Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 111/ШШ2017/0027

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс, нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын “ ” бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн олговор олгуулж бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд           

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ миний бие боловсролын салбарт 12 жил ажилласан. Үүнээс сумын “ ” бүрэн дунд сургуулийн захирлаар 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 3 жил гаруй хугацаанд үр бүтээлтэйгээр ажил үүргээ амжилттай гүйцэтгэж байхад Баянхонгор аймгийн засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 захирамжаар намайг ажлаас чөлөөлж, төрийн албан хаагч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчин хохироож байгаад би маш их гомдолтой байна.

Миний бие 2005 онд “ ” дээд сургуулийг хэл-Уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, мөн 2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мөн боловсролын яам болон боловсролын газрын үндэсний болон төвлөрсөн сургалтуудад байнга хамрагдан мэргэжил боловсрол, мэдлэг чадвараа дээшлүүлж үр бүтээлтэйгээр ажиллаж ирсэн.

Энэ хугацаанд боловсролын байгууллагын талаарх төрийн болон орон нутгийн төсөл хөтөлбөрүүд, бодлого шийдвэр хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган сурталчилан тайлагнаж, багш боловсон хүчнээ чадавхжуулан хамт олны эв эеийг нэгтгэн багаар ажиллах чадварыг дээшлүүлэхэд анхаарч удирдан чиглүүлж, залуу боловсон хүчнийг ажилд авахдаа сонгон шалгаруулалт зарлан, ил тод нээлттэйгээр ажиллаж, ахмад багш ажилчид эцэг, эхчүүдтэй хамтран сурагчдын сурлагын амжилт чанар ахиулахад байнга анхаарч чин үнэнч сэтгэлээр ажил үүргээ нэр төртэй мөн хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн.

Би сумын “ ” сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа дараах хөрөнгө оруулалтуудыг хийж ажиллаа. Үүнд: Сургуулийн хичээлийн байрны цахилгаан монтажийг сольж гэрэлтүүлгийг шинэчилсэн, багш хөгжлийн төвийг засварлаж багш нарын ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, интернэтийн сүлжээнд холбуулсан, дотуур байрыг их засварт оруулсан, дотуур байрны хүүхэд хөгжлийн төв болон 6 настны өрөөг тохижуулж сурагчдын ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн, дотуур байрны гал тогоог цахилгаан тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан, дотуур байрны зөөлөн эдлэл, хөнжил сольсон, физикийн кабинетад багш сурагчдын хичээлээ явуулахад лабораторийн тоног төхөөрөмжөөр хангасан, боловсролын шинэчлэл төсөлд төсөл бичин эхний ээлжинд төсөл маань шалгарч үндэсний хөгжим, техник, апратураар хангасан, дотуур байрны гал тогооны хоолны ширээ сандалыг сольж, хоолны зааланд засвар хийсэн, багш нарын хичээл сургалтын ажилд идэвх сонирхолтой болгох, бэлтгэх зорилгоор Ерsоn өнгөт принтер авч өгсөн, шинэ спорт заал болон сургуулийн гаднах талбайг хайсжуулан сурагчдын аюулгүй байдал, байгууллагын өнгө үзэмжийг дээшлүүлээд байна. Сургуулийн орчинд 50 мод тарьж эко орчин бүрдүүлсэн, байгалийн ухааны хичээлээр дадлага явуулах боломжтой 4x8 хэмжээтэй хүлэмж авч хүлэмжийн ногоо, цэцэг тарин хичээл сургалтад ашиглаж байна. ИТХ-д санал тавин ОНХ сангаас хөрөнгийг шийдвэрлүүлж халуун усны барилгыг бүрэн засварт оруулж өөрийн халуун устай болсон. Ингэж сумын “ ” сургуулийн орчинд шинэ бүтээн байгуулалтуудыг хийн хүүхдийн төлөө гэх чин сэтгэлээр зүтгэн ая тухтай орчин бүрдүүлэн ажиллаж ирлээ. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй сахилгын шийтгэл авч үзээгүй болно.

Сургалтын амжилт чанарыг ахиулахад: Төрөлх монгол хэлээрээ “Зөв цэвэр бичиж сурцгаая” аян, хичээлүүдийн олимпиад, бүх хичээлүүдийн аян, стандарт хангалтын аварга багш сурагч, шалгаруулах уралдаан, ээлжит хичээлийн бэлтгэл зохион байгуулалтыг явуулж сайжруулах аян, хяналтын графикийн дагуу сургуулийн захиргаа түвшин тогтоох шалгалт авч дүнг нэгтгэн багш нартаа зөвлөн туслах ажлыг зохион байгуулж, улирал бүр эцэг эхийн төлөөллөөр шалгалт авахуулж ахицыг тооцон ажиллаж, элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтыг ахиулах уралдаан зэргийг зохион байгуулж сургалтын амжилт 60.46%, чанар 48.84% болсон. Өмнөх жилүүдийн сурлагын амжилт чанараа ахиулан ажиллаад байна.

Гэтэл 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/146 дугаар захирамж нь миний амьдралд хүнд цохилт болж, сэтгэл санаа, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг унагаж, намайг хохироосон шийдвэр гаргасанд маш гомдолтой байна.

Засаг даргын Б/146 дугаар захирамжаар намайг ажлаас халахдаа Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар заалтын 15.5.2 дахь заалт аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэн ажлаас чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд аймгийн Засаг даргын дээрх захирамж нь хууль ёсны үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Намайг ажлаас чөлөөлөхдөө сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сургуулийн засварын ажил гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтаар эрх авсан аж ахуй нэгжийн гүйцэтгэлийн мөнгийг дутуу өгч, 2.000.000 төгрөгийн гүйцэтгэлийг өөрөө хийсэн санхүүгийн ноцтой зөрчил гаргасан тул хэмээн захирамж гаргажээ.

сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2014 онд сумд хуваарилагдсан ОНХ-ийн сангийн хөрөнгийг батлахдаа сумын иргэдийн саналыг үндэслэн сургуулийн сурагчдын дотуур байрыг 107.8 сая төгрөгөөр их засварт оруулахаар баталсан.

Тус ажлыг гүйцэтгүүлэхээр Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тендерийг 4, 6 сард 2 удаа зарласан боловч шаардлага нийцсэн аж ахуй нэгж байгууллага тендер буцсан тул аймгийн Засаг дарга “ ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БХ-2014 А-25 тоот гэрээ байгуулан засварын ажлыг гүйцэтгүүлэхээр болсон байдаг.

“ ” ХХК нь 2014 оны 6 сараас ажлыг гүйцэтгэж 10 сард хүлээлгэн өгөхдөө аймгийн барилга, хот байгуулалтын газрын дарга ******* ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ирж үзээд доорх ажлуудыг хийж гүйцэтгүүлэх үүрэг өгөөд явсан.

-Дээд давхар дахин будах

-Дутуу гэрлийг асаах

-Халаалт жигдрүүлэх

-Крант тавих

-Цонх хаалга дутуу асуудлаа тохирох

-Усны хаяавч бүрэн хийх

-Цонхонд усны хамгаалалт хийх

-Шалны завсар замаск хийх

-Гэрлийн 4 ширхэг

-Халаалт сайжруулах

-Паар угааж цэвэрлэх хураагч тавих

-Дээвэрт галаас хамгаалах бүрхлэг, агааржуулалтын хоолойг дээш гаргах, ус зайлуулах хаявч нөхөх, дээвэрт ташуу тулаас хийх, ажлын акт бүрдүүлж 4% үйлдэн фото зургаар баримтжуулах, доод давхарт паркетин шал хийж дуусгах, хийж дуусгасан хугацаанд нь комисс ирж хүлээж авна гэсэн үүрэг өгөөд явсан боловч заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй. “ ” ХХК 2014 оны сүүлээр ирж ажилласан боловч мөн дахин чанаргүй дутуу хийгээд буцсан.

Дотуур байрны халаалт маш муугаас сурагчид даарч хөрч амьдрах нөхцөлгүй болж, гал тогооны эмульс будаг ховхорч унаж хүүхдийн аюулгүй амьдрах, хооллох нөхцөл зөрчигдөж, эцэг эхчүүд дотуур байрны сурагчдаас гомдол байнга ирж байсан тул 2014 оны 10 сарын 24-ний өдөр сумын Засаг дарга болон аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүсэлт уламжлан тус гүйцэтгэгч компаниар дутуу ажлуудыг гүйцэтгүүлж зөрчлүүдийг арилгуулах талаар арга хэмжээ авч өгөхийг уламжилсан.    ,

Сургуулийн зүгээс холбогдох хүмүүст нөхцөл байдлыг танилцуулж, 2014 оноос хойш удаа дараа гүйцэтгэгч компанид гомдол гаргаж дуудаж байж 2015 оны 12 сарын 13-ны өдөр 3 хүний хамт ирж унасан хаалгыг бэхлэж, насос тавьж байхад 2015 оны 12 сарын 14-ний өдөр аймгийн Засаг дарга тус суманд ажиллах үед нь дотуур байрны нөхцөл байдлыг танилцуулан гүйцэтгэгч “ ’’ХХК-ийн захирал , сумын Засаг дарга , сургуулийн захирал миний бие ярилцаж доорх ажлыг хийж гүйцэтгэх ОНХСангаас гүйцэтгэгч компанид хийгдэх дутуу санхүүжилтээс 1.500.000 төгрөгийг гүйцэтгэгч компанид шилжүүлэхээр тохиролцсон. “ ” ХХК дараах ажлуудыг хийж дуусгахаар болсон. Үүнд: Унасан хаалгануудыг тогтоох, цонхны усны хаялга хийх, халаалт сайжруулах, насос тавих, гал тогооны заалны холцорсон эмульс будгийг хусаж шохойдох,

“ ” ХХК-ийн насос, 2 хаалга зэрэг шаардлагатай материалуудыг авч ирнэ гэж яваад дахиж ирээгүй.

Дотуур байр халаалт маш муу 4 тасаг коридор тоггүй болсон, далд монтажид гэмтэл гарсан учир сурагчид маш хүнд нөхцөлд амьдарч байна.

“ ” ХХК-д сумын Засаг даргаас 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 7 хоногийн дотор хийж гүйцэтгэх, хэрэв хийж гүйцэтгээгүй тохиолдолд үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй байх, дараагийн шатны арга хэмжээ авахыг анхааруулж мэдэгдсэн.

2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргад мөн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт “ ” ХХК-аар зөрчлийг арилгуулж гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгүүлж өгөх, зөрчлийг арилгаагүй тохиолдолд магадлашгүй ажлын зардлаас шууд худалдан авалт хийж байгууллагын ажилчдаар тухайн шаардлагатай ажлыг гүйцэтгүүлэхийг уламжилсан боловч тус гүйцэтгэх компани дутуу ажлаа 2016 оны 11 сар хүртэл хийж гүйцэтгээгүйн улмаас өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаагүй өвөл болж улмаар сурагчид хүнд нөхцөлд дахин өвөлжих нөхцөл байдалд хүрээд байсан учраас сумын Засаг дарга аймгийн Аудитын газрын ахлах аудит ******* зөвлөгөө авч мөн тус гүйцэтгэгч компанийн захирал болон зарим хүмүүстэй уулзаж зөвшилцөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж магадлашгүй ажлын зардал 2.200.000 төгрөгийг тодотгуулан барилгын материалын дэлгүүрүүдээс шаардлагатай материалыг 2.200.000 төргөөр худалдан авсан. Уг ажлыг сургуулийн ажилчид хөлсгүйгээр гүйцэтгэсэн. Тайланг фото зургийн хамт сумын Засаг даргад хүргүүлсэн. Засварын ажлын үр дүнд сурагчдын дотуур байрны гал тогооны зааланд засвар хийж эрүүл аюулгүй орчинд хооллох ая тухтай орчинг бүрдүүлсэн.

Халаалтыг сайжруулахдаа дотуур байрны халаалтын санг шинэчилж, зарим шаардлагатай газар нэмэлт паар сейтик тавьж насос автомат хий авагчийг суурилуулан, дээд доод давхарын паарны өгөх буцахын зөв холболт, ус гоождог пааранд мувьт, изгионы нэмэлт хийж, өгөх буцахыг нэгтгэх зэрэг ажлыг гүйцэтгэснээр халаалт сайжирч сурагчид дулаан орчинд өвлийг өнтэй үдэж сэтгэл ханамж сайтай сурч боловсрох, нөхцөл бүрдэж байна.

 Сумын Засаг даргын энэхүү шийдвэр нь цаг үеээ олсон нэн шаардлагатай ажил байсанд сургуулийн хамт олон, эцэг эхчүүд, сурагчид сэтгэл ханамжтай байна. Иймд намайг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь ор үндэслэлгүй байна.

1. Дотуур байрны засварыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн саналын дагуу шийдвэр гаргаж хөрөнгийг баталсан.

2. Засварын ажпыг гүйцэтгүүлэх захиалагч нь сумын Засаг даргын тамгын газар

3. Засварын ажлыг гүйцэтгүүлэх компанийг сонгон шалгаруулж гэрээ хийсэн хүн нь аймгийн Засаг дарга байсан.

4. Засварын ажлыг дутуу гүйцэтгэсэн компанид шаардлага удаа дараа тавьж тус компанитай харилцан тохиролцож үлдэгдэл санхүүжилтыг шийдвэрлэн засварын ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан этгээд нь сумын Засаг дарга болно.

5. Уг үлдэгдэл мөнгийг шилжүүлэх гүйлгээг сумын Засаг дарга , Төрийн сангийн мэргэжилтэн Д.Отгонцэцэг нар 1-р, 2-р гарын үсгээр гүйлгээ хийсэн.

6. ОНХСангаас хийгдэх хөрөнгийн гүйлгээ сургуулийн захирал надад захиран зарцуулах эрх огт байхгүй.

7. Засварын ажлыг сумын засаг даргын өгсөн үүргийн дагуу сургуулийн нярав ******* ахлуулсан ажилчид хийж гүйцэтгэсэн тул би өөрөө хийж гүйцэтгээгүй, надад хамааралгүй болно.

Намайг ажлаас чөлөөлсөн улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт энэ хуулинд зааснаар төрийн албаны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох удирдлагатай зөвшилцөн чөлөөлөх гэсэн нь ямар нэгэн сонгон шалгаруулалт болоогүй мөн 2016 оны үр дүнгийн гэрээг Боловсролын газар гэрээг дүгнэхдээ 77.9% дүгнэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт /хууль/ гэсэн нь миний биө ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргаагүй, мөн ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх нь хууль хяналтын байгууллагад ямар нэгэн зөрчил тогтоогдоогүй.

“Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын, 15 дугаар заалт 15.5.2 дахь заалт. Иймд төрийн албан хаагч намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хохироосон Баянхонгор аймгийн Засаг даргын Б/146 захирамжийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаал сумын “ ” ахлах сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож, миний ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлтийг хийлгүүлж бусад холбогдох зардлын хохирлыг хариуцах этгээдээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн ******* нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

нь сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2014 онд сургуулийн дотуур байрны их засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүй бөгөөд 2.2 сая төгрөгийн санхүүжилтийг тухайн гүйцэтгэгчид олгоогүйгээс засварын ажил хийгдаагүй. Улмаар уг засварын мөнгийг өөрөө авч гүйцэтгэсэн нь хууль тогтоомж зөрчсөн зөрчил юм. Нөгөө талаар засварын ажил гүйцэтгэсэн аж ахуй нэгж байгууллага засварын чанарын түвшинд гүйцэтгээгүй, энэ талаар хохирол тооцох, барагдуулах арга хэмжээ аваагүй нь хөрөнгө хариуцсан албан тушаалтны хувьд үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзсэн. сумын сургуулийн дотуур байрны засварын нийт төсөв нь 107, 5 сая байсан ба энэ их хэмжээний мөнгөөр чанаргүй засвар хийсэн байхад холбогдох байгууллагаар шалгуулаагүй, их засварын ажлыг улсын комисст хүлээлгэн өгөлгүй өөрөө хүлээн авч үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил дутагдал гаргасан.

сумын ахлах сургууль нь 2016 оны ажлаараа ахлах сургуулиудаас сүүлийн байранд орсон, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 24 дүгээр байрт жагссан зэрэг ажил үйлчилгээний дутагдалтай байсан тул Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг сунгахгүй гээд ажлаас чөлөөлсөн. Тухайн захиргааны акт гарах тухай албан ёсоор мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан бөгөөд сонсох ажиллагааны үед өөр ажилд орох боломжтой бөгөөд зөвхөн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж байгааг сануулж цаашид өөр орох саналтай эсэхийг асууж тодруулсан. Нэхэмжлэлд дурдсэн бүтээн байгуулалтын ажлууд нь тухайн байгууллагын жилийн хугацаанд хийгдэж байсан төсвийн хуулийн дагуу төлөвлөгдсөн ажлууд байгаа.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын “ ” бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн олговор олгуулж бичилт хийлгүүлэх бусад холбогдох зардлын хохирлыг хариуцагч этгээдээс гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн “Бусад холбогдох зардлын хохирлыг хариуцагч этгээдээс гаргуулах тухай” шаардлагаас татгалзсан тул үлдэх “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын “ ” бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн олговор олгуулж бичилт хийлгүүлэх” шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж заасан. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “******* ажилд томилох тухай” Б/147 дугаар захирамжаар маргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гуравдагч этгээдээр таталгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчмыг баримталж, ыг төрийн албанаас чөлөөлсөн үйл баримтыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд дараагийн этгээдийг томилон ажиллуулсан үйл баримтаас тусдаа, өөрөөр хэлбэл үргэлжилсэн хууль зүйн факт гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, түр үүрэг гүйцэтгэгч томилох тухай” 488 дугаар захирамжаар ыг Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын ажил, албан тушаалд сонгон шалгаруулалт хүртэлх хугацаанд түр, 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “ыг ажилд томилох тухай” 7 дугаар захирамжаар тус тус томилон ажиллуулж байжээ.

Харин Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг сумын сургуулийн засварын ажил гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтаар эрх авсан аж ахуй нэгжийн гүйцэтгэлийн мөнгийг дутуу өгч 2.000.000 төгрөгийн гүйцэтгэлийг өөрөө хийсэн гэж үзэн, Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.5.2 дахь заалт, Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн байна.

Дээрх хууль болон Улсын дээд шүүхийн тогтоол, ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэгч ыг Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлснийг шүүх хууль бус гэж дүгнэлээ.

Төрийн үйлчилгээний албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан ажлаас чөлөөлөх эрхтэй боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасны дагуу ажил, албан тушаалаас нь чөлөөлөх зохицуулалттай.

Тухайн тохиолдолд , Баянхонгор аймгийн Засаг дарга асан нар 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Үр дүнгийн гэрээ”-г байгуулсан ба уг үр дүнгийн гэрээг Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, үнэлэлт өгөх ажиллагаа хийгдсэн боловч хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, хэлэлцсэн асуудлаас өөрөөр буюу тай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна. Хэрэв нэхэмжлэгчтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Боловсрол, соёл, урлагийн газрын даргын саналыг харгалзан чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байжээ.

******* урьд эрхэлж байсан сумын сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарах боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь зохицуулалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмснээр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах эрх зүйн үндэслэл бүрдсэн, хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны, Хөдөлмөрийн, Боловсролын тухай хуулиудаар зохицуулагдахаар байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэг буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах заалтыг дангаар, Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь нийтлэг бүрэн эрхийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Түүнчлэн хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах эрхтэй, ингэхдээ хууль, санхүүгийн, хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон баримтыг үндэслэх шаардлагатай. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “ сумын 12 жилийн сургууль, цэцэрлэг, соёлын төвийн 2014-2016 оны 4 дүгээр сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай” танилцуулга, мөн албаны улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 19.02/43 дугаар актаар нэхэмжлэгч ******* гаргасан гэх сумын сургуулийн засварын ажил гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтаар эрх авсан аж ахуй нэгжийн гүйцэтгэлийн мөнгийг дутуу өгч 2.000.000 төгрөгийн гүйцэтгэлийг өөрөө хийсэн зөрчлийг тогтоогоогүй, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалтын дүнгийн тухай” тогтоол, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “ сумын Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн 2016 оны хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийсэн тухай” танилцуулга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа гаржээ.

2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Баянхонгор аймгийн сумын 100 хүүхдийн дотуур байрны их засварын ажлыг гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан шууд худалдан авалтын гэрээ”-г захиалагчийг төлөөлж Аймгийн худалдан авах ажиллагааны албаны дарга *******, сумын Засаг дарга , гүйцэтгэгчийг төлөөлж “ ” ХХК-ийн нягтлан бодогч ******* нар байгуулж, Баянхонгор аймгийн Засаг дарга , “ ” ХХК-ийн захирал нар уг гэрээг баталсан. Уг гэрээнд талуудын эрх, үүргийг тодорхой заасан, гэрээнд хяналт тавих болон гүйцэтгэгчид мөнгийг шилжүүлэх эрх, үүрэг нэхэмжлэгчид олгогдоогүй атал энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ыг сумын сургуулийн засварын ажил гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтаар эрх авсан аж ахуй нэгжийн гүйцэтгэлийн мөнгийг дутуу өгч 2.000.000 төгрөгийн гүйцэтгэлийг өөрөө хийсэн гэж буруутгаж байгаа боловч 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 6/462 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт 2.200.000 төгрөг гэж дүнг зөрүүлсэн, санхүүгийн ноцтой зөрчил гэж тайлбарлах боловч уг зөрчил гэх үйлдлийг тогтоогоогүй, нэхэмжлэгчийг уг зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна.

Шүүхээс хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хандан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 111/АБ2017/0041, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 111/АБ2017/0055, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 111/АБ2017/0072 дугаар албан бичгүүд болон амаар ******* гаргасан гэх зөрчлийг шалгаж, тогтоосон баримт, Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт зэргийг ирүүлэх талаар удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “...шаардсан нотлох баримт гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.” гэж заасан байна. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг гаргасан 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 5 недельтэй жирэмсэн байсан бөгөөд хариуцагч энэ байдлыг шалгах, хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлтэй эсэхийг нягталж, харгалзалгүйгээр 2017 оны Б/146 дугаар захирамжийг гаргасныг хууль бус гэж үзсэн болно.

 Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга ******* 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/146 дугаар захирамжийг гаргахдаа дээрх нөхцөлөөс гадна 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа, шийдвэр гардуулалт хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийгээгүй зэрэг нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хоёр. “Урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож, ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх болох 6,254,072 /Зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдлийг тооцон түүнийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүнг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 100 дугаар зүйлийн 100.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, ыг Баянхонгор аймгийн сумын “ ” бүрэн дунд сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 6,254,072 /Зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч т олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан ******* нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Бусад холбогдох зардлын хохирлыг хариуцагч этгээдээс гаргуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН