| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1284/Э |
| Дугаар | 1306 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 1306
2019 08 21 2019/ШЦТ/1306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Ө.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00771 1523 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ө.Ж
Холбогдсон хэргийн талаар:
Ө.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны оройн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 34 тоотод оршин суух иргэн Л.Цогзолмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Самсунг Эс-7 Эдж” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 408.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ж мэдүүлэхдээ: 2019 оны 01 сарын 18-ны орой найзуудтайгаа хоёр шил хувааж уучихаад 21 цагийн үед Ганболд гэдэг ахын гэрт орохоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 10-р байрны 34 тоотод ороход хаалга нь цоожгүй байхаар нь хаалгыг нь нээгээд гэрт нь ороход хэн ч байгаагүй. Тэгээд гал тогооны өрөөнд нь орохдоо ширээн дээр нь гар утас байхаар аваад Сансарын энд ирээд 80.000 төгрөгөөр ломбарданд тавиад архи уусан. Маргааш нь эхнэр нь ирээд утсаа асуухаар нь үнэнээ хэлээд утсыг ломбарданаас авч өгсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Цогзолмаагийн өгсөн: …Би Баянзүрх дүүрхгийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 34 тоотод амьдардаг бөгөөд 2019 оны 1 сарын 18-ны оройн 21 цагт гэрээсээ гараад доошоо шатаар буугаад байрны доод талын дэлгүүрээс юм аваад гэртээ орсон. Тэр хооронд 3 минут л болсон бөгөөд би гэрээсээ гарахдаа хаалгаа цоожилолгүй орхисон. Гэтэл намайг гэр лүү орох үед зөрөөд нэг залуу доошоо буусан. Тухайн үед би нэг их анзаараагүй. Тэр залууг хажуу талын айлаас гарсан юм байх гэж бодсон юм. Улмаар гэрт ороход ширээн дээр цэнэглээд орхисон 1.540.000-р авсан мөнгөлөг өнгийн, худалдаж аваад нэг сар болоогүй байгаа самсунг галакси эс 7 эджи маркын гар утсыг минь хулгайлаад явсан байна. Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд намайг хүүхдээ аваад доошоо буухад тэр залуу зөрж ороод шууд манай гэрээс гар утсыг минь аваад надтай буцаж зөрөөд гарч явж байгаа нь бичигдсэн байна. Тэр залуугийн нэрийг Н.Ө.Ж гэдэг гэж манай байрны жижүүр болон дэлгүүрийн худалдагч нар хэлсэн. Мөн гэрийг нь зааж өгсөн ба манай байрны хажуу талд амьдардаг юм байна лээ. Би гэр лүү нь орж үзэхэд байхгүй, эзгүй байсан. Миний гар утас имей кодтой. Би хайрцагыг нь ажил дээрээ үлдээчихсэн, авч ирж байж хэлж өгье. Хулгай хийсэн хүн нь тодорхой учир тэр хүнийг яаралтай олж, гар утсыг минь олж өгнө үү. Уг хүн миний гар утсыг хэсэг унтраахгүй байж байгаад унтраасан. Уг хүн нь ажлын саарал өнгийн хувцастай явж байсан. Манай гэрт урьд нь хулгай орж байгаагүй. Өчигдөр орой дуудлагаар очсон цагдаа Н.Ө.Ж байна гээд мэдэж байна лээ. Тэр хүн угаасаа цагдаад бүртгэлтэй юм шиг байна лээ. Нэг эхнэртэй гэсэн. Эхнэрээ байнга зоддог, эрүүлжүүлэхэд ордог гэж хэлсэн. Би гар утсаа олж авмаар байна.
2019 оны 2 дугаар сард Ө.Ж нь надтай уулзаж, Сансрын туннелийн ломбарднаас миний утас болох “Самсунг-Эс 7 Эджэ” маркийн утсыг авч надад өгсөн. Тухайн үед утасны дэлгэц нь эвдэрчихсэн, дотор нь байсан файлууд устчихсан байсан бөгөөд утсаа янзлуулж файл сэргээхэд төлбөр нь 50 000 төгрөг болсон учир Ө.Ж мөнгийг нь төлсөн. Мөн надад тухайн үед 80 000 төгрөг бэлнээр өгч миний хохирлыг барагдуулсан. Миний хохирлыг барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Ө.Ж н өгсөн: ...2019 оны 1 сарын 18-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүс таних Ганболд гэдэг ахын гэрт орохоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 10-р байрны 34 тоотод ороход хаалга нь цоожгүй байхаар нь хаалгыг нь нээгээд гэрт нь ороход хэн ч байгаагүй. Тэгээд гал тогооны өрөөнд нь орохдоо ширээн дээр нь том цагаан дэлгэцтэй, самсунг брендын утас цэнэглэгдэж байсан. Гар утсыг нь аваад шууд гэрээс нь гарч сансрын колонкоос цааш байдаг ломбарданд гар утсыг 80 000 төгрөгөөр барьцаалаад мөнгөөр нь тэр оройноо архи уугаад дуусгасан. Дараа нь би эргүүлийн цагдаа нарт баригдсан. Ямар цагдаа байсан гэдгийг мэдэхгүй байна. Харин гар утсыг хохирогч өөрөө ломбарднаас чөлөөлж аваад дараа нь надаас харин 130 000 төгрөг хохирол гэж авсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ ухаарч хүлээн зөвшөөрч байна. Ганболдтой би зүс таниж мэнд мэдэх хүрээний хүмүүс, ах дүү, эсхүл төрөл төрөгсдийн ямар нэгэн хамаарал байхгүй. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Би өөр цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Би гар утас барьцаалсан ломбардаа сайн мэдэхгүй байна. Би ганцаараа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 14/,
- Шүүгдэгч Ө.Ө.Ж н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 21, 26-32, 35-42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ө.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны оройн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 34 тоотод оршин суух иргэн Л.Цогзолмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Самсунг Эс-7 Эдж” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 408.000 төгрөгний учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Цогзолмаа, яллагдагчаар өгсөн Ө.Ж нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Ө.Ж г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Цогзолмаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон хэргийн материалтай танилцахдаа хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ө.Ө.Ж г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 11 дүгээр тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгч Ө.Ө.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийг хэрэглэн ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Ө.Ж нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 399 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24. 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 28-32 дугаар тал/
Шүүгдэгч Ө.Ж нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул уг хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. /хх-ийн 45-46, 51-52, 61-62 дугаар тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ө.Ж д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ө.Ж д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.Ө.Ж н цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Ө.Ж д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ