| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1352/Э |
| Дугаар | 1370 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1370
2019 09 02 2019/ШЦТ/1370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Э.Гэрэлмаа /томилолтоор/,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Э ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04258 1702 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.Э
Холбогдсон хэргийн талаар:
Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 2267 тоотод өөрийн эхнэр Д.Байгалийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар хэлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Байгалийн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би амралтаа авсан байсан, нөхөр болох Э.Э ын найзынх нь эхнэр болох Заяа гэдэг эмэгтэйтэй хамт гадуур явж байгаад 17 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд би гэртээ хоолоо хийчихээд унтах гээд хэвтэж байхад нөхөр болох Э.Э ажлаасаа орж ирчихээд “чи утсаа авахгүй, өдөржингөө гадуур тэнэлээ” гэх мэтчилэн уурлаж уцаарлаж эхэлсэн. Тухайн өдөр нөхөр болох Э.Э нь хонинд явах ажилтай байсан бөгөөд оройны 22 цагийн үед гэрээсээ гараад Яармаг руу хонь авч ирэх гээд явсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад нөхөр болох Э.Э ирээд “хоёулаа ярилцъя” гэж хэлэхэд нь би “унтаж байна, маргааш болъё” гэж хэлэхэд үснээс чирээд том өрөө рүү намайг оруулаад нүүр хэсэгт маань гараараа 1 уда цохисон. Тэгэхэд миний толгой эргээд нүүрээ 2 гараараа хаагаад доошоо хараад хэвтэхэд Э.Э гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тухайн үед би том охин болох Энгүүнийг дуудаад эмээгээ дууд гэхэд манай охин гэрээс гараад Э.Э ын ээжийг дагуулаад ороод ирсэн. Төд удалгүй цагдаа нар манайд ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8439 дугаартай шинжээчийн:
1. Д.Байгалийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, хоёр бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Э.Э ын: Би хохирогч Д.Байгалийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 77-2267 тоот болох гэртээ эхнэр Байгальтай маргалдаж, улмаар эхнэрийг унтаж байсан орноос нь чирээд том өрөөнд оруулаад зүүн гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон. Тэгэхэд шалан дээр суугаад муухай орилоод байхаар нь дахиж зүүн гараараа Байгалийн нүүр хэсэгт 1 удаа цохиж гэмтээсэн. Манай эхнэр Д.Байгаль нь өөр хүнтэй хувийн чатад харьцаад байхаар нь хардаад уураа барьж дийлэлгүй цохиж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
- Шүүгдэгч Э.Э.Э ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20, 28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 2267 тоотод өөрийн эхнэр Д.Байгалийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Байгаль, яллагдагчаар өгсөн Э.Э нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8439 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Байгаль нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Э.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 9-11, 38 дугаар тал/
Хохирогч Д.Байгаль нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Э.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э.Э ад оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.Байгаль нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э.Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ