Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1641

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2019        10         28                                   2019/ШЦТ/1641

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Хохирогч И.Нэргүй,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 1906040992036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж.Б.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 4 хороо, Цэргийн хотхоны 1-319 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч И.Нэргүйд агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.   

                           /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906040992036 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ж.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч И.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 07 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны Цэргийн хотхон 319 тоот гэртээ өөрийн хүүхэд болох 20 настай эмэгтэй Н.Хулангоо, 16 настай эрэгтэй Н.Дэлгэрбат, 13 настай эмэгтэй Н.Урангоо нарын хамтаар унтаж амарч байсан бөгөөд шөнө 02:00 цагийн орчимд миний хамтран амьдрагч Ж.Б гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн. Би хажуудаа хэвтүүлж унтуулах гэтэл намайг хэл амаар доромжилж чи намайг унтуулдаг хэн юм, муу янхан авгай минь чамайг би ална шүү гэж орилж хашгирч чамайг хүүхдүүдтэй чинь хамт ална шүү гээд цохих гээд дайраад байхаар нь 102 дугаарт дуудлага өгсөн юм. Би хамтран амьдрагч Ж.Бтэй 20 жил хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа дээр дурдсан хүүхдүүдтэй. Би хүүхдүүдээ өөрөөрөө овголчихсон юм. Өнөөдрийн хувьд намайг цохиж зодсон зүйл байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Болсон зүйлийг хүүхдүүд харсан, сонссон. Ж.Бөөс нэхэмжилсэн зүйл байхгүй. Бид нарыг амгалан тайван байлгахыг хүсэж байна, өөр хүсэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

-зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 6 тал/,

-цагдаагийн газрын бүртгэлийн сангийн мэдээлэл /хх-ийн 22-34 тал/,

-гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 39-48 тал/,

-дуудлага мэдээллийн жагсаалт /хх-ийн 51-53 тал/,

 

Шүүгдэгч Ж.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 7 дугаар сарын 10-ны орой 20:00 цагийн орчим найзындаа 2 шил архи уугаад гэртээ харьсан. Гэтэл манай эхнэр архи ууж ирлээ гээд надруу уурлаад цагдаа дуудсан. Бусад зүйлийг сайн санахгүй байна. Би 2018 онд эхнэр И.Нэргүйг согтуурсан үедээ хэл амаар доромжилсон гэсэн шалтгаанаар 2 удаа баривчилгаанд явсан. 2019 оны 02 дугаар сард согтуурсан үедээ агсам тавиад охинтойгоо маргалдаад Баянзүрх дүүргийн шүүхээр зөрчлийн хуулиар баривчилгаанд явсан. Би архины эмчилгээнд 2016, 2017 онд 2 удаа явсан. Би 1997 онд зам тээврийн осолд ороод толгойндоо гэмтэл авч хөлөө хүртэл хугалж байсан. 3-4 удаа наркозтой хагалгаанд орсон. Түүнээсээ болоод тэр үү архи уухаараа амархан согтдог болсон. согтуу үедээ юу хэлж ярьсанаа мэддэггүй, толгой өвдөөд архи уучихдаг. Гэхдээ би хэзээ ч эхнэр хүүхдээ зодож, цохиж байгаагүй. Зүгээр хэл амаар үглээд, уйлаад, дуулаад, хэрэлдээд байдаг болохоор эхнэр цагдаад дууддаг гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оын 02 дугаар сарын 12-ны өдрийн 289 дугаар шийтгэвэр /хх-ийн 57 тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оын 02 дугаар сарын 07-ны өдрийн 228 дугаар шийтгэвэр /хх-ийн 59 тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1113 дугаар шийтгэвэр /хх-ийн 58 тал/, шүүгдэгч Ж.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхээ хүмүүсийн амгалан тайван байдлыг олон хэлбэрээр алдагдуулж байгаа нь тэдний сэтгэл санаанд нь нөлөөлж, дарамт учруулсан байна. Хэдийгээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж буюу бие махбодид нь халдаж гэмтэл учруулахгүй, элдэв янзын гаж үг хэллэг хэлж дайрч давшлахгүй байгаа боловч гэр бүлийн бусад гишүүдийн хэвийн амьдрах нөхцөл боломжийг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн алдагдуулж байгаагаараа гэр бүлийн хүчирхийлэлийг сэтгэл санаанд нь нөлөөлж үйлдэж байгаа тарчлаасан шинжтэй хэлбэр юм.

Шүүгдэгч согтууруулах ундааны зүйлийг ойр ойр давтамжтайгаар их хэмжээгээр хэрэглэх нь гэр бүлийн бусад оролцогч нарын амар тайван, ая тухтай байдлыг байнга алдагдуулж, хохирогчийн хувьд сэтгэл санааны шаналал зовиурыг үүсгэж байгаа байдал юм.

 

Иймд шүүгдэгч Ж.Бийг хамтран амьдрагч И.Нэргүйг сэтгэл санааны хувьд байнга тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шийтгэвэрүүд, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ж.Б гэр бүлийн харилцаатай хүнийг байнга тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Уг хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул Ж.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Тэнссэн хугацаанд хязгаарлалт тогтоох тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.Бийг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Бд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.Бд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ