Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1347

 

 

 

 

 

 

 

  2019        08         29                                  2019/ШЦТ/1347

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч О.Э , түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан ҮД:06-78 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Э өд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03261 1690 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Э

Холбогдсон хэргийн талаар:

О.Э  нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхмэндийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э  мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Энхмэндийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Баянцээл” худалдааны төвийн орчимд явж байхад найз охин Хонгорзул /95943933/-тай хамт явж байхад бид хоёрын урд 2 согтуу залуу гуйваад явахгүй байхаар нь хажуугаар нь гартал сахалгүй намхан залуу нь ирээд намайг мөрлөхөөр нь аятайхан яваач гэхэд түүнтэй хамт явж байсан хуулз сахалтай /О.Э / залуу ирээд ахын дүү чи том юм уу гээд надтай маргалдсан. Би түүнтэй хамт явсан намайг мөрлөсөн залуутай зууралдсан байхад ууж явсан пивоныхоо шилээр миний духны баруун талд нэг удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан. Шилээр цохиулсны дараа хэнийг нь мэдэхгүй нэг нь миний нуруу гэдэс рүү өшиглөөд байх шиг байсан. Би тухайн үед гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан, өөр газарт очиж дахиж ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Би 30.000 төгрөгөөр сорвины тос авсан баримт нь байхгүй байгаа. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн, өөр баримт байхгүй. Би ресторанд зохион байгуулагчийн ажил хийдэг олон хүнтэй харьцдаг болохоор нүүр сорвитой болсноос болоод ажлаасаа гарсан. Би нүүрэндээ муухай сорвитой болоод үлдэж байгаадаа гомдолтой байна. Би миний биед гэмтэл учруулсан хүнээр нүүрнийхээ сорвийг арилгуулж, эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна. Өөр надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ганзоригийн өгсөн: ...тэгтэл Тунгалаг Оюун найзтайгаа харьлаа гээд түрүүлээд гараад явсан. Араас нь бид 2 удалгүй гараад Сансарын Баянцээлийн хажуу талын цагдаагийн постны дээд талд явж байгаад хоёулаа маргааш ажилтай болохоор эртхэн харьж амарцгаая гээд яриад явж байхад зам дээр үл таних хэдэн залуучууд байхаар нь бид 2 тойроод гараад явсан. Тэгтэл араас нэг залуу ирээд намайг түлхээд миний толгойны дагз хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед би хөл алдаад О.Э  рүү налахад О.Э  барьж авсан. Тэгээд О.Э  уг залууг чи яагаад зүгээр байгаа хүнийг цохиод байгаа юм бэ гэхэд яадаг юм бэ зайл гэх маягтай үг хэлээд О.Э  рүү дөхөж ирээд түүнийг 1 удаа цохиход О.Э ийн шүдний шил газарт унаад тэр 2 зууралдаж байсан. Тэгтэл нэг эмэгтэй орилж ирээд та нар яахаараа зүгээр байгаа хүнийг ингэдэг юм бэ гээд орилоод байсан. Уг нь уг залуу өөрөө эхэлж бид 2 цохисон байсан. Энэ үед О.Э  уг залууг толгой руу ууж байсан пивоныхоо шилээр 1 удаа цохисон. Тэгтэл уг залуугийн духнаас нь цус гараад байх шиг байсан. Тэгтэл цагдаа ирээд О.Э ийг аваад явсан, би араас нь очиход Баянцээлийн цагдаагийн хэсэг дээр байж байсан ба О.Э ийн гарнаас нь цус гарсан байсан. Ер нь үл таних залуу намайг эхэлж цохихоор нь О.Э  намайг өмөөрөөд түүнийг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 45-49-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6624 дугаартай шинжээчийн:

1. Б.Энхмэндийн биед духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, дух, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.Э ийн: ...2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл”-н орчимд буюу “Баясах трейд” супермаркетийн үүдэнд найз Ганзоригтой хамт караокед үйлчлүүлж байгаад гэр рүүгээ орох гээд явж байхад зам дээр хэдэн залуучууд шуугилдаад байсан. Би тэд нарыг хоорондоо муудалцаж зодолдсон байх гэж бодож байсан. Тэгтэл үл таних 1 залуу гарч ирээд Ганзоригийн шанаа орчимд гараараа 2 удаа цохихоор нь би дундуур нь ороод үл таних залууг цаашаа түлхсэн. Тэгтэл дахиад дайрахаар нь ууж байсан пивоныхоо шилээр толгойн духны орчимд 1 удаа цохисон. Би үл таних залууг шууд цохиогүй, манай найзыг 2 удаа цохисон. Би үл таних залууг 1 удаа цааш нь түлхсэн. Гэтэл зууралдахгүй улайраад дайраад байхаар нь гэнэт уур хүрээд түүнийг цохисон. Би хохирогч Б.Энхмэндийн биед пивоны шилээр цохисноо сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед өөрийгөө болон найзыгаа хамгаалаад уг үйлдлийг хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р тал/,

- Шүүгдэгч О.Э ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22, 23-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            О.Э  нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхмэндийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Энхмэнд, гэрч Н.Ганзориг, яллагдагчаар өгсөн О.Э  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 6624 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Энхмэнд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч гэмт хэргийн улмаас нүүрэндээ сорвитой болсон, цаашид сорвио арилгуулах талаар эмчилгээ хийлгэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байх тул цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Э өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан нь О.Э өд оногдуулах торгуулийн ял шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх хүсэлтийг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: ...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилсан  ба шүүгдэгч О.Э  нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд оногдуулсан торгуулийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ. /хх-ийн 69-80-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Э ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Э өд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Энхмэнд нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Э өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ