Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1670

 

 

 

 

 

 

 

  2019        11          05                                   2019/ШЦТ/1670 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ц.О, Ц.Х, тэдний өмгөөлөгч У.Сайнбилэг, Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03970 2024 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц.О,

Ц.Х,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О, Ц.Х нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн голын зүүн эрэг дээр иргэн Б.Даваасамбуугаас гар утсаа өгч байгаач фэйсбүүк орчихоод өгье гэж хуурч гар утсыг авч, хохирогч Б.Даваасамбуугийн хаан банкны 5064876919 дугаартай данснаас мобайлаар банкаар Ц.Оийн 5749829815 дугаартай дансруу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 600.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.О нь согтуурсан үедээ шүүгдэгч Ц.Хтэй бүлэглэж 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10-11 цагийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Эрхэс" нэртэй зочид буудлаас гарахдаа хохирогч А.Баасансүрэнгийн Хаан банкны виза карт, иргэний нэхэмжлэгч М.Ариунтуяагийн Самсунг нөт-4 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картнаас биет 3.200.000 төгрөгийг ATM /автомат мөнгөний машин/-аас гаргуулан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ц.О, Ц.Х нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  1. Хохирогч Б.Даваасамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дарь-Эхийн хуучин эцэс дээр Ц.О нартай тааралдахад тэрээр намайг Налайх хүргээд өгөөч гээд байсан. Улиастайн гол орж суухаар явж байхад Ц.О нь миний гар утсыг фэйсбүүк орчихоод өгье гэж гуйгаад байхаар нь би өгчисхөн юм. Гол дээр 2.5 литрийн пиво хувааж уугаад 2 цаг орчим сууцгаасан.  Тэгээд Нандиа нь манай эгчийг тосоод аваадахъя гээд бүгдээрээ голоос явсан. Явахдаа би гар утсаа Ц.Оээс авсан. Ботаникийн эцэс дээр ирээд буугаад эгчтэйгээ уулзчихаад ирье хүлээж байгаарай гэсэн. Хүлээгээд ирээгүй. Тэгээд би цаг орчимын дараа явж байгаад гар утсаа шалгаж үзэхэд миний дансны үлдэгдэл 800.000 төгрөг байсан чинь 600.000 төгрөг хасагдаад 200.000 төгрөг үлдчисхэн байсан. Тэгээд Ц.О рүү залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд Хаан банк руу залгаад асуухад 17:00, 18:00 цагийн орчимд 300.000 төгрөгөөр хоёр удаа нийт 600.000 төгрөгийн гүйлгээ 5749829815 дугаарын Ц.О гэх данс руу шилжүүлсэн байсан. Дэлгүүр ороход би тооцоогоо мобайлаар шилжүүлсэн юм. Ц.О тэр үед миний кодыг харсан байх. Миний код их амархан 8888 байсан. Гомдолтой байна. Мөнгөө авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3 тал/,

-эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Ц.Оийн "Хаан" банкны 5749829815 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 тал/,

 

Шүүгдэгч Ц.Х мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр найз Ц.Оийн хамт Дарь-Эхийн шинэ эцэс дээр явж байхад Даваасамбуутай санаандгүй байдлаар тааралдсан. Даваасамбуугийн найз гэх хоёр залуутай офицерийн буудал дээр уулзаад бид нар Улиастайн шинэ эцсээс 2 том сэнгүр пиво аваад Улиастайн гол орсон. Гол дээр очоод пиво ууцгаасан ба би тухайн үед пиво уугаагүй. Энэ үед найз Ц.О нь Даваасамбуугаас утсаа өгчих фэйсбүүк ороод өгье гэж хэлээд гар утсыг нь авсан. Ц.О бид хамт бие засахаар болж тэр хэдээс хол зайнд 5-10 минут орчим болсон. Энэ үед Ц.О надад Даваасамбуугийн гар утасны мобайл банкинд 800.000 төгрөг байна. 300.000 төгрөгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлчих үү гэж надаас асуухаар нь би тэгье гэж хүлээн зөвшөөрч мөнгийг Ц.Оийн хаан банкны 5749829815 данс руу шилжүүлж авсан. Бид хоёр ярилцаад тэр хэдэн залуучуудаас "манай эгч залгаад дуудаад байна, явахгүй бол болохгүй" гэж хэлээд салахаар ярилцаж тохиролцсон. Бид хоёр ярилцсаны дагуу Ботаникийн эцэс дээр салж таксигаар шөнийн зах ороод ATM орж дансны үлдэгдлийг шалгаж үзэхэд Ц.Оийн хаан банкны дансанд 600.000 төгрөг байсан. Энэ үед би Ц.Оээс чи 300.000 төгрөг аваагүй юм уу гэхэд чамаас өмнө данс руугаа 300.000 төгрөг явуулчихсан байсан юм гэж хэлж байсан. Ингээд АТМ-аас мөнгө аваад надад 280.000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь өөрөө цүнхэндээ хийж байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан учраас мөнгө хулгайлсан. Хулгайлж авсан мөнгөөрөө 13-ын Шөнийн захаас тэр оройдоо өмд, цамц, гутал зэрэг эд зүйл аваад дуусгасан. Даваасамбуугийн гар утасны мобайл банкыг Ц.О мэдэж байсан, миний бодлоор дэлгүүрээс пиво авахад нь харсан байх гэж бодож байна. Ажил  хийгээд хохиролыг төлнө гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Шүүгдэгч Ц.Оийн  мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр найз Ц.Хтэй хамт Дарь-Эхийн шинэ эцэс дээр явж байгаад Б.Даваасамбуутай санаандгүй байдлаар тааралдсан. Даваасамбуутай хамт явж байгаад найз гэх хоёр залуутай нь офицерийн буудал дээр уулзаад Улиастайн шинэ эцсээс 3-4 том сэнгүр пиво аваад Улиастайн гүүрнээс урагшаа Туул гол дээр очиж пиво ууцгаасан. Хишиг-Эрдэнэ бид хоёр бие засахаар болж тэр хэдэн залуучуудаас холдсон. Энэ үед надад Даваасамбуугийн гар утас байсан бөгөөд данснаас нь бид хоёр мөнгө авахаар ярилцаад мобайл банкаар нь миний хаан банкны 5749829815 дугаарын данс руу эхлээд 300.000 төгрөгийг хэсэг хугацааны дараа 300.000 төгрөгийг шилжүүлж авсан. Бүгдээрээ хот руу явж Хишиг-Эрдэнэ бид хоёр ботаник дээр бууж тэр хэдэн залуучуудаас салсан. Ботаник дээрээс такси бариад Халдвартын тэнд байдаг Шөнийн зах орж АТМ-аас эхлээд 500.000 төгрөг аваад, дараа нь 60.000 төгрөг авч, Хишиг-Эрдэнэд 300.000 төгрөгийг нь өгсөн. Надад тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан учраас мөнгө хулгайлсан. Хулгайлж авсан мөнгөөрөө 13-ын Шөнийн захаас болон Нарантуул захаас тэр оройдоо өмд, цамц, гутал зэрэг эд зүйл аваад дуусгасан. Хохирогч мөнгө шилжүүлэх үедээ 8888 гэж кодоо хэлж байхад нь мэдэж авсан. Хохиролыг төлөх боломжгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

 

2. Хохирогч А.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 04 цагийн үед өөрийн найз Ариунтуяагийн хамтаар 7 буудлаас такси бариад хороолол орох гэж байсан. Такси барьж байх үед танихгүй хоёр хүүхэн автобусны буудал дээр байж байсан. Тэгэхээр нь тэр хоёр хүүхэнтэй танилцаад цуг буудалд орохоор болсон. Ингээд тэр хоёр хүүхэн манай найз Ариунтуяа бид 4 нийлээд хороололын бичилийн "Эрхэс" зочид буудалд ирж 1 өрөө аваад хамтдаа орсон. Буудал руу ирж байх замдаа би өөрийнхөө виза карт болон нууц дугаарыг нь өөрийн найз Ариунтуяад өгөөд замаараа архи болон буудлын мөнгө авхуулсан. Тухайн үед картнаасаа 80.000 төгрөг авхуулсан. Ингээд буудалд орж ирээд бид 4 хамтдаа замдаа авсан 1 шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж уусан. Архинаас Ц.О, Хишиг-Эрдэнэ нар уугаагүй. Би өөрийнхөө найзтай архинаас 2 татчихаад нойр хүрээд унтаад өгсөн. Өглөө 12 цаг өнгөрч байхад сэрэхэд манай найз Ариунтуяа бид 2 байсан. Шөнө танилцсан 2 хүүхэн байхгүй болчихсон байсан. Би гар утсаа асаагаад үзсэн чинь надад Хаан банкнаас 3 удаагийн гүйлгээний нийт 3.200.000 төгрөг данснаас гарсан тухай мэдээлэл ирсэн. Тэгээд би тухан үед картаа үзсэн чинь миний карт байхгүй байсан. Таксинд суугаад хороолол руу ирж байх замдаа би өөрийн найз Ариунтуяад виза картаа өгөхдөө нууц дугаарыг нь хэлсэн. Тэр хоёр эмэгтэй такси дотор хамт суугаад явж байхдаа миний виза картны нууц дугаар болох 0807 дугаарыг сонсоод цээжилсэн байх гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/,

 

Хохирогч М.Ариунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 сарын 06-ны өдөр Баасансүрэнгийн хамт Хайлаастын цэнгээний газар үйлчлүүлээд гарсан. Такси барих гэж байгаад 2 хүүхэнтэй танилцсан. Хамт буудал орхоор явсан. Зочид буудалд орохоос өмнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ТААЦ" дэлгүүр орчмоос гар дээрээс архи согтууруулах ундаа зардаг хүмүүсээс 2.5 литрийн "Нийслэл" нэртэй пиво 2 ширхэгийг аваад зочид буудалдаа ороод нэг ширхэгийг хувааж уучихаад 07 цагийн орчим унтахаар хэвтсэн бөгөөд 12 цагийн орчимд Баасансүрэн намайг сэрээгээд миний виза карт алга болчихсон байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө эд зүйлийг үзтэл хар өнгийн Галакси Нөүт 4 маркийн гар утас алга болчихсон байсан. Баасансүрэн надад картаа өгөхдөө картныхаа нууц үгийг хэлсэн юм. Баасансүрэнгийн картнаас 3 сая гаруй төгрөг алга болчихлоо гэж байсан.  Би өөрийн гар утсыг бүрэн бүтэн хүлээж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/,

 

"Ашид билгүүн" ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ТХҮ-719/313 дугаартай:

Самсунг нөт-4 маркийн гар утас 80.000 төгрөг, Хаан банкны виза карт 5.000 төгрөг, нийт 85.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 103-105 тал/,

 

-эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 76-77 тал/,

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад  гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 79-80 тал/,

-зочид буудлын бүртгэлийн хуудас /хх-ийн 147 тал/,

-хохирогч А.Баасансүрэнгийн дансны хуулга /хх-ийн 149 тал/,

 

Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би өөрийн найз Хишиг-Эрдэнэтэй хамт 100 айлаас хойшоо яваад "17" гэдэг бааранд тухайн өдөр сууж байсан. Тухайн үед Сүрэн гэж өөрийгөө танилцуулсан залуутай бааранд танилцсан. Сүрэн бас өөр нэг залуутай хамт явж байсан. Ингээд манай найз Хишиг-Эрдэнэ бид 2 тэр 2 залуутай бааранд танилцчихаад харих гээд гартал Сүрэн гэдэг залуу нь Хишгээг "хамт явъя" гээд баарны гадаа цаг гаруй ээрсэн. Ингээд манай найз Хишиг-Эрдэнэ бид 2 Сүрэн болон түүний найзтай нь хамт явахаар болоод баарны гаднаас такси бариад хороололд нэг буудалд ирсэн. Буудалд орохоосоо өмнө замаараа дэлгүүр орж 1 шил архи мөн пиво авсан. Бид 4 буудалдаа нөгөө авсан архи, пивоо уусан. Тухайн үед манай найз Хишиг-Эрдэнэ архи болон пиво уугаагүй. Харин би 2-3 пиво уусан. Ингээд өглөөний 08 цагийн үед унтсан. 10 цаг өнгөрч байхад Хишиг-Эрдэнэ намайг сэрээгээд явъя гэсэн. Тэгээд явах гэсэн чинь Хишиг-Эрдэнэ надад хандан хоёулаа яаж хоосон явах вэ дээ. Энд нэг юм байна ш дээ, картыг нь аваад цүнхэлчих гэсэн. Тэгэхээр нь би Сүрэнгийн картыг нь авсан. Тухайн үед Хишиг-Эрдэнэ "гар утаснуудыг нь ав" гэсэн. Тэгэхээр нь би яах юм бэ гээд үлдээсэн. Бид хоёр буудлаас гараад такси бариад явж байгаад АТМ-ны гадаа очиж зогсоход Хишиг-Эрдэнэ картыг нь гаргаад ир гэж надад хэлээд Сүрэнгийн картнаас 3 удаа уншуулж нийт 3.200.000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс 1.600.000 төгрөгийг нь надад өгсөн. Би ажил хийж байгаад хохирлоо барагдуулна... Би Ариукаагийн Нөте-4 маркийн гар утсыг Сүрэнд хүлээлгэж өгсөн. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 93-94, 115-116 тал/,

 

Шүүгдэгч Ц.Х мөрдөн байцаалтад өгсөн:

..."Эрхэс" зочид буудал руу орсон. Тэгээд буудалд ороход Сүрэнгийн найз Ариука гэх залуу манай найз Ц.О бид хоёрыг архиар шахсан. Тухайн үед би уугаагүй. Ингээд Сүрэнгийн найз Ариука ганцаараа нилээн архи уусан. Манай найз пиво уусан. Харин би уугаагүй. Бид 4 нилээн юм ярьж байгаад өглөөний бараг 6 цаг болж байхад унтсан. Ц.Оийг сэрчихээр нь Сүрэнгийн мөнгөтэй Хаан банкны виза картыг нь аваад мөн Ариукагийн Самсунг Нөте-4 маркийн гар утсыг нь тэр хоёрт хэлэлгүй аваад буудлаас гараад явсан. Би карт утсыг нь авсан. Ц.О бид хоёр буудлаас гараад такси бариад Өргөөгийн Хаан банкны АТМ-ны гадаа очиж зогсоод Сүрэнгийн картыг 3 удаа уншуулж нийт 3.200.000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс би 1.600.000 төгрөгийг нь авсан. Үлдсэн 1.600.000 төгрөгийг нь манай найз Ц.О авсан. Тэгээд тэр өдрийн маргааш нь над руу Сүрэн залгаад мөнгөө авъя гэсэн. Тэр үед би мөнгийг нь үрчихсэн гэж хэлсэн. Буудал руу орохоосоо өмнө Сүрэн өөрийнхөө найз Ариукад картаа өгч архи, пиво авхуулах үед найздаа картныхаа нууц дугаарыг хэлж байсан. Тэр үед нь би сонсоод цээжилчихсэн байсан. Хохирлыг би ажил хийж байгаад барагдуулна. Бусдын мөнгийг авсан үйлдэлдээ харамсаж байна. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 95-96, 123-124, 125-126 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Ц.Х, Ц.О нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32/, Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2019.09.30-ны өдрийн 1/436 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/654 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-42/, оршин суугаа хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа гэх мэт хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 43-44, 69, 135-145/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ц.О, Ц.Х нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Даваасамбуугийн гар утасны мобайлаар банкаар 5064876919 дугаартай данснаас нь Ц.Оийн 5749829815 дугаартай дансруу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 600.000 төгрөг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг,

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10-11 цагийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Эрхэс" зочид буудлаас гарахдаа хохирогч А.Баасансүрэнгийн Хаан банкны виза карт, иргэний нэхэмжлэгч М.Ариунтуяагийн Самсунг нөт-4 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картнаас биет 3.200.000 төгрөгийг ATM-аас гаргуулан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ц.О, Ц.Х нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Ц.О, Ц.Х нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч Б.Даваасамбуу, А.Баасансүрэн нарт учирсан хохиролоос төлөгдсөн зүйлгүй байх ба иргэний нэхэмжлэгч М.Ариунтуяагийн гар утсыг буцааж өгсөн, тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч Ц.О, Ц.Х нараас нийт 3.805.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч Б.Даваасамбууд 600.000 төгрөг, хохирогч А.Баасансүрэнд 3.205.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Ц.О, Ц.Х нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоос төлж барагдуулаагүй байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Х, Ц.О нарт хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.О нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн байна. Дээрх шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялыг эдэлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, ялын гүйцэтгэлийг тооцох боломжгүй учир уг ялуудыг эдлэж дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Өмнө ял оногдуулсан боловч эдлээгүй байх тул уг ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтүүдийг хангаж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаарх Эрүүгийн хуульд заасан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх нөхцөл боломжгүй болно.

Учир нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж болдог. Хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх ойлголтод шүүгдэгчийн хохирол нөхөн төлөх эх үүсвэр, арга хэлбэр, хугацаа нь тодорхой байх ойлголт хамаарна.

Мөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, 3 хүртлэх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болохоор хуульчлагдсан.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.Оийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар 3 хүртлэх насны хүүхдүүд биш болох нь тогтоогдож байна. Түүнчлэн тэрээр үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэлгүйгээр цэнгээний газраар үдэш, шөнийн цагт үйлчлүүлж, бусадтай хамт буудалд хонож эд зүйлийг нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг харгалзан үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил  хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял оногдуулахаар хуульчилсан. Хууль тогтоогчоос зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэх хугацааг техникийн нөхцөл байдлыг хангах үндэслэлээр хойшлуулсан учир уг ялыг хэрэглэх боломжгүй юм.

Шүүгдэгч Ц.Х нь жирэмсэн болох талаарх нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэйд оногдуулахыг Эрүүгийн хуулиар хориглосон тул шүүгдэгч Ц.Хд хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Х, Ц.О нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ц.Оийг, арван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ц.Хийг тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих хүнд ялд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож нийт 30 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 62 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт нэг жил гурван сар хоёр хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х, Ц.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.О, Ц.Х нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч М.Ариунтуяа нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Ц.Х нараас 3.805.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч Б.Даваасамбуу /ОМ86031311/-д 600.000 төгрөг, хохирогч А.Баасансүрэн /РЕ90080770/-д 3.205.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Ц.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ