Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 112/2020/0013/З |
Дугаар | 221/МА2020/0625 |
Огноо | 2020-12-03 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2020/0625
Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Бын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Бгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр:
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг нэр дэвшигчээр бүртгэхийг Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгуулийн хуваарьт ажлын дагуу нэр дэвшигчдийн материалыг эцэслэн хүлээн авсан. Нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд хүлээн авсны дараагаар “М” ХХК-ийн 59 хувийг эзэмшигч Б.Б нь өөрийн эзэмшлийн хувийг дүү Б.Бцд шилжүүлсэн, мөн өөрийн эзэмшлийн “А” ХХК-ийн 50 хувийг дүү Б.Бцд шилжүүлсэн зэрэг үйлдэл нь өөрийн эзэмшлийн өртэй компанийг бусдад гэрээгээр халхавчлан шилжүүлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихээр материал хүлээн авах хугацаа дууссаны дараа улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь орон нутгийн сонгуультай холбоотой бөгөөд Үндсэн хуульд заасан хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг хэрэгжүүлэхээс татгалзсан атлаа, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхийг минь зөрчлөө гэж маргасан хууль бус үйлдлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.
Аймгийн Сонгуулийн хороонд нэхэмжлэгч Б.Б нь 09 дүгээр сарын 09-ний өдөрт багтааж өгсөн баримт хавтаст хэргийн 79-96 дугаар хуудаст авагдсаныг анхан шатны шүүх үнэлж үзсэнгүй.
Шүүхийн шийдвэрт "... 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “М” ХХК-ийн дүрмийн 1.3, 5.2.1-т компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр С.Б 59 хувь, Б.Бц 41 хувьцааг эзэмшигчээр дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б-ыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т “татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх” гэж заасны дагуу “М” ХХК-ийн 59 хувийн хувьцаа эзэмшдэг, өөрийн хувьцаа эзэмшдэг компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өртэй гэж үзэх боломжгүй байна гэсэн нь хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй гэж үзэхээр байна.
Учир нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн баазад бүртгэгдээгүйг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 911 тоот албан бичгээр “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг дэлгэрэнгүй байдлаар ирүүлсэн бөгөөд уг лавлагаагаар С.Б 41 хувь, Б.Б 59 хувийн хувьцаа эзэмшдэг болох нь тогтоогдож байна.
Аймгийн Сонгуулийн хороо нь эрх бүхий төрийн байгууллагаас ирүүлсэн баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс төрийн эрх бүхий байгууллага болох улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, тодорхойлолтыг үгүйсгэж байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагааг үл ойшоосон, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрт “...өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “М” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болох бөгөөд...” гэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлаагүйг харуулж байна
Б.Б-ын хувьцаа эзэмших асуудлыг нь улсын бүртгэлд өөрчлөлт хийж бүртгүүлэхдээ хуулийн дагуу бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн шүүхэд гэрчээр гаргасан тайлбараар ажлын бус цагаар, материал дутуу, эх хувиараа биш, хууль зөрчиж төрийн албан хаагчид нөлөөлж бүртгэл хийлгүүлэхээр оролдсон байна. Мөн Б.Б-ын хувьцаа 59 хувь, 41 хувь гэсэн зөрүүтэй байдлаар материалаа ирүүлсэн байна. Зөрүүтэй байдлаа арилга гэхээр материалаа авчирч өгдөггүй гэж байгаа нь материалаа дутуу бүрдүүлсэнтэй холбоотой улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн баазад анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед бүртгэгдээгүй байсан гэж үзэхээр байна.
Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн мэдээллийн санд мэдээлэл буруу бүртгэгдсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргасны үндсэн дээр тухайн мэдээллийг залруулах боломжтой бөгөөд нэхэмжпэгчийн хувьд материалаа дутуу бурдүүлж өгсөн, хувьцааны мэдээлэл нь зөрүүтэй байдлаар ирүүлсэн учраас бүртгэлд алдаа гарч анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй байсан зэргийг анхан шатны шүүх дүгнэж үзсэнгүй.
Б.Б нь сонгуульд нэр дэвшихийн тулд өөрийн эзэмшдэг “М” ХХК-ийн татварын өрийг барагдуулахаас зайлсхийж, төрийн байгууллагын төрийн албан хаагчид хууль бусаар нөлөөлж улсын бүртгэлийн өөрчлөлт хийлгэхээр оролдож, гэрчилгээ гаргуулсан гэж үзэж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар тойрогт Б.Б нь аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж материалаа бүрдүүлсэн бөгөөд тус намаас Б.Бын оронд Г.Г-г нөхөн нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, хуульд заасан материалыг бүрдүүлэн ирүүлснийг хэргийг хянан шийдвэрлэхдээ огт харгалзан үзээгүй нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ нь аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийг шийдвэрлэхээс өмнө Ардчилсан намын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Ардчилсан нам нь Б.Б-ыг нэр дэвшүүлэхээс татаж нөхөн нэр дэвшүүлэлт зохион байгуулсан нь Б.Б-ыг нэр дэвшигч гэж үзэх үндэслэлгүй болгож Сонгуулийн маргаан үүсэх боломжгүй болгож байгаад дүгнэлт өгсөнгүй.
Нэхэмжлэгч Б.Б нь “М” ХХК болон “А” ХХК-иудыг Б.Бц-д шилжүүлэхдээ Г.А гэх этгээдэд итгэмжпэл олгож холбогдох гэрээг байгуулсан бөгөөд Говь-Алтай аймгийн тойргийн нотариатч С.С 0773 бүртгэлийн итгэмжлэл баталсан нь хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан байна. Тус итгэмжлэлд итгэмжпүүлэгч Г.А гарын үсэг зурж баталгаажуулаагүй бөгөөд бусад гэрээг хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэлгүйгээр байгуулсан гэж үзэхээр байна.
Хавтаст хэргийн 111-112 дугаар хуудаст Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн бүртгэгчийг гэрчээр байцаасан бөгөөд тухайн мэдүүлэгт: 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажил тарсны дараа /оройн цагаар/ Ерөнхий газрын дарга Ж.А-аар яриулж бүртгэл хийлгүүлсэн. Гэрээ, тогтоол шийдвэр, дүрмийн өөрчлөлт итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүрмийг сканнердаж ирүүлсэн тул айжуу бүртгэсэн гэх мэдүүлэг нь хууль зөрчиж бүртгэл хийлгэснийг, албан тушаалтнаар нөлөөлсөн болохыг тодорхой харуулж байхад анхан шатны шүүх үнэлэлт өгсөнгүй. Мөн тухайн материалууд эх хувиараа байхгүй байхад улсын бүртгэлийн мэдээллийг хууль, журам зөрчиж өөрчилж байгаа төрийн албан хаагчийн үйлдэлд үнэлэлт өгсөнгүй. Хууль зөрчиж бүртгэл хийлгэхийг даалгасан албан тушаалтан, эх хувь материалгүй байхад үндэслэлгүйгээр бүртгэлд өөрчлөлт оруулсан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанаас болж аймгийн Сонгуулийн хорооны хууль ёсны шийдвэр маргаан дагуулах хэмжээнд очиж байгаад хууль ёсны дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэнгүй. Хууль бус бүртгэл, хууль бусаар ажилласан төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хуулийн дагуу үнэлэлт өгөөгүй байтлаа хууль ёсоор гаргасан аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зүй нь улсын бүртгэгчийн хууль бус бүртгэлийг хүчингүй болгож шийдэх ёстой.
Гэрчийн мэдүүлэгт: “Хурлын шийдвэр тогтоол дүрэм дээр дандаа Б.Б-ын хувьцаа 59 хувь, 41 хувь гэсэн зөрүүтэй байдлаар ирээд байдаг. Би тухайн үед материал зөрүүтэй байна. Зөрүүтэй байдлаа арилга гэхээр надад материалаа авч ирж өгдөггүй. Материалаа авч ирээд өгчих юм бол манайхаас хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаад засварлах боломжтой. Тэгэхээр шийдвэр, компанийн дүрэм дээр зөрүүтэй байдаг” гэж мэдүүлсэн байна. Энэ мэдүүлгээс харвал анхан шатны шүүхийн шийдвэр гарах хугацаанд /гарах үед/ улсын бүртгэлийн программд Б.Б нь “М” ХХК-ийн 59 хувийн эзэмшигч хэвээр байсан бөгөөд хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргаж байж тухайн мэдээллийг засварлах боломжтой талаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрч мэдүүлсэн байна. Тэгэхээр 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар мэдээллийн санд Б.Б нь “М” ХХК-ийн 59 хувийг эзэмшигчээр бүртгэлтэй бөгөөд хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гараагүй байжээ гэж ойлгохоор байна. Энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт өгсөнгүй.
2020 оны 09 дүгээр сарын 18-нд улсын бүртгэлийн лавлагааны хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл дээр Б.Б 59 хувийг эзэмшдэг, идэвхтэй гэж улсын бүртгэлийн газрын даргын гарын үсэгтэй албан тоот лавлагаа ирсэн бөгөөд аймгийн Сонгуулийн хороо эрх бүхий байгууллагын лавлагаа тодорхойлолтыг үндэслэж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тогтоолоо хэвээр үлдээсэн.
Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч Б.Б-ыг нэр дэвшигчээр бүртгэхийг Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай гэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Аймгийн Сонгуулийн хороог хууль зөрчихийг даалгаж байна гэж үзэж байна.
Аймгийн Сонгуулийн хорооны гишүүд нь төрд тангараг өргөсөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид байдаг бөгөөд төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах чиг үүрэгтэй байгуулагдан ажиллаж байгаа. Гэтэл Б.Б-ыг нэр дэвшигчээр бүртгэ гэж хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн нь төрийн байгууллагын шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж, сонгуулийн хорооны үйл ажиллагаагаа хэвийн, хуулийн дагуу явуулах хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг алдагдуулж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 08-ний өдрийн 112/ШШ2020/0016 дугаартай нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Говь-Алтай аймгийн Ардчилсан намын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт Ардчилсан намаас Б.Б-ын нэрийг дэвшүүлж холбогдох материалыг Сонгуулийн хороонд хүргүүлжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-т Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно гэж зааснаар Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Татварын хэлтсээс сонгуульд нэр дэвшихээр материалаа бүрдүүлж ирүүлсэн хавсралтад дурдсан нэр дэвшигчдийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2 дахь заалтад заасан шаардлагыг хангасан эсэх талаарх мэдээллийг ирүүлэхийг хүссэний дагуу аймгийн Татварын хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/273 дугаар албан бичгийн хавсралтаар Б.Б-ын 59 хувийн эзэмшлийн “М” ХХК 123772309.9 төгрөгийн татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох лавлагааг ирүүлсэн байна.
Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэлд “...нэр дэвшигч Б.Б нь “М” ХХК-ийн 59 хувийг эзэмшдэг бөгөөд тус компани нь 123772309.9 төгрөгийн татварын хугацаа хэтэрсэн өртэй, ...болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар нотлогдсон байгаа ...Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн ...Б.Б, ...нарыг бүртгэхээс татгалзсан тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа гэж шийдвэрлэж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтыг үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Б нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар нотлогдож байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг гаргажээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт Сонгуулийн хороонд ирүүлж болох бөгөөд зөрчлийг арилгасан бол бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсантай холбоотой аймгийн Ардчилсан намын хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаар албан бичиг ирснээр Б.Б-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хэлэлцэхээр аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин хуралджээ.
Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлд “...нэр дэвшигч Б.Б “М” ХХК-ийн 59 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тус компани нь 123772309.9 төгрөгийн татварын хугацаа хэтэрсэн өртэй, ...болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар нотлогдсон учир нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан ....Ардчилсан намын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр Б.Быг нэр дэвшигчээр бүртгэхийг хүссэн ба үүнтэй холбогдуулан дахин Улсын бүртгэлийн хэлтэс болон Татварын хэлтсээс лавлагаа авсан... лавлагаанд Б.Б нь “М” ХХК-ийн 59 хувийн хувьцааг эзэмшдэг, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөр төлөгдөөгүй нь үнэн... зөрчлөө арилгаагүй гэж үзэн... Б.Б-ыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээе” гэж шийдвэрлэсэн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна”, 28.3.2-т “Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Бын тухайд аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/273, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/289 дүгээр албан бичгүүд, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 911 дүгээр албан бичгүүдээр “М” ХХК-ийн 59 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 123772309.3 төгрөгийн татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь тогтоогдсон байх тул түүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоол нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчөөгүй.
Нэхэмжлэгч Б.Б нь нэр дэвшигчдийн материалыг эцэслэн хүлээн авсны дараа өөрийн эзэмшлийн “М” ХХК-ийн хувьцааг Б.Бц-д шилжүүлэхээр гэрээ байгуулан, улмаар бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандсан нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой бөгөөд компанийн эрх, хувьцааг шилжүүлснийг зөрчлөө арилгасан гэж үзэж түүнийг нэр дэвшигчээр бүртгэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Хэдийгээр Б.Б нь “М” ХХК-ийн өөрийн эзэмшдэг 59 хувийн хувьцаагаа 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дүү Б.Бц-д шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлсэн, үүний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч аймгийн Сонгуулийн хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр холбогдох байгууллагуудад хандахад Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 911 дүгээр албан бичгээр “Б.Б нь “М” ХХК-ийн 59 хувийн хувьцаа эзэмшигч, байна”, аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/289 дүгээр албан бичгээр “Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орсон байх бөгөөд тус компанийн өр төлбөр төлөгдөөгүй байна” гэсэн лавлагааг ирүүлсэн байна.
Маргаан бүхий 13 дугаар тогтоол гарснаас хойш нэр дэвшигч Б.Б нь дурдсан зөрчлөө арилгаагүй, зөвхөн компанийн бүртгэлд өөрчлөлт оруулах ажиллагааг хэрэгжүүлсэн байх бөгөөд эрх бүхий этгээдийн лавлагаагаар “М” ХХК-ийн 59 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд татварын өр төлбөртэй болох нь тогтоогдож байх тул түүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.
Гэтэл анхан шатны шүүх “...аймгийн Сонгуулийн хорооны Б.Б-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 13 дугаар тогтоол нь эрх бүхий байгууллагын лавлагааг үндэслэн гаргасныг буруутгах боломжгүй боловч одоогийн нөхцөл байдал, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Б нь сонгуулийн хорооны шийдвэр гарахаас өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 08 өдөр 2749 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г байгуулж, “М” ХХК-ийн 41 хувь, 53300 ширхэг хувьцааг Б.Бц-д шилжүүлсэн ...Б.Б-ыг ... “М” ХХК-ийн 59 хувийн хувьцаа эзэмшдэг, өөрийн хувьцаа эзэмшдэг компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өртэй гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нөгөөтэйгүүр, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно”, 33.1.1-д “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан” гэж заажээ.
Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооноос Б.Б-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай холбоотой аймгийн Ардчилсан намын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Б.Б-ын оронд Г.Г-г нөхөн нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, түүний материалыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн нь нэхэмжлэгч Б.Б-ыг сонгуульд нэр дэвших хууль зүйн боломжгүй болсныг харуулж байна.
Нэгэнт нэхэмжлэгч Б.Б нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших хуулийн шаардлага хангахгүй нь эрх бүхий байгууллагуудын лавлагаагаар тогтоогдож байхад түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах шийдвэр гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 28 дугаар зүйлийн 28.7, 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулж гаргасан “...Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ