Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1627

 

 

 

 

 

 

 

 

   2019       10          28                                      2019/ШЦТ/1627

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч С.Оюунжаргал,

Нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Хохирогч Г.Жавзан, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

Хохирогч Д.Маралмаа, А.Бат-Орших,

Иргэний хариуцагч Б.Батболд,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00772 0349 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.А,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 06 дугаар сарын 28-ны 23 цаг 17 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, "Жаст" шатахуун түгээх станцын хойд замд "Hyundai Porter" маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 11.5-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнэзс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зерчсөний улмаас Г.Жавзангийн жолоодож явсан "Toyota Prius" маркийн 87-42 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Г.Жавзангийн эрүүл мэндэд хүндэвтэр, "Hyundai Porter" маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хзрэгслийн зорчигч Д.Маралмаа, А.Бат-Орших нарын эрүүл мэндэд мөн хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.                                                                                        /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

шүүгдэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны 23 цаг 17 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, "Жаст" шатахуун түгээх станцын хойд замд "Hyundai Porter" маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалт, мөн дүрмийн 11.5-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнэзс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Жавзангийн жолоодож явсан "Toyota Prius" маркийн 87-42 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Г.Жавзангийн эрүүл мэндэд хүндэвтэр, "Hyundai Porter" маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хзрэгслийн зорчигч Д.Маралмаа, А.Бат-Орших нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Жавзангийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 06 сарын 28-ны өдрийн орой 23 цагийн үед Амгалан өртөөнд байх гэр лүүгээ явах гээд өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 87-42 УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Хууль сахиулах их сургуулийн баруун замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 1-р эгнээгээр 20-30 орчим км цагийн хурдтай явж байхад гэнэт эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн ачааны автомашин урсгал сөрөөд орж ирээд миний машины урд хэсэг рүү маш хүчтэй мөргөсөн. Тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Цээжээр өвдөөд дуу гарахгүй байхад хажууд хүмүүс шуугилдаад байсан. Нэг мэдсэн түргэн ирээд намайг аваад явсан. Би тухаин үед ганцаараа явж байсан. Хамгаалах бүс зүүсэн байсан. Тухайн үед улаан цамцтай байсан залуу буюу Б.А гэх хүн жолоо барьж явсан. Портер маркийн автомашин баруун урд талаар мөргөлдсөн. Тэр машины баруун талын хаалга онгойхгүй дотор нь сууж явсан хүүхэн залуу 2 гарч чадахгүй байсан. Ослын дараа Б.А гэх залуу хамгийн түрүүнд автомашины зүүн талаар бууж ирээд над руу “яаж явж байнаа” гээд дайраад байсан. Машины баруун талд нь сууж явсан хүүхэн залуу 2 машинаас бууж ирээгүй түргэн ирээд машинаас гаргахад хөл нь хугарсан байна гэсэн. Улаан цамцтай буюу Б.А тэр хавиар гүйгээд яваад байсан. Х.Портер маркийн 16-14 УНЕ дугаартай автомашиныг тэр үед улаан цамцтай байсан Б.А жолоодож явсан юм. Миний биеийн баруун талын 6 хавирга хугарсан, 2 өвдөг хавдсан, тархи хавдартай, 2 бөөр нуруугаар өвдөөд байгаа өөр гэмтэлгүй. гомдолтой байна эмчилгээний зардал болон үнэлгээгээр гарсан автомашины хохиролоо барагдуулмаар байна. Энэ машинаар амьдралаа залгуулж явдаг юм. Ер нь бол яг миний өөрийн хуучин машинтай адил өөр машин авмаар байна одоо мөргөлдсөн машиныг нь тухайн буруутай этгээдэд өгмөөр байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 тал/,

 

Хохирогч Д.Маралмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Бат-Орших, Б.А хоёр 2 литрийн пиво хоёрыг хувааж уучихаад Бат-Орших гарч яваад дахиад 2 том пиво, 1 шил архи авч ирсэн. Тэр 2 Бат-Оршихын машинд сууж байгаад нэг пиво болон архины талыг уусан. Орой болсон учир Бат-Оршихын ээжийнд очсон. Бат-Орших өөрөө машинаа унаж явсан. Машиныг нь хашаанд нь оруулж тавиад явах гэсэн чинь Бат-Орших би машинаа авах хэрэгтэй байна гэсэн. Б.А дүүгээс нь машиных нь түлрүүрийг нь гуйсан чинь өгөхгүй гээд байсан. Тэгвэл машинаас юм аа авах хэрэгтэй байна гэсэн чинь дүү нь өөрөө машинаа онгойлгож өгөхөд Б.А цүнхээ авсан. Тэгсэн Бат-Орших архиа уумаар байна миний машины түлхүүрийг өг гээд дүү рүү гээ уурлаад үлдсэн. Б.А бид 2 алхаад явж байхад Бат-Орших араас машинаа унаад хүрээд ирсэн. Тэгсэнээ бид хоёрыг суучих буудал руу дөхүүлээд өгье гэхээр нь бид 2 машинд орж суусан. Тухайн үед Бат-Орших машинаа жолоодоод Б.А голд нь суугаад би хамгийн баруун захад суусан. Тэгээд Батоникийн эцэс дээр очоод тэндээс Бат-орших Жанжин клуб руу эргээд гэр лүүгээ явна гээд явж байсан. Тэгээд Батоникийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад эсрэг урсгалаас ирж байсан Т.Приус маркийн машины өөдөөс урсгал сөрөөд мөргөлдсөн. Тэгээд нэг мэдсэн би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн гадаа баахан хүмүүс ирчихсэн байсан. Миний хажууд буюу зүүн гар талд Б.А сууж байсан. Б.Агийн цаад талд Бат-Орших сууж байсан. Тэгсэн нэг сонин ногоон хувцастай хүмүүс ирээд эхлээд Б.Аг машинаас гаргаж авсан. Дараа нь Бат-Оршихыг, хамгийн сүүлд нь намайг буулгасан. Тэгээд түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний баруун хөлний дунд чөмөг, савхан яс хугарсан өөр гэмтэлгүй. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. Гомдолтой байна. Эмчилгээний болон бусад зардалыг нэхэмжилнэ. баримтаар гаргаж өгнө гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

 

Хохирогч А.Бат-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн:

... машин дотроо Б.Атай пиво хувааж уусан. Найз охин нь пивоноос уугаагүй. Тэгээд би согтоод байсан болохоор за за согтоод байна машинаа оруулж тавъя гээд би өөрөө машинаа жолоодоод Батболд ахын хашаанд оруулж тавьсан. Ойролцоогоор 200 метр газар жолоодож явсан. Тэгээд хашаанаасаа гараад алхаад явж байхад Б.А намайг хүргэж өгөлдөө гээд байхаар нь буцаж ороод машинаа аваад Б.Аг найз охины хамт суулгаад хойшоо Батоникийн эцэс орох гээд гэрээс гараад 100 метр явж байхад би машинаа жолоодож чадахгүй болоод байхаар нь би машин барьж чадахгүй байна гэсэн чинь Б.А би баръя гэхээр нь чи гайгүй юм уу гэсэн чинь Б.А зүгээр байна гэхээр нь би Б.Ад машинаа өгөөд явсан. Тэгсэн Цагдаагийн академийн урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд аймар хурдан хүчтэй хаазлаад яваад байхаар нь би ямар аймар хурдтай явдаг юм бэ гэсэн чинь за за одоо зөөлөн явна гэж байсан. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Энэ машин манай авга ахын машин байгаа юм. Миний биед баруун хөл шилбэ хэсгээр хугарсан өөр гэмтэл байхгүй. Ботаник орох гээд явж байхад би машинаа жолоодоод миний хажууд буюу голд найз охин нь суугаад хамгийн баруун талд нь Б.А сууж байсан. Надаас машин авах үедээ машины баруун талаар тойроод жолоочийн талд суугаад найз охин нь баруун тал руу суугаад би голд суусан юм. Эрүүл мэндийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,

 

Иргэний хариуцагч Б.Батболдын шүүх хуралдаанд өгсөн:

... надад Х.Портер маркийн 16-14 УНЕ дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Одоогоос бараг 2 жилийн өмнө худалдаж авсан юм. Тэр үед Тэргүүн эгнээ гэдэг ххк-н нэр дээр байхаар нь нэрийг шилжүүлээд өгөөч гэсэн за гээд миний бичиг баримтыг авч яваад удаад байхаар нь за за баримтыг минь өгчих би хөдөө явах гээд байна гээд тэр хүнээс авчихсан юм гээд тэрнээс хойш уулзаагүй машиныхаа нэрийг шилжүүлж авч чадахгүй байгаа юм. Авсанаасаа хойш би өөрөө татвар даатгалыг нь төлөөд явж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 17 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Жаст ойл ШТС-н арын замд гарсан зам тээврийн ослын улмаас машины урд хэсэг тэр чигээрээ эвдэрсэн байгаа. Миний зүгээс ослын улмаас бусдад учирсан хохиролоос төлж барагдуулна. Өөрийн автомашинд учирсан хохиролоо буруутай хүнээс нэхэмжилнэ. Үнэлгээ хийлгэсэн байгаа. Би Бат-Оршихыг унаж бай гэж түлхүүр өгөөгүй  машины түлхүүр болон машин манай хашаанд байсан. Тэр өдөр намайг эмнэлэгээр явж байхад гэрээс түлхүүр аваад машин унаад явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,

 

Гэрч Д.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... шатахуун аваад байж байхад зам тээврийн осол болсон. Намайг очиход портерын баруун талын захад эмэгтэй хүн гарч чадахгүй байхаар нь 105 дуудсан. Портерийг хэн нь жолоодож явсаныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг залуу гарчихсан яваад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 тал/,

 

Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

... шатахуун авах гээд зогсож байхад түс тас гээд чимээ гархаар нь хартал 2 машин мөргөлдсөн байхаар нь би 30 аад секундын дотор тэр газар очсон. Намайг очиход портер маркийн машины жолооч талын цонхоор улаан цамцтай залуу унаж байсан. Тэгээд босож ирээд доголоод байсан. Сая зурагыг үзэхэд жолооч талаас бууж ирсэн улаан цамцтай залуу нь Б.А гэдэг нь мөн байна. Тэр залуу хаалгаа онгойлгож чадахгүй цонхоороо бууж ирсэн. Тэгээд шууд мөргүүлсэн приүс маркийн машин дээр очоод жолооч талын хаалга онгойлоод та яаж яваад байгаа юм бэ гэж байсан. Портерийн баруун захад нь эмэгтэй, наад талд нь буюу голд нь нэг залуу сууж байсан. Эрэгтэй нь эмэгтэйгээ налчихсан юу болоод байгааг мэдэхгүй тасарчихсан байсан. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг гаргаж авах гээд чадахгүй байтал голд сууж байсан хар цамцтай залууг цагдаа нар сэрээгээд хэн машин барьж явсан гэсэн чинь юу болоод байгааг мэдэхгүй гайхаж байснаа би барьж яваагүй гэхэд улаан цамцтай залуу энэ барьж явсан гээд голд сууж байсан хар цамцтай залуу руу чихээд байсан. Тэрнээс өмнө улаан цамцтай залуу баруун талын захад сууж явсан охин дээр очоод хайраа би машин барьж яваагүй тээ гээд байхад нөгөө охин нь чамаас болж миний хөл ийм болчихлоо гээд орилоод байсан. Тэгээд удалгүй 105 ирээд портер машинд байсан хүүхэн, залуу хоёрыг гаргаж авахад эрэгтэй нь хөл болохгүй байна гээд гишгэж чадахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 104-106 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8149 дугаартай:

Г.Жавзангийн биед зүүн талын 4,5,6,7,8,9-р хавирганы зөрөөгүй хугарал, цээж, хэвлий, баруун өвдөг, зүүн тахимны цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх зүүн талын 4,5,6,7,8,9-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-112 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8452 дугаартай:

Д.Маралмаагийн биед баруун хөлийн дунд чөмөг, тахилзуур ясны далд хургарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 113-115 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8407 дугаартай:

А.Бат-Оршихын биед баруун хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 123-124 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний Кости-Эстимейт ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №17899 дугаартай:

87-42 УНҮ улсын дугаартай тоёота приүс 11 маркийн тээврийн хэрэгслийн их эвдрэлтэй солих эд анги: урд буфер  450.000 төгрөг,  урд 2 гэрэл 400.000 төгрөг, зүүн урд КрылО 90.000 төгрөг, капот 120.000 төгрөг,  урд буферын суурь 35.000 төгрөг,  урд салхины шил 120.000 төгрөг,  жолооч болон зорчигчийн ослын дэр, компьютер, мөөгөн салон, аюулгүйн бус 480.000 төгрөг, бзруун урд крыло 80.000 төгрөг,  цахилгаан мотор 400.000 төгрөг,  үндсэн мотор /бинзен/ 400.000 төгрөг,  хурдны хайрцаг /хроп/ 450.000 төгрөг,  моторын лап 40.000 төгрөг, усны сав 30.000 төгрөг, радиотор /ком/ 260.000 төгрөг,  цахилгаан моторын помп 120.000 төгрөг, коллектор 40.000 төгрөг, тормозны шингэний банк 20.000 төгрөг, урд тэвш 60.000 төгрөг, цахилгаан моторын суурь 25.000 төгрөг, агаарын хоолой 20.000 төгрөгний үнэлгээтэй,

Засварлах эд анги: зүүн урд лонжром 160.000 төгрөг,  баруун урд лонжром 120.000 төгрөг,  зүүн урд шанаа 100.000 төгрөг,  баруун урд шанаа 70.000 төгрөг, урд нүүрний хөндөл, панел /дээд доод/ 160.000 төгрөг, буфер, 2 крыло, капот, панел шанаа будах зардал 280.000 төгрөгний үнэлгээтэй,

400 гр будаг, туслах материал, лак 80.000 төгрөг, эд анги солих зардал 250.000  төгрөгний үнэлгээтэй, нийт 4.860.000 төгрөгийн зардалын үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-40/,

 

Хөрөнгийн үнэлгээний Арвижих-Эстимейт ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №15222 дугаартай:

16-14 УНЕ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн их эвдрэлтэй солих эд анги:  урд буфер  90.000 төгрөг,  баруун хаалга 130.000 төгрөг, дан кабин 1.400.000 төгрөг, кроп 150.000 төгрөг, үндсэн рам 500.000 төгрөг,  урд салхины шил 90.000 төгрөг, урд ком салон 100.000 төгрөг, баруун урд их гэрэл, дохио, хүрээ 50.000 төгрөг, баруун урд булан шанаа 25.000 төгрөг, баоуун толь 30.000  төгрөгний үнэлгээтэй,

Кабин будах 500 гр будаг, туслах материал, лак 195.000 төгрөг, эд анги солих зардал 220.000  төгрөгний үнэлгээтэй, нийт 2.980.000 төгрөгийн зардалын үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 96-98/,

 

Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

... тэгээд бид 3 гараад машинд суугаад Бат-Оршихийн гэрийн хажууд очоод зогссон. Тэр үед Бат-Оршихийн машинд 2 литрийн савалгаатай пиво 2 ширхэг, 0,5 гр савалгаатай архи нэг байсан. Тэгээд тэндээ нэг том савтай пивийг нь уугаад нөгөө пивны талыг нь уугаад архинаас нь тус бүр 200 орчим граммыг уусан. Тэр үед би согтоод ухаан орж гараад байхаар нь үлдсэн пивийг хаяаад архийг нь тэр хавиар явж байсан гудамжны хүнд өгсөн. Тэгээд Бат-Орших хашаандаа машинаа оруулахад нь машиныг түгжээд түлхүүрийг аваад гэрт нь оруулаад дүүд нь өгсөн юм. Тэгсэн цүнхээ үлдээчихсэн байсан учраас эргэж дүүгээс нь түлхүүрийг нь аваад машинаас нь цүнх, утас, түрүүвчээ авчихаад түлхүүрийг буцааж оруулж дүүд нь өгчихөөд Маралмаа, Бат-Орших 2 дээр очсон. Тэр үед тэр 2 хашааны буланд сууж байсан. Бид хоёрыг архи пиво ууж байхад манай найз охин Маралмаа ерөөсөө архи пиво уугаагүй. Тэгээд тэр 2 дээр очоод эргээд гуравуулаа Бат-Оршихийн гэр лүү нь орсон чинь Бат-Орших дүү нартайгаа муудалцаад машины түлхүүр аваад ир гээд орилоод байсанаа дүүгээсээ түлхүүрээ авсан. Тэр үед би Бат-Оршихтой дүүг нь өмөөрөөд маргалдсан. Тэгсэн Бат-Орших машинд ороод суучих юм яръя гэхээр нь за за гээд бид 3 машинд орж суусан. Тэгсэн Бат-Орших машинаа асаагаад хойшоогоо хөдлөөд хашаанаасаа гарахаар нь хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь ойрхон явна та хоёрыг дээр буулгаад өгье гээд явж байсаныг санаж байна өөр зүйл санахгүй байна. Нэг мэдсэн осолд орчихсон байсан. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмнэлэг рүү явж байхдаа гэрийхэндээ утасаар осолд орчихлоо эмнэлэг явж байна гэж хэлсэн. Тухайн үед хэний утасаар залгаж хэлсэнээ санахгүй байна. Ямар ч байсан Орхон эгчтэйгээ ярьж байсанаа санаж байна. Осолд орох үед хэн автомашин жолоодож явсаныг санахгүй байна. Ямар ч байсан хашаанаасаа Бат-Орших ухарч гараад Батоник тал руугаа явж байсаныг санаж байна. Нэг мэдсэн осолд орсон байсан. Ослын улмаас миний 2 хөлний шилбэ хэсэг зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Одоо цээж, толгойгоор өвдөөд байгаа. Ослын улмаас бусдад учирсан хохиролыг барагдуулаагүй байгаа, барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 тал/,     

 

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “уг зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн дотрох, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай хайсгүй зам байв. 16-14 УНЕ улсын дугаартай х.портер маркийн автомашин, 8742 УНҮ улсын дугаартай т.приүс маркийн авто машинууд ертөнцийн зүгээр зүүн урагш харан зогссон байв. 16-14 УНЕ улсын дугаартай х.портер машинд зорчиж явсан 3 зорчигч төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Онцгой байдлын 105-ийн алба хаагчид гаргаж авсан байв. Х.портерт явсан 3 хүнийг 103-аар ГССҮТ-д хүргэсэн. 2 автомашин анх мөргөлдсөн гэх А цэгийг 8742 УНҮ улсын дугаартай т.приүс маркийн автомашины жолооч Г.Жавзан болон хэргийн газарт үлдсэн автомашины эвдрэл гэмтэл, ул мөрийг үндэслэн авав. 16-14 УНҮ улсын дугаартай х.портер маркийн автомашин замын хойно байх уулзвараар орж, үргэлжилсэн цагаан шугамыг давж зүүн эргэх үедээ ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах урсгалын 2-р эгнээнд мөргөлдсөн байв. 4 гэсэн тоогоор х.портер маркийн автомашины дугуйн даралтын тоосон мөрийг, 5 гэсэн тоогоор х.портер маркийн автомашины дугуйн зураасан мөрийг, А үсгээр 2 автомашины анх мөргөлдсөн гэх цэгийг, үл хөдлөх цэгээр замын урд байрлах 125 дугаартай гэрлийн шонг авч В үсгээр тэмдэглэв... ” гэх тэмдэглэл /хх-ийн 3-4 тал/,

 

-ТЦА, ЗЦГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн №86663566 дугаартай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2 тал/,

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 тал/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 13-14/,

-ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн “... бичлэгийн 23:17:11 секундэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд портер маркийн автомашин зүүн гар тийш даялаад эсрэг урсгал руу орох үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байгаа автомашин зогсох үед замын 1 дүгээр эгнээгээр явж байсан автомашинтай мөргөлдөөд зогсов” гэх тэмдэглэл /хх-ийн 15/,

-жолооч Г.Жавзангийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... Г.Жавзанг драйгер багж ашиглан шалгахад 0.00 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25/,

-хохирогч Г.Жавзангаас гаргаж өгсөн хохиролын баримтыг хүлээж авсан тэмдэглэл болон уг баримтууд /хх-ийн 26-42/,

-хохирогч Д.Маралмаагаас гаргаж өгсөн хохиролын баримтыг хүлээж авсан тэмдэглэл болон уг баримтууд /хх-ийн 49-65/,

-шүүгдэгч Б.Агийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “драйгер багаж ашиглан шалгахад 1,31% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 141/,

-хохирогч Д.Маралмаагийн ГССҮТ-ийн 08502 дугаартай, хохирогч А.Бат-Оршихийн ГССҮТ-ийн 08508 дугаартай өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 151-166/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Агийн хорооны тодорхойлолт,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, УБЕГ-ын эд хөрөнгийн тухай болон гэрлэлтийн талаарх лавлагаа /хх-ийн 139-143 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Б.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ автотээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.Жавзан, Д.Маралмаа, А.Бат-Орших нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтууруулах ундаа хэрэглэж согтуугаар автотээврийн хэрэгсэл жолоодож 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар тухайн зам тээврийн осол болоход хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хохирогч А.Бат-Орших нь жолоодож явсан. Б.А тээврийн хэрэгсэл жолоодож чаддаггүй, эрхийн үнэмлэхгүй учир гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон болно.

Тухайн зам тээврийн осол болоход тоёота приүс маркийн тээврийн хэрэгсэлд хохирогч Г.Жавзан, хюндай портер маркийн тээврийн хэрэгсэлд хохирогч Д.Маралмаа, А.Бат-Орших, шүүгдэгч Б.А нар явсан болох нь тэдний мэдүүлэг болон хөндлөнгийн гэрч Б.Энхбаяр, Д.Ундармаа  нарын мэдүүлэгээр нотлогдож байна.

Хавтаст хэргийн материалын 159-166-р талд авагдсан №08508 дугаартай А.Бат-Оршихын өвчний түүхээс үзэхэд түүний баруун хөлийн шаант яс хугарч, мэс заслын аргаар хугарлыг хадаж эмчилгээ хийсэн болох нь тогтоогдож байх тул А.Бат-Орших нь хэрэг учралын газарт хөдөлгөөн хийж явах боломжгүй гэж үзнэ. Харин шүүгдэгч Б.Агийн хэрэг учралын газарт явж байсан болон хийсэн үйлдэлийн талаарх гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй байх тул үнэн зөвд тооцон үнэлэж хэргийг шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Жавзанд нийт 6.900.100 төгрөгийн, хохирогч Д.Маралмаад 374.245 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, хохирогч А.Бат-Орших нь хохирол нэхэмжлээгүй байна.

Хохирогч Д.Маралмаагийн хохирол нэхэмжилж хэрэгт хавсаргуулсан баримтуудаас хавтаст хэргийн 55-р тал дахь 20.800 төгрөгийн, 56-р тал дахь 3.500 төгрөгийн, 23.900 төгрөгийн, 57-р тал дахь 24.200 төгрөгийн, 3.500 төгрөгийн, 60-р тал дахь 11.000 төгрөгийн, 61-р тал дахь 57.450 төгрөгийн, 2.325 төгрөгийн, 62-р тал дахь 126.726 төгрөгийн, 76.194 төгрөгийн, 63-р тал дахь 5.000 төгрөгийн болон ШШҮХ-д дүгнэлт гаргуулахад төлсөн 8.000 төгрөгийн баримтууд дахь төлбөрийг гэмт хэргийн улмаас шууд учирсан зардалд тооцов.

Харин зам тээврийн осол болохоос өмнөх хугацааны баримтууд болон гар утасны төлбөр төлсөн, үсний будаг, шатахуун худалдаж авсан, хоол хүнсний зүйл, тамхи худалдаж авсан баримтуудыг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хасч шийдвэрлэлээ.

 

Мөрдөн байцаалтын явцад 16-14 УНЕ улсын дугаартай тээрийн хэрэгслийн эзэмшигч болохын нь хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Б.Батболдыг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын гэмт хэрэгт хамаарагдах байдлыг харгалзан шүүгдэгч Б.А, иргэний хариуцагч Б.Батболд нараас тус бүрээс нь 3.450.050 /гурван сая дөрвөн зуун тавин мянга тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Жавзанд, 187.123 /нэг зуун наян долоон мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Маралмаад тус тус төлүүлэх нь хууль дээдлэх болон шудрага ёсны зарчимд нийцхээр байна.

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчийн зүгээс ямар ч хохирол төлж барагдуулаагүй болно.

 

Шүүхээс цаашид гарах эмчилгээний төлбөрийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шийдвэрлэх үндэслэлгүй юм. Ирээдүйд ямар үр дүн гарах эсэхийг тооцон хохирогчид хохирол гаргуулах үндэслэлгүй ба зөвхөн бодитоор учирсан хохиролыг гаргуулж шийдвэрлэхээр хуульчлагдсан.

Хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид учран гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А, иргэний хариуцагч Б.Батболд нараас нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хариуцагч Б.Батболдын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн буруутай үйлдэлийн улмаас зам тээврийн осолд өртөж эвдэрсэн, иргэний хариуцагчид хохирол учирсан нь 1903 00772 0349 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. Харин 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Б.Батболдыг уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх ба тэрээр өөрт учирсан хохиролын талаарх баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Агаас хохирол нэхэмжлэх эрхтэй юм.

 

Шүүгдэгч Б.Аг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, гэм буруугийн асуудлаар маргаж байгаа байдал, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ад хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх гэмт хэрэг санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг хэдий ч хохирогч А.Бат-Орших, шүүгдэгч Б.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрсдийн үйлдэлийг удирдах чадваргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, нэг нь нөгөөдөө шилжүүлсэн үйлдэл нь нийгэмд маш аюултай үзэгдэл учир эрүүгийн хариуцалгыг биечлэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.  

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссанаас хойш хугацааг тооцохоор шийдвэрлэн, шүүгдэгч Б.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэснийг холбогдох байгууллагад мэдэгдэх нь зүтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгийн газарт шилжүүлж, шүүгдэгч Б.А нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Аг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Аг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай. 

 

5. Хэргийн учир шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, иргэний хариуцагч Б.Батболд нараас тус бүр 3.450.050 төгрөг гаргуулж хохирогч Г.Жавзан /чн57020304/-д, 187.123 төгрөг гаргуулж хохирогч Д.Маралмаа /ок00230303/-д тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Жавзан, Д.Маралмаа, А.Бат-Орших, иргэний хариуцагч Б.Батболд нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Агаас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад цагдан хорих таслан сэргиийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ