Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1245

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Б Х яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03519 1562 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр насанд хүрээгүй Б.Хонгорзул руу чулуу шидэж, толгойн тус газар нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид эхлээд 400.000 төгрөгийг, дараа нь 120.000 төгрөгийг хохиролд төлсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Хонгорзулын өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртад байдаг Замлинг гээд найзынхаа зуны байшинд нийт 12-уулаа очоод тэндээ амарсан. Тэр үед би найз Эрдэнэцэцэгтэй юм яриад сууж байхад хамт явсан Хулан гэх охин та хоёр бид нарыг шоолж инээгээд байгаа юм уу? гээд хэрүүл өдөөд хоорондоо маргалдсан чинь Монхоо ах Хуланг өмөөрөөд шууд өмдний тэлээгээрээ Эрдэнэцэцэг бид хоёрыг ороолгоод байхаар нь би босоод Монхоо ахыг алгадсан чинь Монхоо ах шууд газраас чулуу аваад над руу чамайг нэг мөсөн ална гээд над руу шидэхэд чулуу нь миний толгойг онож би ухаан алдсан нэг сэрэхэд намайг машин дотор хэвтүүлсэн байхаар нь би босоод би ээж рүү залгаж дуудсан боловч ээж хаана байгааг мэдэхгүй болохоор ирж чадаагүй. Би харин тэр шөнөө амарч байсан байшиндаа хоноод маргааш бүгд хот руу ороод би шууд гэртээ харьж хэвтсэн. Түүнээс хойш Монхоо ах нэг удаа ч миний бие асууж залгаад харин ээж нэг манай ээжид 400.000 төгрөг эмчилгээний зардал гэж өгсөн...

            ...Толгой чулуугаар цохиод хагарсан. Тэгээд толгойдоо 8 оёдол тавиулсан байгаа. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Толгой өвдөөд байгаа. Хагарсан хэсэгтээ идээлээд буглаад нүх гарчихсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хулангийн өгсөн: ...Гол дээр очоод хотоос авч явсан архи, пиво ууцгаагаад бүгд ер нь согтоцгоосон. Би харин тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн газар хамт очсон Замилан, Х гэх найзуудын найз гэх Хонгорзул гэх охин “чи яагаад намайг үл ойшоогоод байгаа юм гичий минь” гэж хэлээд хэл амаар доромжилсон. Тэгэхэд хажуу талаас Хонгорзул гэх охины 2 эмэгтэй найз нь хүрч ирээд намайг бас хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилсон. Тухайн үед манай найз Х ирж намайг өмөөрөөд Хонгорзул гэх охинтой хэрэлдсэн. Тэгээд Монхоо намайг дагуулаад цаашаа явж байтал Хонгорзул гэх охин Х руу чулуу авч шидэхэд Хын гарт нь онож, харин Х буцаагаад Хонгорзулыг шидсэн чулууг нь өөр рүү нь шидэхэд Хонгорзулын толгойн тус газар нь оносон...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7169 дугаартай шинжээчийн:

1. Б.Хонгорзулын биед зулай хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Хын: ...Би хохирогч Б.Хонгорзулын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз болох Хулан гэдэг эмэгтэйг өмөөрч Б.Хонгорзултай маргалдсан. Тэгэхэд Б.Хонгорзул над руу чулуу аваад шидэхэд миний зүүн гарын шуу хэсэгт оносон. Тухайн үед миний уур хүрээд над руу шидсэн ч чулууг газраас аваад буцаагаад өөр рүү нь шидэхэд хохирогч Б.Хонгорзулын толгойнд онож гэмтээсэн. Хохирогч Б.Хонгорзул бид найзууд бие биенийгээ мэддэг болоод нэг жил гаран болж байна. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16, 19 дүгээр тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Хонгорзулын төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, хохирол төлөгдсөн талаарх хүсэлт /хх-ийн 5, 6, 40 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр насанд хүрээгүй Б.Хонгорзул руу чулуу шидэж, толгойн тус газар нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч Б.Хонгорзул болон түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Дарханзул нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Хт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр насанд хүрээгүй Б.Хонгорзул руу чулуу шидэж, толгойн тус газар нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Хонгорзул, гэрч Б.Хулан, яллагдагчаар өгсөн Б.Х нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7169 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Насанд хүрээгүй хохирогч Б.Хонгорзул нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 120.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлснийг шүүгдэгч Б.Х төлж барагдуулсан бөгөөд энэ талаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дарханзул хохирлыг төлж барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Хыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 40 дүгээр тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Боржигон овогт Б Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Х ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Хт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ