Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 111/ШШ2017/0025

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэчмаа, нэхэмжлэгч Ж.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өнөржаргал нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ж.Ганбатын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргаар томилохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Лус овогт Жаргалын Ганбат нь 1985 онд төрсөн. 32 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Баацагаан сумын Засаг даргаар ажиллаж байна. Ж.Ганбат би Монгол улсын орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Баацагаан сумын Засаг даргад нэр дэвшин олонхийн санал авч томилох эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг дарга Г.Батжаргал даргад уламжилсан боловч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу томилохгүй 2 удаа татгалзсан хариу хүргүүлэн тодорхой шалтгаангүй зүйлээр томилохгүй байгаа тул хуульд заасны дагуу Баацагаан сумын Засаг даргаар томилуулж өгөхийг даалгаж томилох шийдвэр гаргуулж өгөхийг хүсэж байна. Нийтийн албанд нэр дэвшихээр Монгол Улсын Авилгатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар мэдүүлгээ явуулж хянуулсан болно” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие Монгол улсын орон нутгийн 7 дахь сонгуулийн үр дүнгээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас нэр дэвшээд Баянхонгор аймгийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу нэг удаа буцаасан. Үүний дагуу Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал хуульд заасан хугацаанд дахин хуралдаж дахин миний нэрийг дэвшүүлсэн боловч хуульд заасан үндэслэл шалтгаангүйгээр томилохоос татгалзсан байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд ирүүлсэн Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Ж.Ганбат нь Баацагаан сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баацагаан сумд хог тээврийн машин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтгүй эрх мэдэл, албан тушаалаа урвуулан иргэн Сандагсүрэнтэй 2014 оны 4 дүгээр сарын 02-нд гэрээ байгуулж, “АТLAS” маркийн 71-40 улсын дугаартай хуучин машиныг 18300000 төгрөгөөр худалдан авч, төрд 18300000 төгрөгийн хохирол учруулсан болохыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Дэлгэржав шалган тогтоосон. Харин тухайн албан тушаалыг хашиж байхдаа төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчин албан тушаалаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь шалган тогтоогдож гагцхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа.

2. Ж.Ганбат нь 2014 онд ЕБС-ийн дотуур байрны засварын 107,8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн гэрээнд захиалагчийг төлөөлж гэрээ байгуулсан. Их хэмжээний хөрөнгө зарцуулсан энэхүү гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн төдийгүй уг барилгын засварын ажлыг өнөөг хүртэл улсын комисс хүлээн аваагүй.

Хийсэн засварын ажил чанаргүй хийгдсэн, тендерийн санхүүжилтийг гүйцэтгэгч талд бүрэн олгоогүй зэрэг зөрчил гаргасан. Ж.Ганбат удаа дараа төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдал нь цаашид Засаг даргаар ажиллуулах боломжгүй гэж үзэхэд хүргэсэн тул сумын ИТХ-ын хуралдааны саналыг хүлээн авахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Ганбатыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргаас татгалзах 2 саналыг шүүхэд тайлбараар хүргүүлсэн байгаа. Эхний удаа Баянхонгор аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу буцаасан байгаа.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Наранбаатарыг сэлгүүлэн ажиллуулж, 2 жилийн хугацаа өнгөрөхөд дур мэдэн дахин 1 жилийн хугацаагаар шийдвэрийг сунгасан гэсэн үндэслэл байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь заалтыг зөрчиж 18.300.000 төгрөгийн хогийн машин худалдаж авсан. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бүрэлдэхүүнтэй байна гэдэг үндэслэлээр буцаасан гэсэн албан ёсны прокурорын мэдэгдэл ирсэн. Сумын Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт “Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна” гэж заасны дагуу аймгийн Засаг даргаас Ж.Ганбат даргыг Наранбаатартай холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай албан бичиг явуулсан. Сүүлд нь аймгийн Засаг даргын Ж.Ганбат даргын 2013 оны 55 тоот шийдвэр, 2015 оны 45 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Энэ хүчингүй болгосон шийдвэрийг Ж.Ганбат дарга биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/05 дугаар “Сумын засаг даргыг сонгох” тухай тогтоол гаргаж,сумын иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Ганбатыг, Баацагаан сумын засаг даргад томилуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлэхэд Баянхонгор аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1а/374 дүгээр “Санал татгалзах” тухай албан бичиг буцаан хүргүүлсэн байна. “Санал татгалзах” тухай албан бичгийг хүлээн аваад сумын Иргэдийн төлөөөгчдийн хурал Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг хуралдуулж , Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/05 дугаар “Сумын Засаг даргыг сонгох” тухай тогтоол гаргаж, дахин Ж.Ганбатын нэрийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Уг албан бичгийг хүлээн аваад Баянхонгор аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Ж.Ганбатын “хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлэг хянуулах” тухай албан бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1а/914 дүгээр албан бичгээр Авилгатай тэмцэх газарт хүргүүлж , Авилгатай тэмцэх газраас Ж.Ганбатын мэдүүлгийг хянан үзээд “тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхолын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэсэн хариу ирсэн нь Ж.Ганбатыг Баацагаан сумын Засаг даргаар томилохгүй байх үндэслэлгүй болсон байна .

Гэтэл Баянхонгор аймгийн засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1а/69 дугаар “Татгалзал хүргүүлэх” тухай албан бичгийг Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн байна . Хариуцагч хоёрдахь удаагаа татгалзсан шалтгааныг тайлбарлахдаа: “Ж.Ганбатад холбогдуулан шалгасан, байгууллагад 18300000 төгрөгийг хохирол учруулсан эрүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болсон, харин Засаг даргаар ажиллаж байсан Ж.Ганбат байгууллагад 18300000 төгрөгийг хохирол учруулсан нь тогтоогдоод байна.” гэж тайлбарладаг бөгөөд энэ нь Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5/167 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах” тухай тогтоол, Баянхонгор аймгийн прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2/324 дүгээр “Хүсэлтийн хариу хүргүүлэх” тухай албан бичиг, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах” санал зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тайлбарлахдаа: Баянхонгор аймгийн Засаг дарга нь эхний удаа татгалзсан хариуг Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхэд хуулинд заасан эрхийнхээ хүрээнд гаргаж байна гэж хүлээн зөвшөөрч сумын иргэдийн төлөөлөгчдйн хурал хуралдаж Засаг даргад нэр дэвшүүлж санал хураалт явуулж дахин миний нэр дэвшүүлсэн . Гэтэл аймгийн Засаг дарга дахин татгалзсан хариу хүргүүлсэн .Үүнийг би эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан аймгийн Засаг дарга нь хуулиараа хоёрдахь удаагаа нэр дэвшүүлсэн хүнийг татгалзах эрх байхгүй гэж үзэж байна. Мөн намайг дахин нэр дэвшүүлэхэд Авилгатай тэмцэх газарт миний хувийн ашиг сонирхолыг урьдчилсан мэдүүлэг хянуулах тухай албан бичгийг хүргүүлж хариу нь ирсэн байдаг үүнийг би намайг томилоход харшлах зүйлгүй болсон гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга эхний татгалзсан шаалтгаанаа Сумын тамгын газрын даргыг хууль бусаар сэлгэн ажиллуулсан захирамжийг хүчингүй болгосон боловч түүнийг биелүүлж ажиллаагүй, төрийн албаны захирах захирагдах ёсыг зөрчсөн гэж тайлбарладаг сумын Тамгын газрын даргыг сэлгэн ажиллуулсан захирамжийг 2 шатны шүүх шийдвэрлэсэн . Би энэ шийдэрүүдийг хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу байсан, хуучин ажиллаж байсан Тамгын газрын даргыг томилох гэж байсан юм . Харин хоёрдахь удаагийн татгалзалд дурьдсан хууль бусаар 18300000 төгрөгөөр хувь хүнээс хог тээврийн машин худалдаж авсан гэдэг асуудалд пжокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад хэрэгсэхгүй болгосон учраас хүлээн зөшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй, нэмэгдүүлэхгүй. Би өөрөө Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч учраас татгалзсан хариуг сумын хуралд ирэхэд танилцаад шүүхэд нэхэмжлэл гаргасан .Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/09 дүгээр “Оюунболдыг Сумын засаг даргад нэр дэвшүүлсэн” тогтоол гаргахад би өөрөө байсан гэж тайлбар гаргадаг бөгөөд энэ нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/05 дугаар “Сумын засаг даргыг сонгох” тухай тогтоол, Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэл, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/05 дугаар “Сумын засаг даргыг сонгох “тухай тогтоол, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл,Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/09 дүгээр “Сумын засаг даргад нэр дэмшүүлэх” тухай тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1а/69 дугаар “Татгалзал хүргүүлэх” тухай Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1а/374 дугаар “Санал татгалзал” тухай албан бичиг, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хоёрдахь удаа нэр дэвшүүлсэн Ж.Ганбатыг томилоогүй нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт ...”Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй. “... гэж заасныг зөрчсөн байна .

Хэдийгээр Ж.Ганбатыг Баянхонгор аймгийн Засаг дарга Баацагаан сумын Засаг даргаар томилох зүйтэй байсан боловч нэхэмжлэгч нь хоёрдахь татгалзалтай өөрөө танилцсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэхгүй, өөрчлөхгүй гэж үзэж байгаа нь нэхэмжлэгч өөрөө уг татгалзлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй .

Мөн хоёрдахь татгалзлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хүлээн зөвшөөрч дахин өөр хүний нэр дэвшүүлсэн байх бөгөөд уг захиргааны актад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэхгүй, өөрчлөхгүй гэж үзэж байгаа нь өөрөө уг актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна . Шүүх хуралдааны явцад шүүгчээс нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, өөрчлөх эсэхийг асуухад нэмэгдүүлэхгүй, өөрчлөхгүй гэж тайлбар гаргасан нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1а/69 дугаар “Татгалзал хүргүүлэх” тухай албан бичгийг” би сумын Иргэдийн төлөөлөгч , миний нэрийг Засаг даргад хүргүүлсэн байсан учраас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мэдэж байсан” гэх, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/09 дүгээр “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай тогтоолыг ” 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би уг хуралдаанд өөрөө оролцсон учраас мэдэж ” гэх тайлбаруудыг гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1а/69 дугаар “Татгалзал хүргүүлэх” тухай албан бичиг, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/09 дүгээр “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай тогтоолыг шүүхээр хянуулах, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Ж.Ганбатын шүүхэд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад нэрээ дэвшүүлж ,Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олонхийн санал авч томилуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч Баянхонгор аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1а/374 дугаар “Санал татгалзал” тухай , Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1а/69 дугаар “Татгалзал хүргүүлэх тухай “албан бичгээр татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг баримтлан Ж.Ганбатын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргаар томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн доторЗахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ