Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1368

 

 

 

 

 

 

 

  2019       09          02                                  2019/ШЦТ/1368

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг ҮД:15-54,

хохирогч Д.Дамдиндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Б т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03506 1734 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Б

Холбогдсон хэргийн талаар:

Н.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90-В байранд иргэн Д.Дамдиндоржийг толгойн тус газарт отверкоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б  мэдүүлэхдээ: Надааас 10.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд би тэр мөнгөө нэхсэн. Бид нар хамт орцны жижүүр хийдэг гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Дамдиндорж мэдүүлэхдээ: Би энэ хүнд гомдолтой. Энэ хүн надаас эхлээд 10.000 төгрөг нэхсэн. Та гурав миний 10.000 төгрөгийг луйвардсан гээд заамдаж авсан. Тэгээд миний толгой руу 2-3 удаа отверкоор цохисон. Толгойныхоо зургыг авахуулж чадаагүй. Би гомдолтой байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Дамдиндоржийн өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн орчимд манай Хос шарга СӨХ-н дарга Батдорж /98160046/ намайг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90-В байрны 4 дүгээр гэрлийг янзлаад өг гэхээр нь би зөвшөөрөөд 10 цаг өнгөрч байхад янзлах гэж ороод 90-В байрны жижүүр Н.Б ээс отверк гуйж аваад 4 дүгээр давхарын гэрлийг сольсон. Тэгээд отверкийг нь өгчихөөд байрнаас нь гараад явж байтал Н.Б  /Баяраа гэж дууддаг гэх/ согтуу араас дуудаад 10.000 төгрөг өг гэхээр нь би СӨХ-ны даргаас ав гэсэн чинь намайг заамдаж авахаар нь барьцыг нь салгах гээд ноцолдож байх хооронд зүүн гараараа отверк аваад миний духны зүүн хэсэг болон толгойн ард талын дагзны хэсэгт тус бүр 1, 1 удаа хатгасан. Тэгээд салаад Баянзүрх дүүргийн 13 дугаар байрны 90-А байрны жижүүр хийдэг эхнэр Б.Лхагвасүрэн дээр очоод болсон явдлыг хэлээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд Баярааг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: ...Би өчигдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орцондоо байж байтал нөхөр Дамдиндорж шатаа бариад толгой нь цус болчихсон ороод ирсэн. Тэгээд би гайхаад цагдаа, түргэн дуудсан. Тэгээд юу болсон талаар асуутал Баярдэлгэр ийм болгочихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7020 дугаартай шинжээчийн:

1. Д.Дамдиндоржийн биед зулайн хуйх, духны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулайн хуйх, духны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа хөнгөн, дух, баруун зовхинд зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

- Шүүгдэгч Н.Б ийн иргэний үнэмлэхний лавлагаа, тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20, 21, 26 дугаар тал/,

- Хохирлын баримт, хохирол төлсөн баримт /хх-ийн 17, 18 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Н.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90-В байранд иргэн Д.Дамдиндоржийг толгойн тус газарт отверкоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Дамдиндорж, гэрч Б.Лхагвасүрэн, яллагдагчаар өгсөн Н.Б  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7020 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Дамдиндорж нь гэмт хэргийн улмаас учирсан 47.750 төгрөгийн баримтыг ирүүлсэн ба шүүгдэгч Н.Б  нь 140.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 17, 18 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Д.Дамдиндорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ