| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1662/Э |
| Дугаар | 1721 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1721
2019 11 14 2019/ШЦТ/1721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч М.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 05703 2210 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Н.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Баяржаргалын хэвлийн тус газар нь 2 удаа гараараа цохиж улмаар нарийн гэдэсний чацархайн урагдал, няцрал, нойр булчирхайн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Баяржаргалын хэвлийн тус газар нь 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу шөнө 00 цаг өнгөрөөд найз Очироо, Оргилболд нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санан дурсахуй” нэртэй бааранд найз Баясгалан, Чүлтэм, Мөнхбаатар сууж байна, хүрээд ир гэж дуудахаар нь очсон. Бааранд бид 6 нэг шил архи аваад уусан. Чухам ямар хэмжээтэй, ямар нэртэй архи байсныг санахгүй байна. Дахин нэг шил архи аваад ууж дуусаад шөнийн 01 цаг өнгөрч байх үед гарсан байх. Сайн санахгүй байна. Баарны гадаа гараад шорлог идэх гээд тойроод зогсож байтал Б.Н гэх үл таних залуу гарч ирээд манай найз Очироотой маргалдсан. Тэднийг маргалдаад болохгүй байхаар нь би Очироог салгаад зам гараад зугтаад байрны голоор ороод явсан. Байрны голоор ороод явж байхад Очироо хашаа даваад би хашаа давж чадахгүй тойроод явж байтал Б.Н хамт явсан хүмүүстэйгээ миний урдаас гарч ирээд намайг татаж унагаад хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэрнээс хойш би ухаан алдсан бололтой ганцаараа гудамжинд хэвтэж байсан. Удалгүй манай найз Баясгалан, Чүлтэм, Мөнхбаатар нар цагдаа нартай хамт ирээд намайг босгоод Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирэхэд Б.Н ирсэн. Цагдаа дээр ирсэний дараа 103-ын эмч ирж үзлэг хийгээд “дотуур гэмтэл байхгүй юм шиг байна, хавирга чинь цуурсан байж магадгүй” гэхээр нь би гайгүй байх гэж бодоод цагдаад гомдолгүй гэсэн бичиг хийгээд явсан. Энэ үед миний цээжний зүүн урд хэсгээр хөндүүрлээд гэдэс цэрийгээд байхаар нь гэртээ хэвтэж чадахгүй Очироог залгахад нь 11 цагийн үед гэрээс гараад 12 цагийн үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд орж үзүүлтэл дотуур цус алдсан байна, яаралтай мэс засалд орно гээд тэр өдрийн 18-19 цагийн үед байх мэс засалд орсон. Чацархай, нойр булчирхай зэрэг эрхтнүүд гэмтсэн байна гээд 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 27-ны хооронд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
Гэрч Д.Чүлтэмийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Баарнаас гараад баарны үүдэнд тамхи татаад зогсож байтал бид нарын хажуу талд 3 залуу тамхи татаад зогсож байсан. Тэгээд байж байтал Очироо гэх залуу Баярааг зодсон Б.Н гэх залуутай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг болио маргалдаж яах гээд байгаа юм бэ? гэж хэлтэл Б.Н гэх залуу Очироог хүзүүдэж аваад доошоо унагаагаад цохисон. Гэхдээ биеийнх нь аль хэсэг рүү цохисныг би анзаараагүй. Тэр хоёрыг зодолдож эхлэхэд манай найзууд болон баарны хамгаалагч нар нийлээд тэр хоёрыг салгасан. Б.Н Очироог “чи наашаа хүрээд ир, хоёулахнаа зодолдъё” гээд байсан. Тэгэхээр нь би баарны хамгаалагч нарт хандаж та нар энэ залууг болиулаад цааш нь аваад яв гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо хэрэлдээд баарны хашаанаас гарцгаасан. Би баарны хамгаалагч нарт хандаж Б.Нг цааш нь аваад яв гэж хэлээд би найз нарын хамт замын нөгөө талд гарсан. Замын нөгөө талд гараад Баяраа, Очироо 2 байрны голоор салж яваад, Мөөгий ах, Баясгалан, Оргио бид дөрөв хамт явсан. Салсаны дараа Оргио такси бариад явчихсан бөгөөд Мөөгий ах, Баясгалан бид гурвыг үлдсэний дараа баарны хамгаалагч нар болон Б.Н найз нарын хамт Баяраа, Очироо хоёрын араас явсан. Тэгэхээр нь бид гурав араас дагаж очсон бөгөөд тэд нар бөөндөө зогсож байсан. Тэд нар дээр явж очоод манай найз хаана байна гэж хэлэхэд тэд танай найз нар зугтаагаад явчихсан гэж хэлсэн. Би цаашаагаа яваад хартал манай найз зодуулчихсан, эвхэрчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би “та нар бөөнөөрөө хүн зодчихсон байна ш дээ цагдаа дуудна” гэж хэлсэн. Тэгтэл баарны хамгаалагч бид нар найзыг чинь зодоогүй, харин ч танай найзыг аварсан шүү гэж хэлсэн. Тэгээд би тэнд байсан хүмүүстэй маргалдсан. Тэгтэл баарны хамгаалагч нар буцаад баар руугаа явцгаасан бөгөөд Б.Н найзуудын хамт алга болчихсон. Тэгээд цагдаа нар ирсэний дараа найзыгаа очиж авах гээд явж байтал Б.Н нэг найзын хамт машинаас буугаад ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр бид нар хүрч ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирсэний дараа манай найз гомдол саналгүй гэхээр нь бид нар торгуулийн арга хэмжээ авхуулаад явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Гэрч А.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 9 дүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Санан дурсахуй” гэдэг баараны хашааны гадна замын дэргэд Очироо, Б.Н нар маргалдаад хоорондоо зодолдох гээд нилээн ширүүн маргаан болоод байхаар нь Чүлтэм, Мөнхбаатар бид гурав салгах гэж нилээн оролдсон боловч бидний үгэнд оролгүй зууралдаад дийлдэхгүй байсан. Тэгээд арай гэж салгаад Оргиог таксинд суулгаад Мөнхбаатар, Чүлтэм бид гурав үлдсэн чинь Баяржаргал, Очироо нарын явж байсан зүг рүү баарны хамгаалагч нар болон Б.Н найзуудын хамт явж байхаар нь юу болов гээд ардаас нь яваад очсон чинь Баяржаргал байхгүй, Б.Н найзуудтайгаа болон баарны хамгаалагч нартай 84 дүгээр сургуулийн хашааны гадна зогсож байхаар нь манай найзууд хаана байна гэж асуусан чинь Б.Н “би яаж мэддэг юм тэр зүгт зугтаад алга болсон, өндөр залуугаа олоод ир гээд томроод байсан” тэгэхээр нь Чүлтэм орон сууц, 84 дүгээр сургууль хоёрын хооронд алхаж байхад Баяржаргал газар хэвтэж байхаар нь гаргаж ирээд бид Б.Нтай хэрэлдэж маргалдаад цагдаа дуудаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр ирсэн. Хэн хэн нь гомдолгүй гээд Б.Н торгуулаад бид 4 хамт нэг таксинд суугаад гэртээ харихаар явсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Гэрч Э.Төмөр-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санан дурсахуй” нэртэй бааранд найз Баяржаргал, Оргилболд нарын хамт ороод Баяржаргалын найз нь гэх Чүлтэм, Мөнхбаатар, Баясгалан нартай уулзаад нэг ширээнд суугаад 0.75 литрийн “Eden” нэртэй 2 шил архи хувааж уусан. Бид баарнааас гараад үүдэнд зогсоод тамхи татаж байгаад Баяржаргал бид хоёр баарны хашаанаас гараад хүнтэй уулзаад иртэл манай хэд шорлог тойроод хэдэн хүүхнүүдтэй юм яриад зогсож байтал хажууд үл таних залуу /Б.Н/ яриан дундуур орж ирээд бидэнтэй юм ярьж байсан хүүхнүүдийг “миний эгч шүү дээ” гээд дундуур орж ирээд хэрүүл, хийгээд бид хоёр хэрэлдэж маргалдаад миний эрүүн тус газар гараараа нэг удаа цохисон чинь тэдний найзууд болон манай найзууд бидний дундуур ороод салгах гээд зууралдаж байгаад би ядраад амьсгаадаад байхаар нь болиод Баяржаргалыг явъя гэж хэлээд зам хөндлөн гараад 13 дугаар хорооллын байрны дундуур ороод алхаад явсан. Манай үлдсэн хэдэн хүмүүс такси бариад замаар явахаар болоод баарны хашааны үүднээс салаад эргээд хартал баарны үүдэн дээр маргалдсан хүмүүс Баяржаргал бид хоёрын хойноос гүйгээд ирж байхаар нь 2-лаа зугтаая гээд гүйж байгаад би хашаа даваад цааш явсан. Баяржаргал хашаа давж чадалгүй тойрч явах гээд ардаас гүйж байхаар нь Баяржаргал хүнтэй маргалдаагүй юм чинь гайгүй байлгүй гэж бодоод цааш гүйж байгаад хашаа өнгөрөөд эргээд хартал харагдахгүй байхаар нь ардаас гүйгээд ирэх байлгүй гэж бодоод “Ногоон төгөл” хотхон орсон чинь эргэж ирэхгүй байхаар нь такси бариад жолоочийн утаснаас Баяржаргал руу залгасан Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэсийн жижүүр дээр ирсэн байна гэж хэлхээр нь эргээд залгасан боловч ярья, ярья гэж хэлээд утсаа салгаад байсан болхоор нь би шууд гэртээ харьсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11691 дугаартай:
Г.Баяржаргалын биед нарийн гэдэсний чацархайн урагдал, няцрал, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт /1500мл цус/, хэвлий, баруун сарвуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Нарийн гэдэсний чацархайн урагдал, няцрал, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зулгаралт, цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
-Гэмтэл Сонгог Судлалын Үндэсний Төвийн 12784 дугаар өвчний түүхийн хуулбар /хх-ийн 78-81/,
-мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 82-85/,
Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санан дурсахуй бааранд 2 найзын хамт ороод баар хаахаар нь гарч ирээд үүдэнд нь зогсож байхад шорлог зардаг бандийг үл таних 6 залуу дээрэлхээд байх шиг хэл амаар доромжлоод байхаар нь би шорлогчин бандийг өмөөрөөд "...та нар ганц хүнрүү яагаад олуулаад дайраад байгаа юм бэ..." гэж хэлээд маргалдсан. Тэгсэн тэдэн дунд явсан ойролцоогоор 183-184 см орчим өндөр нуруутай, 34-35 орчим насны залуу миний урдаас дөхөж ирээд бид хоёр зууралцаад зогсож байсан чинь нөгөө 5 залуу надруу зэрэг дайраад нэг залуу нь миний хөлнөөс тэврээд газар унагасан. Тэр үед ойр орчимд явж байсан хүмүүс болон баарны хамгаалагчид тэднийг надаас салгаад би боссон. Тэгсэн өндөр нуруу/Төмөр-Очир/-тай үл таних залуу миний нүүрэн тус газар түрүүлж цохисон. Миний уруул дотор талдаа язарч, шүд хөдөлсөн. Тэгэхээр нь би тэр залууд хандан “хоёуулаа энүүхэнд гараад уулзая" гэж хэлсэн. Тэр залуу зугтаагаад надад баригдахгүй, хүмүүс дундуур ороод байхаар нь би түүнд хандан "чи надад баригдахгүй юм бол би цагдаа дуудаад чамайг бариулъя" гэж хэлсэн чинь манай найз Энхбат өөрийнхөө 9121-3321 дугаараас 102 дугаарт залгаж цагдаа дуудсан. Тэр үед тэр өндөр залуу надтай хэрэлдэж маргалдаж байгаад зам хөндлөн гарч зугтаад 84 дүгээр сургуулийн хашааруу даваад зугтаахаар нь би ардаас нь хөөгөөд хашаа давж чадалгүй үлдсэн чинь зугтаасан залуугийн найз нь 84 дүгээр сургуулийн зүүн талын харанхуй буланд зогсоод үлдсэн. Тэр үед тэр орчим барилгын ажил явагдаж байсан бөгөөд тэр залуу явган хүний зам тавьдаг тоосго бариад намайг ална гээд надруу далайхаар нь би гарыг нь барьж аваад гэдэс рүү нь гараараа 2 удаа цохиод найзыгаа олоод ир гээд явуулах гэсэн чинь тэр залуу явахгүй замын боржууран дээр доошоо тонгойгоод надтай хэрэлдээд сууж байхад удалгүй цагдаа нар ирээд биднийг БЗДЦХ-2 жижүүр дээр авчирсан чинь надад цохиулсан залуу доошоо тонгойгоод элэг ээ тэвэрч байгаад гомдолгүй гээд байхаар нь би түүнд хандан "чи ч бас гомдолгүй гээд байгаа бол би ч одоо гомдол гаргаад яахав дээ" гэж хэлээд өөрсдийнхөө гомдолгүй гэсэн бичиг бичээд гарын үсэг зураад, гар бариад би цагдаад 100,000 төгрөгний торгууль төлөөд салсан. Тухайн үед надад надад цохиулсан залуугын хэвлий хэсгээр нь өвдөөд байна гэхээр нь тухайн үед ажиллаж байсан цагдаагийн албан хаагч 103 дуудаж үзүүлсэн тэр үед би дэргэд нь байгаагүй учир юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Тэр үед байсан цагдаа намайг ч бас урууландаа цохиулсан байна үзүүл гэж хэлхээр нь би үзүүлээгүй. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Б.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 34-35 тал/ шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг гэрч, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Шүүгдэгч Б.Нгийн хохирогч Г.Баяржаргалын хэвлийн тус газар нь 2 удаа гараараа цохиж улмаар нарийн гэдэсний чацархайн урагдал, няцрал, нойр булчирхайн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Б.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хохирогч Г.Баяржаргал нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл эдгэрсэн, энэ гэмт хэргийн улмаас Б.Нгаас 5.000.000 төгрөг хохиролд авсан, нэхэмжилэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн нь хавтаст хэргийн 70, 71, 74, 75 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Б.Нг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Иймд шүүгдэгч Б.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан, хохирогчийн нэхэмжилсэн хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох ялыг оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ