ |
| 2 | Гар утасны гэр | ш | 1 | 8,000 | 8,000 | Шинэ |
| 3 | Шилэн наалт | ш | 1 | 3,000 | 3,000 | Шинэ |
| 4 | Нийт дүн |
|
|
| 91,000 |
|
Хүснэгт[6] Гар утасны үнэлгээ
6. Эд зүйл хураан авсан тэмдэглэл[7],
7. Эд зүйл хураан авсан гэрэл зургийн үзүүлэлт[8],
8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[9] зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь өсвөр насны шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нараас гар утсыг нь хохирогчид буцаан өгсөн болон 300,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдэнд хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэв ялтан нар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарт анхааруулж байна.
Өсвөр насны шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М, Д.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх тэдэнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарт анхааруулсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 44-47 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 3 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[7] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 23-25 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 26 дугаар тал