| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1666/Э |
| Дугаар | 1719 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1719
2019 11 14 2019/ШЦТ/1719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ганбаатарын Г.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 04445 2056 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Ж.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ж нь “Саншайн виллаж комплеск” ХХК-д 2019 оны 06 дугаар сард дадлагажигчаар ажиллаж байх хугацаандаа 2.326.470 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Г.Ж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндонгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Саншайн виллаж комплекс” ХХК-д Ганбаатар овогтой Г.Ж нь менежирээр ажилд орох хүсэлт гаргасны дагуу манай байгууллага энэ хүнийг туслах ажилтнаар туршилтын хугацаанд ажилд томилсон. Гэтэл Г.Ж нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “Саншайн виллаж комплекс” хотхоны спорт комплексид кассан дээр ажиллахаар болсон. Тэгсэн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай “Саншайн виллаж комплекс” ХХК-д хулгайн гэмт хэрэг гарлаа гэсний дагуу миний бие очиж шалгахад Г.Ж нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хүртэлх усан бассейнд орох иргэдийн үйлчилгээний төлбөр болох 2.326.470 төгрөгийг хувьдаа Энхманлай гэх хүний 5000826495 тоот данс руу шилжүүлж авсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч Ж.Содончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Манай “Саншайн виллаж комплекс” нь 2019 оны 6 сараас эхлэн шинээр бассейн, саун, массажны үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Тэгээд манай менежер Үүрийнцолмон ажилчдыг бүртгэж зарын дагуу ажилд авсан ба тэр үеэр Г.Ж гэх эмэгтэй харилцааны менежер гэсэн ажилд орсон юм. Харилцааны менежерээр 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа нийт 2.326.470 төгрөгийг хувьдаа авч ашигласан байсныг бид олж мэдсэн юм. Үйлчлүүлэгч нар төлбөрийг хэрэгцээт хугацаагаараа төлж болдог ба өдрөөр болон сараар тооцоогоо хийдэг юм. Тэгтэл Г.Ж өөрийнхөө хувийн Хаан банкны дансаар зарим үйлчлүүлэгчдийн мөнгийг аваад байгууллагын данс руу хийлгүй хувьдаа авч хэрэглэсэн байсан. Байгууллага Төрийн банкны посс машинтай, төлбөрийг бэлнээр болон посс машинд уншуулж авдаг юм. Г.Ж одоогоор авсан нийт мөнгөнөөс 1.500.000 төгрөг өгч, үлдэгдэл 759.000 төгрөгийг өгөөгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
Гэрч Л.Үүрийнцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би “Саншайн виллаж комплекс”-д ерөнхий менежерээр ажиллаж байхдаа Үнэгүй.мн сайт болон фэсйбүүкээр 2019 оны 3 дугаар сараас эхлэн ажилтан авна гэсэн утгатай зарыг байршуулсан чинь Г.Ж надтай ирж уулзсан. Тэгээд бид ярилцаж байгаад Г.Жг ажилд авахаар тохиролцож эхний ээлжинд туршилтын хугацаагаар “Харилцааны менежер буюу хүлээн авах ажилтан”-аар /ресепшн/ ажиллуулахаар болсон. Тэгтэл 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа байгууллагын дансанд орох ёстой мөнгөнөөс хувьдаа авсан байсан нь тогтоогдсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
Гэрч Д.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Манай байгууллага тухайн үед шинээр нээгдэж байсан болохоор данс байхгүй харин Төрийн банкны посс машинд уншуулах болон бэлнээр төлбөрийг авч байсан юм. Ихэнх үйлчлүүлэгч нар интернэт банкаар гүйлгээ хиймээр байна, Хаан банкны данс байгаа зэргийг их асуугаад байсан болохоор Г.Ж өөрийнхөө хувийн дансыг өгч дараа нь өөрийнхөө картыг уншуулж төлбөрийг авч байсан. Энэ талаар өмнө ажиллаж байсан менежерт хэлээд зөвшөөрөл авч байсан. Гэхдээ ямар хүнд хэлж байсныг нь санахгүй байна, уг нь тухайн үедээ үйлчлүүлэгч нараас мөнгө аваад тэр дор нь уншуулаад гаргаж байсан. Сүүлд яагаад авсан мөнгөө уншуулаагүйг мэдэхгүй байна. Сүүлд 2 ээлжинд ажиллаж байсан болохоор сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
Гэрч Х.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би Г.Жгийн төрсөн ээж нь байгаа юм. Би 4 хүүхэдтэй, Г.Ж миний 2 дахь охин. Би охиноо амьдралын боломжгүй байдлаас болж их сургуульд оруулж чадаагүй, охин маань өөрийн боломжоороо ажил хийж байсан юм. Гэхдээ сүүлд ажиллаж байсан байгууллагадаа өр төлбөрийн асуудалд орсон талаар ажлаас нь залгахад мэдсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,
Шүүгдэгч Г.Жгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Саншайн виллаж комплекс” /усан бассейн/-д харилцааны менежерээр 2019 оны 6 дугаар сарын 10-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ажиллахдаа бассенаар үйлчлүүлсэн хүмүүсийн төлбөрөөс өөрийн хувийн хаан банкны дансаар орсон мөнгөнөөс нийт 2.326.470 төгрөгийг хувьдаа авч ашигласан гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,
-“Саншайн виллаж комплекс” ХХК-ний цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3 тал/,
-хохирол барагдуулах талаар гаргасан шүүгдэгчийн гаргасан тодорхойлолт /хх-ийн 6 тал/
-5000826495 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-18 тал/
-хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндонгийн шүүхэд гаргаж өгсөн хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн тайлбар, мөнгөн шилжүүлэгийн баримт зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Жгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, боловсролын гэрчилгээний хуулбар зэрэг хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 55-56 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийг гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Ж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Г.Жг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Жг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг “Саншайн виллаж комплекс” ХХК-д бүрэн төлж барагдуулсан, хохирогч талаас нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Жд хуульд заасан ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаа тогтоож тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тэнссэн хугацаанд хуульд заасан тодорхой төрлийн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад жирэмсэн тухайгаа мэдүүлсэн, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулаагүй болно.
Шүүгдэгч Г.Ж нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Жг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Жг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Жд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Жд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Ж нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ