| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1568/Э |
| Дугаар | 1628 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1628
2019 10 28 2019/ШЦТ/1628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Хохирогч Т.Баярмаа, түүний өмгөөлөгч Б.Шихи-Хутаг,
Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00857 0381 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний орой 21 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баясах трейд” ХХК-ний баруун замд “Toyota Allion” маркийн 00-41 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Т.Баярмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Баярмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Т.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 7 дугаар сарын 19-ний орой 21 цаг 20 минутын орчимд би ажлаа тараад гэр рүүгээ чигтээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Баясах трейд” ХХК-ний явган хүний гарцаар зам хөндлөн зүүнээс баруун тийшээ явж байтал хойноос урагшаа чигтээ цагаан өнгийн автомашин ирээд миний зүүн тал руу мөргөхөд би унасан. Тэгтэл жолооч нь бололтой нэг охин гүйж ирээд “яанаа эгчээ гэмтлийн эмнэлэг рүү явах уу” гэхээр нь би босох гэтэл босож чадахгүй байсан. Тэгээд замаар яваа хөндлөнгийн хоёр хүнийг гуйгаад босож намайг мөргөсөн охины машинд суугаад гэмтлийн эмнэлэг рүү ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч Х.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 7 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотын зүүн 4 замын “Баясах Трейд”-ийн урд талын явган хүний гарцан дээр цэнхэр өнгийн алион маркийн эмэгтэй жолоочтой тээврийн хэрэгсэл замаар хөндлөн гарч байсан эмэгтэй хүнийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн мөргүүлдэг хохирогч нь 37-38 орчим настай хүн байсан. Тэгэхээр нь би эхлээд түргэн тусламжийн байгууллага руу залгаад дараа нь цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн. Тэгэхэд жолооч нь бууж ирээд хохирогчоо машиндаа суулгаад аваад явсан. Тухайн тээврийн хэрэгсэл 3 эгнээтэй замын дунд талын эгнээгээр явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Иргэний хариуцагч О.Сүхээгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Toyota Allion” маркийн 00-41 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй миний өмч болно. Д.Н миний хүүгийн эхнэрийн дүү нь байгаа юм. Зам тээврийн ослын талаар маргааш нь хүүгээсээ сонссон. 2018 оны 11 сард үзлэг оношлогоонд орсон. Бусдад учирсан хохирлыг зам тээврийн осол гаргасан хүн өөрөө төлж барагдуулна, миний зүгээс татгалзаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8927 дугаартай:
Т.Баярмаад ахар сүүлний хугарал, зүүн доод зовхи, хацарын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 тал/,
Шүүгдэгч Д.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2019 оны 7 дугаар сарын 19-ний 21 цаг 20 минутын орчимд Toyota allion маркийн 00-41 УНЯ улсын дугаартай автомашинаа жолоодон Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Баясах трейд” ХХК-ийн баруун замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чигтээ зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байтал явган хүний гарцаар хүмүүс гараад дууссан. Тэгээд би явган хүний гарцаар гарах үед зүүн талаас нэг эмэгтэй маш хурдан гэнэт алхаад гараад ирэхээр нь би тормоз гишгэсэн боловч тулаад автомашныхаа урд гуфер хэсгээр явган зорчигчийн баруун ташаа руу нь чигтээ мөргөөд зогсоход тэр хүн миний автомашины хамар дээр унаад автомашин зогсох үед газар унасан. Би автомашинаа зогсоогоод гүйгээд очтол мөргүүлсэн эмэгтэй дөрвөн хөллөөд түрүүлгээ харан газар унасан байсан. Тэгээд баруун талаараа хэвтээд өгсөн. Би сандраад “та зүгээр үү хоёулаа гэмтэл рүү явах уу” гэтэл гэмтсэн хүн “намайг босгоодох би олны нүдэн дээр газар хэвтээд байж чадахгүй” гэхээр нь би явган хүний замаар явж байсан хоёр залууг дуудан явган зорчигчийг газраас босгосон. Тэгээд автомашин дотроо хэвтүүлээд гэмтлийн эмнэлэг рүү явах зуураа “та ар гэрийнхэндээ мэдэгдэх үү” гэтэл “ар гэртээ мэдэгдэхгүй, санаа нь зовчихно хэлэхгүй” гээд байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр би цагдаад бүртгүүлээд дараа нь эход харуулсан. Мөн томографийн шинжилгээ хийлгэхэд ахар сүүл нь хоёр хэсэг газраа хугарсан байна гэж хэлсэн. Хэвтрийн дэглэм сахь, хүйтэн жин тавиарай мөн калци уухыг эмч зөвлөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн:
Зам тээврийн осол хэрэг гарсан гэх газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баясах трейд” ХХК-ний баруун замд байна. Үзлэг хийхээр очиход мөргөсөн гэх автомашин гэмтсэн хүнээ аваад гэмтлийн эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашинаа хөдөлгөсөн байв. Зорчих хэсгийн өргөн 16.2м, явган хүний замын өргөн 6.0м, баруун 7.1м, зүүн асфальт шулаан тэгш, хуурай, явган хүний гарцтай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, дөрвөн эгнээ, явган хүний замтай, хайстай, хашлагатай зам байна. Зорчих хэсэгт тоормозны мөр байхгүй. А цэгээр алион маркийн 00-41 УНЯ улсын дугаартай автомашин анх явган зорчигч мөргөсөн цэгийг Б цэгээр явган зорчигч мөргүүлээд унасан цэгийг тэмдэглэв. Ойр орчимд зам руу харсан хяналтын камер байхгүй гэх тэмдэглэл /хх-ийн 3-4 тал/,
-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 08 дугаар сраны 08-ны өдрийн:
Зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн, баруун гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй зэрэг гэмтэлүүд нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос хэвийн ажиллагаатай байна. Мөн тоормосны битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллаж байсан гэх дүгнэлт /хх-ийн 36-40 тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
-осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6, 8-10 тал/,
-Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 12 тал/,
-түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 59 тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60, 61, 63, 65 тал/, хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн цалин түүнтэй адилтгар орлогыг нотлох баримтууд болон эмчийн тодорхойлолт, эмийн бүтээгдэхүүн худалдаж авсан баримт зэрэг 16 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Н нь хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж эмнэлэгт хүргэн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Лазер мед” эмнэлэгт Компьютер томографын шинжилгээний мөнгөний баримт, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Натур эмнэлэг” эмнэлэгт толгойн компьютер томографийн шинжилгээний бэлэн мөнгөний баримт, “Ач фарм” эмийн сангийн баримт, “Монос” эмийн сангийн баримтууд нийт 314.499 төгрөгийн эмчилгээний төлбөр төлсөн болох нь хавтаст хэргийн 30, 31, 56, 57 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгчийн зүгээс гаргаж өгсөн Голомт банкны ПОС терминал машины гүйлгээний 120.000 төгрөгийн баримт нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Лазер мед” эмнэлгийн Компьютер томографын шинжилгээний төлбөр картаар хийгдэж, баримттай давхардсан байх учир хохирол төлсөн баримтаас хасч шийдвэрлэв.
Хохирогч Т.Баярмаагийн хавтас хэрэгт гаргаж өгсөн “Монхимо” ХХК, “Монос Улаанбаатар” ХХК, дуудлагын таксигаар үйлчлүүлсэн төлбөр зэрэг нийт 3 ширхэг баримт, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 83.300 төгрөгний эмийн бүтээгдэхүүн худалдаж авсан баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаас үүдэн гарсан зардал мөн болох нотлогдож байгаа учраас дээрх 215.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хохирогч гэмтэсний улмаас өөрийн эрхэлдэг ажилыг хийж гүйцэтгэж чадаагүйн улмаас олох ёстой байсан орлого гэж 7.009.000 төгрөгийг шүүгдэгч болон уг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу иргэний хариуцагч нараас нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь хохирогчийн ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлогыг тооцож гаргуулахад түүний хэзээнээс хэзээний хооронд ямар хугацаанд ямар шалтгааны улмаас ажил хийгээгүй талаархи баримт, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт болон орлогыг харьцуулж жиших орлогыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх учир тооцох боломжгүй байна.
Ажлын байрны түрээсийн төлбөр нэхэмжилснийг мөн дээрх ажил эрхлээгүй байсан хугацааны баримт материалыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй болно. Өөр өөр хэлбэл ямар шалтагааны улмаас хэдий хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй гэх асуудлыг шийдвэрлэхээс наана ажлын байрны түрээсийн төлбөр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй ба зөвхөн бодитоор учирсан хохиролыг гаргуулж шийдвэрлэхээр хуульчлагдсан.
Иймд хохирогч Т.Баярмаа нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Н ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогчдын дүгнэлт, шүүгдэгчийн гэмт хэргийн талаарх дүгнэлт, гэм буруугаа ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хураагдаж ирсэн бичиг баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Нийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Н нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нээс 215.800 төгрөг гаргуулж хохирогч Т.Баярмаа /РД: хб69050601/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ