Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1720

 

 

 

 

 

 

 

   2019        11         14                                   2019/ШЦТ/1720

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,   

Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт Пүрэвсангийн П.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06123 2367 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

П.Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 5-303 тоотод байх гэртээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицер Ц.Оюунболдыг хууль ёсны шаардлага тавьж, албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                                              

 /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч П.Э нь хохирогч цагдаагийн алба хаагч Ц.Оюунболдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ц.Оюунболдын мөрдөн байцаалтад өгсөн:

... Энэхүү дуудлага мэдээлэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй тул заавал материалжуулах шаардлагатай учраас дуудлага өгсөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 5-303 тоот хаягийг хайж байх явцад П.Э нь дуудлага егсөн 94894023 дугаарын утсаараа надтай холбогдож, манай нөхөр сэрчихлээ, энэ архичингаа ирж ав аа гэж хэлсэн. Хаяган дээр очиж шалгахад дуудлага өгсөн Пүрэвсангийн П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэртээ орилж хашгирсан байдалтай, нөхөр болох Жаргалсайхны Анхбаяр нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрийнхээ үүдэнд сууж байсан. Юу болсон талаар нь дуудлага өгсөн П.Эээс асуухад энэ надаас архины мөнгө нэхээд унтуулж амраахгүй байна, энэ архичингаа аваад яв гэж уурласан байдалтай хэлж байсан. Иймд нөхөр Ж.Анхбаярын хувцсыг өмсүүлээд гарах үед Ж.Анхбаяр нь өмд давхарлаж өмсөнө гэж хэлсэн. Эхнэр П.Э нь хар өнгийн жинсэн өмд аваад шидсэн. Энэ үед өмд нь миний толгой дээр унасан. Би тухайн үед П.Эт шаардлага тавьж, та орилж чарлахаа болио, энэ хүнийг эрүүлжүүлхэд хийнэ, таниас тайлбар мэдүүлэг авна гэхэд битгий хуцаад бай, пиздаа нар минь, наад архичингаа аваад зайлцгаа гэж цамнаж орилсон. Цагдаагийн хурандаа ахтай хүн шүү та нар аятайхан байгаарай гэж орилж хашгирч байх үедээ гартаа барьж байсан хар өнгийн “нокиа” маркийн утсаа шидэхэд миний зүүн хөмсгөн тус газар онож, миний зүүн нүдний хөмсөгний чамархай хэсгийг сэт цохьсон байна. Энэ үед дэд ахлагч Галаа П.Эийг гавлаж эмээлт-120 руу хүргэх замд “та нарыг ажилгүй болгоно, үр хүүхдийг чинь харааж байна”, жолооч бид хоёрыг сайн явахыг харна зэрэг хэлэх хэлэхгүй үгээр хэлж араас шүлсээрээ 2-3 удаа нулимсан гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

 

Гэрч Э.Галаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Ингээд бид хоёр гэр бүл хүчирхийллийн шинжтэй дуудлага учир заавал материалжуулах шаардлагатай гэж үзэн хаягийг хайж явах үед иргэн П.Эээс дуудлага өгсөн утаснаасаа “манай нөхөр сэрчихлээ, энэ архичингаа ирж ав” гэж хэлсэн. Тэгээд гэрийг нь заалгаад очиход иргэн П.Э нь согтуу, гэртээ орилж хашгирсан байдалтай байсан. Нөхөр болох Анхбаяр нь мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхнэр П.Эээс юу болсон талаар нь тодруулахад нөхрөө архины мөнгө нэхээд байна, энэ архичнаа аваад зайл гэсэн утгатай үг хэлж ярьж байсан. Энэ биед би иргэн П.Эийг тайвшруулаад байж байхад би бол хохирогч гээд нөхрийнхөө өмдөөр нөхрөө ороолгосон. Үүний дараа нь бид хоёрын зүгээс та хүний биед хамаагүй халдаж болохгүй гэхэд та нар архичингаа өмөөрч байна гэж хэлээд гартаа барьж байсан нокиа маркийн гар утсаа шидэж ахмад Ц.Оюунболдын зүүн хөмсөгний чамархайг онож, гэмтээсэн. Үүний дараа бид нарын зүгээс иргэн П.Эийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох үед хэл амаар доромжилж, нулимж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Гэрч Ж.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

... Би гэртээ орж ирээд унтчихсан байхад эхнэр араас орж ирээд уурласан. Удалгүй цагдаа нар ирээд манай эхнэр над руу уурлахдаа гар утас аваад шидсэн. Уг нь над руу гар утас шидэх гэж байсан юм байна лээ, бас цагдаад дуудлага өгөхдөө буруу өгчихсөн юм шиг байна лээ. Тэгээд цагдаа нар эхнэр бид хоёрыг авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12194 дугаартай:

            Ц.Оюунболдын биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12 тал/        

 

Шүүгдэгч П.Эийн мөрдөн байцаатад өгсөн:

... хүүхэд ундаа нэхээд байсан болохоор гэрээс гараад дэлгүүр рүү явах замд гэрийн хажууд байдаг караокены гадаа байсан хүмүүстэй муудалцсан. Би тэр үед ганцаараа явж байсан. Тэрнээс хойш юу болсноо сайн санахгүй байгаа. Би байнга архи уугаад байддаггүй. Өчигдөр ажилд орсноо тэмдэглээд архи уучихсан чинь маш их согтсон. Хэн цагдаа дуудсан гэдгээ сайн мэдэхгүй байна. Гэртээ орж ирээд нөхрийгөө загнаад намайг гадаа хүнтэй муудаж байхад чи гэртээ унтлаа гэж уурлахад нөхөр унтаад байсан. Би согтуу байсан болохоор болсон асуудлаа хальт орон гаран санаад байгаа юм. Цагдаа гэрт ирсэнийг мэдсэн. Гэхдээ яг юу гэж хэлж байгааг тэд нартай муудалцсанаа огт санахгүй байна. Би гадаа хүнтэй муудахдаа тэр уураараа нөхөртөө очиж уурлаад ийм дуудлага өгчихсөн. Архи уугаад согтуу байсан болохоор худлаа дуудлага өгсөн. Санаатайгаар цагдааг эсэргүүцэж юм шидээгүй, уурандаа нөхөр рүүгээ гар утас шидэхэд цагдааг оносонд гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-шүүгдэгч П.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 тал/, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Э нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч П.Эийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэлд нь 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял, эрүүгийн хариуцалга оногдуулж шийдвэрлэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Эийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Эт согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Эт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар П.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ