Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1642

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019        10         28                                   2019/ШЦТ/1642  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Хохирогч Р.Ариунтуул,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05006 1960 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б.У,

Б.Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өвөр гэх газарт иргэн Р.Ариунтуулыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруул, зүүн нүдний доод зовхи, баруун өвдөгт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өвөр гэх газарт иргэн Р.Ариунтуулын нүүрэн тус газар 2 удаа алгадаж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   

                   /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05006 1960 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Р.Ариунтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 8 дугаар сарын 21ний өдөр би өөрийн найзууд болох Алтангэрэл, Баачка, Хулан нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулан дээр сууж байгаад Алтангэрэл бид хоёр Баачка Хулан нараас жоохон зайдуу сууж байхад Алтангэрэлийн хуучин үерхэж байсан найз охин нь гээд эмэгтэй ирээд Аптангэрэлийг цохиод байхаар нь би хажуугаас нь юу болоод байгаа юм гэж асуухад үгийн зөрүүгүй шууд намайг цохисон. Яаг яаж зодуулснаа бол санахгүй байна. Шилэн аягаар цохиосон, шилэн аяга нь хагарсан байсан. Зүүн нүд хавдаж юм харж чадахгүй нүүр зүсэгдсэн, толгой өвдөж би тухайн үед шоконд орсон байсан. Намайг зодуулж байхад Хулан, Баачка, Алтангэрэл нар харсан. Би Алтангэрэлийг таньдаг болоод 6-7 cap болж байгаа. Бид 2 зүгээр найзууд. Алтангэрэлийн хуучин найз охинд зодуулчаад байхад Хуягаа гэх тэр хавьд амьдардаг залуу ирээд Аптангэрэлтэй муудалцаад маргалдаад байж байхаар нь та нар яагаад байгаа юм бэ гэхэд Хуяагаа гэх залуу намайг 2 цохиж унагаасан. Тэгээд байж байхад Хуягаа өөр 3-4 хүн дагуулж ирээд бид нарыг зодох гээд байж байхад Алтангэрэлийн хуучин найз охин нь буцаж ирээд чамайг харахаар уур хүрээд байна гээд намайг ахиж зодож унагаад нүүрлүү өшиглөж гэмтээсэн. Тэр өдөр Б.Ут зодуулсны дараа Хулан, Баачка нарын араасАлтангэрэлийн хамт Хуягаа гэх айлын хашааны хаалгагүй хэсгээр нь орсон. Хуягаа нь та нар буяны ажил гарсан байхад орж ирлээ гээд уурлаад байхаар нь уучлалт гуйгаад би гараад явсан. Харж байхад Хуягаа нь Алтангэрэлтэй маргалдаад цохиод байхаар нь очиж Хуягаад хандаж яагаад байгаа юм бэ гэхэд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Жаахан манарч газарт сууж байгаад босч ирээд Хуягааруу чулуу авч шидээд оноогүй. Хуягаа ахин миний зүүн шанаа хэсэгт цохисон. Зүүн нүдний дээд хэсгээс цус гарч байхаар нь тоогоогүй. Уулнаас бууж байхад Хуягаа ахиад баахан хүмүүсийн хамт ирээд алгадаад байж байхад Б.У Дэлгэрмөрөн хоёр ирсэн бөгөөд Хуягаа Б.Ут "наад гичийгээ ал надруу сая чулуу шидсэн гэж хэлэхэд Б.У нь намайг ахиж зодож эхэлсэн. Намайг үстэж доош дарж байгаад зодсон. Б.Уыг Хуягаа, Дэлгэрмөрөн 2 салгаад наадах чинь гай болно шүү гэсэн. Би явсан.

Шүүхийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Хуягаа болон Б.У нь учруулсан. Зүүн нүдний дээд зовхинд оёдол тавиулсан шарх болон зөөлөн эдийн няцралыг Хуягаа нь хоёр удаа цохиж учруулсан. Дагзны хуйхан дээрх шарх Б.У аягаар цохиж учруулсан, мөн дух хамрын нуруу, уруул, зүүн нүдний доод зовхи, эрүүнд учирсан гэмтлийг учруулсан. Баруун гарын алга зүүн бугуй, баруун өвдөг зүүн гуянд учирсан гэмтлийг Б.У газарт унагаж чирж зодохдоо учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 5-9/,

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

Дүгнэлтэд тусгагдсан зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарах ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,

 

Гэрч Т.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүр дүүргийн  21 дүгээр  хороо  Жамсран  уулын  өвөрт  байрлах  Б.Уын гэрт байхад Б.Ут найз залуу чинь хойно уулан дээр байна гэж нэг эгч хэлсэн. Тэгээд Б.У хамт очоод Алтангэрэлээс утсаа авна гээд бид 2 уулруу явсан. Уулан дээр очиход Алтангэрэл нь пиво уугаад байж байсан. Xaмт Ариунтуул болон хэсэг хүмүүс байсан. Тэр хүмүүсийг би танихгүй. Б.У Алтангэрэлтэй муудалцаад Алтангэрэлийг цохиод байсан. Энэ үед Ариунтуул хүрч ирээд Б.Уыг мөрлөөд байсан бөгөөд Б.У Алтангэрэлийн ууж байсан аягатай пивыг Алтангэрэлийн нүүрлүү цацаад аягыг нь бариад зогсож байсан  тул   шилэн   аягаар  Ариунтуулын  толгойруу  цохисон. Ариунтуулын толгойноос цус гараад байсан. Б.У нь Ариунтуулыг үснээс нь зулгааж нүүрлүү  нь  цохиод  байсан.   Би  Б.Уыг арагш  татаад  салгаад аваад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.У намайг хамт тийшээ очьё гээд эргээд уулан дээр очсон. Б.У ахин Ариунтуулыг цохиж маажаад байсан. Хуягаа гэх хүн бид хоёр салгаж авса. Хуягаа гэх хүн нь мөн Ариунтуулыг алгадсан гэж Б.Уаас сонссон. Б.Уыг салгаад аваад явсан бөгөөд ахиж уулзаагүй. Ариунтуулын толгой нь эхлээд хавдсан байж байгаад дараа нь нүүр нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10220 дугаартай:

Р.Ариунтуулын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруул, зүүн нүдний доод зовхи, баруун өвдөгт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийгөө хохирогч Ариунтуулын биед гэмтэл учруулаагүй гэж үзэж байна.

Манай ээж 2019 оны 08 дугаар сарын 10-нд нас барсан байсан. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өвөр 1985а тоот гэртээ зулаа бариад байж байсан. Эхлээд нэг эмэгтэй, нэг залуугийн хамт орж ирсэн. Эмэгтэй нь гараа угаая гэхээр нь тэг тэг гээд байж байсан. Хэсэг хугацааны дараа хохирогч Ариунтуул нь Алтангэрэл гэх залуу болон Аагий гэх залуугийн хамтаар орж ирсэн. Энэ үед Ариунтуулын нүүрнээс цус гарсан бусдад зодуулсан байдалтай байсан. Хөмсөг нь язарсан тэрнээс нь цус гарсан байдалтай гэрт ороод ирсэн. Би тэд нарт хандаж та нар манай гэрээс гар. Буяны ажилтай байхад цус нөжөө гоожуулан согтуу хөлчүү орж ирлээ гэж хэлсэн. Манай гэрээс бүгд гараад манай башингийн урд зогсоод байсан. Би тэд нарыг яв, манай хашаанаас гар гэхэд Алтангэрэл нь ах яасан гэнээ гээд миний эрүү хэсэгт мөргөсөн. Би Алтангэрэл гэх хүнийг барихад Ариунтуул нь миний араас толгой хэсэгт чулуугаар цохисон. Эргээд хартал Ариунтуул намайг чулуугаар цохисон байсан. Би Алтангэрэл гэх залуугийн нүүрэн хэсэгт нь алгадсан бөгөөд Ариунтуул нь намайг чулуугаар цохих гээд дахин дайрахаар нь би хариу зүүн гараараа нүүрэн хэсэгт нь алгадсан юм. Үүнээс хойш би Ариунтуулын биед гар хүрээгүй. Харин тэд нар чулуу архины шилээр цохих гээд дайраад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн:

Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр гудамжинд найз Дэлгэрмөрөнгийн хамт гэртээ байж байсан. Надтай үерхдэг байсан найз залуу болох Алтангэрэл нь надаас салаад хоёр хонож байсан. Манай хажуу талын эгч хойд уулан дээр хүмүүс ууж байна лээ. Тэр дунд Алтангэрэл байна гэж хэлсэн. Тэгээд би найз Дэлгэрмөрөнгийн хамт уулан дээр Алтангэрэл дээр очсон. Бид хоёрыг очиход Ариунтуул болон Алтангэрэл мөн түүний найзууд болох гурван залуу нэг охин байсан. Би очиж Алтангэрэлээс гар утсаа нэхэхэд Алтангэрэл нь согтуу чиний утас байхгүй ломбарданд тавьсан байгаа гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Бид хоёрыг очиход Алтангэрэлтэй Ариунтуул нь тэвэрэлдээд үнсэлдээд байж байсан юм. Би Алтангэрэлтэй хэрэлдээд байж байхад Ариунтуул Алтангэрэлийг өмөөрөөд намайг түлхсэн. Би Алтангэрэлийн нүүрлүү ууж байсан аягатай пивыг нүүрлүү нь цацаад аягыг нь барьсан байж таараад Ариунтуулын толгойруу шилэн аягаар цохисон. Ариунтуул нь миний үснээс зулгааж би хариу үснээс нь зулгааж бид хоёр харилцан зодолдсон. Дэлгэрмөрөн намайг салгаад би тэндээс цааш явсан. Дараа нь Алтангэрэл нь Ариунтуулын толгойны цусыг угаах гээд ажил явдал гарсан байсан Хуягаа ахын гэрт ороод цусыг нь угаах гэж Алтангэрэл нь Хуягаа ахтай маргалдсан гэж сонссон. Би Дэлгэрмөрөнгийн хамт эргээд уулан дээр очиход Алтангэрэл Хуягаа ах нар муудалцаад байж байсан. Хуягаа ах надад Ариунтуулыг миний толгойруу чулуу шидсэн овоо муу охин байгаа юм чи очоод цохиод ав гэхээр нь би өмнөх асуудлаа бодоод уур хүрээд очиж толгойруу нь цохиж харилцан зодолдож би нүүрийг маажсан. Хуягаа ах Дэлгэрмөрөн нар салгаад би харихаар яваад ахиж уулзаагүй. Ийм л зүйл болсон. Б.Быг Ариунтуулыг зодохыг бол хараагүй. Б.Б хэлэхдээ Р.Ариунтуулыг 2 удаа алдгадсан гэж хэлж байсан. Р.Ариунтуултай эхлээд уулан дээр  зодолдсоны дараа харахад миний толгой руу нь аягаар цохисон хэсгээс цус гараад нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан. Дараа нь хэсэг хугацааны дараа эргэж уулан дээр очиход Б.Б Ариунтуулыг 2 удаа алгадсан, тэр муу овоо охин байгаа юм очоод алаад өг гэхээр нь очтол тэрээр амны хаалт зүүсэн  нүүрний цусаа угаасан байсан. Амны хаалтыг нь аваад харахад зүүн нүд нь хавдсан, зовхин дээрээ язарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,  

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3/,

-Б.Б, Б.У нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт зэрэг хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 25-43/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрсдийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б, Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б, Б.У нар нь нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг өөр өөр цаг хугацаа, өөр өөр газарт  үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.  

 

Иймд шүүгдэгч Б.Уын хохирогч Р.Ариунтуулын биед дагзны хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруул, зүүн нүдний доод зовхи, баруун өвдөгт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Бын хохирогч Р.Ариунтуулын нүүрэн тус газар 2 удаа алгадаж, биед нь зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байгаа учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэй юм.

 

Шүүгдэгч Б.Б, Б.У нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж байгаа сэдэлт зэрэг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б, Б.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Уын таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.У нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б, Б.У нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Ариунтуул нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ