| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00177/И |
| Дугаар | 237 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч М.Энхмандах, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Винкапитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Батжин-Уул” ХХК-нд холбогдох “Винкапитал” ХХК-ийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж буй “Батжин-Уул” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 3.935.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Винкапитал” ХХК-ийн захирал М.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болор-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч М.Энхтуул, нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Винкапитал” ХХК-ийн захирал М.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани болон компанийн захирал би Батжин-Уул ХХК-иас харуул хамгаалалт авах талаар ямар ч гэрээ байгуулаагүй байхад тус компани нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өөрийн “”Хос илд” харуул хамгаалалтын хамгаалагч нараа Хэнтий аймгийн Дархан сумын 2-р багийн нутагт орших манай компанийн ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулж эхэлсэн. Тиймээс “Вин капитал” ХХК-иас 2016 оны 03 сарын 01-ний өдөр “Батжин-Уул” ХХК-д энэ харуул хамгаалалтынхаа хууль бус үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардсан албан шаардлага явуулсан боловч манай компанийн шаардлагыг хүлээж авалгүй хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд 2016 оны 04 сарын 04-ний өдөр манай компанийн ажилчид болон захирал миний бие нь үйлдвэрийнхээ хашаанаас төмрийн хүдэр ачихаар очих үед бидний ажлыг хийлгэхгүй гэж “Батжин-Уул” ХХК-ийн “Хос илд” харуул, хамгаалалтын албаны хүмүүс саад учруулж, улмаар тэнд маргаан болж, Цагдаагийн байгууллага ирж тэднийг явуулсан боловч тэд дахин манай компанийн өмчлөлийн үйлдвэрийн байранд хууль бусаар орж байрлан манай компанийн үйл ажиллагаанд хууль бусаар саад учруулаад зогсохгүй манай компанийн ажилчдын байрны төмөр хаалга, вакум цонх болон ковшны дугуйны олгой хаймарны толгойг огтлон хаях зэргээр манай компанид нийтдээ 3.935.800 төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс “Батжин-Уул” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, өөрт учирсан хохирлоо тус компаниас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч “Винкапитал” ХХК-ийн захирал М.Наранцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт байрлах төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн байранд 2016 оны 2 дугаар сарын 12-нд “Батжин-Уул” ХХК-ний “Хос-Илд” харуул хамгаалалтын хоёр харуул дур зоргоороо ирж байрласан. Би 3 дугаар сарын 1-ний өдөр үйл ажиллагаа явуулах гэж очсон. Би тэнд байгаа хүмүүст хууль бус ажиллагаа гэдгийг тайлбарлаж хэлсэн. Тэгэхэд Болор-Эрдэнэ ирсэн. Би өөрийнхөө үйлдвэрийн ажилчдын байрнаас “Хос илд” компанийн хүмүүсийг гаргаж хаалгаа түгжсэн. Намайг Бор-Өндөр сумын цагдаагийн газарт явж байх хооронд ажилчдын байрны хаалгыг эвдэж орсон байсан. Хоёр хоногийн дараа олон хүмүүстэй очиж цонх эвдэж, ковшны дугуйны олгой хаймарны толгойг тасалсан байсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч арга хэмжээ авч өгөөгүй. Энэ эвдэж сүйтгэсэн 3.935.800 төгрөгийг “Батжин-Уул” ХХК-иас нэхэмжилж байна. Манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү. Шүүхэд өгсөн нэхэмжлэлийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 22-нд “Батжин-Уул” ХХК нь харуул хамгаалалтаа татсан байгаа. Иймд нэхэмжлэлийн нэг дэх шаардлага байхгүй. Харин хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “Батжин-Уул” ХХК-ийн захирал Р.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Батжин-Уул ХХК-ийн дэргэдэх “Хос илд” гэрээт харуул хамгаалалтын алба нь иргэн Гансүх болон Халиун нартай 2016 оны 02 дугаар сарын 21-нд гэрээ байгуулсны дагуу 2016 оны 02 дугаар сарын 22-ноос Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутагт орших төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсэн. Гэрээний үндэслэл нь “Винкапитал” ХХК-ийн хувь эзэмшигч нар нь хөрөнгийн маргаантай тул иргэн Гансүх, Халиун нарын өмч хөрөнгийг хамгаалах юм. Нэхэмжлэлд дурдснаар тус компанийн ажилчдын байрны хаалга, цонх эвдэх, ковшийн дугуйны олгой хаймар огтлох зэрэг нь тус хамгаалалтын албанд огт хамаарахгүй. Учир нь Гансүх, Батмагнай нар нь өөрсдийн эд хөрөнгөндөө хандсан хандлага юм. Миний бие “Винкапитал” ХХК-ийн захирал М.Наранцэцэг гэх хүнээс нэг ч удаа албан шаардлага, бичиг хүлээн авч байгаагүй. “Винкапитал” ХХК-ийн захирал М.Наранцэцэг гэгч нь хамгаалалтын үйл ажиллагааг зогсоох зорилгоор хэл амаар доромжлох, хууль, шүүх, цагдаагийн нэр барьж басамжлах, гүтгэх зэргээр ёс зүйн хэм хэмжээг хэтрүүүлэн байнга зүй бусаар авирлаж байсан нь тус объектод үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байсан билээ. “Винкапитал” ХХК-ийн хувь эзэмшигч нарын хоорондын үл ойлголцол, маргаан дунд хамгаалалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд маш хүндрэлтэй болсон учир 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс гэрээг цуцалсан болно. “Батжин-Уул” ХХК-ийн дэргэдэх “Хос илд” гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааг тус албаны дарга М.Болор-Эрдэнэ хариуцдаг” гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уурхайн кемпийн зарим нэг цонхууд цуурсан байсан. Мөн бүргэд хаалганы бариулууд нь бүгд байхгүй байсан юм. Зарим хаалгыг төмөр утсаар уясан байсан. Бид нар Баярмагнай захиралтай очиж Наранцэцэг захиралтай зөвлөлдөж ярилцсан. Бид нарыг буу гэсэн. Тухайн үед хамгаалагч нараа буулгаад явсан. Манайд Эрдэнэт, Говь-Алтайгаас ирсэн залуучууд байсан. Би залуучуудаа воганд суулгаж өгөх гэж байхад Баярмагнай захирал яриад Болор-Эрдэнээ болохоо байлаа. Тэр Тан захирал, Наранцэцэг хоёр хэлсэндээ хүрэхгүй боллоо. Чи хамгаалалтаа байлгаж бай гэсэн. Бид нар Баярмагнай захиралтай гэрээ хийсэн. Бид нарыг эд хөрөнгө битгий хөдөлгөөрэй. Баярмагнай, Наранцэцэг захиралтай хоорондоо зөвшилцөлд хүртэл төмрийн хүдэр ачуулахгүй байгаарай гэсэн. Бид нар дураараа орж ирээгүй. Бид нар гэрээ хийсэн. Бид нарыг буугаад эргэж ирэхэд хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд Баярмагнай захиралд хаалга нь түгжээтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд хариуцлагыг 100 хувь би хүлээнэ. Та нар наад хаалгаа хөшөөд эвдээд ор гэж хэлсэн. Намайг очтол байж бай гэсэн. Би хамгаалагчаа хаалгыг нь эвдээд ор гэж хэлсэн. Харин ковшны дугуйг хагалах бололцоо байхгүй. Би өөрөө ковш бульдозер, оператерийн мэргэжилтэй хүн юм. Ковшны дугуйг огтлох боломжгүй. Бид нарт дугуйны хий гаргах шаардлага ч байгаагүй” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баярмагнай гэдэг хүн “Винкапитал” ХХК-д ямар нэгэн албан тушаал хашдаггүй. Гансүх гэдэг хүн 25 хувийн хувьцаа эзэмшигч юм. Энэ хоёр хүнтэй гэрээ хийсэн гэж байна. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гэрээ хийгээд компанийн байранд дураараа орсон. Компанийн эзэмшил талбайд “Батжин-Уул” ХХК дураараа орсон байгаа. Компаний тухай хуулинд заасан байгаа. Компанийн хувьцаа эзэмшигч компанийн өмч хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхгүй гэж заасан. Компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Гансүх гэдэг хүн дураараа үйл ажиллагаа явуулах эрхгүй юм. Энэ хүмүүстэй гэрээ хийснээ зөвтгөж яриад байгаа нь үндэслэлгүй. Компани хэнээр дамжуулж гэрээ хийх вэ гэхээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа. “Батжин-Уул” ХХК-ийн захирал Алтанхуяг мэдэж байгаа. Өөрөө гарын үсэг зурж тамгаа дардаг. Ингээд үйл ажиллагаанд оролцдог юм. Тэгэхэд өөрсдийгөө зөв зүйл хийсэн. Бид нарыг хамгаал гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал 4 дүгээр сараас эхэлсэн гэж яриад байна. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлээд хууль бусаар компанийн нутаг дэвсгэрт харуул хамгаалалтын хүмүүс оршсон. “Винкапитал” компани 3 дугаар сард албан ёсоор шаардлага өгсөн. Компанийн эзэмшил талбайг чөлөөлж, танай компаниас харуул хамгаалалт авах хүсэлт алга байна. Танай компанитай гэрээ хийгээгүй учраас харуул хамгаалалтаа буулгана уу гэдэг шаардлагыг албан ёсоор тавьсан. Үүнийгээ шуудангийн байгууллагаар дамжуулж өгсөн. Тэгэхэд энэ шаардлагыг биелүүлээгүй. Энэ компани 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл компанийн нутаг дэвсгэр дээр хууль бусаар оршсон. Хууль бусаар байхдаа компанийн эд хөрөнгөнд халдаж гэм хор учруулсан. Энэ нь баримтуудаар тогтоогдоно гэж үзэж байна. Хариуцагч тал бүргэд хаалганы үнийг төлнө гэж байна. Сая 4 дүгээр сарын үйл явдлыг яриад байна. Харин 4 дүгээр сард болсон үйл явдал нь ковшны дугуйны олгой хаймарыг огтолсон байгаа. Наранцэцэг захирал хамгаалалтын албатай гэрээ байгуулаад хамгаалалтын алба авч очиход “Батжин-Уул” ХХК-ийн хамгаалалтын албаныхтай маргалдаан болж цагдаа дээр тулсан. Энэ үйл явдал бичлэг дээр байгаа. “Батжин-Уул” ХХК ковшны түлхүүрийг аваад овоолготой шороо руу хаясан. Энэ бол 4 дүгээр сард болсон үйл явдал. Тэр хаалга эвдэж хууль бусаар орсон байдаг. Энэ үйл явдал 2016 оны 2 дугаар сард болсон. Тэгэхээр хаалга эвдсэн гэдгээ зөвшөөрч байна. Хариуцагч 4 дүгээр сард болсон гэж хэлсэн. Тэгсэн мөртлөө олгой хаймар огтлоогүй гэж яриад байна. Энэ нь хоорондоо холбоогүй зүйл яриад байна. Хоёр цаг хугацаанд гэм хор учруулсан үйл явдал болсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Винкапитал” ХХК нь хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж буй “Батжин-Уул” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, уг хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 3.935.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж буй “Батжин-Уул” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснээр шүүхийн шийдвэрт тусгуулж, гэм хорын хохиролд 3.935.800 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нэг хаалга эвдсэн хохирол 630.000 төгрөгнөөс бусад хохирлыг манай компани учруулаагүй тул төлөх ёсгүй гэж маргаж байна.
Хэргийн баримт, талуудын тайлбаруудаас дүгнэхэд “Батжин-Уул” ХХК-ийн дэргэдэх “Хос илд” гэрээт харуул хамгаалалтын алба нь Гансүх, Баярмагнай нарын хүсэлтээр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Винкапитал” ХХК-ний эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээн гэрээ байгуулж ажилласан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч компанийг ийнхүү ажиллах явцдаа манай компанийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор 3 ковш буюу тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлийн 12 ширхэг олгой хаймарны хошууг тасдах, байшингийн хаалга, цонхыг эвдэх зэргээр компанид нийт 3.935.800 төгрөгний хохирол учруулсан нь дүрс бичлэгээр нотлогдож байгаа гэх боловч тус дүрс бичлэгт “Хос илд” гэрээт харуул хамгаалалтын ажилтан нэг хаалга эвдэж байгаагаас өөрөөр бусад эд хөрөнгийг эвдэж, устгаж байгаа талаар бичигдээгүй байна. Өөрөөр хэлбэл “Батжин-Уул” компанийн дэргэдэх “Хос илд” гэрээт харуул хамгаалалтын албаны ажилчид дээрх эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэдгийг нэхэмжлэгч нотолж чадсангүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийг дээрх эд хөрөнгийг устгаж гэмтээгээгүй гэдгээ нотолж чадаагүй гэж мэтгэлцэж байх боловч харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ямар нотлох баримтаар нотлогдож байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 3 ковшны 12 олгой хаймарыг устгасан гэх боловч 11-91 дугаартай ковш нь БНХАУ-ын иргэн Тан Ян Юун гэх хүний өмч болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлийн лавлагаагаар /хх-н 70-р хуу/ тогтоогдсон, үлдсэн 2 ковшны нэг нь Класс бар гэх компанийн, нөгөөх нь Гансүх гэх хүний өмч гэж нэхэмжлэгч тайлбарласан, нэхэмжлэгч нь дээрх хувь хүн болон хуулийн этгээдийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Эд зүйл эвдэгдэж устгагдах үед “Хос илд” компанийн ажилчдаас өөр хүн байгаагүй, тухайн газар өөр гадны хүн, машин очих боломжгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал гаргаж байх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй болно.
Нэхэмжлэгч нь компаний эд хөрөнгийг устгаж, эвдсэн талаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байсан гэх боловч хэн юу юу эвдэж, устгасан талаар прокурорын хариу мэдэгдэх хуудсанд дурдаагүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэг хаалгыг эвдсэнээ хүлээн зөвшөөрч маргаагүй, дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан дүрс бичлэгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь тус хаалганы үнэ болон ажлын хөлс, унааны зардалд нийт 630.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан зарлагын баримтаар нотлогдож байх тул дээрх хохирлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.305.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж буй “Батжин-Уул” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснээр шийдвэрт тусгуулъя гэсэн хүсэлтийг гаргасан боловч хариуцагч нь харуул хамгаалалтын үйл ажиллагаагаа 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс зогсоосон байх тул энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт дурдах шаардлагагүй гэж үзлээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлөх дүн нь 77.923 төгрөг байхад 77.930 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 7 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох, 630.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ
Р.БАТБАЯР