Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1348

 

 

 

 

 

 

 

  2019        08         29                                  2019/ШЦТ/1348

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Г.Г, Ч.Б ,

хохирогч Э.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Амар ҮД:25-63 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г, Ч.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07747 1657 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Ч.Б

2. Монгол улсын иргэн, Г.Г

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Queen нэртэй караокены гадна иргэн Э.Ганпүрэвийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Г.Г  нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Queen нэртэй караокены гадна иргэн Г.Оюунбатыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: Хэрэг болсон өдөр Г.Г   бид хоёр тухайн газар болсон зодооныг салгаж байсан. Караоке ажиллуулж байсан хүмүүс цагдаа дуудсан. Бид хоёр тооцоогоо хийгээд гарч ирэхэд Э.Ганпүрэв, Г.Оюунбат, Тамир нарын хэдэн хүмүүс гадаа байсан. Бид нарыг “та нар одоо ажилгүй болсон, зайлцгаа” гэх мэтээр хэл амаар доромжилж, бидний дунд маргаан үүссэн. Биднийг маргаж байх үед хамт ажилладаг Мөнх-Эрдэнэ гэдэг ах ирсэн. Г.Оюунбат Мөнх-Эрдэнэ ахын нүдний шилийг толгой дээр нь тавьж байгаад 3 удаа нүүр рүү нь мөргөсөн. Би тэр үед Э.Ганпүрэвтэй зодолдоогүй байсан. Намайг цаашаа салгаад аваад явахад Э.Ганпүрэв, Г.Оюунбат нар Мөнх-Эрдэнэ ахыг зодож байсан. Гэрч Тамир тухайн хэрэг гарсан газарт Э.Ганпүрэвийн 2 шүд унасан гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх эмнэлгийн эмчийн тодорхойлолтод 1 шүд авсан гэж бичсэн байсан. Түүнчлэн хохирогч нь 1 хиймэл шүд алга болсон, 1 шүд хугарсан гэсэн байсан. Гэтэл гэрэл зургаас харахад 1 шүдний ором байсан. Фото зурагт нэг шүд нь эдгэрсэн байсан. Дараа нь гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн 2 шүд булгарсан гэдгийг би сайн ойлгохгүй байна. Миний бие цагдаагийн байгууллагад анхнаасаа үнэн зөв мэдүүлгээ өгч байсан. Согтууруулах ундаа хэрэглэж болчимгүй алдаа гаргасандаа харамсаж байна гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ: Хамгийн сүүлд хувцасаа авахаа ирэхэд Оюунбат намайг “...чи бас ажлаасаа халагдсан. Чи хэн болчихоод юу яриад байгаа юм...” гээд над руу дайрсан. Би зөрүүлээд 1 удаа цохисон. Манай ажлынхан ирээд бид хоёрыг салгасан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Амар мэдүүлэхдээ: Миний үйлчлүүлэгч Э.Ганпүрэв нь эмчилгэний зардалд 3.773.050 төгрөгийг, ажилгүй байсан хугацааний цалин хөлс 4.920.845 төгрөг нийт 8.543.895 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.Ганпүрэвийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 12-р тал/,

Мөрдөн шалгах ажиллаганы явцад өгсөн хохирогч Э.Ганпүрэвиийн өгсөн: ...Би “MMS инженеринг” ХХК-д ажилладаг. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай ажлын газрын ахлах ажилтан Энхмөнх гэх хүний байрны найр болсон. Тэнд ажлын хүмүүстэйгээ очсон. Тэгээд тэр айлаас 22 цагийн үед гарсан. Тэднийх “Аман хуур” хотхонд байдаг. Тэгээд тэндээс гараад ажлыхантайгаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Queen” гэдэг караокед орсон. Тэгээд сууж байхад ахлах ажилтан Бат-Ирээдүй гэх залуу над руу муухай хараад салаавч өгөөд байсан. Тэр үед тэр дотор хэрүүл үүссэн. Тэгээд манай ахлах ажилтан Жаргал гэх хүн бид нарыг салгасан. Тэгээд манай ахлах Жаргалыг явсан хойно нь Б , Мөнх-Эрдэнэ, Бат-Ирээдүй, Г.Г  , Оюунбат бид нар хоорондоо зодолдож эхэлсэн гэсэн. Тэр үед юу болсон талаар би сайн санахгүй байна. Тэр өдрөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө үүрээр нэг сэрэхэд би найр хийсэн гэх ахлах ажилтан Энхмөнхийн гэрт сэрсэн. Тэгээд 09 цагийн үед тэнд байсан гэх хүмүүсээс юу болсон талаар асуухад “бид нар хоорондоо зодолдсон. Тэгээд Б  чамайг цохисон” гэж хэлж байсан. Тэнд байсан болсон асуудлыг санаж байгаа гэх хүмүүс нь Тамир /90848488/, Оюунбат /99080741/ нар байсан. Энэ хүмүүс рүү утасдаж асуусан. Тэгээд ерөнхий  байдлыг мэдсэн учир би цагдаагийн байгууллагад хандсан. Миний үүдэн 2 шүд унасан, уруул сэтэрсэн, нүүр шалбарсан, баруун талын далны доод хэсэгт хөхөрсөн, одоо өвчтэй байгаа шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Тамирын өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай ажлын ах Энхмөнхийн байрны найр болсон. Ингээд манай ажлынхан тэдний байранд уригдаж очоод сууцгаасан. Зарим хэсэг хүмүүс нь түрүүлээд гарцгаасан. ...Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” нэртэй караокед очиход манай ажлыхан олуулаа сууцгааж, дуулж байсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан байх. Караокены өрөөнд ойролцоогоор 8-9 хүмүүс байсан. Харин би одоо ингээд явцгаая гээд байж байсан гэтэл гэнэт Ганпүрэв, Бат-Ирээдүй нар хоорондоо барьцалдаад заамдалцаад эхэлсэн. Би тэр хоёрын хэн эхэлсэн эсэхийг хараагүй. Тэгээд би тэр 2 дээр очоод салгаад Ганпүрэвийг дагуулаад караокены өрөөнөөс гарсан. Караокены өрөөнд ямар нэг зодоон болоогүй. Тухайн үед караокены хүмүүс цагдаа дуудсан байсан. Ингээд цагдаа нар ирэхэд бүгдээрээ гараад явцгаасан. Тэгээд караокены гадаа гарчихаад би Ганпүрэвийг ардаа зогсоож байсан. Харин Б , Бат-Ирээдүй болон тэдэнтэй хамт байсан залуус бүгдээрээ сүүлд ирсэн бидэнд дургүй байдалтай байсан. Тухайн үед би тэндэнд хандаж цаашаа бай, бид одоо ингээд явлаа, битгий хүр гэсэн үгнүүд хэлж байсан. Тэнд намайг байгаагүй бол Ганпүрэвийг аль хэдийн цохиж, зодох байсан байх. Караокены өрөөнд зарим хүмүүс сууж үлдсэн байсан. Ингээд би өрөө рүү буцаж ороод “гадаа байгаа хүмүүсээ аваач ээ” гэж хэлчихээд гараад зогсож байтал караокены гадна Б  гэнэт Ганпүрэвийг нүүрэн тус газарт гараараа газар унатал цохисон. Тухайн үед Оюунбат нь Ганпүрэвийг өмөөрөх гээд Б  дээр очтол Б  түүнийг нүүрэн тус газарт нь цохиод газар унагаагаад шилэн хүзүүн дээр нь дэвсэж байсан. Тэр үед Б гээс өөр хүн оролцоогүй. Тэгээд би уйлаад ойртоод очиход Оюунбат түрүүлж босч ирээд Ганпүрэвийг босгосон. Гэтэл Ганпүрэвийн 2 шүд нь унасан, уруул нь сэтэрсэн, цус гарчихсан байсан. Мөн духанд нь халцарсан байсан. Оюунбат бас духанд нь халцарсан байсан. Тэгээд л Б тэй хамт явсан хүмүүс Б гээ аваад яваад өгсөн. Харин Ганпүрэв, Оюунбат, Батмягмар бид 4 тухайн газартаа үлдсэн. Би тэгээд Энхмөнх ах руу залгаж болсон хэргийн талаар хэлээд та хүрээд ир гэсэн. Ингээд Энхмөнх ах ирээд бид дөрвийг гэртээ дагуулж очоод Ганпүрэвийг унтуулаад харин бид нар гараад гэртээ харьцгаасан. Миний харснаар Ганпүрэв, Оюунбат хоёрыг Б  ганцаараа зодсон...гэх мэдүүлэг / хх-ийн 24-26-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Батмягмарын өгсөн: ...Бат-Ирээдүй нь Ганпүрэв, Оюунбат нарт хандаж томроод хэрүүл маргаан хийгээд байсан. Харин Бат-Ирээдүйг Б , Мөнх-Эрдэнэ нар өмөөрч Ганпүрэв, Оюунбат нартай муудалцсан. Караокены өрөөнд ямар нэг зодоон болоогүй. Тухайн үед бид нар гарч байхад цагдаа нар ирээд явсан. Тэр үед ямар ч зодоон болоогүй байсан. Караокенаас гараад хэсэг хүмүүс нь яваад өгсөн, харин Оюунбат, Ганпүрэв, Тамир бид 4 түрүүлж гараад караокены гадаа зогсож байсан. Харин караоке дотроос Г, Б  хоёр тооцоогоо хийгээд гараад ирлээ гээд ирсэн. Тэр үед замын эсрэг талаас манай ажлын Мөнх-Эрдэнэ ах ирчихсэн байсан. Тэгээд Б  нь Ганпүрэвтэй караоке дотор муудалцсандаа шаралхсан юм уу яасан юм Ганпүрэв рүү дайраад агсраад эхэлсэн. Тухайн үед Ганпүрэв, Б  нар муудалцаж байгаад Ганпүрэвийг Б  зодсон, харин Ганпүрэв эсэргүүцэл үзүүлж, харилцан зодолдох чадваргүй согтуу байсан. Тэгээд Б д хэд, хэд цохиулаад хамар, амнаас нь цус гарчихсан. Тэгээд би караоке руу ороод цэвэр ус, салфетка авч гараад Ганпүрэвийн нүүр амыг цэвэрлэж өгсөн. Тухайн үед Ганпүрэв нилээн согтсон байдалтай газар сууж байсан. Тэр хооронд Г, Б  нар цааш явж байгаа харагдсан. Тэр хооронд Оюунбат, Мөнх-Эрдэнэ нар муудалцаж, барилцаж авсан. Тэгээд би Ганпүрэвтэй хамт тэр хоёрыг салгах гээд байж байсан чинь цаанаас Б , Г нар гүйж ирээд Б  нь Ганпүрэвийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаасан. Ганпүрэвийг цохиж унагаачихаад Б , Г, Мөнх-Эрдэнэ нар Оюунбат руу дайрч агсарсан. Тухайн үед Оюунбатыг тэр 3 тал талаас нь дайрч агсраад нийлж, цохиж зодож байгаад газар унагаасан. Оюунбат харин унахдаа Ганпүрэвийн дээр нь шахуу хөлөн дээр нь унасан. Тэр үед Б г салгаад цааш аваад явсан. Тэр хооронд Г, Мөнх-Эрдэнэ нар Оюунбат, Ганпүрэв нарыг дээрээс нь өшиглөж, дэвсэлж байгаа харагдсан. Яг хэнийг нь өшиглөөд байгаа нь харагдаагүй. Б  Ганпүрэвийг зодож, цохисон. Тэр үед Ганпүрэвийн шүд унаж, хамар, амнаас нь цус гарсан. Харин Оюунбатыг Б , Мөнх-Эрдэнэ, Г нар нийлж байгаад тал талаас нь цохиж зодоод байсан. Харин намайг цохиж, зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11497 дугаартай шинжээчийн:

1. Э.Ганпүрэвийн биед баруун хөмсөгний гадна дээд гадаргуу, хамрын уг, баруун хацрын төвгөр, эрүүний зулгаралт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зүүн хөлний гадна шагай хэсэг, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1246 дугаартай нэмэлт шинжилгээний:

1. Э.Ганпүрэвийн биед №11497 дугаартай дүгнэлтэд дурдсан баруун хөмсөг, хамрын уг, баруун хацар, эрүү, зүүн хөлийн шагай орчим, баруун шилбэний зулгаралт, дээд уруулын идээлж үрэвссэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт гэмтлүүдээс гадна 2 шүдний булгаралт буйлны урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хоёр  шүдний булгаралт, буйлны урагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хоёр  шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-иар тогтонги алдагдуулна. Шинжээч эмч М.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/,

- Хохирогч Г.Оюунбатаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 13-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Оюунбатын өгсөн: ...Тэгээд сууж байхад ахлах ажилтан Бат-Ирээдүй гэх залуу Ганпүрэв бид хоёрын өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд “би угаасаа өгдөг юм” гэсэн. Тэгээд үүдэнд гарсан Бат-Ирээдүй, Ганпүрэв хоёр нь хоорондоо маргалдаж байхад Жаргал бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгээд бүгд караокенаас гарсан. Тэгээд Батмягмар, Тамир, Ганпүрэв бид 4 найр болж байсан айлдаа очих гээд алхаж байхад замын цаад талаас Бат-Ирээдүй, Б , Г.Г  , Мөнх-Эрдэнэ, Эрдэнэтуяа, Барамсай нар дуудсан. Тэгээд Ганпүрэв бид хоёр очсон. Бид хоёрыг очиход Бат-Ирээдүй гэх залуу хэл амаар доромжилсон. Тэгээд бид хэд хоорондоо маргаж байгаад хоорондоо зодолдож эхэлсэн. Би Мөнх-Эрдэнэ гэх залуутай зодолдсон. Би хэдүүлээ одоо зодооноо болиод салцгаая гэж хэлсэн тэр үед Б  хажуунаас миний зүүн талын шанаа руу цохисон. Тэгээд бид хоёрын голоор хүн орж болиулсан учир би Б тэй эргэж зодолдоогүй. Тэгээд байж байсан чинь Мөнх-Эрдэнэ намайг урд талаас куртикээр боосон. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийн хацар руу цохисон. Тэгээд байж байхад Г.Г гэх залуу миний ард талаас намайг жийсэн. Тэгэхээр нь би буцаагаад цохисон. Удалгүй Б хажуунаас намайг татаад хавирч унагаасан. Уначихаад харахад Б  нь намайг дээрээс толгой руу дэвссэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Б , Г.Г нар нь намайг дэвссэн. Би босч ирээд одоо хэдүүлээ больё гэж хэлсэн. Тэр үед Г.Г нь миний шүд рүү цохисон. Тэгээд бид хоёр салаад байж байхад байрны эзэн Энхмөнх нь ирээд бид хэдийг салгаад тэнд байсан хүмүүсийг таксинд суулгаад явуулсан. Бид хэд ер нь нилээн уусан болохоор согтолт бол байсан. Болсон асуудлын 90%-ийг санаж байна. Миний хувьд хүнтэй маргалдсан асуудал байхгүй. Зодоон дунд нь орчихсон. Миний үүдэн 2 шүд хөдөлсөн. Толгой шалбаралттай, нуруун дээрээс дэвссэн болохоор цээж өвдөөд байгаа шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11499 дугаартай шинжээчийн:

1. Г.Оюунбатын биед зүүн дээд үүдэн 1-2-р шүдний сулрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Б гийн өгсөн: ... Ганпүрэв Мөнх-Эрдэнэтэй хэрүүл хийж байсан. Би тэр үед гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгээд би дотогшоо ортол караокены тэкний тэнд Ганпүрэв, Доёндиваа, Мөнх-Эрдэнэ нар нар маргалдаж байхаар нь Барамсай бид хоёр  салгасан. Тухайн үед би тэднийг салгаж байхад Ганпүрэв нь надтай ноцолдож байгаад миний өмдний бүсийг тасалсан. Тухайн үед караокены ресепшн цагдаа дуудсан. Дуудлагын дагуу цагдаа нар ирээд биднийг тарааж, гаргаж явуулсан. Сүүлд Г.Г   бид хоёр үлдэж караокены төлбөр тооцоог нь төлөөд гадаа гартал караокены гадна Ганпүрэв, Оюунбат, Тамир, Батмягмар дөрөв  зогсож байсан. Тамираа нь Г.Г   бид хоёрыг одоо ингээд ажлаас чинь халчихсан, зайл гичий минь гэх зэргээр бид хоёрыг хэл амаар доромжилсон. Тухайн үед нь чи чадахгүй гэх зэргээр Тамиртай маргалдсан. Тэгэхэд Тамирын цаанаас Оюунбат гадуур хувцсаа тайлаад надтай зодолдох маягтай ирж байсан. Тэр үед Мөнх-Эрдэнэ ах хаанаас ч юм мэдэхгүй гараад ирчихсэн байсан...Тэгээд араас Оюунбат дахиад ажилгүй болсон зайлцгаа гээд байхаар нь би ганцаараа буцаж очоод гадуур хувцсаа тайлаад Ганпүрэвтэй хэд хэдэн удаа харилцан цохилцсон. Тэр үед Г.Г   дахиад дундуур орж салгаж, миний хувцсыг өмсүүлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд цаад талд Мөнх-Эрдэнэ ахыг Ганпүрэв араас нь үсдчихсэн, урдаас нь Оюунбат толгойгоороо нүүрэн тус газарт мөргөөд зогсож байсан. Тэгэхэд нь би очоод Ганпүрэвийг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохитол Ганпүрэв газар унаад өгсөн. Тэр үед Оюунбат нь буланд зогсчихоод хэл амаар доромжлоод байхаар нь очоод гэдсэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд хэрүүл зодоон болоод тарах маягтай болоод байж байтал Оюунбат нь Г.Г   руу хандаж чи ч гэсэн Ганпүрэвийг зодсон шүү, одоо ингээд ажлаасаа халагдлаа зайл гээд байсан. Тэр үед Г.Г   уурлаж Оюунбатыг нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон, харин би Г.Г  ыг салгасан...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шижээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Ганпүрэвийн биед би цохиж учруулсан. Харин Оюунбатын биед гэмтийн зэрэг тогтоосон шинжээчийн №11499 дүгнэлтийг мэдэхгүй байна. Би тухайн шөнө Оюунбаттай харилцан цохилцоход толгой, нүүрэн тус газарт нь цохиогүй харин сүүлд гэдэс рүү нь 1 удаа гараараа цохисон. Оюунбат нь Г.Г  ыг хэл амаар доромжлоод байхаар Г.Г   уурлаж түүний нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Ганпүрэвийг эмнэлэгт хэвтэж байхад нь 100.000 төгрөг шилжүүлж байсан. Түүний дараа надаас 7.000.000 төгрөг нэхэмжилсэн. Ганпүрэвийн нэхэмжилснээр би түүнд 7.000.000 өгөх гээд банкнаас зээл аваад мөнгөө авчихаад уулзах гээд Ганпүрэвтэй утсаар ярьтал Ганпүрэв нь шүүх цагдаагаараа заавал явах ёстой юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл шүүхээр нь явж хохирлыг чинь төлье гэж хэлээд хохирлыг төлөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-р тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Г.Г  ын: ... Тэгээд байж байтал араас удалгүй Ганпүрэв, Оюунбат, Доёндиваа гурав орж ирсэн. Караокедаа сууж байсан чинь Ганпүрэв, Бат-Ирээдүй нар хоорондоо маргалдаж зодолдсон. Тэгээд тэр дотор бөөн хэрүүл маргаан болж цагдаа нар орж ирээд хэрүүл маргааныг таслан зогсоогоод явцгаасан. Ингээд дотор сууцгааж байсан манай ажлын хүмүүс гарцгааж хамгийн сүүлд Б , бид хоёр үлдээд тооцоогоо хийчихээд араас нь гартал караокены гадна Ганпүрэв, Оюунбат нар Мөнх-Эрдэнийг дундаа хийчихсэн зодож байсан. Ингээд Б  бид хоёр очиж салгасан чинь Ганпүрэв, Оюунбат нар Б  бид хоёрт хандаж та хоёр одооноос ажлаасаа халагдсан гэж хэл амаар доромжилж эхэлсэн. Харин би Мөнх-Эрдэнэ ахыг боль гээд цааш нь дагуулаад явсан. Б  тэнд Ганпүрэвтэй муудалцаад эхэлсэн. Тэгээд Ганпүрэв, Оюунбат нар Б  рүү нийлж дайраад зодолдоод эхэлсэн. Тэгээд би Мөнх-Эрдэнэ ахыг цааш нь холдуулчихаад эргэж очоод Б г салгаж аваад явъя гээд дагуулаад явсан. Тэгтэл Б  тэнд гадуур хувцсаа тайлаад цээж нүцгэн явж байсан учир хувцасаа авах гээд эргээд очтол Ганпүрэв, Оюунбат нар Мөнх-Эрдэнэ ахыг дахиад зодож байсан. Тэгээд бид хоёр салгах гэтэл Ганпүрэв, Оюунбат нар Б  рүү зэрэг дайраад зодох гээд байсан. Тэгэхээр нь би Оюунбатыг чи яасан их хүнийг ажлаас халдаг юм гээд хавираад унагаачихсан. Тэгээд Оюунбат нь газар унаад, харин Ганпүрэв нь Б тэй зодолдсон. Оюунбат нь унаж босч ирчихээд над руу зодох гээд дайраад ирэхэд нь би нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохичихсон. Тэгтэд цаад талд Ганпүрэв Б тэй зодолдож байснаа доошоо хараад хэвтчихсэн. Тэгээд Оюунбат нь бас надад цохиулчихаад хэвтэж байсан Ганпүрэвийн хажууд толгойгоо бариад тонгойгоод хэвтчихсэн. Тэгээд удалгүй манай ажлын хүмүүс ирж салгаад бид нар тараад явцгаасан. Би тэр үед Оюунбатыг хавирч унагаад босч ирэхэд нь нүүрэн тус газарт нь гараараа нэг л удаа цохисон. Тэгээд Оюунбат толгойгоо бариад газар тонгойгоод хэвтчихсэн. Оюунбат нь караокенаас гараад өөр хүмүүстэй бас зодолдоод байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Би түүнийг цохихын хувьд цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-р тал/,

- Шүүгдэгч Ч.Б , Г.Г  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77, 79, 85, 86 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Ч.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Queen нэртэй караокены гадна иргэн Э.Ганпүрэвийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

            Г.Г  нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Queen нэртэй караокены гадна иргэн Г.Оюунбатыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ганпүрэвийн өгсөн “...Миний үүдэн 2 шүд унасан, уруул сэтэрсэн, нүүр шалбарсан, баруун талын далны доод хэсэгт хөхөрсөн, одоо өвчтэй байгаа шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Оюунбатын өгсөн “...Тэгээд сууж байхад ахлах ажилтан Бат-Ирээдүй гэх залуу Ганпүрэв бид хоёрын өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд “би угаасаа өгдөг юм” гэсэн. Тэгээд үүдэнд гарсан Бат-Ирээдүй, Ганпүрэв хоёр нь хоорондоо маргалдаж байхад Жаргал бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгээд бүгд караокенаас гарсан. Тэгээд Батмягмар, Тамир, Ганпүрэв бид 4 найр болж байсан айлдаа очих гээд алхаж байхад замын цаад талаас Бат-Ирээдүй, Б , Г.Г  , Мөнх-Эрдэнэ, Эрдэнэтуяа, Барамсай нар дуудсан. Тэгээд Ганпүрэв бид хоёр очсон. Бид хоёрыг очиход Бат-Ирээдүй гэх залуу хэл амаар доромжилсон. Тэгээд бид хэд хоорондоо маргаж байгаад хоорондоо зодолдож эхэлсэн. Би Мөнх-Эрдэнэ гэх залуутай зодолдсон. Би хэдүүлээ одоо зодооноо болиод салцгаая гэж хэлсэн тэр үед Б  хажуунаас миний зүүн талын шанаа руу цохисон. Тэгээд бид хоёрын голоор хүн орж болиулсан учир би Б тэй эргэж зодолдоогүй. Тэгээд байж байсан чинь Мөнх-Эрдэнэ намайг урд талаас куртикээр боосон. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийн хацар руу цохисон. Тэгээд байж байхад Г.Г   гэх залуу миний ард талаас намайг жийсэн. Тэгэхээр нь би буцаагаад цохисон. Удалгүй Б  хажуунаас намайг татаад хавирч унагаасан. Уначихаад харахад Б  нь намайг дээрээс толгой руу дэвссэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Б , Г.Г   нар нь намайг дэвссэн. Би босч ирээд одоо хэдүүлээ больё гэж хэлсэн. Тэр үед Г.Г   нь миний шүд рүү цохисон. Тэгээд бид хоёр салаад байж байхад байрны эзэн Энхмөнх нь ирээд бид хэдийг салгаад тэнд байсан хүмүүсийг таксинд суулгаад явуулсан. Бид хэд ер нь нилээн уусан болохоор согтолт бол байсан. Болсон асуудлын 90%-ийг санаж байна. Миний хувьд хүнтэй маргалдсан асуудал байхгүй. Зодоон дунд нь орчихсон. Миний үүдэн 2 шүд хөдөлсөн. Толгой шалбаралттай, нуруун дээрээс дэвссэн болохоор цээж өвдөөд байгаа шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Тамирын өгсөн “...караокены өрөөнд зарим хүмүүс сууж үлдсэн байсан. Ингээд би өрөө рүү буцаж ороод “гадаа байгаа хүмүүсээ аваач ээ” гэж хэлчихээд гараад зогсож байтал караокены гадна Б  гэнэт Ганпүрэвийг нүүрэн тус газарт гараараа газар унатал цохисон. Тухайн үед Оюунбат нь Ганпүрэвийг өмөөрөх гээд Б  дээр очтол Б  түүнийг нүүрэн тус газарт нь цохиод газар унагаагаад шилэн хүзүүн дээр нь дэвсэж байсан. Тэр үед Б гээс өөр хүн оролцоогүй. Тэгээд би уйлаад ойртоод очиход Оюунбат түрүүлж босч ирээд Ганпүрэвийг босгосон. Гэтэл Ганпүрэвийн 2 шүд нь унасан, уруул нь сэтэрсэн, цус гарчихсан байсан. Мөн духанд нь халцарсан байсан...Миний харснаар Ганпүрэв, Оюунбат хоёрыг Б  ганцаараа зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Батмягмарын өгсөн “...Тэгээд Б  нь Ганпүрэвтэй караоке дотор муудалцсандаа шаралхсан юм уу яасан юм Ганпүрэв рүү дайраад агсраад эхэлсэн. Тухайн үед Ганпүрэв, Б  нар муудалцаж байгаад Ганпүрэвийг Б  зодсон, харин Ганпүрэв эсэргүүцэл үзүүлж, харилцан зодолдох чадваргүй согтуу байсан. Тэгээд Б д хэд, хэд цохиулаад хамар, амнаас нь цус гарчихсан. Тэгээд би караоке руу ороод цэвэр ус, салфетка авч гараад Ганпүрэвийн нүүр амыг цэвэрлэж өгсөн. Тухайн үед Ганпүрэв нилээн согтсон байдалтай газар сууж байсан. Тэр хооронд Г, Б  нар цааш явж байгаа харагдсан. Тэр хооронд Оюунбат, Мөнх-Эрдэнэ нар муудалцаж, барилцаж авсан. Тэгээд би Ганпүрэвтэй хамт тэр хоёрыг салгах гээд байж байсан чинь цаанаас Б , Г нар гүйж ирээд Б  нь Ганпүрэвийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаасан. Ганпүрэвийг цохиж унагаачихаад Б , Г, Мөнх-Эрдэнэ нар Оюунбат руу дайрч агсарсан. Тухайн үед Оюунбатыг тэр 3 тал талаас нь дайрч агсраад нийлж, цохиж зодож байгаад газар унагаасан. Оюунбат харин унахдаа Ганпүрэвийн дээр нь шахуу хөлөн дээр нь унасан. Тэр үед Б г салгаад цааш аваад явсан. Тэр хооронд Г, Мөнх-Эрдэнэ нар Оюунбат, Ганпүрэв нарыг дээрээс нь өшиглөж, дэвсэлж байгаа харагдсан. Яг хэнийг нь өшиглөөд байгаа нь харагдаагүй. Б  Ганпүрэвийг зодож, цохисон. Тэр үед Ганпүрэвийн шүд унаж, хамар, амнаас нь цус гарсан. Харин Оюунбатыг Б , Мөнх-Эрдэнэ, Г нар нийлж байгаад тал талаас нь цохиж зодоод байсан. Харин намайг цохиж, зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/, яллагдагчаар өгсөн Ч.Б , Г.Г  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11499, 1246, 11497 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б , Г.Г  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Амараар дамжуулан эмчилгэний зардалд 3.773.050 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.920.845 төгрөг нийт 8.543.895 төгрөгийг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар …бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас  дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Хохирогч Э.Ганпүрэв нь эмчилгээний зардалд 240.000+10.000+20.000+10.000 +10.000+10.000+1750+40.000+24.500+31.200+7200+42.400+23.500+20.000+2.675.000+72.000+450.000+35.000+8000=3.730.550 төгрөгийн баримтыг ирүүлснийг баримтыг үндэслэн шүүгдэгч Б гээс хохирогчид өгсөн 100.000 төгрөгийг хасч 3.630.550 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 156-161-р тал/

Харин хохирогч Э.Ганпүрэв нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4.920.845 төгрөгийг нэхэмжилж байх ба Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11497 дугаартай шинжээчийн болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1246 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-иар тогтонги алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/ гарсан байна.

Иймд хохирогч Э.Ганпүрэв нь хөдөлмөрийн чадвар алдсанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаарх нотлох баримтаа бүрдүүлж, мөн хохирогч Г.Оюунбат гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Б , Г.Г  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б , Г.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Г, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чулуунбаатарын Б , Ганболдын Г.Г   нарыг тус тус 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г, Ч.Б  нарт тус тус оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.   

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г, Ч.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Г  нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ч.Б /РД:ТБ87122871/-ээс 3.630.550 /гурван сая зургаан зуун гучин мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан хохиоргч Энхтөрийн Ганпүрэвт /РД:УК9010 1819/ олгоугай.

6. Хохирогч Э.Ганпүрэв, Г.Оюунбат нар нь гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г, Ч.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ