Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00354

 

Д.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаар шийдвэр

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар магадлалтай

Д.П-гийн нэхэмжлэлтэй

“Б”-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч “Б”-ийн төлөөлөгч С.Оюунбатын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П би Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтны албан тушаалд ажиллаж байсан бөгөөд “Б”-ийн захирал С.Оюунбат нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. “Б”-д 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвсайханы гаргасан тушаалаар уг албан тушаалд орж ажилласан ба 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/26 дугаартай тушаалаар уг албан тушаалд жинхэлсэн болно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын академид Төрийн удирдлагын менежмент чиглэлээр улирлын ангид 2016 оны 11 дүгээр сараас эхлэн суралцаж эхэлсэн ба хаврын улирлын хичээл нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эхэлсэн тул 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/29 дугаартай тушаалаар цалинтай чөлөө авсан билээ. Захирал С.Оюунбатын гаргасан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэсэн нь ажлаас чөлөөлөх үндэслэл биш байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэсэн нь ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад үндэслэсэн нь буруу, мөн тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д заасан заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлахтай ямар нэгэн холбоогүй байна. Мөн тушаалд Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дүрмийн 3.1, 5.4-т заасныг үндэслэсэн нь уг дүрмийг сургуулийн Удирдах зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02/2015 дугаартай тогтоолын 5 дахь заалтаар хүчингүй болгосон. Мөн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 7.1-д заасныг үндэслэсэн нь сахилгын зөрчил гаргаагүй байхад үндэслэсэн нь буруу байна, мөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 5.1-д заасныг үндэслэсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлахтай ямар нэгэн холбоогүй байна. Мөн тушаалын бичвэр хэсэгт “Улаанбаатар хотод суралцах нэрээр бүтэн 2 сарын туршид Хөдөө аж ахуйн мэргэжил сургалтын үйлдвэрийн төвийн захиралтай ямар нэгэн харилцаа холбоогүй тус байгууллага болон ажил олгогчийг үл ойшоон төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон хүн ёсны томоохон алдаа дутагдал гаргасаар ирсэн” гэсэн нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн зүйл заалтад харилцаа холбоо бариагүй, ажил олгогчийг үл ойшоох нь төрийн албан хаагчийн ёс зүйн болон хүн ёсны алдаа дутагдал гэж байхгүй байна. Миний хувьд ажил олгогчийг үл ойшоосон зүйл байхгүй. Мөн суралцаж байх хугацаандаа ажлын байрны үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор сургуулийн зүгээс дуудсан тохиолдол гараагүй билээ. Иймд намайг ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б”-ийн захирлаар миний бие 2010 оны 10 дугаар сард тус сургуулийг үүд хаалгаа нээхэд анхны захирлаар нь томилогдон ирж ажилласан. Тэр үеэс “Булган хангай” МСҮТ-ийн сургалтын албанд ажиллаж байсан Д.П-г мэдэх болсон. Гэтэл нэг их удалгүй захирал Ч.Оюунтуяа нь Д.П-г ажлаас нь халсан сураг байсан ба улмаар Д.П өөрөө над дээр ирж Ч.Оюунтуяа захирал намайг гэнэт халаад би ажилгүй болчихлоо. Та надад туслаач гэсэн. Тухайн үедээ би ажил орлогогүй залуу хүнийг өрөвдөж сайн яривал дэмжиж тусалсан, муугаар бол Хөдөө аж ахуйн мэргэжил сургалтын үйлдвэрийн төвийн захирлын тамга, гарын үсгээ ашиглуулсан. Үүний хүчинд Д.П манай сургуулийн нэр дээр аймгийн төвийн албан газруудаар компьютерийн төлбөртэй сургалтыг нэг хэсэгтээ явуулж, амь амьдралаа залгуулж байсан нь үнэн юм. ... Хөдөө аж ахуйн мэргэжил сургалтын үйлдвэрийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Намчингийн Пүрэвсайхантай сургуулийн орчимд архидан согтуурч өөрсдийгөө хянах чадваргүй болтлоо ухаан мэдрэлээ алдаж, хамт олныг доромжлон гутааж байж ажилд орсон гэлцдэг. Ямар нэгэн сонгон шалгаруулалт, ажлын ярилцлага албан ёсоор явагдаагүй бөгөөд чухамхүү танил тал, архины нөхдийн араншингаар ар хударгаар ажилласан бусармаг үйлдэл байсан гэж үздэг. Н.Пүрэвсайхан сургуулийн анхны багш, ажилчид болох 15 хүнийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан бөгөөд оронд нь орж ирсэн 15 хүний нэг нь Д.П мөнөөсөө мөн. Учир иймд өөрийн гаргасан тушаалын үндэслэл болгосон хүн чанар, мөн чанар, өөрийн үнэт зүйлс, сургуулийнхаа нэр хүндийг өнөөдөр энэхүү Д.П-гээс нэхэх эрхтэй гэж би үзэж байна. Хэрэв Д.П нь чадамжтай, ёс зүйтэй, хүн чанартай сайн ажилтан байсан бол “Булган хангай” МСҮТөв болон Булган аймгийн МХГазар шилдэг ажилтнаа юу юугүй ажлаас халахгүй байсан нь лавтай. Миний хувьд 2010 оноос өнөөг хүртэл Хөдөө аж ахуйн мэргэжил сургалтын үйлдвэрийн төвийн захирлаар ажиллахдаа тус төвийн хаалгаар орж ирсэн залуу хүн нэг бүрийг тосон угтаж тусалж дэмжсээр ирсэн нь бас үнэн юм. Ийм хүнтэй хамтарч ажиллахгүй гэдгээ би хамт олныхоо хурал дээр хариуцлагатай мэдэгдсэн шигээ өнөөдөр бас мэдэгдэж байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.П-г “Б”-ийн хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.П-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1254302 /нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун хоёр/ төгрөгийг хариуцагч “Б”-өөс гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Б”-өөс 34 653 /гучин дөрвөн мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар магадлалаар Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Б”-ийн төлөөлөгч С.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Б”-ийн захирал бөгөөд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай тушаалаараа Д.П-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Д.П бол “Б”-д анх ажилдаа орохдоо тус төвийн дотоод журмыг зөрчин ямар нэг сонгон шалгаруулалт, ажлын ярилцлагад оролгүйгээр хууль бусаар шургалсан этгээд. Мөн ямар нэгэн гавъяа байгуулаагүй хирнээ 40 хоногийн дотор шинэ ажлын байран дээрээ жинхэлж, улмаар Улаанбаатар хот руу сургуулийн зардлаар цалинтай чөлөөг 3 сараар авч суралцах нэрээр алга болсон. Энэхүү 3 сарын хугацаанд нэг ч удаа сургуультай холбогдоогүй. Булган суманд ирж очин байсан хирнээ захирал надтай уулзалгүй явдаг байсан. Нэг үгээр эргэж ирэх эсэх нь тодорхойгүй, хүнд суртал гарган байгууллагын удирдлага, хамт олныг үл ойшоож, хүндэтгэлгүй хандсаар ирсэн. Д.П нь захирал намайг гэнэт халагдаад байх үед сиймхий харж ажилд орсон гэдгийг нутаг орны хүмүүс сайн мэднэ. Нөгөө талаас Д.П нь газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй хирнээ “Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан” орон тоон дээр танил талын шугамаар, тал тохой татаж ийнхүү шургалсан нь дэндүү увайгүй алхам болсон бөгөөд гадаад харилцаа хариуцсан гэх боловч гадаад хэл нэгийг ч эзэмшээгүй нь гутамшиг юм. Эзэмшсэн мэдлэг боловсролоор дутуу дулимаг, өмнө нь тоо томшгүй олон газраар дамжсан, архины гүн хамааралтайн дээр сэхээтэн хүний ёс зүй, сахилга бат, ажлын хариуцлага гэх ойлголт уг хүнд даан ч байхгүй нь туйлаас харамсалтай. Учир иймд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.П нь “Б”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нь ажил олгогчийг үл ойшоон, төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон хүн ёсны томоохон алдаа дутагдал гаргасан..” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.П нь ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 тушаалаар ““Б”-”-д хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдож, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/26 тушаалаар албан тушаалдаа жинхэлж, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/29 тушаалаар “Удирдлагын академид Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа” үндэслэлээр 3 сарын цалинтай чөлөө авч, суралцаж байсан байна.

““Б”-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 тушаалаар  “Д.П нь ...Улаанбаатар хотод суралцах нэрээр бүтэн 2 сарын туршид ХАА-н МСҮТ-ийн захиралтай ямар нэгэн харилцаа холбоо барилгүй тус байгууллага болон ажил олгогчийг үл ойшоон, төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон хүн ёсны томоохон алдаа дутагдал гаргасаар ирсэн...” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3., ХАА-н МСҮТ-ийн дүрмийн 3.1., 5.4., Хөдөлмөрийн дотоод журмын 7.1., Хөдөлмөрийн гэрээний 5.1. дэх заалтуудыг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д заасан сахилгын шийтгэлийг “...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн” ажилтанд ногдуулах бөгөөд сахилгын шийтгэл хүлээх ажилтан нь дээр дурдсан гэрээ, журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон, нотлогдсон байхыг шаардана.

Ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 5.1.-д “...гэрээнд заагдаагүй, тодорхойгүй бусад асуудлыг Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад эрх зүйн актад заасны дагуу тодорхойлж, шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд харин Хөдөлмөрийн дотоод журам, “ХАА-н МСҮТ”-ийн дүрэм хэрэгт авагдаагүй байх тул ажилтан дээрх дүрэм, журмын ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр ажилтан сахилгын ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байхад ажил олгогч ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байх тул “...Д.П нь анх ажилд орохдоо Төвийн дотоод журмыг зөрчсөн, сургуулийн зардлаар цалинтай чөлөө авч суралцах нэрээр алга болсон, энэ хугацаанд сургуулийн удирдлагатай уулзаагүй, байгууллагын удирдлага, хамт олныг үл ойшоож, хүндэтгэлгүй хандсан, мэдлэг боловсрол дутуу дулимаг,...” зэрэг үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Б”-ийн төлөөлөгч С.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД