Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1704

 

 

 

 

 

 

 

 

   2019        11          12                                      2019/ШЦТ/1704

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Б.Ганбулган,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгмаа,

Хохирогчийн өмгөөлөгч М.Хатанзориг,

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Орхонсэлэнгийн О.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 03776 2040 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М Си Эс Кока Кола” ХХК-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 5 дугаар сард аж ахуйн нэгжүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэн, төлбөр тооцооны мөнгө болох 8.045.860 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.                             /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч О.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай байгууллагад түгээгч хийдэг байсан О.О гэдэг эрэгтэй 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилд орсон юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хойш манай байгууллагатай хамтран ажилладаг байсан дэлгүүрүүдээс орлогын мөнгийг авч байсан ба тэрнээс хойш 16-н дэлгүүрээс нийт 8.045.860 төгрөгийг бэлнээр мөнгийг авчихаад манай худалдааны төлөөлөгчид зээлээр уг дэлгүүр авч байна, мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд авдаг байсан байгаа юм. Тэгээд манай байгууллага 2019 оны 5 дугаар сарын 26-нд манай худалдааны төлөөлөгч тухайн дэлгүүрүүдтэй холбогдсон чинь О.Од мөнгийг нь өгсөн гэж хэлээд мэдсэн. Тухайн үед О.О 2, 3 хоног ажилдаа ирэхгүй байсан. О.Отай хөдөлмөрийн гэрээ хийсэн. О.Оаас манай байгууллагад учруулсан хохирлыг барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Гэрч Х.Нэргүйн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай хүнсний мухлаг нь “Кока кола” ХХК-аас 7 хоног бүр ундаа захиалж авдаг. Би уг хүнсний мухлагт өдөр бүр сууж худалдаа эрхэлдэг. Өдөр болгон түгээлт хийхдээ янз бүрийн хүмүүс ирдэг болохоор хүмүүсийн царай төрхийг сайн тогтоодоггүй. Тийм учраас би О.О гэх хүнийг сайн танихгүй байна. Би 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Кока Кола” ХХК-аас нийт 589.400 төгрөгийн үнэтэй ундааг захиалгаар худалдаж авсан. Энэ ундааны төлбөрийг “Кока Кола” ХХК-ний түгээгч залууд бэлнээр 589.400 төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Гэрч Д.Намжилдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай “Тэс ундраа” хүнсний дэлгүүр нь “Кока Кола” ХХК-аас ундаа захиалгаар хүргүүлж авдаг. Манай дэлгүүр нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Кока Кола” ХХК-аас захиалгаар ундаа авсан. Түгээлтээр өөр өөр хүмүүс ирдэг болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Кока Кола” ХХК-аас нийт 1.366.160 төгрөгийн үнэ бүхий ундаанууд захиалгаар авсан. Бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог бэлнээр 1.366.160 төгрөгийг түгээгчид өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

Гэрч О.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Манай дэлгүүр 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Кока Кола” ХХК-аас ундаа захиалж авсан. Түгээлт хийж янз бүрийн хүмүүс ирдэг болохоор тэр болгон царайг нь тогтоогоод байдаггүй. Манай дэлгүүр нь “Кока Кола” ХХК-аас 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нийт 525.300 төгрөгийн ундааг захиалгаар авсан. Төлбөр тооцоог түгээгчид нь бэлнээр өгсөн. Зарлагын падаан дээр нь миний бие өөрөө гарын үсэг зурсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 

Гэрч Б.Цэцэгжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

Манай “Гранат” паб ресторан нь “Кока Кола” ХХК-аас ундаа захиалгаар худалдаж авдаг. Манай байгууллага 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Кока Кола” ХХК-аас нийт 420.860 төгрөгийн ундааг захиалгаар худалдаж авсан. Ундааны төлбөр тооцоог бэлнээр хийж санхүүгийн баримтан дээр гарын үсэг зурсан гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

 

Гэрч Г.Ганжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

Манай буфет “Кока Кола” ХХК-аас ундаа захиалгаар худалдаж авдаг. Манай буфет 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Кока Кола ХХК-аас 394.560 төгрөгийн үнэтэй ундааг захиалгаар худалдаж авсан. Төлбөр тооцоог манай захиалга хүргэж ирсэн түгээгчид нь бэлнээр хүлээлгэн өгч зарлагын падаан дээр гарын үсэг зурсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,  

 

Шүүгдэгч О.Оын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 5 дугаар сард “Кока Кола” ХХК-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан ажлын чиг үүргийн хүрээнд компанийн захиалагч байгууллагуудад бараа бүтээгдэхүүнийг түгээх үедээ орлогын мөнгөнөөс хэд хэдэн удаагийн давтамжтайгаар ойролцоогоор 8.000.000 гаруй төгрөгийг өөртөө авч хэрэгцээндээ ашигласан. Надтай “Кока Кола” ХХК-аас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж түгээгчээр жинхлэн ажиллуулсан. 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн авто оношлогооны ард байдаг КҮВ center-д байдаг Crown coffee-ээс 464.640 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, офицеруудын ордон “Хорго” хотхоны “Гранат” ресторон пабаас 420.860 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжингийн Дүнжингарав худалдааны дэлгүүрээс 528.540 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Авто вокзал дотор байдаг буфетнээс 394.560 төгрөг, Чулуун овооны авто вокзалын хойно байдаг түцнээс 222.840 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн авто вокзалын хойно байдаг бууз, хуушуурын газраас 163.980 төгрөг, Амгалан зах дотор байдаг цайны газраас 401.940 төгрөг, Жанжингийн уулзвар дээр байдаг компьютер тоглоомын газарт 471.900 төгрөг, Ботаникийн эцэст байдаг “Тэс Ундраа” ХХК-ний найман нэрийн дэлгүүрээс 1,366,160 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Офицруудын ордны автобусны урд буудал дээр байдаг хүнсний дэлгүүрээс 589,940 төгрөг, Жуковын замын урд талдаа байдаг түцнээс 485,120 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овоонд байдаг “Миний их уул” дэлгүүрээс 510, 240 төгрөг, Баянзүрх дүүргийн 12 хороо Анагаахын шинжлэх ухааны их сургууль дотор байдаг буфетнээс 267,280 төгрөг, Ботаникийн эцэст байдаг “Суман гүн” хүнсний дэлгүүрээс 525,300 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Амгалан амаржих эмнэлэг дотор байдаг кофе шопоос 148.500 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр офицеруудын ордны “Сүнжин гранд” зочид буудал дотор байдаг Сүнжин саунаас 611.790 төгрөг, Баянзүрх дүүргийн жанжин клубын урд байдаг “Буян-Арвижих” хүнсний дэлгүүрээс 462.360 төгрөгийн тус тус бараа бүтээгдэхүүний орлогыг авч өөрийн хэрэгцээндээ ашигласан. Надад тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан учраас компанийн орлогын мөнгийг өөртөө авч хэрэгцээндээ ашигласан. Компаниас завшсан мөнгөөрөө онлайн покер тоглоом тоглоод алдаад дуусгасан. Ер нь онлайн покер тоглож байгаад өрөнд ороод өрнөөс гарах гэж бага багаар авсаар байгаад буцаж алдаад ийм байдалд хүрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

 

-“MCS Coca Cola” ХХК-ний цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4 тал/,

-Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 32 тал/,

-Авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 33 тал/,

-Зарлагын падаан /хх-ийн 64-85 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч О.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч О.Оын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Оыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоос төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн гүйцэт нөхөн төлөөгүй байгаа байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол бүрэн барагдаагүй, гэмт хэргийн хор уршиг арилах боломжтой хугацаа өнгөрхөд арилаагүй байна.

Хохирол нөхөн төлөхөө шүүгдэгчийн зүгээс илэрхийлж байгаа гэх боловч ямар хугацаанд, ямар эх үүсвэрээс хохиролыг барагдуулах талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг үндэслэл энэ хэргийг шийдвэрлэхэд хамаарахгүй юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн зүйлд заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэх тухай өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй болно.

 

Хохирогч “MCS Coca Cola” ХХК-ийн 8.019.680 төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримт хавтас хэргийн 32 дугаар талд нягтлан бодогч Н.Цэцэгмаа, О.О нарын тооцоо нийлсэн баримт мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгмаагийн “О.О нь манай компанид учруулсан хохирол болох 8.019.680 төгрөгийг өнөөдрийн байдлаар барагдуулаагүй байна” гэх хүсэлт авагдсан байна.

Харин яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг 8.045.860 төгрөг гэсэн байгаа нь нотлогдохгүй байна. Иймд шүүгдэгч О.Оыг хууль бус үйлдлийн улмаас “MCS Coca Cola” ХХК-д нийт 8.019.680 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэж хохирогчоос 8.019.680 төгрөг өөртөө шилжүүлж аваад тодорхой хугацааны өнгөрсний дараа 5.000.000 төгрөгийг буцаан төлсөн байх тул үлдэгдэл 3.019.680 төгрөгийн хохиролыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч “MCS Coca Cola” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.О нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Оыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оаас 3.019.680 /гурван сая арван есөн мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч “MCS Coca Cola” ХХК /регистрийн дугаар 2663503/-д олгосугай.

 

6. Шүүгдэгч О.О нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ