Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Жагар овогт Б Т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 06966 1628 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Б.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 3 дугаар хэсгийн 1262 тоот хашааны үүдэнд иргэн Н.Баттулгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т  мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байх тул хэргийнхээ талаар дахин ярих зүйлгүй гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Баттулгын өгсөн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр найз Дашюүндэн, Аюуш бид 3 Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 36 дугаар байрны 2 тоотод байдаг манай гэрт байж байгаад Дашюүндэн найз охиноо тосно гэхээр нь Аюуш бид 3 манай гэрээс хамт гараад Хужирбулангийн 11 буудал руу хамт явж байгаад замдаа Аюуш гэнэт ажил гарлаа гээд яваад өгөхөөр нь Дашюүндэн бид хоёр найз нь охиныг нь тосоод буцаж гэр рүүгээ явж байхад цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаанаас 3 залуу гарч ирээд шууд намайг зодсон. Тэр үед Дашюүндэн найз охины хамт цагдаа дуудах гээд яваад өгсөн. Харин тэгтэл намайг зодсон нөгөө гурван залуутай манай ажлын Алтангэрэл цуг явж таараад салгаад надаас уучлалт гуйгаад манай найз нар байгаа юм гээд уучлалт гуйгаад намайг хашаа руу дагуулж ороод хамт нэг шил архи хувааж уугаад сууж байхад Дашюүндэн цагдаа дагуулж орж ирэхээр нь би согтуу гомдолгүй гэсэн чинь цагдаа яваад өгсөн. Миний хоёр нүд хавдсан, толгойны ард хавдсан байсан. Өөр зүйл бол байгаагүй...

     ...Танихгүй 47-52 УНЦ дугаартай суудлын автомашинтай хүмүүс байсан. Тэр хүмүүстэй хамт явсан нэг залуу нь манай ажлын газрын хүн байсан байна лээ...

     ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байсан юм. Хэрэг гардаг өдөр цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаан дотроос 3 залуу гарч ирсэн. Тэр 3 залуугийн арай өндөр, шардуу царайтай өөрийгөө Алтангэрэлийн найз гэх Т гэдэг залуу намайг цохиж зодсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед эмчилгээнд мөнгө гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 18, 52-53 дугаар тал/,

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Нямдаваагийн өгсөн: ...Алтангэрэл бие засах гэж гараад манай салааны дарга гээд Баттулга гэх залууг дагуулаад ороод ирсэн. Тэгээд бид нар нийлээд нэг шил архи хувааж уугаад сууж байхад Алтангэрэлийн найз болох Баттулга бид нарыг ахлагч нар харин өөрийгөө офицер гэх мэт яриа гаргаж Төгөлдөртэй маргалдсан. Тэгээд Төгөлдөр босч ирээд Баттулгатай зууралдаад Баттулгын хамар хэсэгт гараараа 2 удаа цохисон /сайн санахгүй байна/. Бид нар Баттулга, Төгөлдөр хоёрыг салгаад, эвлэрүүлээд тэгээд салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Алтангэрэлийн өгсөн: ...Тэгтэл тухайн хашаан дотор Нямдаваа, зүс таних Төгөлдөр, түүний эхнэр болон дүү Тэргэл нар нийлээд дөрвүүлээ хашааны саравчинд пиво уугаад сууж байсан. Тэгээд би очоод хамт ууж эхэлсэн. Тухайн саравчинд 0,75 литрийн нэг шил архи 2,5 литрийн том пиво нэгийг уусан. Гадаа сэрүүхэн болж бүгд Нямдаваагийн байшин руу орцгоосон. Тухайн үед цаг хэд болж байсныг би санахгүй байна. Ямар ч байсан бүгд л согтчихсон байшингаас гарч шээцгээгээд байсан. Тэгсэн гадаа хүмүүс маргалдаад орилолдоод байхаар нь байшингаас гараад хартал манай ажлын салаан дарга болох д/ч Н.Баттулга хамарнаас цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд би зодоон болсон гэдгийг мэдээд “та нар болиоч, наад хүн чинь манай салааны дарга байна” гэж хэлсэн. Тэгэхэд тухайн үед Төгөлдөр манай салаан дарга болох Н.Баттулгатай маргалдаж зодолдсон байсан болохоор би хооронд нь эвлэрүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

     Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10237 дугаартай шинжээчийн:

1. Н.Баттулгын биед баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, духны баруун доод хэсэг, зүүн шанаа, баруун мөрний ар хэсэг, цээжний урд дээд хэсэг, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсгүүдэд зулгаралт, хүзүүний зүүн хажуу дунд хэсэг, зүүн мөрний дээд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Т ийн: ...Би хохирогч Н.Баттулгын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай найз болох Алтангэрэлийг хохирогч Н.Баттулга дээрэлхсэн маягтай харьцаад байхаар нь би найз Алтангэрэлийг өмөөрөөд Н.Баттулгатай маргалдсан. Тухайн үед Н.Баттулга согтуу байсан болохоор надтай муудалцаад барилцаад авсан. Тэгэхээр нь би Баттулгын нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

- Шүүгдэгч Б.Т ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38, 44 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 3 дугаар хэсгийн 1262 тоот хашааны үүдэнд иргэн Н.Баттулгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Н.Баттулга нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Т т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 3 дугаар хэсгийн 1262 тоот хашааны үүдэнд иргэн Н.Баттулгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Баттулга, гэрч М.Нямдаваа, А.Алтангэрэл, яллагдагчаар өгсөн Б.Т  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10237 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Н.Баттулга нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Т ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Жагар овогт Б Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ