| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1369/Э |
| Дугаар | 1393 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 1393
2019 09 06 2019/ШЦТ/1393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
хохирогч Д.Сарангэрэл,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.А эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04337 1719 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.А
Холбогдсон хэргийн талаар:
Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Пүрэв-Очирын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Сарангэрэлийг Сайнжаргалтай хамт машинд унтаж байхад нь хаяад явлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: Болсон хэрэг тодорхой тул хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сарангэрэл мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө намайг машинд унтаж байхад Д.А ах гарч ирээд цонх цохиод байхаар нь хаалга онгойлгоход миний нүүр рүү шууд цохиод авсан. Би шууд цохиод авна гэж бодоогүй. Гурван хүн ирж Д.А ахыг салгасан. Би машинаа барьж чадахгүй цагдаа миний машиныг барьж цагдаагийн газарт ирсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо нүднээс байнга нулимс гарч байгаа. Миний эрүүл мэндэд нилээдгүй хохирол учирсан боловч би баримттай хохирол болох 321.190 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Сарангэрэлийн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өмнө нь хамт ажилладаг байсан Д.А гэдэг ах болон найз Сайнжаргал нартай хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад байдаг Пүрэв-Очир найзынхаа гэрт очсон юм. Тэндээ очоод бид нар архи ууцгаасан. Тэгээд унтацгаах болоод би найз Сайнжаргалтай хамт машиндаа орж унтсан. Д.А ах гэрт үлдсэн. Тэгтэл Д.А ах гарч ирээд машины толь хугалж, шил арчигч авч хаяаад байхаар нь би машиныхаа хаалгыг онгойлготол намайг нүүр нүдгүй нүдэхээр нь би Амаа ах аа, би Сараа байна шүү дээ гэж хэлэхэд чи хамаагүй чамайг ална гээд зодоод байсан. Сайнжаргал гэрт орж Пүрэв-Очирыг дуудаж Пүрэв-Очир ирж Д.А ахыг надаас салгаж намайг зодохыг нь болиулсан. Д.А ээс өөр намайг цохиж зодсон хүн байхгүй...
...Миний биед учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн 660.000 төгрөг нэхэмжилж байна. Д.А миний биед учирсан хохирлыг барагдуулаагүй байгаа. Миний зүүн нүднээс байнга нулимс гоождог болсон. Тархи толгой байнга өвдөж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6, 7-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сайнжаргалын өгсөн: ...Тэгээд би унтах гээд Сарангэрэлийг гадуур хайхад Сарангэрэл өөрийн машин дотроо орчихсон унтаж байхаар нь би хажуугаар нь ороод унтсан. Төд удалгүй Д.А ах орилж байснаас шууд Сарангэрэлийн машин дээр ирээд машиных нь толийг цохиж хугалсан. Тэгэхэд Сарангэрэл “Амаа ах аа, яаж байна аа” гээд гараад очиход Д.А Сарангэрэлийг 1 удаа цохих шиг болсон. Тухайн үед би айж сандарсан байсан болохоор шууд машинаас нь гүйж гараад Тулгаа болон Пүрэв-Очирыг дуудах гээд явсан. Тэгээд Тулгаа болон Пүрэв-Очир нар ирээд Амаа ахыг аваад гэр рүү орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8946 дугаартай шинжээчийн:
1. Д.Сарангэрэлийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун дух, чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун, зүүн зовхинд цус хуралт, баруун дух, чамархайн зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Д.А ийн: ...Би хохирогч Д.Сарангэрэлийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних Д.Сарангэрэл болон түүний найзуудын хамт амрах гээд явцгаасан. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Сарангэрэлийг баруун гараараа нүүрэн хэсэгт 1 удаа цохиж гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,
- Шүүгдэгч Д.Д.А ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17, 18, 27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Пүрэв-Очирын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Сарангэрэлийг Сайнжаргалтай хамт машинд унтаж байхад нь хаяад явлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Сарангэрэл, гэрч Д.Сайнжаргал, яллагдагчаар өгсөн Д.А нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8946 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Сарангэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 321.190 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт шүүхийн шатанд ирүүлсэн байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.Сарангэрэл нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Д.А эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д.А эд оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.А /РД:/-с 321.190 /гурван зуун хорин нэгэн мянга нэг зуун ерөн/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Сарангэрэл /РД:/-д олгосугай.
6. Хохирогч Д.Сарангэрэл нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д.А эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ