| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1621/Э |
| Дугаар | 1672 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1672
2019 11 05 2019/ШЦТ/1672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Найдансүрэнгийн Н.Б холбогдох эрүүгийн 1906 05336 2083 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Балжиннямыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05336 2083 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Б нь иргэн Н.Балжиннямын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Н.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 9 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 1 дүгээр гудамжны ойролцоо найзууд болох Бямбаа, Аагий нарын хамт юм яриад зогсож байсан чинь манай дүү Төгөлдөрийн найз Баяржавхлан нь гүйж ирээд танай дүүг чинь тэнд хүн амьтан дээрэлхээд, зодож, цохиод байна гэж хэлсэн. Тэгээд ганцаараа Жамсран уулын өврийн 1 дүгээр гудамжинд гүйгээд очиход манай дүү Төгөлдөр байсан ба хажууд нь үл таних 2 эрэгтэй хүн дээрэлхээд зогсож байсан. Тэгээд би дүүгээ дуудсан. Тэгсэн чинь нэг залуу нь чи хэн юм гээд учир зүггүй миний нүүр рүү цохисон. Тэгээд намайг цохисон залуу нь намайг хавирч газар унагаасан. Газар унагаачихаад намайг дэвссэн гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
Гэрч Э.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
Өнөөдөр орой манай хүүхэд гэрээсээ гараад 23 цаг өнгөрч байхад гэртээ ирэхгүй болохоор нь би гэрээсээ гарч хайгаад хамт явж байгаа Анхаа гээд найзынх нь дугаарыг эмээгийнх нь гэрт очиж аваад залгасан чинь манай хүү надруу ааваа энд гудамжны үзүүрт 2 хүн барьж авчихаад хулгай хийлээ гээд явуулахгүй байна гэхээр нь би яваад очсон чинь манай хүүг авах гээд ирсэн байсан. Манай дүүг тэр хоёр хүн хашаанд шахчихсан зодож байсан. Тэгэхээр нь би болиоч гээд салгасан чинь тэр хоёр хүн надруу дайраад намайг цохиж аваад хоолой боогоод байсан. Тэгээд 1 цаг гаран хугацаанд ноцолдоод хүүхдүүд зодоод хөөгөөд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10650 дугаартай:
Н.Балжиннямын биед баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 тал/,
Шүүгдэгч Н.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын Өвөр 1 дүгээр гудамжинд найз Самдандоржийн гэрийн гадаа түүний машинд Самдандорж бид хоёр пиво уугаад сууж байсан. Тэгээд сууж байтал 17 орчим насны үл таних 3 эрэгтэй хүүхэд тэр гудамжаар явж байхдаа Самдандоржийн гэрийн хашаа руу өндийгөөд хараад байсан. Тэгээд Самдандорж машинаасаа буугаад яагаад өндийгөөд хараад байгаа юм гээд тэр гурван хүүхдийг дуудсан чинь гурвуулаа цаашаа гүйсэн. Тэгээд би машинаас буугаад Самдандорж бид хоёр араас нь гүйж очоод хоёр хүүхдийг нь барьж авсан. Харин нөгөө 1 хүүхэд нь цааш зугтаагаад явсан. Тухайн үед Самдандорж намайг араас гүйгээд бариад аваарай гэсэн. Тэгээд би тэр хүүхдийн араас нь гүйгээд зугтаж байсан хүүхдийг барьж авах гэтэл цаанаас нь тэрний найз нь бололтой 3 эрэгтэй хүүхэд гараад ирсэн. Тэгээд тэд нар бөөнөөрөө нийлчихээд намайг тэднийг дээрлэхлээ гээд над руу дайрцгаагаад байсан. Өөдөөс гарч ирсэн 3 хүүхдийн арай өндөр хүүхэд нь бид нарыг жоохон гээд дээрэлхээд байгаа юм уу гээд над руу дайраад надтай заамдалцсан. Би ч түүнтэй адилхан заамдалцсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Энэхүү тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Н.Балжиннямын нэхэмжилсэнээр 200.000 төгрөгийг төлж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хохирлын талаарх баримтууд /хх-ийн 22 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Бийг иргэн Н.Балжиннямын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Монгол улсад байхгүй боловч хохирол төлбөрт 200.000 төгрөгийг эгч Дүгэрээ овогтой Нарантуяад хүлээлгэж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Н.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ