Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 223

 

 

 

     Зохигчийн эвлэрлийг баталж

       хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Түвшинзаяад холбогдох үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.827.931,51 төгрөг, нийт 31.827.931,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад     

      

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 сарын 16-нд Г.Түвшинзаяад 30.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Г.Түвшинзаяа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.827.931,51 төгрөг, нийт 31.827.931,51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд гаргасан тайлбартаа: Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь Г.Түвшинзаяагаас үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.827.931,51 төгрөг нийт  31.827.931,51 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч хүү нь 1.614.904,11 төгрөг байтал андуурч 1.827.931,51 гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Г.Түвшинзаяагийн төлбөрийн баримтаар 357000 төгрөгийг тус Засаг даргын тамгын газарт төлсөн нь харагдаж байна. Иймд Г.Түвшинзаяагаас үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.614.904,11 төгрөгнөөс төлсөн 357000 төгрөгийг хасаад 1.257.904,11 төгрөг нийт 31.257.904,11 төгрөгийг гаргуулна. Илүү нэхэмжилсэн хүү  570.027,4 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 40-26 тоотод оршин суух ТИ69060172 регистрийн дугаартай Халх овогт Гэндээгийн Түвшинзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн 31.827.931,51 төгрөгнөөс үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.257.904,11 төгрөг, нийт 31.257.904,11 төгрөг дээр эвлэрч байна. Маргах зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Зээл, зээлийн хүү 31.257.904,11 төгрөгийг 2017 оны 6-р сард төлж барагдуулна гэжээ. 

 

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Г.Түвшинзаяагаас үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.827.931,51 төгрөг, нийт 31.827.931,51 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал нь илүү нэхэмжилсэн хүү  570.027,4 төгрөгнөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 570.027,4 төгрөгөөр бууруулж, үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.257.904,11 төгрөг, нийт 31.257.904,11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зохигчид зээл, зээлийн хүү нийт 31.257.904,11 төгрөг дээр эвлэрсэн байна.   

Хариуцагч Г.Түвшинзаяа нь үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.257.904,11 төгрөг, нийт 31.257.904,11 төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт төлөх үүрэгтэй болох нь 2013 оны 05 сарын 16-ны өдрийн 13/10 тоот Сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээ, зээлийн хяналтын карт, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, ХААН банкны 2015 оны 01 сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2013 оны 08 сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2013 оны 07 сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдож байна.   

Иймд зээл, зээлийн хүү 31.827.931,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.257.904,11 төгрөг, нийт 31.257.904,11 /гучин нэгэн сая хоёр зуун тавин долоон мянга есөн зуун дөрвөн төгрөг, арван нэгэн мөнгө/ төгрөг дээр зохигч эвлэрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Түвшинзаяад холбогдох зээл, зээлийн хүү 31.827.931,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.257.904,11 төгрөг, нийт 31.257.904,11 /гучин нэгэн сая хоёр зуун тавин долоон мянга есөн зуун дөрвөн төгрөг, арван нэгэн мөнгө/ төгрөг дээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 31.257.904,11 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 314239,5 төгрөгний тал хувь болох 157119,7 төгрөгийг хариуцагч Г.Түвшинзаяагаас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Түвшинзаяа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                       С.БАЙГАЛЬМАА