Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1246

 

 

 

 

 

 

 

  2019        08          06                                 2019/ШЦТ/1246

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Н.Ёнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Их монгол овогт Н Ё яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03929 1624 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Н.Ё нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Гарц” ХХК-ийн барилгын хашааны гадна иргэн Б.Баттөрийг зөвшөөрөлгүй барилга барих гэж байна гэж маргалдаж улмаар 62-38 УНЦ улсын дугаартай автомашинаар мөргөж 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ё мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ зам” компани зөвшөөрөлгүй барилга барих гэж байсан. Өмнө нь гурван ч удаа зөшөөрөлгүй барилга барих гэж байхад нь зогсоож байсан гэсэн. Тэгээд тэр өдөр би цемент ачсан машин ирээд ажлаа эхлэх гэж байхаар нь өөрийн машинаа урдуур нь хаагаад тавьсан. Эргүүлийн хоёр цагдаа ирээд асуухаар нь учир байдлыг хэлсэн. Тэгээд тэр хүмүүсийг шалгана гээд аваад явсан. Би барилгын ажилчин хүүхдүүдэд хэрэв зөвшөөрөлтэй байвал ах нь яваад өгнө гэж хэлсэн. Гэтэл цемент ачсан машин ирэнгүүт нөгөө 20, 30 залуучууд миний машиныг өргөөд холдуулаад тавьчихсан. Би ард нь гараад машинаа тавиад хаая гэж бодтол хүн мөргөсөн. Санамсаргүй муухай зүйл хийсэн. Сүүлчийн мөчид ийм хэрэгт орчихлоо гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баттөрийн өгсөн: ...Би “Дайчин чоно” харуул хамгаалалтын албанд 1 сарын өмнө ажилд орсон. Манай компани “Шинэ гарц” ХХК-тай гэрээт хамгаалалтаар гардаг. Өнөөдөр өглөө хүчлийн хамгаалалтанд буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ гарц” ХХК-ийн барилгын цутгалт хийх үеийн хамгаалалтанд гар гэж 9 цаг болж байхад залгаад 10 цаг өнгөрч байхад тухайн газар нь ирсэн. Ингээд ирээд помп буюу шавар асгагч машинаа оруулчихаад шаврын зуурмагийн машинаа оруулах гэтэл 62-38 УНЦ улсын дугаартай автомашин зам таглачихсан байхаар нь машиныг нь холдуулаад зуурмагийн машинаа оруулсан. Тэгсэн дээрх машины жолооч машинаа асаагаад шууд ирээд Батбаяр бид хоёрыг мөргөсөн. Ингээд цагдаа болон түргэн тусламж дуудсан байгаа. Сая гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд яс хугарсан, дотор эрхтэн бяцарсан гэмтэл байхгүй. Харин толгойгоо рентген томографид харуулах, нуруу ташаан толгой, өвдөгний хэсгийг эмрайд үзүүлэх шаардлагатай гэсэн бөгөөд зүүн талын хөл зөөлөн эд гэмтсэн байж магадгүй гээд гипс хийлгэсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

            - Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: ...CD-г нээхэд нийт 02 минут 09 секундын бичлэг байх ба олон тооны иргэд төмөр хашаагаар тусгаарласан баригдаж буй барилгын ертөнцийн зүгээр урд хэсэг буюу хашааны гадна хоорондоо маргалдсан байдалтай байх явцад бичлэгийн 37 секундэд хөх өнгийн урдаа “KIA MOTORS” гэх бичиглэлтэй дээрээ ачаа ачсан тээврийн хэрэгсэл барилгын хашааны урд замаар цугласан иргэдийн зүг ирэх явцад уг машины баруун зүүн талын толь хэсгээс бараан өнгийн болон бор өнгийн саравчтай малгай өмссөн 2 эрэгтэй хүн зүүгдэх явцад уг тээврийн хэрэгсэл зогсолгүй явж дээрх иргэд уг машинаас барьсан гараа тавьж холдох явцад уг тээврийн хэрэгсэл барилгын төмөр хашааны хаалга орчим зогсч байсан иргэдийн зүг явсаар зам дээр зогсох иргэдийг мөргөхөд бараан өнгийн хувцастай эрэгтэй газар унаж мөн дээгүүрээ бараан өнгийн цамц өмссөн эрэгтэй уг тээврийн хэрэгсэлд түлхэгдэх явцад тухайн тээврийн хэрэгсэл дээр олон тооны эрэгтэй хүмүүс тойрч жолоочийн эсрэг талын хаалгыг нээх явцад уг тээврийн хэрэгсэл огцом хөдлөх үйлдэл хийж дахин зогссоноор тээврийн хэрэгслийг жолоодож байсан шар өнгийн фудволктой махлаг 50 гаран насны эрэгтэйг машинаас буулгаж байгаа нь бичигдсэн байв...гэх тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8313 дугаартай шинжээчийн:

1. Б.Баттөрийн биед зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/,

- Шүүгдэгч Н.Ё иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 41 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Ёнь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Гарц” ХХК-ийн барилгын хашааны гадна иргэн Б.Баттөрийг зөвшөөрөлгүй барилга барих гэж байна гэж маргалдаж улмаар 62-38 УНЦ улсын дугаартай автомашинаар мөргөж 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Н.Ёнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Б.Баттөр нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Н.Ё холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Н.Ёнь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Гарц” ХХК-ийн барилгын хашааны гадна иргэн Б.Баттөрийг зөвшөөрөлгүй барилга барих гэж байна гэж маргалдаж улмаар 62-38 УНЦ улсын дугаартай автомашинаар мөргөж 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баттөрийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8313 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Ё хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Б.Баттөр нь хохиролд 160.000 төгрөгийг авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Ё баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 44 дүгээр тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Ё эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ёнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Их монгол овогт Н Ё Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н Ё 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ё оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ё урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ