| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/0321/И |
| Дугаар | 245 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч М.Энхмандах, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 42 дугаар байрны 1-13 тоотод оршин суух Боржигин овогт Таравын Урантунгалагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн актыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 24.210.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Урантунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Санжидмаа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болорцэцэг, ХХкыбьыө иргэдийн төлөөлөгч С.Нарантуяа, С.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Т.Урантунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2000 оны 06-р сард Улаанбаатар хотын банкнаас 5.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээл авч төлж чадаагүйн улмаас 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар 5.384.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Уг төлбөрөөс 2.000.000 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 3.500.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр шийдвэр гүйцэтгэгч Х.Отгончимэгтэй харилцан тохиролцсон. 2004 оны 2 сард өвчтэй аавыгаа сахин Багануурт байх хугацаанд шийдвэр гүйцэтгэгч Х.Отгончимэг нөхөр, хүүхдүүдийг маань гэрээс хөөж гарган намайг байлцуулахгүйгээр Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах 4 айлын орон сууц, агуулах, хашаа, харуулын байр, талхны галладаг пийшин, талхны зуурмагийн машин бүгдийг битүүмжлэн хураан авсан байсан. Үүнээс хойш Улаанбаатар хотод өвчтэй аавыгаа сахиад Хэнтий аймаг руу очиж чадаагүй, гүйцэтгэлийн ажиллагааны талаар хариу ирэх байх гэж бодоод харж суудаг байсан боловч ямар ч шийдвэр ирээгүй. Төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа намайг дуудах байх гэж хүлээдэг байсан. Ингээд 2013 онд Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас өр төлбөрөө барагдуулсан талаархи гүйцэтгэлийн баримтаа шүүж үзэхэд шийдвэр гүйцэтгэгч Х.Отгончимэг миний нэрийн өмнөөс өөрөө хуурамч бичиг үйлдэн ямар ч дуудлага худалдаа явуулалгүйгээр, надад мэдэгдээгүй, байлцуулахгүйгээр Улаанбаатар хотын банкны нэр дээр шилжүүлсэн баримт гарч ирсэн юм. Энэ хуурамч бичгийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад криминалистик шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Е165 дугаартай дүгнэлтээр дээрх хүсэлтийг би бичээгүй гэдэг нь нотлогдсон. Энэ асуудлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэн шийдвэр гүйцэтгэгч Отгончимэгийн миний нэрийн өмнөөс хууль бусаар үйлдсэн баримтыг баталгаажуулсан нотариатч Г.Батмөнхийн үйлдлийг хүчингүй болгосон юм. Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч Х.Отгончимэгийн хууль бус ажиллагааны улмаас миний эрх хохирсныг 2014 онд мэдсэн. Иргэний хууль болон шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг төлбөр төлөгчид өгөх тухай хуулийн заалтыг зөрчин одоог хүртэл миний эрхийг хохироож байгаад гомдолтой байна. Миний бие 1998 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Алтан дэлбээ” ХХК-ийг ганц гишүүнтэйгээр байгуулсан. Уг компанийн үндсэн хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төвийн Хэнтий аймгийн салбараар 1999 оны 09 дүгээр сарын 16-нд үнэлүүлэхэд 41.099.000 /дөчин нэгэн сая ерэн есөн мянга/ төгрөг болсон юм. Иймээс би өөрийн хөрөнгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч Х.Отгончимэг нь гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа эд хөрөнгө битүүмжлэх, хураах, байр, орон сууцнаас албадан гаргах, худалдан борлуулах, үнэлүүлэх, бусдад эд хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг намайг байлцуулахгүйгээр хууль бусаар явуулж миний газар, өмч, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулалгүйгээр өөрөө дур мэдэн хуурамч бичиг үйлдэн 2006 онд Улаанбаатар хотын банкны нэр дээр шилжүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн актыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагаанаас надад учирсан хохирол болох 24.210.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Санжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийдвэр гүйцэтгэгч Отгончимэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль бусаар Урантунгалаг гэдэг хүнийг байхгүйд нь өөр хүнээр бичүүлж хуурамч нотлох баримт бүрдүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь нотлогдсон. Мөн Урантунгалагийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзэж байгаа. Урантунгалаг 2006-2009 он хүртэл энэ асуудлаар Улаанбаатар хотын банкинд хандсан. Мөн цагдаа, шүүхэд хандсан. Урантунгалагийн миний хөрөнгийг авахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг хуурамч гэдэг нь 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүхээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан гэдэг нь тогтоогддог. 2004 онд акт бичигдээд, 2005 онд хуурамч албан бичиг явагдаад, 2006 онд газрын гэрчилгээг нь Улаанбаатар хотын банкинд өгсөн байдаг. Хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэсэн байдаг. Энэ хүн өмчлөх эрх зөрчигдсөн гэдгээ 2009 онд мэдээд, Улаанбаатар хотын банкинд ч очсон. Урантунгалаг шүүх, цагдаа гээд яваагүй газар гэж байхгүй. Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиход би мэдэхгүй гээд шийдвэр гүйцэтгэлийн баримтыг нь гаргаж өгөөгүй. Сүүлдээ цагдаа, шүүхээр яваад 2013 онд баримтыг гаргаж өгсөн гэдэг нь харагддаг. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Урантунгалаг өмчлөх эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдээд 10 жилийн хугацаандаа шүүхэд хандаад явж байгаа. Шийдвэр гүйцэтгэгч хууль бус үйл ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан байгаа. Үүнд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар заасан байгаа” гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранмижид шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 433 дугаартай шүүгчийн захирамжаар “Алтан дэлбээ” ХХК-иас 5.384.000 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэгдсэн. Уг шүүгчийн захирамжийн дагуу 2001 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай гүйцэтгэх хуудсанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч Х.Отгончимэг явуулж, 1.884.000 төлүүлэн үлдэгдэл 3.500.000 төгрөгийн төлбөрт төлбөр төлөгч Т.Урантунгалаг өөрийн болон түүний нөхөр Н.Энхтуяагийн хүсэлтээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах улсын бүртгэлийн 1819000235 дугаарт бүртгэлтэй “Алтан дэлбээ” ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны зээлийн барьцаанд байсан талх, нарийн боовны үйлдвэр, дэлгүүр, агуулах, граж, харуулын байр, орон сууцны барилгыг эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжлэн төлбөр авагч байгууллагад төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгч, авагчид шилжүүлсэн тухай актаар шилжүүлэн төлбөрийг барагдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь төлбөр авагч Т.Урантунгалаг нь намайг байлцуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг явуулсан гэдэг боловч шүүхэд гаргасан гомдолдоо 2004 оны 2 сард өвчтэй аавыгаа сахин Багануурт байх хугацаанд гүйцэтгэлийн ажиллагааны талаар надад хариу ирэх байх гэж бодоод хараад суудаг байсан боловч ямар ч шийдвэр ирээгүй, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа намайг дуудах байх гэж хүлээдэг байсан” гэж дурдсан нь шийдвэр гүйцэтгэх ажилагааны талаар мэддэг нь харагдаж байх ба мөн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт “Алтан дэлбээ” хоршооны эзэн Урантунгалаг нөхөр Энхтуяа би хоршооны өмч болох 4 айлын орон сууцны байрыг 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг хүлээн авлаа. Тус сууцыг чөлөөлж өгөхөд боломжтой гэсэн баталгааг манай байгууллагад хандаж бичгээр гаргасан нь төлбөр төлөгч Т.Урантунгалаг нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт хураан авсныг лавтай сайн мэдэж байсныг нотолж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрч байсан нь тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар ямар нэгэн гомдол огт гаргаагүй байдлаар илэрч байна гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн үед Т.Урантунгалаг нь өөрийн биеэр ирж шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай танилцах, эрхээ хамгаалуулах эрхтэй байсан боловч энэ эрхээ эдлэхээс өөрөө сайн дураар татгалзсан гэж үзэж байна. Үүнээс үзэхэд төлбөр төлөгч Т.Урантунгалаг нь өөрийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Төлбөр төлөгч Т.Урантунгалаг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж үзсэн бол гомдол гаргах эрхтэй байсан ч гомдол гаргаагүй байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан “төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хонгийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдаж байгааг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариу ирэхийг хүлээж байсан гэдэг нь шийдвэр гүйцэтгэлийн ажилллагааг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэстэй байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасны дагуу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах улсын бүртгэлийн 1819000235 дугаарт бүртгэлтэй “Алтан дэлбээ” ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкинд зээлийн барьцаанд байсан Талх, нарийн боовны үйлдвэр, агуулах, граж, харуулын байр, орон сууцны барилгыг газрын хамт төлбөрт шилжүүлсэн. Т.Урантунгалаг нь 1998 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Алтан дэлбээ” ХХК-ийг байгуулсан. Үндсэн хөрөнгө миний хөрөнгө учраас нэхэмжлэх эрхтэй гэж гомдолд дурьдсан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж заасан байх ба Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаартай шийдвэрээр татан буулгасан байна. Төлбөр төлөгч Т.Урантунгалаг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явагдсан гэж үзсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 143 дугаар зүйлийн 143.1-т “Энэ хуулийн 34.1-д зааснаас бусад шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана”, мөн 143 дугаар зүйлийн 143.2-т “Дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалгаж шийдвэрлэнэ”, 143 дугаар зүйлийн 143.3-т “Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2004 оны 12 сарын 01-нээс 2005 оны 01 дүгээр сарын 07-ны хооронд явагдсан байгаа. Нэхэмжэгч өөрөө хэлэхдээ надад мэдэгдэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж байна. Харин Урантунгалаг өөрөө хангалттай мэдэж байсан. Тухайн үед эд хөрөнгийг битүүмжлэхэд нэхэмжлэгчийн нөхөр болох Энхтуяа түүний хүүхдүүд эд хөрөнгийг битүүмжлэхэд байлцсан байгаа. Ямарваа нэг эд хөрөнгийг битүүмжилж байхад гэр бүлийн гишүүд харилцаа холбоо тогтоохгүй байна гэж байхгүй. Өөрийнх нь дурдсан тайлбараар надад шийдвэр гүйцэтгэх албанаас ямар нэг хариу ирэх болов уу гэж хүлээж байсан тайлбараар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан гэдгийг мэдэж байсан нь хангалттай нотлогдож байна. Уг эд хөрөнгийг битүүмжилэхэд тухайн эд хөрөнгийг бүх төлбөрт өгөхийг зөвшөөрч байна гэсэн нөхөр Энхтуяагийнх нь тайлбар байдаг. “Алтан дэлбээ” ХХК-ийн захирал Т.Урантунгалаг нь 4 айлын орон сууцыг 2004 оны 2 сарын 20-ны дотор чөлөөлж өгөх мэдэгдлийг хүлээн авлаа гэсэн тэмдэглэл тусгагдсан байдаг. Тус орон сууцыг чөлөөлж өгөхөд боломжтой гэсэн баталгааг манай байгууллагад бичгээр гаргаж өгсөн байдаг. Урантунгалаг нь эдгээр эд хөрөнгийг төлбөрт хураан авсан гэдгийг маш сайн мэдэж байсан гэж үзэж байна. Ер нь гэм хорын хохирлыг өөрчилсөн болохоос биш өмнө нь шийдвэрлэгдсэн хэрэг гэж үзэж байгаа. Сум дундын 28-р шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 531 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугүйн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас таталзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол хэргийг дахин хэлэлцэхгүй гэсэн заалт байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Т.Урантунгалаг нь хариуцагч Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн актыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 24.210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 143 дугаар зүйлийн 143.1, 143.2, 143.3-т заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.
Хэргийн баримт, талуудын тайлбаруудаас дүгнэхэд Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 433 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Т.Урантунгалагаас 5.384.000 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-н 6-р хуу/
Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Т.Урантунгалагийн өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд байрлах 4 айлын орон сууцыг 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилж, /хх-н 15-р хуу/ төлбөр авагч Улаанбаатар хотын банкны өмчлөлд шилжүүлжээ. Дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх үндэслэл болсон Т.Урантунгалагийн Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бичсэн гэх хүсэлтийг Т.Урантунгалаг бичээгүй болох нь криминалистикийн шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Е165 дугаартай дүгнэлтээр тогтоогдож, /хх-н 50-51 хуу/ үүний дагуу дээрх хүсэлтийг гэрчилсэн нотариатын үйлдлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0610 дугаартай шийдвэрээр хүчингүйд тооцжээ. /хх-н 28-30 хуу/
Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийг бусдад шилжүүлснийг 2009 онд мэдсэн, энэ нь миний Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч Э.Батбаярт өгсөн тайлбараар тогтоогдоно гэх боловч дээрх тайлбар нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар бөгөөд энэ нь өөр ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй тул түүний тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2004 оны 02 сард өвчтэй аавыгаа сахин Багануурт байх хугацаанд шийдвэр гүйцэтгэгч Отгончимэг нөхөр хүүхдүүдийг минь хөөж гарган намайг байлцуулахгүйгээр Хэрлэн сумын 1-р багт байрлах 4 айлын орон сууц, агуулах, хашаа, харуулын байр, талхны галладаг пийшин, талхны зуурмагийн машин бүгдийг битүүмжлэн хураан авсан байсан ...үүнээс хойш би Улаанбаатар хотод өвчтэй аавыгаа сахиад Хэнтий аймаг руу очиж чадаагүй, гүйцэтгэлийн ажиллагааны талаар надад хариу ирэх байх гэж бодоод суудаг байсан...” гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд түүний тайлбараас дүгнэж үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар 2004 оны 02 дугаар сард мэдэж энэ үеэс шаардах эрх үүссэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан 10 жилийн хугацаагаар тооцох ёстой гэж тайлбарлаж байх боловч дээрх заалт нь Иргэний хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд мөрдөх ерөнхий заалт бөгөөд илүү нарийвчилсан заалт буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах хугацааг мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заажээ.
Мөн нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Т.Урантунгалаг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрх үүсч болох боловч нэхэмжлэгч дээрх эрхийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д заасан хугацаа буюу таван жилийн дотор хэрэгжүүлэх ёстой бөгөөд хуулийн дээрх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Т.Урантунгалагийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүн 24.210.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 279.000 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ
Р.БАТБАЯР