| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1351/Э |
| Дугаар | 1369 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1369
2019 09 02 2019/ШЦТ/1369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03904 1726 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Э.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ахмадын хороололд иргэн Б.Биндэръяатай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 23-ны орой хэрэг болсон. Тэр хоёр хүүхэд эхэлсэн. Би машиндаа суугаад гэрээсээ гараад явж байсан. Маргалдаж байгаад ийм зүйл болсон нь үнэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Биндэръяагийн өгсөн: ...Тухайн өдрийн 21-22 цагийн орчим би гэр рүүгээ орохоор найз залуу Мэндбаярын хамт явж байхад хотхоны ордог чиптэй хаалга руу орох гэж байгаа байдалтай сигналдаад цонхоороо орилоод тэгснээ бууж ирээд энэ хаалгаа онгойлгооч гэхээр нь би “эгч ээ, наад хаалга чинь зөвхөн чипээр нээгдэнэ, чипгүй бол нээгдэхгүй” гэхэд “би мэдэж байна янхан минь, би энэ байрных, чи хэн юм” гэхээр нь согтуу юм байна гэж бодоод явчихсан чинь араас гүйж ирээд найз залуу Мэндбаярын зүүн талын хацар шанаа руу гартаа барьсан гар утсаараа цохиод авсан. Эгч ээ, та болиоч гээд салгах гэхэд миний гар руу цохиод найз залуугийн хүзүү рүү маажаад авахаар нь “эгч ээ, та ямар аймаар юм бэ, хүнийг ингэж болохгүй шүү дээ” гэхэд намайг хойш нь цээж рүү түлхэхэд толгой дээрээ тогтоочихсон байсан нүдний шил уначихаар нь тонгойгоод авах гэтэл дээр нь ирж нүдний шил гишгэж хагалаад миний үснээс зулгаагаад хойш нь чирээд яваад байсан. Тэгтэл нөхөр нь салгах гэхэд тэр эгч намайг тавихгүй чирсээр байгаад зүүн гар талд байсан цагаан өнгийн Приусийг хамраар мөргүүлсэн. Найз залуу салгах гээд дийлэхгүй, тэр эгчийн нөхөр нь ирж салгасан. Таньдаг эгчээрээ 3 хоног толгойгоо бариулсан. Үс унаад байхаар нь уналтын эсрэг тос 25.000 төгрөгөөр авсан. Өвчин намдаах эм уусан. Авсан эм 10.000 төгрөг дотор л болсон байх. Толгойгоо өдрийн 20.000 төгрөг, нийт 60.000 төгрөгөөр бариулсан. Эмчилгээний зардалд шүүх эмнэлэгт 8000 төгрөг дээрхтэй нийлээд 113.000 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7833 дугаартай шинжээчийн:
1. Н.Мэндбаярын биед хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7831 дугаартай шинжээчийн:
1. Б.Биндэръяагийн биед хамрын нуруунд цус хуралт, зүүн чихний ар, зулай, дагзны зааг хэсгээр хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Мэндбаярын өгсөн: ...Тухайн өдөр бид 2 гадуур явж байгаад 20 цагийн орчим байж магадгүй харихаар хотхон руу ордог чиптэй хаалган дээр иртэл 1 приус 20 маркийн машин учиргүй сигналдаад байхаар нь хажуугаар нь өнгөрөхдөө би эгч ээ, наад хаалга чинь чипээр нээгддэг гэхэд мэдэж байна, 2 пизда минь доромжлоод байгаа юм уу гэхээр нь бид цаашаа явахдаа хэл амтай авгай вэ гээд найз охин хэлсэн чинь тэрийг сонсчихоод машинаасаа бууж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би эгч ээ та явчих би найз охиноо аваад явчихъя гэхэд та 2 намайг ингэх болоогүй гэж хэлээд найз охиныг 1 удаа өшиглөөд миний нүүр рүү гарт барьсан утсаараа цохисон, тэгээд мөн найз охины нүүр рүү цохиод тэр 2 үсдэлцээд найз охиныг газар унагаад тэгтэл тэр эгчийн нөхөр бид 2 арай гэж нэг юм салгасан. Энэ талаар хотхоны камерт тодорхой бичигдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11 дүгээр тал/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: ...Бичлэгийн 02 минут 38 секундэд үсээ задгай тавьсан хөх өнгийн жинсэн хүрэм, хар өнгийн урт даашинз өмссөн 20 гаран насны эмэгтэй түүний хажууд мөн 20 гаран насны цайвар өнгийн богино өмд, цагаан пудволк өмч дээгүүрээ цайвар өнгийн цамц мөр хэсэгтээ нөмөрсөн эрэгтэй явж байв. Бичлэгийн 02 минут 48 секундэд тухайн 2 хүний араас үсээ задгай тавьсан хар өнгийн урдаа зурагтай пудволк, бараан өнгийн өмд бүсэлхий хэсгээрээ бараан өнгийн цамц зангидсан 30 орчим насны эмэгтэй ирж маргаж байгаа байдалтай хэсэг зогсоод бичлэгийн 3 минут 1 секундэд ертөнцийн зүгээр урагшаа алхахад араас нь жинсэн хүрэмтэй эмэгтэй гараараа чичих маягтай үйлдэл хийж, үг хэлж байгаа байдал гаргахад 30 орчим насны эмэгтэй буцаж бичлэгийн 3 минут 11 секундэд гүйж тухайн эрэгтэй, эмэгтэй 2 дээр очоод хоорондоо маргаж байгаа бололтой зогсох явцад 30 орчим насны эмэгтэй баруун хөлөөрөө жинсэн хүрэмтэй эмэгтэй рүү өшиглөх явцад тухайн эмэгтэй хойшоо ухарч байх ба тэр 2 эмэгтэйн дунд цагаан пудволктой цамц нөмөрсөн эрэгтэй орж 2 тийш салгах явцад бичлэгийн 4 минут 20 секундэд 30 орчим насны эмэгтэй жинсэн хүрэмтэй эмэгтэйн толгой тус газар зүүн гараараа 1 удаа цохих явцад тухайн эмэгтэй баруун гараараа дух хэсгээс барьж зогсч байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийн 4 минут 23 секундэд жинсэн хүрэмтэй эмэгтэй газраас ямар нэгэн зүйл авч 30 орчим насны эмэгтэй рүү дайрах үед цагаан пудволктой эрэгтэй дундуур нь ороход тухайн 2 эмэгтэй нэг нэгнийхээ үснээс зулгааж тонгойсон байдалтай байгаа нь бичигдсэн байв...гэх тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,
- Шүүгдэгч Э.Ц гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ахмадын хороололд иргэн Б.Биндэръяатай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Биндэръяа, гэрч Н.Мэндбаяр нарын мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7831 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ц г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Биндэръяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч Э.Ц нь 200.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Э.Ц г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ц д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ