Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1637

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019         10         28                                    2019/ШЦТ/1637  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04598 2029 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо Дунд Дарь-Эхийн зайдгайд байрлах өөрийн гэртээ өөрийн төрсөн ах Г.Нямдоржтой маргалдаж, улмаар зүүн бүсэлхий хэсэгт нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

                                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                   

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 04598 2029 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Г.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 23:00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн ганцийн задгайд байрлах өөрийн гэртээ дүү Г.Оын хамт хоёр шил архи хувааж уусан. Бид хоёроос өөр хэн нэгэн байгаагүй. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өглөө манай дүү бид хоёр бие биендээ туньж маргалдаж байгаад манай дүү Г.О нь миний зүүн суга хэсэгт хутгаар зүссэн. Надад нээх өвдөлт мэдрэгдэхгүй байсан бөгөөд харахад гайгүй шарх байсан тул цагдаад хандаад хэрэггүй гэж дүүдээ хэлсэн. Манай дүү Г.О нь уйлж сууж байгаад өөрөө цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд манай дүүг эрүүлжүүлэа байранд хүргэж, намайг түргэн тусламжын ажилчид Цэргийн төв змнэлэг дээр аваачиж миний шарханд оёдол тавиад эмнэлгээс гаргасан. Өөр зүйл болоогүй. Бид хоёр архиндаа согтоод тасарсан байсан тул юу болсоныг сайн хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8289 дугаартай:

Г.Нямдоржийн биед бүсэлхийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргэт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 тал/,

 

Шүүгдэгч Г.Оын мөрдөн байцаалтад өгсөн:

Би өөрийн төрсөн ах Г.Нямдоржтой 16 жил уулзаагүй байж байгаад 2013 онд уулзалдсан юм. Бид хоёр хамт ажил хийж манай гэрт амьдардаг болоод 1 жил болж байна. 2019 оны 08 дугаар сарын 01-ний opой ах Г.Нямдорж бид хоёр ажилаасаа бууж ирээд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн задгай тоотод байх гэртээ ирж хамт архи ууж эхэлсэн. Бид хоёр хамтдаа 0,5 граммын Ерөөл болон дараагийн уусан архины нэрийг нь мэдэхгүй байна. Ямарч байсан 2 шил архи уусан. Уусан архиндаа согтоод болсон acyyдлыг санахгүй байгаа бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өглөө сэрэхэд би ах Г.Нямдоржийн зүүн суга хэсэгт хутгаар зүссэн байсан. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Ийм л асуудал болсон.

Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан шархыг би ахынхаа биед учруулсан. Бид хоёр маш их архи уусан байсан болохоор юу болсон талаараа мэдэхгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 60 тал/,    

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-12 тал/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 тал/, яаралтай тусламжийн болон осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 27-30 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-34 тал/ оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Нямдорж нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

             

Шүүгдэгч Г.О нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар гаргаж буй дүгнэлт болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй, урт 19.5 см, ажлын хэсэг 8.5 см, иш 11 см, ишний өргөн 2.2 см хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон эрээн подволк 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ