Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 248

 

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би “Сэбоцэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Сайнбаяр, Б.Сугармаа нарт холбогдох 4.253.917  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч

Т О Д О Р Х О Й Л ОХ нь:

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Сайнбаяр нь манай компанитай зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулан эхнэр Б.Сугармаагийн хамтаар борлуулдаг байсан. Гэрээ ёсоор бараа материал зээлээр аваад худалдан борлуулсныхаа дараа төлбөр тооцоог хийх үүрэгтэй байдаг. Гэтэл Л.Сайнбаяр нь төлбөр тооцоогоо хугацаанд нь барагдуулахгүй байснаас их хэмжээгээр хуримтлагдсан. 2014 оны 12 сарын 25-наас 2016 оны 08 дугаар сарын 18-ны хооронд тооцоо нийлэхэд нийт 38.289.830 төгрөгний төлбөр гарсан ба үүнээс 2016 оны 08 дугаар сарын 18-ны байдлаар 35.410.850 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл 2.878.980 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д борлуулагч байгууллагын төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж заасан учраас хугацаа хэтрүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 18-наас хойшхи 2.364.340 төгрөгийн 29 хоногийн алданги 342.809 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 21-нээс хойшхи 3.077.280 төгрөгийн 47 хоногийн алданги 723.142 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-наас хойшхи 3.378.980 төгрөгний 7 хоногийн алданги 118.258 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс хойшхи 2.878.980 төгрөгний 12 хоногийн алданги 172.728 төгрөг буюу алдангийн  нийт хэмжээ  1.356.937 төгрөг болж байна. Иймд Л.Сайнбаяр, Б.Сугармаа нараас төлбөрийн үлдэгдэл 2.878.980 төгрөг, алданги 1.356.937 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбоотой нотариатын болон бусад зардалд гарсан 18.000 төгрөгийн хамт нийт 4.253.917 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 35 дугаар байрны 09 тоотод оршин суух СЩ 76102114 регистрийн дугаартай Бух овогт Лхамжийгийн Сайнбаяр, мөн хаягт оршин суух  МБ 77111701 регистрийн дугаартай Шарнууд овогт Бадираагийн Сугармаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид 2.878.980 төгрөгийн үлдэгдлээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд нэхэмжлэл ирэхээс өмнө 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 99732337 дугаарын утсаар 500.000 төгрөгийг 5011215930 дугаартай дансанд мобайль банкаар шилжүүлсэн. Үлдэгдэл 2.378.980 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөн дансанд төлж барагдуулсан. Харин алданги болох 1.356.937 төгрөгийг төлөх боломжгүй тул чөлөөлж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нарын зүгээс шүүхийн шатанд үндсэн төлбөр болох 2.878.980 төгрөгийг бүрэн барагдуулсан. Харин манай байгууллагад учирсан бодит зардал болох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.013 төгрөг, нотариатын зардалд төлсөн 18.000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна. Харин манай байгууллагын зүгээс хариуцагч нарын хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 1.356.937 төгрөгнөөс татгалзаж байна” гэжээ.

            Хариуцагч Л.Сайнбаяр, Б.Сугармаа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч байгууллага нь алданги 1.356.937 төгрөгнөөс татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамж 30507 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг нийт 48.507 төгрөгийг “Сэбоцэ” ХХК-ийн дансанд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан өөр төлж барагдуулах зүйлгүй болно” гэжээ.       

                        

                                                                                                             Ү Н Д Э С Л Э Х нь : 

           Нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК  нь хариуцагч Л.Сайнбаяр, Б.Сугармаа нараас 4.253.917 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК нь  нэхэмжлэлийн шаардлага болох 4.253.917 төгрөгийн зарим хэсэг болох 1.356.937 төгрөгөөс татгалзаж үлдэх 2.878.980 төгрөгийг хариуцагч Л.Сайнбаяр, Б.Сугармаа нар нь төлж барагдуулсан байна. Зохигч нарын эвлэрсэн 2.878.980 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.507 төгрөгийг нотариатын зардал 18.000 төгрөгийн хамт хариуцагч нар нь төлж барагдуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

            Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцэж гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК нь 4.253.917 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 83.013 төгрөгийг төлсөн бөгөөд зохигчдын эвлэрсэн дүн болох 2.878.980 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 61.014 төгрөгний тавин хувь 30.507 төгрөгийг төрийн сангийн данснаас гарган нэхэмжлэгчид олгож, хариуцагч Л.Сайнбаяр, Б.Сугармаа нар нь 61.014 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь 30.507 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

1. “Сэбоцэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Сайнбаяр, Б.Сугармаа нарт холбогдох 4.253.917 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК нь 4.253.917 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 1.356.937 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.878.980 төгрөгийг хариуцагч Л.Сайнбаяр, Б.Сугармаа нар нь төлж барагдуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь зааснаар 2.878.980 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61.014 төгрөгний тавин хувь  30.507 төгрөгийг хариуцагч Л.Сайнбаяр, Б.Сугармаа нар нь төлж биелүүлснийг дурдаж, 30.507 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК-нд олгосугай.

 3. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                             Р.БАТБАЯР