Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1326

 

 

 

 

 

 

 

 

  2019       08          27                                  2019/ШЦТ/1326

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Э.А , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт ҮД:19-54 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.А  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02158 1536 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.А

Холбогдсон хэргийн талаар:

Э.А  нь “Апекс Финанс” ББСБ-д 4.500.000 төгрөгийн барьцаанд байсан 79-55 УНТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн автомашин гэж ойлгуулан хохирогч Б.Алдарбаярыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн хүлэг” автомашины зах дээр зарж, бэлнээр 7.500.000 төгрөгийг авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- “Апекс Финанс” ББСБ-ын “Зээлийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 4-5-р тал/,

- Дансны хуулга /хх-ийн 11-12-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Алдарбаярын өгсөн: …2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Мөнгөн хүлэг хуучин машины зах дээрээс танил Э.А  гэх залуугаас 79-55 УНТ улсын дугаартай “Приус-20” маркийн цагаан өнгийн автомашиныг 7.500.000 төгрөгийг бэлнээр өгч худалдаж авсан. Тэгээд тухайн өдөр орой болсон тул нэрээ шилжүүлж чадаагүй. Тэгсэн Э.А  нь “би нэрийг чинь шилжүүлээд араас чинь явуулчихъя” гэхээр нь өмнө автомашин худалдаж авч байсан тул тухайн үед итгээд явсан. Тэгсэн хэдэн хоногийн дараа нэрээ шилжүүлэхгүй болохоор нь Э.А  руу залгатал машиныг чинь зараад өгнө асуудалгүй нэрийг удахгүй шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би шинэ жил, цагаан сарын үеэр 2-3 удаа утсаар залгатал тухайн үед урьдын ярьсан зүйлээ яриад аргацаагаад өнөөдрийг хүрсэн. Тэгсэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Апекс Финанс” ББСБ-аас залгаад Э.А нь 2018 оны 10 дугаар сараас барьцаанд тавьчихсан байгаа, өнөөдрийг хүртэл тооцоо хийгээгүй одоо хураагдах хэмжээнд хүрчихээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг ББСБ дээр очиж уулзахад 2018 оны 10 дугаар сард уг машиныг 4.500.000 төгрөгөөр барьцаанд тавиад хүүтэй 7.000.000 гаран төгрөг болчихсон байсан. Тэгээд би уг машиныг ББСБ-д хураалгахаас өөр аргагүй болсон. Тэгээд би Э.А  руу ярихад өнөөдөр би ломбарднаас чөлөөлөөд маргааш мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь залгатал Э.А  гар утсаа аваагүй. Тэгээд тэрнээс хойш одоог болтол алга болоод утсаа авахаа больсон. Би ямар нэгэн гэрээ хийгээгүй. Би бэлнээр мөнгө өгсөн. Одоо надад 7.500.000 төгрөгийн хохирол учирсан байна. Би уг автомашиныг ББСБ-д барьцаанд тавьсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 11-12-р тал/,

- Яллагдагч Э.А ийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 43-р тал/,

- Шүүгдэгч Э.А ийн иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17, 53-54, 55-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.А  нь “Апекс Финанс” ББСБ-д 4.500.000 төгрөгийн барьцаанд байсан 79-55 УНТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн автомашин гэж ойлгуулан хохирогч Б.Алдарбаярыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн хүлэг” автомашины зах дээр зарж, бэлнээр 7.500.000 төгрөгийг авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Алдарбаярын мэдүүлэг, “Зээлийн гэрээ” болон тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.А ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Алдарбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн барагдсан, шүүгдэгчтэй тохиролцсон тул гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 111-112-р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.А ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А ийг 300 /гурван  зуун/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А ид оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.А ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ