Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00021

 

 

Д.Доржсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0181/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүгдэгч: Д.Доржсүрэн

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Доржсүрэнд  холбогдох 201722000216 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08  дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолтой Д.Доржсүрэнд холбогдох 201722000216 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Барнууд овогт Далайн Доржсүрэн, 1971 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  төрсөн, 46 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РУ71010819/.

Д.Доржсүрэн нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 44-28 тоот хашааны үүдэнд иргэн С.Энхтүвшинтэй маргалдаж, С.Энхтүвшингийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Барнууд овогт Далайн Доржсүрэнг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай хөдөлмөр хийлгэх ялаар шийтгэж, ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Доржсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч С.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: ... Шүүх хуралдаанд миний өмгөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байсан. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсан”, Тогтоох хэсэгт: “бусдад төлөх төлбөргүй” гэж дурдаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие хохирол төлбөр гаргуулах баримтаа бүрдүүлэн шүүх хуралдаанд орох хүсэлтэй байсан боловч миний хууль ёсны эрхийг хэрэгжүүлэлгүйгээр өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангаагүй бөгөөд шүүгдэгч  Д.Доржсүрэнгээс нэг ч төгрөг аваагүй, миний 7 дугаар хавирга хугарч зөрсөн, баруун бөөрөнд дотоод цус хуралттай, бөөрнөөс шалтгаалж даралт ихэсдэг, зүрх өвддөг, байнга эмчийн хяналтанд байдаг болсон. Би эрүүл саруул үедээ байшин барилга барьж, доторлогоо хийж, сард 1-2 сая төгрөг олдог байсан. Иймд би гомдолтой байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Д.Доржсүрэнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Д.Доржсүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 44-28 тоот хашааны үүдэнд иргэн  С.Энхтүвшинтэй маргалдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Д.Доржсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн заалтыг журамлаж, шүүгдэгчид Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх ба хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, “шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлт ирүүлээгүй тул түүний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэл гаргаагүй, холбогдох баримтыг ирүүлээгүй учир шийтгэх тогтоолд  “шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэж дурдсаныг  буруутгах боломжгүй юм. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд холбогдох нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хохирогч С.Энхтүвшингийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

                       ШҮҮГЧИД                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                          Б.СОСОРБАРАМ