| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1589/Э |
| Дугаар | 1643 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1643
2019 10 28 2019/ШЦТ/1643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-амгалан,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мд холбогдох эрүүгийн 1906 05530 2081 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Цэнд-Аюушийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05530 2081 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Л.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой 01:00 цагийн үед гэртээ байж байтал О.М нь манай гэрийн гадна ирээд намайг дуудаад хотын төв рүү ороод ирье гээд гуйгаад байхаар би өөрийн машинаа асаагаад гэрээс гарсан. О.М нь өөрийнхөө найз гэх нэг залуутай хамт явж байсан. Бид 3 хотын төврүү орж ирээд дэлгүүрээс хэдэн лааз пиво аваад бөхийн өргөөний гадна зогсоол дээр машинаа тавиад миний машинд юм ярингаа сууж О.М тухайн найзтайгаа уугаад сууж байгаад машинд тамхи татаад байхаар нь би О.Мг тамхи татахаа боль гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгж байтал гэнэт миний нүүр рүү гараараа цохьчихсон. Гарыг нь бариад автал миний нүүр рүү толгойгоороо мөргөөд нэг гараараа нүүр рүү хэд хэдэн газар маажчихсан. Ард сууж байсан найз нь бид хоёрыг салгасан. Би О.Моос салаад цагдаа руу залгаж дуудлага өгөхөд тэр 2 миний машинаас буугаад такси бариад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11170 дугаартай:
Л.Цэнд-аюушийн биед баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун зүүн гаранд зулгаралт, зүүн завьжинд шарх, дээд үүдэн 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/,
Шүүгдэгч О.Мы мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 09 дүгээр сарын 13-ны орой гэртээ найз Ганбаяртай архи ууж байгаад 22 цагийн үед гарахад хөрш айлын Цэнд-Аюуш гэдэг залуутай таарсан. Тухайн үед Цэнд-Аюуш нь Ганбаяр бид хоёртой цуг ууж, шоудахаар болоод хамтдаа гарцгааж Цэнд-Аюушийн машинд суугаад дэлгүүрт орж архи, пиво аваад гурвуулаа машиндаа ууж эхэлсэн. Харин Ганбаяр бид хоёр манай гэрт нийт 10 пиво, 1 шил 0.75 литрийн Чингис нэртэй архи хувааж уучихаад гэрээс гарахдаа Цэнд-Аюуштай таарсан юм. Ингээд бид гурав архиа ууж байх үед би нилээн согтож байсан. Нэг мэдэхэд өглөө болсон байсан ба Саппород байрлах зочид буудалд Ганбаяртай хамт сэрсэн юм. Их согтсон учир юу ч санахгүй байна. Хэрүүл, маргаан болсон талаар Ганбаяраас сонссон. Тэрээр хэлэхдээ Цэнд-Аюушийн машинд сууж байгаад хоёуланг нь тамхи татах гэхээр дургүйцээд байсан. Тэрнээс болж та хоёр бие биенийгээ боогоод муудалцаад байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
-гэмт хэргийн талаахи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллгада гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч О.Мы иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16, 22 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч О.Мы иргэн Л.Цэнд-Аюушийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ