Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн 7 дугаар байрны 04 тоотод оршин суух Ходого овогт Бадрахын Оюунчимэг, /РД:СЩ60100406/

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Геологийн 11-07 тоотод оршин суух Боржгин овогт Гэндэндамбын Тогооч,/РД:СЩ57091008/

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 46 дугаар байрны 46 тоотод оршин суух Боржигин овогт Тогоочийн Эрдэнэчимэг, /РД:СЩ82020803/

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 42 дугаар байрны 48 тоотод оршин суух Боржигон овогт Буяннэмэхийн Оюунцэцэг /РД:ЗЮ58110305/ нарт холбогдох газар чөлөөлүүлж, 3.806.570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагч Г.Тогооч, Г.Эрдэнэчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, хариуцагч Б.Оюунцэцэг, гэрч С.Даариймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                                                                                   Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Оюунчимэг миний бие өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1804000163, нэгж талбарын 221000052 дугаар бүхий 1665 м.кв газрын хууль ёсны өмчлөгч билээ. Гэвч хариуцагч нар нь хууль бусаар миний өмчлөлийн газар дээр хашаа, байшин барьж үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсоор байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын Газрын асуудал хариуцсан мэргэжилтний зүгээс 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14/09 тоот мэдэгдэх хуудсаар газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй байна. Иймээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1804000163, нэгж талбарын 221000052 дугаар бүхий 1665 м.кв талбайтай иргэн Б.Оюунчимэг миний өмчлөлийн газрын хойд хэсэгт иргэн Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарын 42 м.кв дэлгүүрийн байшин, 215.21 м.кв хашаа байрлаж байгаа хэсэг болох миний өмчлөлийн газартай давхцаж буй 214.76 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү. Хариуцагч нар нь миний өмчлөлийн газар дээр хууль бусаар хашаа, дэлгүүрийн байшин барьж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ийнхүү Б.Оюунчимэгийн өмчлөлийн газрыг Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нар нь хууль бусаар ашиглаж, орлого олж байгаа нь тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Тиймээс Нэгдүгээрт нэг сарын 100.000 төгрөг буюу Б.Оюунцэцэг, Т.Эрдэнэчимэг нарын байгуулсан түрээсийн гэрээний үнийн дүнгээр тооцож 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаа буюу 14 сарын хугацааны нийт 1.400.000 төгрөг, Хоёрдугаарт Г.Тогооч нар нь миний газар дээр хууль бусаар хашаа байшин барьснаас үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Улаанбаатараас Бор-Өндөр явсан замын зардал болох 306.570 төгрөг, өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч буй зардал гарсан тул тус бодит зардлыг хохиролд тооцон 1.500.000 төгрөгийн зардал гарсан байна. Иймд хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нараас дээр дурдсан нийт 3.206.570 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлжээ: “Б.Оюунчимэг нь Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарт холбогдуулан газар чөлөөлүүлэх болон хариуцагч нараас 3.206.570 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан бол Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарт холбогдуулан газар чөлөөлүүлэх, хохирол /замын зардал, өмгөөллийн хөлс 50 хувь/ 903.285 төгрөгийг гаргуулах шаардлага болгон өөрчилж байна. Харин Б.Оюунцэцэг нь өөрийн газар биш гэдгийг мэдсээр байж Б.Оюунчимэгийн газрыг бусдад түрээслүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэг сарын 100.000 төгрөг буюу Б.Оюунцэцэг, Т.Эрдэнэчимэг нарын байгуулсан түрээсийн гэрээний үнийн дүнгээр тооцож 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаа буюу 14 сарын хугацаагаар нэхэмжилсэн байсныг 2016 оны 8 дугаар сарыг дуустал буюу 6 сараар нэмэгдүүлж нийт 2.000.000 төгрөг, мөн Б.Оюунцэцэгийн буруутай үйлдлээс үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргасан учир Улаанбаатараас Бор-Өндөр явсан замын зардал болох 306.570 төгрөг, өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч буй зардал болох 1.500.000 төгрөгийн тус тус 50 хувь болох 903.285 төгрөгийг хариуцагч Б.Оюунцэцэгээс гаргуулах. Иймд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г.-1804000163, нэгж талбарын 221000052 дугаар бүхий 1665 м.кв талбайтай иргэн Б.Оюунчимэгийн өмчлөлийн газрын хойд хэсэгт иргэн Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарын 42 м.кв дэлгүүрийн байшин, 215.21 м.кв хашаа байрлаж байгаа хэсэг болох нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцаж буй 214.76 м.кв газрыг чөлөөлүүлж 903.285 төгрөгийг Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нараас гаргуулах, мөн дээр дурдснаар хариуцагч Б.Оюунцэцэгээс 2.903.285 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дүгнээд хэлэхэд Оюунчимэгийн өмчлөл бүхий 1665 м2 газрын хойд хэсэгт Эрдэнэчимэг, Тогооч нарын 42 м2 дэлгүүрийн байшин, 215 м2 хашаа байрлах хэсэг, нэхэмжлэгчтэй давхцаж байгаа 214.76 м2 газрыг чөлөөлүүлж 903.285 төгрөгийг Тогооч, Эрдэнэчимэг нараас гаргуулах, хариуцагч Оюунцэцэгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хохирол 2.903.285 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Т.Эрдэнэчимэг, Г.Тогооч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Эрдэнэчимэг нь Б.Оюунцэцэгтэй 2014 оны 10 сард харилцан тохиролцож түүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1804000209 дугаартай 576 м2 газар Мах ногооны дэлгүүр барьж газар түрээслэх гэрээгээр газрыг түрээслэн худалдаа эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа болно. Миний хувьд тухайн газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч юм. Түрээсийн гэрээг Б.Оюунцэцэгтэй 2014 оны 12 сараас эхлэн байгуулж одоог хүртэл худалдаа наймаа эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ба нэхэмжлэгч Оюунчимэгийн өмчлөлийн газар дээр дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулаагүй болно.  Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих хүрэлцэн ирэх, шүүхийн дуудсанаар ирэх, нэхэмжлэлийн шаардлага тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй. Түүнтэй холбогдсон гарсан зардлаа буюу өөрийнхөө эрх үүрэгтэй холбоотой гарсан зардлаа хариуцах мөн өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба өмгөөлөгчийн хөлсөө өөрөө төлөх үүрэгтэй, тухайн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хариуцагч нартай ямарч холбоогүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Оюунцэцэг миний бие 2005 онд иргэн Болдоос ОЩА-ны талын тал суурин дээр дээр байр үйлчилгээний зориулалт бүхий палкан байшин тал суурь, 576 м2 газрын хамт худалдаж авсан. Тухайн үед Хэнтий аймгийн үл хөдлөх хөрөнгийн газар очиж газрын гэрчилгээ гаргуулж өгсөн. Одоо маргаантай байгаа нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн өмчлөл гэх газар, миний худалдаж авсан байшингийн ар талаар бохирын шугам, өмнө талд нь миний байшингаас 2.5-3 метрийн зайд дулааны цэвэр усны шугамууд байрлаж байгаа нь Монгол Улсын газрын тухай хуулийн 6.2, 6.2.3-т заасан усны нэгдсэн сангийн газар мөн хуулийн 13-р зүйлийн 13.1-д заасан зам шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, зам тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот тосгон буюу суурингийн гадна олгогдсон газар хамаарна. Төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалтай нийтээр ашиглана гэсэн заалт, хот сууриний ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6 төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс 2 тийш 5 метр хамгаалах зурвас байна. 17.7 хот доторх цэвэр усны дамжуулах, түгээх бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна. 17.14 шугамын тэнхлэгээс 2 тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно. Усны тухай хуулийн 31.2-т болон Хот суурингийн ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8-д газар ашиглах, өмчлөх, эзэмших эрх олгохыг хориглоно. Б.Оюунчимэг тухайн үед танил талаа ашиглан хууль бус шийдвэр гаргуулан 576 м2 газрыг өмчлөлийн газар гэж надад худалдсан. Би Эрдэнэчимэгтэй хариуцлагажуулах үүднээс гэрээ хийсэн. Харин ямар нэгэн төлбөр аваагүй, ашиг олоогүй. Иймд үндэслэлгүй нэхэмжилсэн үнийн дүнг төлөх ёсгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Б.Оюунцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 2005 онд газар худалдаж авсан. Би нэхэмжлэгч Оюунчимэгийн нөхөр Болдоос худалдаж авсан. Би ОЩА-ны тал дээр баригдсан тал ОЩА-г худалдаж авсан. Би худалдаж аваад 7 хоногийн дараа Болдтой цуг Хэнтий аймаг явсан. Надад 2005 оны 4 дүгээр сарын 19-нд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн. ОЩА-ны тал бетон нь суурь баригдаагүй байсан. Тэгэхэд тэрийгээ 500.000 төгрөгөөр үнэлж байсан. Би дараа нь 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тал суурь руугаа харсан хаалгатай гал тогоо, нойлын өрөөгөө газартай нь 1.000.000 төгрөгөөр зарна  гэж хэлсэн. Тухайн үед боломж олдоогүй болохоор авч чадахгүй байсан. Би нэгэнт үйлчилгээ явуулах учраас 1.000.000 төгрөг олоод худалдаж авсан. Миний сүүлийн авсан газрууд гэрчилгээнд нэмэгдэж ороогүй. Анхныхаа авснаар явагдаж байгаа. Би тухайн үед 1.000.000 төгрөг өгчихсөн байсан. Оюунчимэг, Болдтой газраа нэмүүлнэ гэж яриагүй. Хуулиараа Оюунчимэгийн газар гэж байхгүй. Би худалдаж авсан. Би мөнгөө өгөөд хоёр тийшээ болсон. Би эргэж Оюунчимэг, Болд хоёртой уулзалдаагүй” гэв.

Хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр хариуцагч Эрдэнэчимэг нь 2014 оны 12 дугаар сард Оюунцэцэгтэй харилцан тохиролцоод хууль ёсны өмчлөлийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг ОЩА-13 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн  Г-1804000209 дугаартай 576 м2 газар дээр мах ногооны дэлгүүрийг барьж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ газрыг Оюунцэцэг, Оюунчимэгээс 2005 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр анх худалдаж авсан байсан. Тухайн үед Билэгсайхан гар зургаар кадастрын зураг үйлдсэн байдаг. Энэ зургаар 576 м2, 1665 м2 гэж салгаж ялгасан юм билээ. Энэ зургийг харахад ямар нэгэн цэг тэмдэглэгээ байхгүй. Нэхэмжлэгч Оюунчимэгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Захын 1-1 тоот байрлах гэж байгаа. Гэрчилгээний дугаар нь Г-1804000163 дугаарыг 2011 оны 1 дүгээр сард гаргуулаад авсан байгаа. Яг хэрэгт ийм гэрчилгээний дугаартай Оюунчимэгийн өмчлөлийн гэсэн кадастрын зураг байхгүй. 2005 онд гарсан зураг бол Батсүхийн Болд гэсэн кадастрын зураг байдаг. Шинжээч дүгнэлтэндээ Оюунчимэгийн кадастрын зураг мэдээллийн санд байхгүй гэсэн. Өмнө нь Бор-Өндөр сумын газрын албаны мэргэжилтэн хэлж байсан. Оюунчимэгийн өмчлөлийн газар сумын мэдээллийн санд бүртгэгдээгүй. Ийм зүйлүүдийг хэлсэн. Нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан. 2008 оноос газрын шинэчлэл хийгдсэн байсан. Тэгэхээр Оюунчимэгийн кадастрын зураг мэдээллийн санд орсон байх учиртай. Гэтэл газрын шинэчлэлд ороогүйгээр яваад байдаг. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гарсан шинжээчийн дүгнэлт байдаг. Шинжээч дүгнэлт гаргахдаа яаж хэмжилтийг хийсэн гэдэг нь эргэлзээтэй байдаг. Аль өнцөгөөс аль хүртэл хэмжсэн нь байхгүй. Тэгэхээр Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.4 нэгж талбар, эргэлтийн цэг гэж заасан байдаг. 2005 оны зургаас харахад Оюунчимэгийн өмчлөлийн 1665 м2 газар бол нийт 10 эргэлт, нугаралтын цэгүүдтэй юм. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нугаралтын цэгүүд гэж байгаа. Эхний цэгээс энэ цэг хүртэл хэдэн м2, дахиад энэ цэгээс хэдэн м2 юм гэсэн цэг тэмдэглэгээ байхгүй. Шинжээч хэмжилт хийхдээ дурынхаа нэг цэгийг аваад 1665 м2, 276 м2 таслаад өгч байгаа юм. Ингэж хэмжиж байгаа учраас хэний ч өмчлөл рүү халдах боломжтой. Нэхэмжлэгч тал 903.285 төгрөгийг хохирол гэж нэхэмжлээд байгаа. Үүнийг хариуцагч Тогооч, Эрдэнэчимэг нар хохирол гэж үзэхгүй байна. Яагаад гэхээр өмгөөллийн хөлс бол Оюунчимэг, Мөнхбат өмгөөлөгч хоёрын хоорондын байгуулсан гэрээ юм. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хохирол гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд ирсэн замын зардал нэхэмжлээд байгаа. Энэ хүмүүс шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй. Шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй юм. Нэхэмжлэлээ шүүх хуралдаанд дэмжиж оролцох үүрэгтэй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүрэгтэй нь холбоотой гарсан зардал юм. Нэмэлт гарсан зардлыг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шаардлага нь газар чөлөөлүүлэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан өөрийн хууль ёсны газар дээр бусад этгээдүүд хууль бусаар үйл ажиллагаа явуулаад олсон орлоготой холбоотой. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр тухайн газрыг өмчилж байгаа этгээдэд зохих ёсны бичиг баримт олгохоор өмчилж байгаа этгээд нь тодорхой харагдаж байдаг. Оюунчимэг гэдэг хүн маргаж байгаа газрын өмчлөгч гэдгээ нотлоод бичиг баримтаа өгсөн. Үүнтэй хэн ч маргахгүй байгаа юм. Эрдэнэчимэг, Тогооч нарын хууль бусаар үйл ажиллагаа явуулаад байгаа газрын хэсгийг Оюунчимэгийн өмчлөлийн газартай давхцаж байна уу, үгүй юу гэдгийг тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилсон. Аймгийн газрын мэргэжилтэн дүгнэлтээ гаргасан. Оюунчимэгийн өмчлөлийн газар дээр Эрдэнэчимэг, Тогооч нарыг хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэдгийг тогтоосон. Тэр газрыг Оюунцэцэг гэдэг хүн өмчилж байгаа гэсэн зүйл харагддаггүй. Хавтаст хэрэгт ийм баримт байхгүй. Цаг хугацааны хувьд газар чөлөөлүүлэх мэдэгдэл өгсний дараа түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Оюунцэцэг гэдэг хүн өөрийнхөө өмчлөлийн биш газар гэдгийг мэдсээр байж Эрдэнэчимэг, Тогооч нарт түрээслүүлсэн юм. Энэ хүний буруутай үйл ажиллагаа байгаа. Хамгийн гол буруутай үйлдлийг Оюунцэцэг хийсэн. Эрдэнэчимэг, Тогооч нар Оюунцэцэгийн газар биш гэдгийг мэдэж байгаа. Тогооч, Эрдэнэчимэг нарт буруу итгэл үнэмшил төрүүлж түрээслүүлсэн. Тэгэхээр Оюунцэцэг гэдэг хүн Оюунчимэгт учруулсан хохирлын ихэнх хэсгийг хариуцах ёстой. Бид нар хохирлыг хоёр хуваасан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                 Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарт холбогдуулан газар чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсний улмаас учирсан хохирол болон замын зардал, өмгөөлөгчийн хөлс болох нийт 3.206.570 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэн Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарт холбогдуулан газар чөлөөлүүлэх, хохирол /замын зардал, өмгөөллийн хөлс 50 хувь/ 903.285 төгрөгийг гаргуулах, Б.Оюунцэцэг нь Б.Оюунчимэгийн газрыг бусдад түрээслүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 2.000.000 төгрөг, /замын зардал, өмгөөллийн хөлс 50 хувь/ 903.285 төгрөг нийт 2.903.285 төгрөг гаргуулах, Б.Оюунчимэгийн өмчлөл бүхий 1665 м2 газрын хойд хэсэгт Т.Эрдэнэчимэг, Г.Тогооч нарын дэлгүүрийн байшин, хашаа байрлаж байгаа 214.76 м2 газрыг чөлөөлүүлэх болгосныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Газар чөлөөлүүлэх маргааны тухайд:

Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар хэсэг Захын 1 дүгээр гудамжны 01 тоот хаяг дахь 221000052 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 1665 м2 талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч болох нь түүний шүүхэд ирүүлсэн 000105749 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь анх өөрийн өмчлөлийн 2241 м2 талбай бүхий нь газраас 576 м2 талбай бүхий газрыг 2005 онд хариуцагч Б.Оюунцэцэгийн өмчлөлд шилжүүлж тус тусын өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. /хх-н 19, 98-р тал/ Тухайн ондоо буюу 2005 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 221000052, 221000071 нэгж талбар бүхий газруудын кадастрын зураг үйлдэгдсэн байна. /хх-н 29, 209-р тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Оюунцэцэг нар өөрийн өмчлөлийн газраас бусдад түрээслүүлсэн гэж мэтгэлцэж байх боловч тэдний тайлбар дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

-Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийн  хавсралтаар ирүүлсэн 1:500 масштаб бүхий зураг дээрх талбайн хэмжээнүүдийг энгийн шугамаар хэмжиж үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч Б.Оюунцэцэг нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх газрын талбайн хэмжээтэй тохирч байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Оюунцэцэгийн миний өмчлөлийн газар гэж маргаж байгаа газрыг оруулан тооцвол түүний өмчлөлийн газар, газар өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх газрын хэмжээнээс давахаар байна. Мөн дээрх хавсралт зураг дээрх газар өмчлөгчдын газрын байршил нь 2005 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр гаргасан кадастрын зураг дээрх газрын байршилтай ижил байгаа болно.  

  -Хариуцагч Б.Оюунцэцэг нь шүүх хуралдаанд “Миний сүүлийн авсан газрууд гэрчилгээнд нэмэгдэж ороогүй. Анхныхаа авснаар явагдаж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн нь түүнийг маргаж буй газрыг өмчлөх эрхийн гэрчилгээгүй болохыг нотолж байна. Иргэн нь газар өмчлөхийн тулд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22.1-т заасан шаардлагыг хангасан байх ёстой юм. /Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан  шийдвэрийг  үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль  тогтоомжид   заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Оюунцэцэг нар нь иргэнд газар өмчлүүлэх асуудал нь хуульд нийцээгүй, шударга бус явагдсан, нийтийн болон тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлсэн гэж маргаж байх боловч уг асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай харьяаллын маргаан биш, газар өмчлүүлэх эрх олгосон захирамж хэрхэн олгогдсон талаар иргэний журмаар шийдвэрлэхгүй болно. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бор-Өндөр суманд Захын 1 дүгээр гудамжний 01 тоот гэх хаяг байхгүй гэсэн тайлбарыг хэлж байх боловч талууд тухайн маргаан бүхий газрын байршлын талаар маргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай гарсан, кадастрын зурагт эргэлт, нугаралтын цэгийг тэмдэглээгүй гэж мэтгэлцэж байх боловч дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлүүдэд зааснаар нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан болно. Мөн шинжээчийн дүгнэлтийн Үзлэг ба шинжилгээ хэсгийн 2-т 2005 онд хийгдсэн кадастрын зураг болон 2009 оноос хойш шинэчлэл хийж байгаа Газрын кадастрын мэдээллийн сантай тулган үзэхэд нэгж талбарууд ямар нэгэн байдлаар давхцаагүй талаар тодорхой дурджээ.

 Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн өмчлөлийн газартай давхцаж буй 214.76 м2  газрыг Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсний улмаас учирсан хохирол гаргуулах тухайд:

Хариуцагч Б.Оюунцэцэгийн бусдад түрээслүүлж буй газар нь түүний өмчлөлийн газар биш болох нь тогтоогдсон тул түүнийг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна үзэх үндэстэй. Хэрэгт авагдсан түрээсийн гэрээгээр Б.Оюунцэцэг нь Т.Эрдэнэчимэгт газраа түрээслүүлэн сар бүр 100.000 төгрөгийг бэлнээр авч байхаар харилцан тохиролцсон байна. /хх-н 31-32-р тал/ Б.Оюунцэцэг нь Т.Эрдэнэчимэгтэй түрээсийн гэрээ байгуулсан боловч мөнгө авч байгаагүй гэх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна. Хэдийгээр түрээсийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 01-ээс 2015 оны 12 дугаар сарын 01 хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан боловч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нар нь одоог хүртэл тухайн газрыг ашиглан үйл ажиллагаа явуулж буй тул Б.Оюунцэцэгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түүнээс 2016 оны 8 дугаар сарыг дуустал 2.000.000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

  Нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан хохирол болох замын зардал, өмгөөлөгчийн хөлсний тухайд:

  Газар чөлөөлүүлэх болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсний улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул үүнтэй холбогдон гарсан замын зардлыг хариуцагч Т.Тогооч, Г.Эрдэнэчимэг болон хариуцагч Б.Оюунцэцэг нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид зайлшгүй учирсан хохирол бөгөөд энэ нь хариуцагч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Нэхэмжлэгч нь  замын зардалд хариуцагч нараас 306.570 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 297.100 төгрөгний баримт байгаа тул 9470 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь иргэний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэхээ өөрөө шийдвэрлэх эрхтэй тул эрх зүйн туслалцааны хөлсийг хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй тул өмгөөллийн хөлс болох 1.500.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Даариймаа нь Б.Оюунцэцэгийг Б.Оюунчимэгээс 2005 онд шулуун буюу тэгш өнцөгт хэлбэртэй ОЩА-ны нэг өрөөг газрын хамт нэмж худалдаж авсан талаар мэдүүлснээс тухайн маргаан бүхий газрыг худалдаж авсан гэж баттай мэдүүлээгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэнгүй.

Дээрх нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх дүн нь 75.855 төгрөг атал 155.460 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 79.605 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул тэр хэмжээгээр хариуцагч нар хуваарилан төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 495 дугаар зүйлийн 495.1, 495.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн өмчлөлийн 221000052 нэгж талбар, улсын бүртгэлийн Г-1804000163 дугаартай 1665 м.кв газрын 214.76 м.кв газарт хашаа, байшин барьсан хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарт дээрх хашаа, байшинг буулгаж, газар чөлөөлөхийг даалгаж, хариуцагч Б.Оюунцэцэгээс 2.148.550 /хоёр сая нэг зуун дөчин найман мянга таван зуун тавь/ төгрөг, хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нараас 148.550 /нэг зуун дөчин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 79.605 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нараас 148.550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5106 төгрөг, хариуцагч Б.Оюунцэцэгээс 2.148.550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49.327 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                  Р.БАТБАЯР