Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1376

 

 

 

 

 

 

 

 

  2019        09         04                                  2019/ШЦТ/1376

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.А д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00906 1708 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.А

Холбогдсон хэргийн талаар:

Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр Хаппи таун хотхоны 73 дугаар байрны орчимд иргэн Т.Энхдоржийг боож, толгойгоор нь газар мөргүүлж, нүд рүү цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Би ээлжийн ажилтай байсан. 10 цагаас ээлжээ хүлээлцэж байхад Энхдорж ирээд грашийн хаалга хаагаад зогсож байсан. Би холдуулах гээд ноцолдсон. Унахдаа цементэнд толгойгоо цохисон. Би шаардлага тавьсан. Өөрөө шаардлага биелүүлээгүй гэв.   

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Энхдоржийн өгсөн: ...Миний бие 2019.01.25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах гэрээсээ гараад найз Дамдинбаатар болон ээжийг нь хамт авч явж эмнэлэгт үзүүлэхээр болоод Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаппи хотхоны гадаа очоод зогсоол руу нь орох гээд зогсож байсан. Тэгээд өөдөөс машин гарч ирээд байхаар нь машинуудад зам тавьж өгөөд зогсож байтал хажуугаар “Соната-6” маркийн машинтай нэг  залуу орж ирээд эндээс зайл новш оо, гаднын машинд зам тавьж өгөх гээд байна гэхээр нь би ийшээ орох гээд гарч байгаа машинд нь зам тавьж өгөх гээд зогсож байна, чи урсгал сөрөөд орж ирээд байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу машинаа гражид оруулж тавиад гарч ирээд чи муу юу гээд байгаа юм гээд буруу талын хаалгыг онгойлгоод өшиглөх гээд байхаар нь би буугаад очтол би эндхийн харуул хамгаалалт хариуцсан дарга нь байна, чамайг энд алсан ч яадаг юм гэж хэлсэн. Тэгээд намайг боож унагаагаад байж байхад цаанаас хоёр  хүн ирж салгасан. Тэгээд тэр намайг зодсон залуу цаашаа яваад буцаад тэр 2 залууг явахаар ирсэн. Тэгээд дахиж боож унагаагаад толгойгоор цемент дээр хэд, хэдэн удаа мөргүүлсэн. Тэгээд нүд рүү цохих шиг л болсон. Нүд харанхуйлаад явсан. Тэгээд тухайн байрны харуулын хүн болон машинаа асааж байсан хүмүүс ирээд салгаад босгосон. Тэгээд би цагдаа дуудсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...

...Шүүх хуралд орж амжихгүй, хөдөө ажилдаа явж байгаа. Өөртэй нь уулзаж уучлалт гуйлгана...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 18-20 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1755 дугаартай шинжээчийн:

1. Т.Энхдоржийн биед баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар тал/,

- Хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 35 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33, 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр Хаппи таун хотхоны 73 дугаар байрны орчимд иргэн Т.Энхдоржийг боож, толгойгоор газар мөргүүлж, нүд рүү цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Энхдоржийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1755 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Амрааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Энхдорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч Б.А-н зүгээс 200.000 төгрөгийг хохиролд тооцон өгсөн, хохирогч Т.Энхдорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.А-г бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 18-20, 35 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А оногдуулсан 320 /гурван зуун хорин/ нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Хохирогч Т.Энхдорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ