| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0892/Э |
| Дугаар | 1361 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Б |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч О.Багшбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү ҮД:19-64, Г.Мөнхбат ҮД:02-27,
шүүгдэгч М.Ц , түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг ҮД:02-53,
шүүгдэгч Ж.О , түүний өмгөөлөгч Ю.Батболд ҮД:19-58 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Ц , Ж.О , Б.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 02394 1033 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, М.Ц
2. Монгол улсын иргэн, Ж.О
3. Монгол улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч М.Ц , Ж.О Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хороололд Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч хохирогч Д.Авирмэд, Ч.Нарангарав нараас 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,
Үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Сэржмядаг, Г.Баттогтох нарт Солонгос усын виз гаргаж өгнө гэж хуурч 2.500.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт,
Үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч Э.Батзул, Э.Манахатан нараас 2.200.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт,
Үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч Х.Аманбек, А.Серикгүл нараас нийт 2.000.000 төгрөг залилан авч бусдад нийтдээ 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Аманбекийн өгсөн: ... Би 2007 оны 11 дүгээр сарын 01-ний үед интернетээр БНСУ-ын визний зөвлөлгөө өгнө гэсэн зарын дагуу 8958-0583 дугаартай утас руу ярьж асуухад ирээд уулз гэсэн зүйл хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй уулзахаар болоод анх Төмөр замын Богд-Ар хорооллын орчимд машиндаа тэр хүмүүстэй уулзсан. Тэр хүмүүс өөрсдийгөө М.Ц , Ж.О гэж танилцуулж байсан. Өөрсдийгөө “визний зөвлөлгөө өгч найдвартай гаргаж өгнө гэсэн зүйл ярьж байсан. Би эхнэрийн хамт БНСУлс руу гарах санаа байсан юм. Ж.О , М.Ц хоёр хоёулаа гарах нийт 5.500.000 төгрөг болно. Үүнээс урьдчилгаа 2.000.000 төгрөгийг бэлнээр авна гэсэн. Тэгээд би эхнэртэйгээ ярилцаж байгаад Ж.О , М.Ц нараар Солонгосын виз гаргуулахаар болсон юм. Ингээд хоёр хоногийн дараа 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Занабазарын музейн хажуу талын төрийн банкны хажууд байх тэд нарын оффисын байранд урьдчилгаа мөнгөө олчихоод дахин ирж Ж.О , М.Ц нартай уулзаж М.Ц ын өгсөн 5026426841 дугаартай данс руу 2.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн юм. Тэд нар манай эхнэр бид хоёроос визний материал гэж нийгмийн даатгалын хуулбар, цагдаагийн газрын тодорхойлолт зэргийг авсан. Бусад зүйлийг нь өөрсдөө хариуцна гэж байсан юм. Эхнэр бид хоёрыг эцсийн байдлаар нэг сар дотор гаргана гэж байсан. Тэгээд тэд бид нарын материалыг БНСУ-ын элчинд өгсөн боловч БНСУ–ын зорчих газар тодорхойгүй гээд татгалзсан хариу, эхнэрийх болохоор материал дутуу гээд татгалзсан хариу өгсөн. Уг нь Ж.О , М.Ц нар эхнэр бид хоёр өгсөн 2.000.000 төгрөгнөөс визний орчуулгын мөнгө төгрөг л гэж өгсөн байх бусад мөнгийг зуучлалын хөлс гэж байсан боловч виз нь бүтээгүй. Виз нь бүтэхгүй болохоор М.Ц тай энэ тухай ярихад 1.000.000 төгрөгийг нь надаас үлдсэн 1.000.000 Ж.О аас аваарай гэж хэлчихээд өнөөдрийг хүртэл алга болчихоод одоо утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гээд утсаа авахгүй байгаа...Би 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М.Ц т 2.000.000 төгрөгөө өгөөд үүний дараа миний материалыг бүрдүүлээд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улсын элчин сайдын яаманд өгсөн бөгөөд үүний дараа сар гарангийн дараа надад Солонгосын элчин сайдын яамнаас татгалзсан хариу ирсэн. Учир нь миний очих газар тодорхой бус гэсэн шалтгаанаар татгалзсан байсан. /1-р хх-н 16-19, 21-р тал/,
- Х.Аманбекийн 5026426841 тоот данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1-р хх-н 9-р тал/,
- М.Ц ын 5029941280 тоот дансанд 2.000.000 төгрөг шилжин ирсэн дансны хуулга /1-р хх-н 15-р тал/,
- М.Ц аас Б гийн нөхөр Ганзоригийн 5173025646 тоот данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /1-р хх-н 15-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Ц ын өгсөн: ...Х.Аманбек нь Ж.О бид хоёрын тавьсан зарын дагуу ирж уулзсан юм. Аманбекийн эхнэр нь банкинд ажилладаг, эхнэрийнхээ хамт гарах гэсэн юм гэж байсан. Тэгээд Ж.О бид хоёр Аманбек болон эхнэрийнх нь визийг хөөцөлдөж өгөхөөр болоод виз гарсан хойно 5.500.000 төгрөгийг авахаар тохиролцсон юм. Ингэхдээ эхний ээлжинд урьдчилгаа гэж 2.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан юм. Тэгээд Ж.О Аманбек нар хоорондоо үйлчилгээ үзүүлэх гэрээ хийсэн юм. Гэрээ хийдэг өдрөө Аманбекээс виз мэдүүлэхэд шаардагдах материал болох гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, зураг цагдаагийн газрын тодорхойлолт гэх мэт бүх материалыг гаргаж өгсөн. Ж.О бид хоёр тэр материалыг нь аваад орчуулгыг нь хийлгээд буудлыг нь захиалаад, элчинд өгөх өргөдөлийг нь бичүүлж өгсөн. Энэ бүхэнд нийт 300.000 гаас 400.000 орчим төгрөгийг нь зарцуулсан. Үлдсэн мөнгийг нь бид хоёр хувааж аваад офиссын түрээсэндээ өгөөөд үлдсэнийг нь хэрэглэээд дуусгасан. Ингээд Аманбек болон эхнэрийнх нь материалыг нь 2017 оны 11 сарын сүүлээр БНСУ –ын элчинд оруулсан боловч 2017 оны 12-р сарын сүүлээр татгалзсан хариу өгсөн байсан. Ингээд Аманбек нь виз гарсангүй гээд гэрээний дагуу мөнгөө буцааж авъя гэж хэлсэн юм. Аманбектэй байгуулсан гэрээнд виз гараагүй тохиолдолд зуучлуулагчийн өгсөн 2.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг нь буцааж өгнө гэж амаар ярьж тохирсон байсан юм. Гэхдээ гэрээн дээрээ урьдчилгаанд өгсөн мөнгөний 34% -ыг нь буцааж олгоно гэсэн байгаа юм. Аманбек болохоор эхнэрийнхээ хамт өгсөн 2.000.000 төгрөгөө буцааж авна гээд байгаа юм. Гэтэл тэр мөнгөнөөс Ж.О бид хоёр:
- Материалын орчуулгын хөлсөнд нэг хүний 60.000 төгрөг нийт 120.000 төгрөг (2 хүний)
- БНСУ –ын элчинд бичих өргөдөл – хүний 30.000 төгрөг нийт 60.000 төгрөг (2 хүний)
- Буудал захиалга нэг хүний 50.000 төгрөг нийт 100.000 төгрөг (2 хүний)
- Дансны үлдэгдэл хийлгэсэн–хүний 30.000 төгрөг нийт 60.000 төгрөг (2 хүний) гээд нийт 340.000 төгрөгийг зарцуулаад үлдсэнийг нь хувааж аваад түрээсэндээ өгөөд мөнгө хэрэглээд дуусгасан юм. Х.Аманбекэд би виз гараагүй юм чинь 1.000.000 төгрөгийг буцааж өгье гэхэд мөнгөө заавал бүтнээр нь авна гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл би Ж.О тай уулзаж байгаад шийдье гэж хэлсэн байгаа. Ж.О ад би Аманбекийн виз гараагүй байна, мөнгийг буцааж өгье гэхэд тал мөнгийг нь өгөх ёстой шүү дээ гээд нэг их тоохгүй байсан. Тэгээд 2018 оны 1 сарын эхнээс хойш Ж.О алга болчихоод байгаа юм. Одоо хүртэл холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм...гэх мэдүүлэг /1-р хх-н 22-23, 26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.О ын: ...Аманбек нь тухайн үед эхнэртэйгээ хоёулаа гармаар байна хямдруулж өгөөч гэж байсан. Бид хоёр түүнд хэлэхдээ эхнэртэйгээ хамт гарахдаа хямдруулаад 5.500.000 төгрөгөөр гаргана, үүнээс урьдчилгаанд 2.000.000 төгрөг авна гэж хэлсэн. Тэгээд Аманбек нь бид хоёроор визний маатериал бүрдүүлээд виз гаргуулахаар болоод гэрээ байгуулаад 2.000.000 төгрөгийг нь М.Ц ын данс руу хийгээд холбогдох материал өгсөн юм. Тэр мөнгийг нь аваад бид хоёр М.Ц ын найз Б гэх эмэгтэйд орчуулах мөнгө гэж нэг хүний 200.000 төгрөг гэж бодохоор нийт 400.000 төгрөгийг Бясгаланд материалыг нь орчуулахаар өгсөн юм...Аманбекээс мөнгөнөөс авсан мөнгөнөөс үлдсэн мөнгөнөөс 1.000.000 орчим төгрөгийг М.Ц офиссын түрэээсэнд өгсөн байх. Надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй хааяа 100.000 200.000 төгрөгийг надад өгдөг байсан юм. Мөн миний машиныг унаж хэрэглэдэг байсан болохоор бензин хийдэг байсан юм...Аманбекийн эхнэр Серикгүлийн визний материалыг бүрдүүлж өгөх зорилгоор үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 24-25/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр А.Серикгүлийн өгсөн: ...БНСУлс руу 3 сарын хугацаатай ажиллах хүсэлтэй байсан бөгөөд энэ шугамаар визны талын асуудлыг судлаж лавлаж байсан юм. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 0З-ны өдөр олон нийтийн цахим сүлжээ болох фэйс бүүкээр БНСУ-ын төрийн далбааны зурагтай “Зөвөлгөө” гэсэн пэйж хаягтай холбогдож зөвөлгөө авч эхэлсэн. Ингээд Ж.О , М.Ц гэх хүмүүстэй уулзах болсон. Занабазарын музейн урд талд байрлах Төрийн банктай байрны 303 тоотод Ж.О , М.Ц нартай уулзсан ба оффис нь гэж ойлгосон компани нэрийг нь мэдэхгүй байна. Манайх визны материалын бүрдүүлдэг болон зөвөлгөө өгнө гэж байснаа бид нарын гуйлт шахалтаар виз гаргах боломж байгаа эхний ээлжинд урьдчилгаа 3 сая төгрөг өгөөд, үлдсэн төлбөрийг нь виз гарсны дараа авна гэсэн. Тухайн үед манай нөхөр өөрөө явах гээд бүх материалаа бэлдчихсэн байсан, энэ талаар энэ хоёрт хэлсэн, тэгтэл гэр бүлээрээ орвол материал сайн гарч байгаа өмнө нь 1-2 гэр бүлийн хүмүүс визинд ороод материал нь гарчихсан гэж ярьсан. Би өөрөө хүүхэд асрах чөлөөөтэй, нийгмийн даатгал багаар төлж байгаа, боломж, бололцоо байна уу, виз гарах уу, хамт материалаа бүрдүүлээд орчихвол яах вэ гэтэл тэр хоёр хоёулаа болно, нэг хүний 5.500.000 төгрөг өгнө шүү, урьдчилгаа төлбөрөө өгчих гэсэн, мөн нөхрийн чинь материал асуудалгүй юм байна, тэгэхээр та хоёрын материалыг нийтэд нь 5.500.000 төгрөгөөр гаргана гэхээр нь эхний ээлжинд 2 сая төгрөг өгье гээд тэдний оффист 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр өөрийн мобайл банкаар “ХААН” банкны М.Ц гэх шиг болсон дансанд 2 сая төгрөг шилшүүлж, мөн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бидний материал Солонгосын элчинд ороод 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нөхрийн зорилго тодорхойгүй гэж, миний Солонгос улсад үлдэх магадлал өндөртэй гэсэн үндэслэлээр виз гараагүй...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр өөрийн мобайл банкаар “ХААН” банкны М.Ц ын гэх шиг болсон дансанд 2 сая төгрөг шилжүүлж, мөн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 28-30-р тал/,
- Энхтайван овогтой Батзул гэдэг данснаас 5026426811 тоот данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн банкны хуулга /1-р хх-н 58-р тал/,
- “Цогткристалл” ХХК-ийг 2017.07.15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-н 60-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Манахатангийн өгсөн: …2017 оны 09 дүгээр сарын 15-ны үеэр фейсбүүк цахим хуудсан дээр 89580583 гэсэн дугаарын утсаар Солонгос улс руу зорчих визэнд зуулчилж өгнө гэсэн зарын дагуу холбогдоход өөрийгөө М.Ц гэж танилуулсан эмэгтэй утсаа авсан байдаг. Тэгээд утсаар ярьж байгаад уулзахаар болоод Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Төв шуудангийн хойд талын М-Oil гэх хаягтай оффис дээр очиж М.Ц тай уулзсан юм. Ингээд М.Ц тай уулзахад Элчин сайдын яаманд таньдаг хүн байдаг. Урьдчилгаа нэг хүний 1.000.000 төгрөг байдаг, материалыг нь бүрдүүлж өгөөд 14-21 хоногийн дотор визэнд оруулна гэж хэлж байсан. Ингээд нөхөр Батзул бид хоёрт визний асуудал таалагдсан учир нөхөртэйгээ хамт визэнд орохоор болж 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр М.Ц тай нөхөр бид хоёр зуулчлалын гэрээ хийчихээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “ХААН” банкны бэлэн мөнгөний тооцооны машинаас гэрээ хийсэн өдрөө 2 сая төгрөгийг М.Ц ын өөрийнх нь “ХААН” банкны дансанд 2 хүний урьдчилгаа мөнгө шилжүүлсэн байдаг. Улмаар бид хоёр гэрлэлт бүртгэлийн лавлагаа, цагдаагийн байгуллагын тодорхойлолт хоёрыг л өгсөн, бусдыг нь М.Ц өөрөө бүрдүүлнэ гэж хэлсэн байдаг. Дараа нь бид хоёрын өмнөөс Солонгосын элчин сайдын яаманд материал бүрдүүлж өгнө мөн авна гэсэн утгатай итгэмжлэлийг хийх шаардлагатай гээд Б гэж танилцуулсан хүнд итгэмжлэл хийж өгсөн. Уг итгэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны хавьцаа хийсэн байдаг. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М.Ц нь 200.000 төгрөг шаардлагатай гэсэн тул түүний дансанд дахиад 200.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэрнээс хойш материалыг чинь өгчихсөн байгаа, 21 хоногийн дотор хариу ирнэ гээд хүлээгээд байсан. Дээрх ярьсан 21 хоногийн хугацаа дуусчихаад хоёр сар бараг гурван сар болж байна. Улмаар энэ асуудлыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон юм...Эхлээд М.Ц нь бүх зүйлийг санаачлан удирдаж байгаа юм шиг байдалтай надад танилцуулж байсан байдаг. Харин сүүлд Б гэдэг хүн гарч ирсэн ба М.Ц , Ж.О хоёрын олсон хүмүүсийн материалыг бүрдүүлж элчин сайдын яаманд өгдөг юм шиг санагдсан учир нь Б итгэмжлэл хийж аваад явсан юм. М.Ц бол элчинд таньдаг хүнтэй манай хамаатны хүн байдаг, 3 сарын хугацаатай аялалын виз гаргаж өгнө гэхдээ очоод сунгаж болдог 5 сая төгрөгийн баталгаа байршуулахгүйгээр материалыг нь бид бүрдүүлнэ тэр материал нь компанийн захирлаар явна материал дунд ямар ч хууль бус зүйл байхгүй хуулийн дагуу та хоёрын нэр дээр нэг нэг компани шилжүүлээд тэгээд компани захирал болгоод баталгаа байршуулахгүй виз гарахад асуудалгүй гэж хэлсэн. Улмаар манай нөхөр Батзулын дээр “Цогткристал” ХХК, миний нэр дээр “Шилдэг бүтээл” гэх нэртэй ХХК–ийг шилжүүлсэн байсан. Харин Ж.О бол М.Ц тай байнга л хамт явж байсан М.Ц ын ярьсан зүйлийг бол дэмжээд л яриад байдаг байсан. Харин Б бол сүүлд гарч ирээд итгэмжлэл хийж авсан хүн байгаа юм...гэх мэдүүлэг /1-р хх-н 72-73-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Э.Батзулын өгсөн: ...тэгээд утсаар ярьж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн хойд талын “М-Оil” гэх хаягтай оффис дотор зар байрлуулсан М.Ц гэдэг хүнтэй уулзахад Ж.О гэдэг эмэгтэйтэй хамт байсан М.Ц нь өөрийгөө элчин сайдын яаманд таньдаг хүн байдаг урьдчилгаа нэг хүний 1 сая төгрөг хэрэгтэй бид нар материалыг нь бүрдүүлж өгөөд 14-21 хоногийн дотор виз гаргаж өгнө гэж хэлж байсан. Ингээд М.Ц ын ярьсан зүйлд итгээд эхнэр бид хоёр урьдчилгаа мөнгө өгөхөөр болоод 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ардын “ХААН” банкин дээрээс М.Ц ын ХААН банкны дансанд 2 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ингээд мөнгө авсны дараа та хоёрын материалыг Элчин сайдын яаманд өгөх хүнд итгэмжлэл хийж өгөх хэрэгтэй байна гэхээр нь М.Ц ын хэлж өгсөн Б гэдэг хүнтэй уулзаж элчин сайдын яаманд материалыг бүрдүүлж өгнө буцаан авна гэсэн утгатай итгэмжлэл хийж өгсөн. Уг асуудал болж байхад бид хоёрын зүгээс гэрлэлт бүртгэлтийн лавлагаа, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэрэг баримтуудыг бүрдүүлж өгсөн байдаг. Харин бусад шаардлагатай баримтуудыг М.Ц өөрөө бүрдүүлнэ гэж байсан. Дараа нь М.Ц нь дахиад 200.000 төгрөг шаардлагатай гэсэн тул 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М.Ц ын “ХААН” банкны дансанд дахиад 200.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг... гэх мэдүүлэг / 1-р хх-н 74-75-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Ц ын өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 18-ний үед миний 89580583 дугаар утсаар Манахатан гэх эмэгтэй холбогдоод Солонгос улс руу гарах визны мэдээлэл авмаар байна гээд Чингэлтэй дүүргийн 1-р хороо “Практикал” даатгалын байранд над дээр нөхөр Батзулын хамт ирж уулзсан тухайн үед надтай хамт Ж.О хамт байсан. Тэгээд Манахатан надаас өөрт нь ямарч материал байхгүй байна гэж Солонгос улс руу яаж гарах вэ нөхөр бид хоёрт Элчинд байршуулах 10 сая төгрөг байхгүй яаж гарах вэ гэж асуусан. Тэгээд би Манахатан Батзул нарт өөрийн нэр дээрээ ямар нэгэн компани байх юм бол заавал нэг хүний 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй гэж хэлж байсан. Учир нь Ж.О надад хэлэхдээ сүүлийн 1 улирал 500.000 төгрөгнөөс дээш татварыг төлсөн байх сүүлийн хоёр улиралд 1.000.000 төгрөгийг татварт төлсөн байвал Солонгос улс руу гарахдаа 5.000.000 төгрөг байршуулах шаардлагагүй байдаг юм гэж хэлж байсан юм. Маргааш нь Манахатан нөхөр Батзултайгаа хамт Ж.О бид хоёр дээр дахиж ирээд компанийн журмаар Солонгос улс руу гармаар байна гэхээр нь би өөрийн нэр дээр байдаг “Цогткристал” ХХК-ийг Батзулын нэр дээр шилжүүлж өгч болно гэж хэлээд аж ахуй нэгжийн үйл ажиллагааны татварыг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст төлнө гэдгийг нь өөрт нь хэлээд Манахатаны нэр дээр өөр нэг компани худалдаж авна гэж хоорондоо тохиролцоод Манахатанаас 2017 оны 09 дүгээр сарын 20–ний өдөр 2.000.000 сая төгрөгийг өөрийн ХААН банкны 5026426841 дугаарын дансаар хүлээн авсан...Уг мөнгийг визний материал бүрдүүлэх урьдчилгаа мөнгө гэж авсан. Тэгээд Манахатанаас авсан мөнгөний 1.000.000 төгрөгөөр Манахатаны нэр дээр нэг (нэрийг санахгүй байна) компанийг худалдаж аваад “Цогткристал” ХХК-ийн нэр дээр 1.005.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татвар төлсөн энэ нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар байсан. Тэгээд Ж.О бид хоёртой хамтран ажиллаж байсан Баясаа гэх эмэгтэйд 400.000 төгрөгийг орчуулга хийлгүүлэхээр 220.000 төгрөгийг Манахатаны нэр дээр авсан компанийхаа нэрийг солиулахаар “Цогткристал” ХХК-ний Батзулыг томилж гэрчилгээ гаргуулахад 150.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөгийг Манахатан, Батзул нарын визний материалыг Солонгосын элчин сайдын яаманд өгөх ёстой байсан. Үүндээ уг мөнгийг зарцуулна гэж хэлж байсан. Тэгээд нийт 1.770.000 төгрөгийг би тухайн үед Баясаагийн нөхөр Ганзоригийн данс руу шилжүүлж байсан. Хаан банкны данс байсан одоо санахгүй байна. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Манахатанаас би ахиад 200.000 төгрөг авсан. Тэгээд 110.000 төгрөгийг татварт ахиад өгсөн. Энэ бүх зардал нийт 3.885.000 төгрөг зарцуулсан бөгөөд миний зүгээс хийх ёстой байсан ажлаа хийж Манахатанд өөрийн компаниа шилжүүлж тамга тэмдэгээ хүртэл өгсөн. Тэгээд Баясаа гэх эмэгтэй бүх материалыг аваад Солонгос улсын элчин сайдын яаманд өгөх байсан боловч өгөөгүй байсан. Үүнийг би дараа нь мэдсэн. Тэгээд Манахатан, Батзултай маргаан үүсэж эхэлсэн. Тэгээд Баясаа угаасаа материалыг нь өгөөгүй юм чинь Манахатанг мөнгөө буцаагаад ав гэж Ж.О , Баясаа 2 хэлэхэд мөнгөө авахгүй ээ виз гаргэж өг хэлж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 76-79-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Бгийн: ...манай нөхөр Ганзоригын дүүгийн найз нь М.Ц гэх эмэгтэй байдаг бөгөөд би М.Ц ыг одоогоос 7-8 жилийн өмнөөс эхлэн таньдаг болсон. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын сүүлээр М.Ц над руу залгаад 2 хүний визний материал орчуулаад өг баталгаат орчуулгын газар байна уу гэхээр нь 10 дугаар хороолод нэг газар байгаа асуугаад өгье гээд асуучихаад болох юм байна гээд Манахатан болон түүний нөхөр Батзулын материалыг орчуулаад өг гээд 2 хүний 400.000 төгрөгийг манай нөхөр Ганзоригийн ХААН банкны 5173025646 дугаарын данс руу шилжүүлж байсан. Би тухайн үед Манахатан болон Батзул нарын материалыг өөр дээрээ 14 хоног байлгаж байгаад орчуулаад 2017 оны 11 дүгээр сарын дундуур Манахатан, Батзул хоёртой хороололд уулзахад Манахатан нь чиний орчуулганы материал хэрэггүй болсон бид хоёр өөрсдөө материалаа бүрдүүлэхээр болсон учраас мөнгөө авмаар байна гэхээр нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөгийг бэлнээр, 11 дүгээр сарын 24 нд дансаар 500.000 төгрөг өгөөд Манахатанаас бичиг хийлгэж авч байсан...М.Ц надад орчуулга хийж өгөөд үлдсэн 40-50 төгрөгийг өөрөө хэрэглэ гэсэн учраас би орчуулгын газарт зуучилж өгч байсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 83-85-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Сэржмядагийн өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр фэйсбүүкийн зарын хуудаснаас “БНСУ-ын визний зөвөлгөө өгнө гэсэн зар байхаар нь уг зарын дагуу 89045662 дугаарын утас руу залгаж байгаад хүнтэй нь очиж уулзсан юм. Тэгэхэд өөрийгөө Ж.О гэж танилцуулсан эмэгтэй байсан. Тэгээд Ж.О аас БНСУ руу явахад хэрхэн яаж материал бүрдүүлдэг талаар зөвлөлөгөө авсан юм. Ж.О нь та нар манайд хандахад бид материалыг нь бүрдүүлээд өгдөг. БНСУлсын элчин сайдын яаманд таньдаг хүн байдаг, виз гарах магадлал 100 хувь байгаа, нэг хүний визний мөнгө уг нь 3.500.000 төгрөг байдаг гэж байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр Ж.О гэж хүнээр материал хөөцөлдүүлэхээр болоод хоёр хүний нийт урьдчилгаа болгож 2.500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Барилгачдын талбайн урд байдаг Милая кафед бэлнээр өгсөн юм...эхэндээ тэр талаар надад ярьж байгаагүй, материал болон мөнгө өгснөөс хойш нэг саран гарангийн дараа бид нар Б гэх хүнд мөнгө төгрөг, материалаа өгчихсөн байсан боловч тэр хүн нь цаашаа элчинд материалыг нь өгөөгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б гэх хүнтэй уулзахад материалын талаар асуухад би материалыг чинь аваад өгөөгүй нь миний буруу гээд өөр юу ч ярихгүй байсан. Тэгээд Ж.О аас мөнгөө авъя гэхэд Б д материал болон мөнгийг чинь өгчихсөн гэхээр нь дараа Б тай уулзаад Ж.О , М.Ц нар чамд мөнгө төгрөг өгсөн гэж байна чамаас болоод бүтээгүй гээд байна, энэ ямар учиртай юм бэ гэж асуухад мөнгийг чинь авсан нь үнэн, би гэхдээ тэр 2.500.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг нь цувуулаад өгье үлдсэнийг нь Ж.О , М.Ц нараас ав гэж хэлсэн. Ж.О , М.Ц нар хэлэхдээ Б д БНСУлсын элчинд таньдаг хүн байгаа гэж байсан. ч ямар ч тийм хүн байдаггүй юм шиг байсан. Би тэр материалаас банкны хуулга, нийгмийн даатгалын хуулбар, ажлын газрын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ зэргийг бүрдүүлж өгсөн юм. Харин бусдыг нь Б нь бүрдүүлсэн гэж хэлээд байгаа юм...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ж.О тай уулзахад М.Ц гэж эмэгтэйтэй цуг хүрээд ирсэн байсан, тэгээд М.Ц нь нөхрийн чинь нэр дээр “Шилмэл баян өргөө” ХХК-ийг шилжүүлж өгнө тэгэхээр та нарын бүрдүүлэх материал бага виз гарах боломжтой болно. Тэгээд М.Ц , Ж.О нар Солонгосын Элчин сайдын яаманд таньдаг хүнтэй материалаа бүрдүүлээд өгчихөд виз чинь асуудалгүй гарна гэсэн. Ингээд нөхөр бид 2 зөвшөөрсөн. М.Ц манай нөхөр Галбадрахын Баттогтох /РД:ЗЗ89120513/-ын нэр дээр дээрх компанийг урьдчилгаа 2.500.000 төгрөгийг Ж.О , М.Ц нарт өгсөн. Нөхөр бид 2 гэрээ хийгээд мөнгө төгрөгөө өгснөөс хойш визэнд орох материалыг бүрдүүлж өгөөд ингээд Б гэж эмэгтэйтэй уулзаад нөхөр бид 2-ын өмнөөс Б бүрдүүлсэн материалыг Солонгосын элчин сайдын яаманд өгнө гээд итгэмжлэл хийлгээд явсан...М.Ц аас 900.000 төгрөг Б гаас 1.000.000 төгрөг Ж.О аас 600.000 төгрөг авсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш цувуулж авсаар байгаад үндсэндээ анх өгсөн 2.500.000 төгрөгийг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-н 115-116, 118-119-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр И.Ганзоригийн өгсөн: ...Манай эхнэр одоогоор хийсэн ажилгүй байгаа одоо 6 сартай жирэмсэн болохоор гэртээ л байдаг юм. Хааяа манай ажил дээр надтай хамт ажилладаг юм. Манай эхнэр БНСУ-ын элчинд иргэдийн материалыг бүрдүүлж өгдөггүй, зөвхөн өгсөн материалыг нь орчуулга хийлгэж өгдөг юм. Ингэж орчуулуулж өгснийхөө хөлсөнд 20.000 төгрөг авдаг юм шиг байсан. Манай эхнэр М.Ц аас мөнгө авах авлагатай байсан юм шиг байсан. Хэдэн төгрөгийн авлага, ямар учраас авч байгаа талаар би мэдээгүй. Манай эхнэртэй л М.Ц утсаар яриад мөнгө шилжүүлэхээр болоод миний данс руу уг мөнгийг хийсэн юм. Би яг ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-н 127-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.О ын өгсөн: ...Би Б гэх хүнтэй 2017 оны 09 дүгээр сард нэг эгчтэйгээ очиж таницаж байсан юм. Би Оогий гэх эгчтэйгээ тэр Б дээр БНСУлсын визний материал бүрдүүлэхэд хаана, хэрхэн ханддаг, ямар материал бүрдүүлэдг талаар асуух гэж очиж байсан. Надтай хамт явсан М.Ц эгч тэр Б г таньдаг байсан. Тэгж очиж уулзахад Б нь өөрийгөө 2 жилийн өмнө виз гаргадаг байсан. 2016 онд гэрээгээр хүмүүс БНСУлс руу явуулж байсан. Гэхдээ тэгж явуулах хүмүүсээс хэдэн хүмүүс яваагүй, хэл амтай байгаад байгаа шүү дээ гэхдээ яах вэ хүн байгаа бол материалыг нь бүрдүүлээд өгье элчинд байдаг хүнтэйгээ холбогдож уулзчихаад хэлье гэж байсан. Нэг хүний материал орчуулга, буудал захиалга, өргөдөл, анкет бөглөх зэрэг нийлээд 200 орчим мянган төгрөгөөр хийнэ гэдэг байсан, бас цаанаа элчингийн хүндээ мөнгө өгнө тэр мөнгө нэг хүний 500.000 төгрөг гэж байсан юм. Тухайн үедээ иймэрхүү яриа болоод дууссан...гэх мэдүүлэг /1-р хх-н 123-124-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Ц ын өгсөн: ...Тэгээд визний мөнгө гэж нэг хүний 500.000 төгрөгөөр бодож Сэржмядаг болон Баттогтох нарын мөнгө болох нийт 1.000.000 төгрөгийг бас Б гийн нөхрийнх нь данс руу шилжүүлсэн. Түүний дараа визний орчуулга, буудал зэргийн мөнгө нийт 400.000 төгрөгийг нь бас Б нөхрийнхөө дансаар авсан. Тэгээд Б бүх зүйл болчихсон бүтчихсэн, материалыг өгчихсөн гэж байсан боловч 1 сар гарангийн дараа материалыг нь өгөөгүй болж таарсан. Виз гарсны дараа нь Баттогтох, Сэржмядаг нараас хөлс гэж авах байсан юм. Ж.О бид хоёр Сэржмядаг, Баттогтох нарыг нэг хүний 4.000.000 сая төгрөгөөр нийт 8.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн байсан юм. Үүнийхээ урьдчилгаанд 2.500.000 төгрөгийг авсан байсан виз нь гарсны дараа үлдэгдэл 5.500.000 төгрөгийг аваад бид нар хувааж авах байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-н 128-129-р тал/,
- М.Ц ын данснаас мөнгө шилжүүлсэн дансны хуулгууд /1-р хх-н 143-158-р тал/,
- Ичинхорлоогийн Ганзоригийн дансны хуулгууд, баримт /-р хх-ийн 159-160-р тал/,
- Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн тоот компанийн тодорхойлолт, аж ахуйн нэгжийн орлогын тайлан /1-р хх-н 181-191-р тал/,
- Б.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-н 139, 239-241-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Ц ын яллагдагчаар өгсөн: ...Ж.О өмнө нь виз гаргаж байсан компани худалдаж аваад уг компанийхаа захирлаар нь Солонгос явуулж өгөх хүнээ томилоод виз гаргавал болдог юм байна лээ гэж хэлсэн юм. Тэгээд хоёулаа нийлж ийм зүйл хийх үү? гэж хэлж байсан. Тэгэхээр нь би урьд нь ийм зүйл хийж байгаагүй, хүн амьтнаас асууж сураглая гээд найз Ганчимэгийн бэр болох танил Б гэж хүүхэнтэй уулзаж асуусан чинь ийм юм хийж болдог юм болно би бас өмнө нь виз гаргаж байсан надад БНСУ-ын элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа гэж хэлж байсан ба материалаа бүрдүүлээд өгчихвөл би материалыг нь аваад БНСУ-ын элчин сайдын яамны таньдаг хүндээ шалгуулаад цааш нь визийг нь гаргая гэж хэлсэн юм. Тэгээд Ж.О фэйсбүүк хаягаараа Визний зөвөлгөө өгнө гэсэн утгатай зар тавьсан юм. Тэгээд тэрний дагуу Сэржмядаг гэх эмэгтэй нөхрийн хамтаар Солонгос явмаар байна гэж хандсан бөгөөд бид хоёрыг 100 айл дээр явж байхад одоо нэрийг нь сайн мэдэх болсон Сэржмядаг нөхөр Баттогтохын хамтаар ирж уулзсан юм. Тэгээд ерөнхийдөө бид хоёр байгаа нөхцөл байдлын талаар яриад 500.000 төгрөгнөөс дээш орлоготой компанийн захирал гэдэг нэрээр визний материал бүрдүүлж өгөх юм бол 5 сая төгрөг байршуулах хэрэггүйгээр Солонгос явах виз гаргах боломж байдаг гэж хэлсэн. Тэгээд тэр боломжоор Сэржмядаг хөөцөлдөхөөр зөвшөөрөөд нөхрийгөө уг компаний захирлаар оруулахаар болсон. 2017 оны 10.02–ны өдөр 10 дугаар хорооллын Айзам нэртэй караокены хашаанд Ж.О бид хоёр Б тай уулзаж 1 сая төгрөгийг нь бэлнээр өгсөн юм. Б 1 сая төгрөгийг БНСУ-ын элчин сайдын яамны хүндээ өгнө гэж хэлж байсан юм. Нэг хүний 500.000 төгрөг гэж 1 сая төгрөг авсан юм. Үлдэгдэл 1.500.000 төгрөгнөөс нь 900.000 төгрөгөөр нь 2017 оны 10 сарын 9-нд “Мөнх Ган Индастри” гэж нэртэй компани худалдаж авсан ба уг ажлыг бас Б гаар хөөцөлдүүлэхээр болсон. Тэр өдөр Сэржмядаг, Баттогтох хоёрын Солонгос улс руу явах визний бүрдүүлсэн материалыг орчуулуулахаар нэг хүний 200.000 төгрөг болон гээд нийт 400.000 төгрөгийг нөхөр Ганзоригийн данс руу шилжүүлсэн. Дараа нь компани нэр өөрчлөх, захирлаар Баттогтохыг бүртгүүлэх зэрэг ажлыг хөөцөлд гээд 220.000 төгрөгийг өгсөн. Солонгос улсын элчин сайдаас гардаг гэдгийг нь мэднэ. Бид нарт тийм эрх мэдэл албан тушаал байхгүй. Б л таньдаг БНСУ-ын элчинд ажилдаг хүн байгаа гэсэн болохоор л энэ ажлыг эхлүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-н 249- 250-р тал/,
- М.Ц ын мөнгө шилжүүлсэн ХААН банкны хуулга /2-р хх-н 6-7-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: ...Ингээд би М.Ц аас 8.837.000 төгрөг аваад зарим зүйлд зарцуулаад буцааж М.Ц т өгөөд нийт 7.580.000 төгрөгийг зарцуулсан байна. Би 1.257.000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн...гэх мэдүүлэг /2-р хх-н 12-13-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Нарангаравын өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Энхтуяа эгч болон Авирмэдийн хамт Баянмонгол хороолол дээр очоод Ж.О , М.Ц гэх хүмүүстэй уулзахад “Солонгос улс руу аялалын виз гаргаж өгнө 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэхэд найдвартай гаргана гэхээр нь би 1.500.000 төгрөгөө бэлнээр нь өгөөд гэрээгээ хийгээд гарсан. Удалгүй залгаад “дансны хуулганы мөнгө 250.000 төгрөг өг ” гэхээр нь би М.Ц ын дансруу хийсэн...М.Ц , Ж.О нар эхлээд уулзахдаа бүх зүйлийг хууль ёсны дагуу гаргаж өгнө гэж хэлсэн. М.Ц надад “Удахгүй гарна” гэж хэлээд хүлээлгэж байгаад “элчин дээр уулзах хүн маань уулзахгүй байна, виз чангарсан материал өгөхөд чанга болоод байна, тэгэхдээ гаргана” гэж хэлсэн. Сүүлдээ “олимпын үзэгчийн визээр гаргана” гэж хэлэхээр нь бид 2 “болъё оо мөнгөө авъя аа” гэж хэлэхэд “мөнгө өгнө” гэж хэлээд алга болсон. Би материалаа үзэхэд бид 2-г гэрлүүлсэн баталгаа байхаар нь “энийг яаж хийсэн юм бэ” гэж асуухад “наадах чинь хуурамч биш тэгэхдээ алба ёсоор улсад бүртгэгдэхгүй” гэж хэлээд байхаар нь би их гайхаж байсан. Эхлээд хэлэхдээ бүх жинхэнээр гарна гэж хэлээд сүүлд хуурамч зүйл гэдгийг мэдээд болъё оо мөнгөө авъя аа гэж хэлсэн. Би хэрвээ анхнаасаа хуурамч гэдгийг мэдсэн бол яагаад ч хандахгүй. Би гомдолтой байна. Надад одоог хүртэл ямар нэгэн мөнгө өгөөгүй, би хүнээс зээлж мөнгө өгсөн байсан. Би тухайн хүндээ зээлийн хүүтэй нь өгсөн байгаа...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 22-23, 79-80 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Авирмэдийн өгсөн: ...Би 2017 оны 10 дугаар сарын 15–ны өдөр Улаанбаатар хотод орж ирээд ажил хайхад ажил олдохгүй байсан. Тэгсэн чинь манай хамаатны Энхтуяа эгч бид хоёр интернетээс “Солонгос улс руу виз гаргаж өгнө” гэсэн зар хараад утсаар яриад очиж уулзахад Ж.О , М.Ц т нартай уулзаад аялал виз гаргуулахаар болоод би 1.500.000 төгрөг бэлнээр М.Ц т өгөөд гэрээгээ хийгээд гарсан. Надаас дараа нь дансны хуулганы мөнгө 250.000 төгрөг өг гэхээр нь би М.Ц ын дансруу хийсэн.М.Ц надад “2017 оны05.25-ны өдөр виз гарна” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын дундуур “Солонгос элчингээс хүн ирээд Нарангарав та 2 –ын аль нэгтэй чинь уулзана Нарангаравыг явуул чамтай уулзах шаардлагагүй байх” гэж хэлээд Нарангарав очиж уулзах гэсэн боловч уулзуулаагүй гэсэн. Ингээд М.Ц , Ж.О нар алга болсон. Ингээд цагдаад хандаж байна.
...М.Ц надад “Виз чинь гараагүй байна удахгүй гарна” гэж хэлсэн. Сүүлдээ “олимпын үзэгчийн визээр гаргана” гэж хэлэхээр нь “больё оо мөнгөө авъя аа” гэж хэлэхэд “мөнгө өгнө” гэж хэлээд алга болсон. Би материалаа нэг үзэж байгаагүй. “Үзье” гэж хэлэхээр үзүүлдэггүй үзүүлэх зүйлгүй байдаг санагдсан. Бид нар өөрсдөө найдвартай гаргах материал бүрдүүлнэ гэж хэлсэн. Би гомдолтой байна. Надад одоог хүртэл ямар нэг мөнгө өгөөгүй. Би хүнээс зээлж мөнгө өгсөн байсан. Би одоог хүртэл хүүг нь төлж байгаа...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26-27, 79-80-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Энхтуяагийн өгсөн: ...би Нарангарав, Авирмэд нарыг дараа нь дагуулж очоод нөгөө 2 хүүхэнтэй уулзуулсан. Тэгээд манай 2 дүү чинь Солонгос явахын түүс болсон учир бүх зүйлийг зөвшөөрөхөд “манайх найдвартай 100% виз гаргаж өгдөг урьдчилгаа нэг хүний 1.500.000 төгрөг өг банкны хуулга байх бол 250.000 төгрөг өгвөл бид нар өөрсдөө хуулга гаргуулдаг” гэж хэлээд тэр 4 хоорондоо гэрээ хийнэ мөнгө бэлнээр М.Ц т тоолж өгсөн. Тэгээд холбогдож холбоо барьж байгаад материал бүрдүүлж өгсөн. Тэгээд материалаа өгөөд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл визээ хүлээгээд байгаад байсан...М.Ц бэлнээр тоолж аваад Ж.О гэрээгээ бичиж байсан. Тухайн мөнгийг бүх шаардагдах материалдаа зарцуулна гэж хэлсэн. Дараа нь 250.000 төгрөгийг хуулга гаргахад авна гэж хэлээд М.Ц дансаараа авсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 84-85-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Буяндэлгэрийн өгсөн: ...2018 оны сарыг нь санахгүй байна, зун байсан шиг санагдаж байна. Б гэх эмэгтэй манай ажил дээр ирээд хамт ажилладаг найзуудынхаа материалыг өгөөд визэнд оруулах гэсэн юм туслаач гээд 20 материал барьчихсан ирсэн. Тэрний дагуу материалуудыг шалгаад шаардлагатай дутуу зүйлсийг нэмж бүрдүүлэхийг зааж өгсөн. Тэгээд тэр материалуудад виз мэдүүлэгчийн анкет бөглөөд шаардлагатай материалыг Солонгос хэл рүү орчуулаад материал болгон дээр Солонгост байрлах зочид буудлын захиалга хийж өгсөн. Тухайн үед виз хүссэн тухай өргөдлийг бичиж өгөөд бүх материалыг гүйцэтгэлийн хамт 100% өөрт нь буцааж өгсөн. Б төлбөрөө дандаа бэлнээр өгдөг байсан. Тэгээд үлдэгдэл 160.000 төгрөгөө өгөхгүй байж байгаад сүүлдээ даргаас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бичиг авахын тулд 160.000 төгрөгөө өгсөн байгаа. Манай байгууллага бол зөвхөн орчуулгын үйлчилгээ үзүүлэн зөвлөгөө мэдээлэл өгдөг тэрнээс бол визыг 100% гаргаж, хуурамч баримт материал бүрдүүлдэг байгууллага биш тэр 20 орчим хүн Солонгос гарсан эсэхийг мэдэхгүй энэ бол консулын байгууллагын шийдэх асуудал...гэх мэдүүлэг /3–р хх-н 119-120-р тал/,
- Ж.О нь Ч.Нарангарав, Д.Авирмэд нартай байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх” гэрээ /1-р хх-н 8-10-р тал/,
- Ж.О , М.Ц нар нь Х.Аманбек, А.Серикгүл нартай байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” /2-р хх-н 12-14-р тал/,
- Ж.О нь Т.Сэржмядаг, Г.Баттогтох нартай байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” /2-р хх-н 120-122-р тал/,
- М.Ц нь Э.Батзул, Э.Манахатан нартай байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” /2-р хх-ийн 51-53-р тал/,
- Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 25 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Ц , Ж.О , Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чинэглтэй дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч Э.Батзул, Э.Манахатан нараас 2.200.000 төгрөг шилжүүлэн авсан,
2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Сэржмядаг, Г.Баттогтох нарт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч 2.500.000 төгрөг шилжүүлэн авсан,
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Баянмонгол хороололд Солонгос улсын виз гаргаж өгнө хуурч Д.Авирмэд, Ч.Нарангарав нараас 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч Х.Аманбек, А.Серикгүл нараас нийт 2 сая төгрөг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Нарангарав, Д.Авирмэд, Х.Аманбек, А.Серикгүл, Т.Сэржмядаг, Г.Баттогтох, Э.Батзул, Э.Манахатан нарын мэдүүлэг болон тэдгээртэй байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”, яллагдагчаар өгсөн М.Ц , Ж.О , Б.Б нарын мэдүүлэг, “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ц , Ж.О , Б.Б нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Т.Багахүү шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бг залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж буйг хүлээн авах үндэсгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд М.Ц , Ж.О нар Солонгос улс руу зорчих виз гаргуулж өгнө гэж зуучлалын гэрээ хийж, өөрсдийн дансанд хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгөнөөс 8.837.000 төгрөгийг Б.Б өөрийн нөхөр И.Ганзоригийн 5173025646 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, тэдгээрийн банкин дахь дансны хуулга И.Ганзоригийн “ХААН” банкны дансны хуулга, М.Ц ын “ХААН” банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул бусдыг залилах гэмт хэрэгт М.Ц , Ж.О нартай хамтран оролцсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. /1-р хх-н 159-171-р тал/
Хохирогч Э.Батзул, Э.Манахатан нарт учруулсан 2.200.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн /1-р хх-н 62-р тал, 2-р хх-н 67-р тал/, хохирогч Т.Сэржмядаг, Г.Баттогтох нарт учруулсан 2.500.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн /2-р хх-н 69-р тал, 3-р хх-н 180-р тал/, хохирогч Д.Авирмэд, Ч.Нарангарав нарт учруулсан 3.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн /2-р хх-н 190-р тал/, хохирогч Х.Аманбек, А.Серикгул нарт учруулсан 2.000.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь /1-р хх-н 37-р талд/ хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Ц , Ж.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.Ц , Ж.О , Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Б нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэны дараа буюу тэнссэн хугацаанд 2017 оны 09 дүгээр сараас эхлэн дахин санаатай энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: ...тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.
Иймд Б.Бд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү Чигуныг төрүүлсэн, гурав хүртэлх буюу бага насны хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний 1119730020 дугаарын бүртгэлтэй гэрчилгээгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /2-р хх-н 243-246-р тал/,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц , Ж.О , Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Ц , Ж.О , Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдыг төөрөгдүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ц , Ж.О нарыг тус бүрийг 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, Батбаярын Б г 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ц , Ж.О нарт оногдуулсан 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бгийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногт шилжүүлж 40 /дөч/ хоног буюу 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Б.Бд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Ц , Б.Б, Ж.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Ц , Б.Б, Ж.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ