| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1616/Э |
| Дугаар | 1673 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б. Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1673
2019 11 05 2019/ШЦТ/1673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дд холбогдох эрүүгийн 1906 05475 2227 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Д нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, урьд хамт ажилладаг байсан иргэн А.Отгончимэгийн өмчлөлийн 62-36 УНО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг үнэгүй янзлуулаад өгье гэж хуурч мэхлэн авч яван бусдад худалдан борлуулж, мөнгийг нь өгөлгүй залилж 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05475 2227 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч А.Д нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчний 4-1 тоотод “Хаш хүнс трейд” компаний ажлын оффис дээр урьд нь хамт ажилладаг байсан А.Д гэх залуу ирээд чиний автомашины сэв зураасыг үнэгүй засуулаад ирье, 2 юм уу 3 хонох байх гэж хэлэхээр нь би үнэгүй юм хуучин хамт ажилладаг байсан болохоор нь итгээд өөрийнхөө эзэмшлийн 62-36 УНО улсын дугаартай приус-30 маркийн автомашинаа өгөөд явуулсан. Тэгээд А.Д рүү 2, 3 хоногийн дараа залгаж ярихад танидаг хүнээрээ үнэгүй засуулж байгаа болохоор тэр хүнийхээ зав зайгаар нь засуулах болно, би чиний автомашиныг яавал гэж надад итгэ гэж хэлсэн. Би тэгээд 2019 оны 06 дугаар сарын сүүлээр А.Дрүү бас л ярихад А.Д нь өөдөөс чи автомашинаа зарна гэж байсан биздээ манай ээжийн дүү нагац ах засвар дээр ирчээд унаж үзээд авъя гэж байна гэхээр нь би А.Дд бэлнээр 14.000.000 төгрөгөнд зарна гэж хэлэхэд А.Д нь өөдөөс манай ах бэлэн мөнгөнд авна гэсэн, мөнгө нь бэлэн гэсэн шууд манай ах унаад аваад явцан шүү гэж өөдөөс хэлсэн. Би тэгэхээр нь мөнгөө өгөөгүй байж яагаад миний автомашиныг аваад явцаж байгаа юм бэ, би утсаар яриагүй, уулзаагүй байхад өгөөд явуулчиж болчихож байгаа юм уу гэж асуухад А.Д нь ээжийн төрсөн дүү хамаатны ах юм чинь битгий санаа зов, асуудлыг шийдээд өгчихнө гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр А.Д нь надруу залгаад манай нөгөө хамаатны ах маань автомашиныг чинь нэр дээрээ шилжүүлж авах гэсэн юм, наадмаар хөдөө гадаа явах гээд авч явна гээд байна гэж хэлэхэд би өөдөөс нь одоо бол завгүй, мөнгө яасан юм гэхэд яг автомашиныг нэр дээрээ авахдаа бэлнээр өгчихнө гэж хэлээд чи завгүй байгаа юм бол найздаа итгэмжлэх хийгээд өгчих гэхээр нь би Баянгол дүүрэг Богд Арын байрны дундуур явсан зам дагуух нотариат дээр хоёр талаасаа ирж уулзаад итгэмжлэх хийж өгөөд, би А.Дд итгэмжлэх болон автомашинаа үлдээгээд А.Д нь надад хэлэхдээ би ахыг бэлэн мөнгө шилжүүлэхээр нь чиний өмнөөс автомашины нэр шилжүүлэх ажлыг хийж өгье гэж хэлсэн. Би тэгээд А.Дд миний дансанд автомашин зарсан 14.000.000 төгрөг орж ирэхээр нь би чамд хэлье, чи тэгээд орж ирсэн хойно нь шилжүүлгэ хийж өгнө шүү гэж хэлсэн. А.Д мэдэж байна, яавал гэждээ гэж хэлээд би автомашинаа итгэмжлэхээ А.Дд үлдээгээд яваад өгсөн. Тухайн өдрийнхөө орой 17 цаг өнгөрч байхад А.Д рүү залгаад мөнгө орж ирсэнгүй яав гэхэд өнөөдөр бүх юм нь хаагаад амжсангүй, маргааш эрт явж шилжүүлгэ хийнэ гэж хэлээд таг болсон. Тэрнээс хойш сураг тасарсан гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
Гэрч А.Болорчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 7 дугаар сарын хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна. Манай нөхөр болох Сүхбаатар надад машин авч өгөх гэж Үнэгүй.мн сайтаас хараад 62-36 УНО улсын дугаартай автомашиныг санал болгоод утасны дугаараар нь залгаж яриад дуудаж уулзан автомашиныг үзсэн. Тэгээд маргааш нь наториатаар орж 11.500.000 төгрөгөөр бэлнээр авсан. Тэгээд би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн хоёр хүнд 12.300 000 төгрөгөөр зарсан. Би А.Д гэх хүнийг танихгүй, ямар нэг хамааралгүй. Манай нөхөр ийм машин байна гээд машин авах гэж уулзсан. А.Д гэдэг хүн манай байгууллагад уг автомашиныг тавиагүй. Манай байгууллагыг мэдэхгүй байх. Анх гэрээ хийхдээ байгууллагаас зээл авахдаа автотээврийн газарт өгсөн. Одоо надад гэрээ байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч Ч.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Үнэгүй.мн-ээс харж байгаад утсаар ярьж байгаад Да хүрээ захын урд талд байрлах Шинэ Каннам ХХК-д очоод 12.300.000 төгрөгөөр авсан. Зарсан хүн нь эмэгтэй хүн байсан. Надад автомашин зарахдаа өөрсдөө оруулж ирсэн гэж хэлсэн. Нэр шилжүүлэхдээ гэрчилгээг зах дотор нь 40.000 төгрөгний торгуулийг төлж авсан. Дөлгөөх гэх хүнийг танихгүй, эмэгтэй хүнээс авсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3 тал/,
-“ТОД ҮНЭЛГЭЭ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн: 2010 онд үйлдвэрлэсэн, 2018 оны 10 дугаар сард ирсэн, сувдан цагаан өнгөтэй Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 14.000.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22 тал/,
Шүүгдэгч А.Дий мөрдөн байцаалтад өгсөн:
Би өөрийн ажиллаж байсан газрын найз болох Отгончимэгийн автомашиныг засуулахаар авч яваад засварт өгөөд 90.000 төгрөгөөр засуулсан. Хойд карлан, урд карланыг засуулсан. Тэгээд засвараас авч гараад 2, 3 хоног Отгончимэгийн
приус-30 маркийн автомашиныг унасан. Тэгээд би Отгончимэгтэй уулзаад чи машинаа зарна гэлүү гэхэд тийм гэхээр нь наториат ороод итгэмжлэх хийлгэсэн. Тэгээд итгэмжлэх хийлгэж авчихаад 2-3 хоног унаж яваад зарсан. Тэгээд нилээж явж байгаад мөнгийг өгөхгүй байх гэж Отгончимэгт манай ах авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн Отгончимэг надад за гэсэн. Мөнгийг нь хэзээ өгөх вэ гэж асуухаар нь хөдөөнөөс ирээд өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш хэсэгтэй утсаар харилцдаг байж байсан чинь Отгончимэг хөдөө явсан. Тэгээд би Архангайруу бас яваад 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хотод ирсэн. Тэгээд Отгончимэг надаас машин зарсан мөнгөө нэхэхээр нь би ах мөнгө өгөөгүй байна гэж худлаа яриад аргалдаг байсан. Тэгээд байж байтал Отгончимэг намайг цагдаад өгсөн байсан.
Би зарчихаад их мөнгө хараад мөнгийг нь өгөөгүй. 5.000.000 төгрөгөөр нь автомашины дугуй авсан. Тэрийгээ “Өгөөмөр” зах дээр зарах гээд контейнерт тавьсан. Өөрийн эзэмшлийн 94-00 УНД улсын дугаар кроун маркийн автомашиндаа 4 ширхэг амортазитор 1.200.000 төгрөгөөр, мөн 4 ширхэг обуд 900.000 төгрөгөөр авч тавьсан. Үлдсэн мөнгийг хэрэглээндээ хэрэглэсэн. Отгончимэгээс авсан 62-36 УНО улсын дугаартай автомашиныг 12.500.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс А.Дий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48 тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүссэн шүүгдэгчийн идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч А.Д нь хохирогчийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч А.Д нь иргэн А.Отгончимэгийн өмчлөлийн 62-36 УНО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг үнэгүй янзлуулаад өгье гэж хуурч мэхлэн авч яван, бусдад худалдан борлуулж, мөнгийг нь өгөлгүй залилж 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч А.Д нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч А.Дийг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Отгончимэгт учирсан 14.000.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч А.Д нь бэлэн мөнгийг хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт хохирогчийн “2019 оны 10 дугаар сарын 14-ний орой бэлнээр хүлээн авсан үнэн болно” гэх хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч А.Дд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Дийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ