Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1632

 

 

 

 

 

 

 

 

   2019       10          28                                   2019/ШЦТ/1632

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Хохирогч П.Норжиндулам,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08345 1856 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2016 онд иргэн П.Норжиндуламыг хуурч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн аваад буцааж төлөөгүй ба урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан 2017 оны 8 дугаар сард 13.000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 28.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                           /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08345 1856 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Б.Б нь 2 удаагийн үйлдлээр хохирогчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч П.Норжиндуламын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Нарантуул зах дээр 3 ширхэг лангуу ажиллуулдаг юм. Манай булаг худалдааны төвд байх гоо сайханы барааны лангуунаас 2013 оноос хойш үйлчлүүлж байсан Б.Б гэх эмэгтэй 2016 онд 15.000.000 төгрөгний бараа зээлээр авсан боловч өгөөгүй удсан юм. Уг хүн тухайн үед олон лангуунаас бараа зээлээд  мөнгийг өгч чадахгүй яваад байсан. Би 2017 онд уг хүнээс барааны мөнгөө нэхэхэд “би баахан өртэй болоод цагдаад байцаагдаж байгаа, худалдагч маань идээд би мөнгө төгрөггүй болчихлоо, танайд өртэй гэдгээ мэдэж байна, би охинтойгоо танай лангуун  дээр ажиллаж өр төлбөрөө төлмөөр байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн шөнийн дэлгүүрийн гоо сайханы лангуун дээрээ Б.Быг 2017 оны 5 дугаар сараас охинтой нь ажиллуулах болсон. Би сарын 800.000 төгрөгөөр цалинжуулаад 400.000 төгрөгийг өөрт нь цалин болгож өгдөг байсан. Ингээд ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 8 дугаар сард Б.Б надад “чи л найздаа тусал би хөдөө байх хүний байрыг барьцаанд тавиад өрөнд орчихоод шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс байр нь хураагдах гээд байна би өөрөө ч  гэсэн шоронд орох гээд байна, чи надад 15.000.000 төгрөг зээлээч би охинтойгоо энэ байдлаараа ажилллаад 1 жилийн  дотор төлж дуусгаж барагдуулна” гэж хэлээд гуйгаад байхаар нь би итгээд өөрийн 5035010138 дугаарын данснаас 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.Бын хэлсэн 5360434135 дугаарын дансруу Ундрах-с гэж утгаар 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд энэ хүн надад нийт 28.000.000 төгрөгний өртэй болсон юм. Тэгээд би ажиллаар уг 8 сард Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад буцаад ирэхэд манай лангуун дээр ажиллахаа болиод Замын-Үүд сум руугаа явсан байсан. Тэгээд араас нь утсаар ярьсан чинь “манай охин ажилд орж байгаа удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлээд тасалсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2017 оны 10 дугаар сард манай нөхөртэй уулзаад нотариатаар ороод зээлийн гэрээ хийсэн байсан. Тэгээд би мэдээд “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь Б.Б “чи Замын-Үүдэд ир би яахаараа очдог юм, би очиж чадахгүй чи өөрөө ирээд уулз” гэж хэлээд загинаад байгаа. Түүнээс хойш ямар нэгэн холбоогүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Гэрч Б.Содбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

            Б.Б манай гэр бүлийн хүний эрхэлдэг гоо сайханы бараанаас зээлээр авч мөнгө төгрөгийг нь шилжүүлж байдаг байсан хүн байгаа юм. Уг эмэгтэй манайд өртэй байсан ба манайд ирж ажиллаж байгаад эхнэрийг байхгүй байхад ирж уулзаад Норжиндулам байхгүй байна, би чамтай гэрээ хийгээд нотариатаар оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би утас нь холбогдохгүй байхаар нь болох юм байх гэж бодоод уг хүнтэй гэрээ хийсэн. 28 сая төгрөгийн хэлцэл хийсэн. Манай эхнэрт өртэй байсан ба цаанаа үйл ажиллагаа явуулж байсан бизнес нь дампуураад байраа алдаж шоронд орох гээд байна гэж тухайн үед манайд ажиллаж байхдаа эхнэрээс мөнгө зээлээд явсан гэж эхнэр сүүлд нь ярьж байсан. Хичнээн төгрөг гэдгийг би сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 8, 9 тал/,

 -2017 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 86 тал/,

-П.Норжиндуламын ХААН банкны дипозит дансны дэлэнгэрэнгүй хуулга /хх-иийн 10 тал/,

-Б.Бад бараа хүлээлгэж өгсөн барааны жагсаалт /хх-ийн 49-53 тал/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2014 онд уг хүнээс их хэмжээний бараа бүтээгдэхүүн зээлж аваад төлж явж байгаад 15.000.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн юм. Би уг хүнээс байнга бараа зээлж аваад буцааж өгдөг байсан. Тухайн үед би давхар бизнес эрхлэх гэж хөрөнгө оруулалт хийгээд шаталтанд орчихсон. Тэгээд мөнгө төгрөг муутай болоод лангуугаа ажиллуулж чадхааргүй болчихсон. 2017 онд Норжиндуламын лангуу дээр ажиллаж байх хугацаандаа зээлсэн мөнгөөнөөсөө цалингаасаа хасуулж нийт 13.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Тухайн үед би банкинд үл хөдлөх хөрөнгөний бичиг баримт барьцаалж зээл авчихсан, төлөх боломжгүй болчихоод байна гэж гуйгаад нийт 15.000.000 төгрөг зээлж аваад өөрийн дансруу шилжүүлж зээлээ хаасан гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-63 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг гэрч, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч,  гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Б.Бын хохирогчийн эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, урьд нь харилцаж байсан харилцаагаа ашиглаж өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч П.Норжиндуламд нийт 15.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа болон 13.000.000 төгрөгийг зээлсэн нь шүүгдэч Б.Б болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд үүнээс 8.990.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид 2019 оны 06 дугаар сар хүртлэх хугацаанд хэсэгчлэн төлсөн. Одоогийн байдлаар 19.010.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдөөгүй байна. Иймд уг хохиролыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бад ял оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Быг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг зургаан зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 19.010.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Норжиндулам /хг-76052165/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ